МАХН-ЫГ ЗАСГААС ХӨӨХ МАШ НУУЦ ТӨЛӨВЛӨГӨӨ

2016.03.14 Даваа №029 (2060)

Д.ДАМДИНЖАВ

Ардчилсан нам Шийдлийн нэртэй Засгийн газраасаа МАХН-ыг хөөх цаг нэгэнт болжээ. МАХН-ыг адгийн муу гэсэндээ биш. АН-тай ая зан таарахаа больсон гэдэг утгаараа ч биш. Улс төрийн эрүүл үзэгдэл, цэвэр зарчмынхаа хувьд тэр нь дээр. 
Яагаад МАХН сонгуулиас өмнө засгаас гарах ёстой вэ. Үүнд маш олон тайлбар, шалтгаан, үндэслэлийг гаргаж болно. Юун түрүүнд энэ нь сонгогчдод хэрэгтэй. Ирэх сонгуулиар ард түмэн Засгийн газар болоод эрх баригчдад дүн тавина. Гэтэл одоогийн нөхцөлд тэд хэнийг нь хэн гэж дүгнэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн үр дүн, хариуцлагыг хэнтэй тооцох вэ. Мэдээж засаг барьсан улс төрийн хүчнүүдтэй тооцно. Гэтэл АН-тай хамтарч МАХН, ИЗНН, МҮАН засаг байгуулсан. Түүгээр ч зогсохгүй, МАН ч хамтарсан удаатай. Гэвч эдгээр нам ирэх сонгуульд хамтарсан байдлаар бус, тус тусдаа дүн тавиулах учиртай. Яг ийм шалтгаанаар 2012 онд АН хамтарсан Засгийн газраас зургаан сайдаа аваад гарч байсан. 2008 оны сонгуулиар өгсөн сонгогчдын саналыг үл харгалзан, МАН, АН хоёр хамтарсан Засгийн газар байгуулж гурван жил явсны эцэст дараагийн сонгууль болох чимээ ойртмогц АН нүүр буруулсан. АН-ынхныг замын дундаас салж одсон, ханилж яваад нөхрөө хаясан гэх мэт олон янзаар хэлж байлаа, тухайн үед. Гэхдээ хэргийн учир ганц л зүйлд нуугдаж байсан нь АН хэзээ ч МАН-ын суганд хавчуулагдсан чигээрээ сонгуульд оролцож болохгүй гэдэг улс төрийн зөн совин, зөв зарчим байсан юм. Тэр үеийн АН-ын дарга асан Н.Алтанхуяг “Хамтарсан Засгийн газраас гарч байгаа нь элдэв шалтгаантай гэхээс илүү сонгуультай холбоотой. Бид хамтарсан засгаас гарч сонгуульд орох зарчмын байр сууриа л үүгээр илэрхийлж байна” гэж мэдэгдсэн. Яг үүнтэй адил мэдэгдэл хийх ээлж өдгөө МАХН-ын дарга Н.Энхбаярын өмнө хүрч ирлээ. 
Гэвч тэрээр хоёр үзүүртэй зүү шиг байхыг илүүд үзэж буй бололтой. Аль нэг талд гарч зогсохыг тэр яарахгүй байна. АН-тай хамтарч засаг байгуулсан утгаараа МАХН бол эрх баригч хүчин. Тэгсэн атлаа МАН-тай хамтарсан баярын хурлын индэр дээрээс Засгийн газрыг хайр найргүй шүүмжилж буй сөрөг хүчин. Өөрөөр хэлбэл, ордонд орж ирэхээрээ эрх баригч болж, ордноос гудманд гарч цэцэг өргөхөөрөө сөрөг хүчин болж, улс төрд хоёр дүр бүтээж байна. Ёстой л гэрт орж эм, гадаа гарч эр гэгч болж явна. Харамсалтай нь түүнд энэ байдлаараа цаашид удаан явах орон зай улам л хомс болж байна. Сонгогчид тус намыг эр гэж үзэх, эм гэж үзэх эсэхээ шийдэх цаг тулж ирлээ. Одоо МАХН нэг талдаа гарч зогсох шаардлагатай болов. 
Засгийн газраас гаралгүйгээр АН-тай хөтлөлцөн сонгуульд орох боломж бий ч ёс зүйн хувьд боломжгүй. Учир нь өрсөлдөгч болж сонгуульд оролцох тохиолдолд хөтлөлцсөн чигээрээ харагдаж яавч болохгүй. Зохих ч үгүй. Засгийн халуун тогоонд хошуугаа хамт дүрж, ходоодоо зэрэг баярлуулж байгаа атлаа буруу харан муу хэлж, сөрөг хүчинтэй нь хавсайдан шүүмжилж суугаа нь угийн зохимжгүй харагдаж буй. Ирэх сонгуульд МАН-тай хамтарч орох боломж, боолхой хөөцөлдөж, ил далд сээтэн хаялцах болсон нь АН-ын араар хутга билүүдэж суугаагаас өөрцгүй. 
Эсрэг талд АН-д Н.Энхбаярын намыг өөдтэйхэн сөрөх тэнхээ, хөөж явуулах эр зориг алга. Энэ нь мэдээж ганц хоёр лав барьцаар “төмсөгдүүлчихээд” буйтай холбоотой. Нэгд, өнөө хүртэл Засгийн газар уначихалгүй тогтож байгаа утасны үзүүрийг атгаж байгаа. Хоёрт, хамгийн том өрсөлдөгч МАН-тай хамтарчихвал ирэх сонгуульд АН-ын ялагдлын шалтгаан болж мэднэ. АН-ын зүгээс МАХН-ын ая эвийг олох гэж хормойдон сөгдөхийн гол учир ердөө л энэ. Үүнийг эртнээс олж харсан хүн бол АН-ын хуучин дарга Н.Алтанхуяг байсан. Тиймээс Н.Энхбаяртай хамтарч ажиллах гэрээ байгуулж, улмаар энэ гэрээнийхээ золионд Засгийн газартайгаа хамт огцорч байсныг уншигчид мартаагүй биз ээ. 
Улс төрд түүх зарим талаараа давтагддаг нь жигтэй. 2012 оны сонгуулийн өмнө АН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч, МАН-ын ар нуруунд жин тавьж байсан бол одоо энэ жинг өөр дээр нь бууж мэдэхээр боллоо. МАХН засгаас гарах тохиолдолд хийх тайлбар бэлэн. Дөрвөн жилийн өмнөх АН тэр тайлбарыг МАХН-д бэлдээд өгчихсөн. “Өнгөрсөн дөрвөн жилд улс орны тогтвортой байдлыг хангахын төлөө засагт хамтарч байсан. Одоо өөрийнхөө замаар явна” гэх энэ үгийг МАХН хэлээд, засгаас гарч болно. Энэ тохиолдолд нэг л зүйл өөрчлөгдөнө. Тэр нь МАХН эрх баригчийн хэмжээнд сонгуульд өрсөлдөхгүй. Бүр тодорхой хэлбэл, хамтарч туулсан дөрвөн жилээ баллуурдаж, хийсэн бүхнээ үгүйсгэн шүүмжилж, эс бөгөөс хийж чадаагүйгээ АН-д нялзаах, тохох байдлаар сонгуульд оролцоно гэсэн үг. МАХН засгаас гарснаар сөрөг хүчний фронт тэлнэ. Гэхдээ МАН-тай нийлж, АН-ын Засгийн газрыг унагах богино улс төр хийхгүй байх. Ийм алхам хийх, эсвэл дэмжих нь хамтарсан Засгийн газарт хамт хийсэн бүхнээ үгүйсгэсэнтэй адил болно.  Тиймд АН Засгийн газрын гишүүдээ намаасаа нөхөн томилоод энэ Ерөнхий сайд танхимтайгаа цааш явж, сонгууль хүргэх эрхзүйн бололцоотой юм. Шинэ сайд нар салбартайгаа танилцаж ч амжихгүй сонгуультай залгах нь мэдээж. 
Нийгэмд сонгууль дөхөхөөр л намууд тусдаа болчихдог, сонгуулийн дараа бялуу хуваах болохоороо нэгддэг, эвсдэг гэх ойлголт үүсээд байгаа. Үүнд намууд “Хамтраад ажиллахдаа хамтарна, өрсөлдөхдөө бас өрсөлдөнө. Үүнийг хоёр тийш туйлшруулж, намууд дандаа хэрэлдэж хэмхэлдэж байдаг гэх юм уу, хамтарсан бол тэр чигтээ дуусах ёстой гэж болхи байдлаар ойлгож болохгүй” гэж хариулдаг. Тийм ээ, намууд цаашаа ачаа хамт таталцахгүйгээ мэдсэн л бол салж нүүх хэрэгтэй. АН-ын хувьд хэдийнэ сөрөг хүчин болсон МАХН-тай сугадалцаад сонгуульд орсноос арай л дээр хувилбарыг сонгох шаардлагатай болсон мэт санагдана. Ийм улс төрийн зориг АН-аас гарах болов уу гэдэг л асуултын тэмдэг болчихоод байна. Дундаа нэг Засгийн газартай хоёр өөр нам сонгуульд орох гээгүй л юм бол МАХН-ыг засгаас хөөх ёстой юм биш үү. Нөгөө бол МАХН засгаас гарах ёстой. Энэ бол хаяа нийлчихээд хэн хэнийхээ бэлчээрийг галдах тухай бодож суухаас хамаагүй дээр зарчим, арай цэвэрхэн зан. Магадгүй АН-д ийм төлөвлөгөө байгаа байж мэднэ. Гагцхүү түүнийгээ ихэд нууцалж, МАХН-ыг МАН-тай хамтруулахгүй байх найдвар тасрах эцсийн мөч хүртэл хадгалахаар харзнаж байгаа болов уу.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.