Х.Дуламсүрэн: Уйтгар гунигийн шүлэг бичихийг хүсдэггүй

2016.03.14 Даваа №029 (2060)

Б.Бадамгарав 

Зохиолч, яруу найрагч Х.Дуламсүрэнтэй ярилцлаа. Тэрээр Монгол цэргийн өдөр "Аз хур" номын дэлгүүрт номын өдөрлөг хийх ажээ. 

-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Х.Дуламсүрэн гэдэг. КУДС-ийг төгссөн. Кино, жүжгийн зохиолч, сэтгүүлч мэргэжилтэй. Хэсэг хугацаанд Солонгост ажиллаж амьдарч байгаад саяхан эх орондоо ирсэн.   
-Яруу найрагтай холбогдсон түүхээ хуваалцвал?
-Сургуульд байхад маш олон төрлийн дугуйлан хичээллэдэг байлаа. Дөрөвдүгээр ангид байхад утга зохиолын дугуйлангийн Батмөнх гэж багш маань орж ирээд шүлэг бичдэг хүүхэд байна уу гэхэд нь манай ангийн тал нь гараа өргөсөн. Тэр үед би ганц ч шүлэг бичиж байгаагүй хэрнээ найзуудаа дуурайгаад гараа өргөж байлаа. Маргааш бичсэн шүлгүүдээ авч ирээрэй гэхэд нь “Ээж минь ээж минь, Энхрийхэн ээж минь” гээд шүлэг бичээд очтол “Ямар мундаг бичдэг юм бэ. Миний охин бичээд байгаарай” гэж хэлж билээ. Энэ үг маш их урам өгсөн. 
-Эх орондоо ирээд удаагүй байхдаа хэд хэдэн ном гаргасан гэж дуулсан?
-Би “Учрах тавилан” роман, “Нүцгэн ирсэн, нүцгэн буцна” хэмээх шүлгийн номоо арванхоёрдугаар сард гаргасан. Мөн эмэгтэйчүүдийн баяраар “Хүсэл хясал” гээд туужаа гаргалаа. Нутагтаа ирээд гурав, дөрвөн сарын дотор гурван ч номоо өлгийдөн авлаа. Энэ бол миний сүүлийн дөрвөн жил гаруйн хөдөлмөр. Анх би 2005 онд “Зүрхэнд унасан нүд” хэмээх шүлгийн түүвэр гаргаж байсан юм. 
-“Хүсэл, хясал” номынхоо тухай ярихгүй юу?
-Би зохиолуудаа бичээд фейсбүүк хуудсандаа нийтэлдэг байсан юм. Үүнээс уншигчид маань хүсэлт тавьсны дагуу үргэлжлүүлэн бичсээр ном болсон. Жишээлбэл, “Хүсэл хясал” өгүүллэг оруулсны дараа үргэлжлүүлэн бичээч гэсэн маш олон санал ирсэн. Уншигчдынхаа хүсэлтийн дагуу бичсээр богино хугацаанд тууж болон гарсан.
-“Нүцгэн ирсэн, нүцгэн буцна” гэдэг шүлгийн түүвэр тань их содон нэртэй санагдлаа?
-Номоо шүлгийнхээ нэрээр нэрлэсэн юм. “Нүцгэн ирсэн, нүцгэн буцна” шүлгийг маань маш олон хүн уншсан. 
-Таны хувьд шүлэг, зохиолоороо уншигчиддаа юу хүргэхийг хүсдэг вэ?
-Аль болох гэгээлэг сайхан шүлэг бичихийг хичээдэг. Бусдын сэтгэлийг хөглөсөн, яруу тунгалаг байлгахыг зорьдог. Өнөөгийн нийгэмд бухимдах зүйл их байна. Ийм байхад би уйтгар гунигийн сэдэвтэй шүлэг бичихийг хүсдэггүй. Одоогоор нийт 1000 гаруй шүлэгтэй болсон байна. Дөрөвдүгээр ангиасаа шүлэг бичсэн учраас гарт орсон гэхэд болно. Харин үргэлжилсэн үгийн зохиол маш хэцүү. Саяхан номын баяр дээр минь зохиолч Б.Шүүдэрцэцэг “Үргэлжилсэн үгийн зохиол бичнэ гэдэг маш хэцүү. Тэр тусмаа эмэгтэй хүн гэр орноо авч явна, нөхөр, хүүхдүүдээ халамжилна гээд хийх юм их байдаг учраас үүний зэрэгцээ зохиол бичих бүр хэцүү” гэж хэлж байсан. 
-Цаашдын зорилго тань юу вэ?
-Уншигчиддаа оюуны хөрөнгө оруулалт хийх тал дээр анхаарахыг зорьж байна. Мөн их зүйл уншиж судалж байгаад түүхийн сэдэвтэй зохиол бичихийг хүсдэг.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.