Эзэнгүйдсэн эрүүл мэндийн салбар хүүхдийн эндэгдэл тоолсоор байх уу

2016.03.14 Даваа №029 (2060)

- Улаанбурхан өвчнөөр найман хүүхэд эндээд байна -

Б.БАДАМГАРАВ

Цочирдом мэдээ!!! “Улаан бурхан өвчнөөр найман хүүхэд нас барлаа”. Ийм гарчигтай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүд шувт­рах үеэр сайтуудад тавигдсан. Дөнгөж хоёр жилийн өмнө улаанбурхан өвчнийг бүрэн устгасан хэмээн ДЭМБ-аас батламж гардаж авсан Монгол Улсад он гарснаас хойш найман хүүхэд улаанбурхан өвчнөөр нас барлаа. Улаанбурхан нь амьсгалын замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэр­дэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирусын гаралтай цочмог  халдварт өвчин юм. Хамгийн их халдвар тараадаг өвчин бөгөөд манай улсад одоогийн байдлаар 0-8 сартай бага насны хүүхдүүд болон 18-30 насныхны дунд өвчлөл хамгийн өндөр байгаа юм. Улаанбурхан өвчний тархалт ямар хэмжээнд байгаа талаар ЭМСЯ-ны  Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэлээс тодруулахад “ДЭМБ-аас бат­ламж авснаас хойш 2015 оны гуравдугаар сарын 18-нд улаан­бурхан өвчний анхны тохиол­дол бүртгэгдсэн. Энэ өвчин бол маш түргэн хугацаанд халд­варлуулдаг, тархалт их­тэй. Урьдчилан сэргийлэх гол арга нь дархлаажуулалт. Тов­лолын дархлаажуулалтдаа бү­рэн хамрагдаж, сайн амран, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Одоогийн байдлаар 18-30 насныхан өвч­лөлийн 16 хувийг эзэлж байна. Харин  хүндрэл өгч байгаа то­хиолдол нь нэг нас хүрээгүй буюу дархлаажуулалтаа бүрэн авч чадаагүй хүүхдүүд. Иймээс эцэг эх хүүхдэдээ анхаарал тавих шаардлагатай байна. Ялан­гуяа бага насны хүүхдийн дунд өвчлөл их байгаа учраас хүүхдийг хөхөөр хооллох хэрэгтэй. Мөн товлолт вакцинд оруулах шаардлагатай. Хүүх­дийн дархлаа сайн байвал өвчнөөр өвчлөхгүй байх бо­ломж бүрэн бий” гэсэн юм. Улаанбурхан өвчний тархалт нэмэгдсэнээр ХӨСҮТ хэт ачаа­лалтай ажиллан, ачааллаа тэнцвэржүүлэхийн тулд бусад тасгийн эмч, сувилагч нараа улаанбурхан өвчний эмчилгээнд шилжүүлэн ажиллуулж бай­гаа ажээ. ХӨСҮТ-ийн том хашааны баруун хэсэгт халд­варт өвч­нүүдийн нэрийг өлгөсөн хаалгууд бий. Салхин цэцэг, гахайн хавдар, улаанбурхан зэрэг хаягтай эгнэсэн хаалгууд дундаас улаанбурхан гэсэн хэсэгт хамгийн олон хүн ду­гаарлан зогсчээ. Зарим нь эмнэлэгт хэвтэх зүйлсээ зэхээд иржээ. Харин цөөн хэд нь вакцин хийлгэх зорилготойгоо хэллээ. Насны хувьд 18-25 насныхан. Энэ насны залуусын дунд өвчлөл их гарч байгаа нь анги хамт олон, эсвэл ажлынхнаас нь нэг хүн өвдөхөд халдварлах магадлалтай маш өндөр байгаатай холбоотой хэмээн ХӨСҮТ-ийн Дархлаа­жуулалтын албаны дарга В.Байгал хэлсэн юм. Түүнээс цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа. 
-Улаанбурхан өвчний тархалт ямар байна вэ?
-Он гарснаас хойш 8000 орчим тохиолдол бүртгэгдсэн. Дийлэнх нь 18-28 насны залуус байгаа. Учир нь энэ насны залуус хамт олноороо байдаг. Улаанбурхан өвчин амьсгалын замаар дамжин халдварладаг, халдварлалт өндөртэй өвчин юм. Иймээс нэг нь өвдөхөд хамт олондоо халдварлуулах магадлал өндөр байна. Мөн 0-8 сартай хүүхдүүдийн дунд өвчлөл их байна. Товлолын дархлаажуулалт ёсоор улаан­бурхан өвчний эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр настайд нь хийдэг. Тэгэхээр есөн сар хүрээгүй хүүхдүүд их өртөж байна. Улсын хэмжээнд өдөртөө 200 гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Үүний 20 орчим хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 
-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад тархалт буур­сан үзүүлэлт бий юу?
-2015 оны тав, зургадугаар сард улаанбурхан өвчний дэгдэлт оргил үедээ хүрсэн. Өдөрт 500-600 тохиолдол гарч байлаа. Үүнээс хойш буурч байгаад арваннэгдүгээр сараас хоёр дахь дэгдэлт гарсан. Энэ сарын сүүлээр тархалт харьцангуй буурч эхлэх болов уу гэсэн хөдлөл зүй байна. 
-2014 онд улаанбурхангүй улс гэсэн батламжийг авч байсан. Гэтэл үүнээс жилийн дараа л өвчний  дэгдэлт гарлаа. Энэ нь юутай холбоотой вэ?
-Улаанбурхан өвчний тархалтыг зогсоосон улс орон хэмээх батламжийг авсан. Бат­­ламжийг авахад тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд олгодог бөгөөд үүний нэг нь сүүлийн гурван жил дэгдэлт гараагүй гэсэн үндэслэлээр энэхүү батламжийг өөр дөрвөн улсын хамт авсан. Өвчний дэгдэлт гарах олон шалтгаан нөхцөл бий. Нэгдүгээрт, хөрш зэргэлдээ улсуудад улаан­бурхан өвчин гарсаар байгаа. Хоёрдугаарт, эдгээр улс оронд дархлаажуулалт хийл­гээгүй хүмүүс зорчсоноор халдвар авч ирж байна. Тэгэхээр Монголд байгаа дарх­­­лаажуулалт хийлгээгүй хүмүүс авчихаж байгаа юм. Бас нэгэн нөхцөл нь хэдийгээр товлолын дархлаажуулалт 95 хувьтай байлаа ч цаана нь таван хувь нь ямар нэгэн байд­лаар дархлаажуулалтад хам­­рагдаагүй үлдэнэ. Энэ та­ван хувь нь олон жил хуримтлагдаад ирэхээр нийт хүн амын дунд дархлаа тогтоогүй хүний тоо олширдог. Өөрөөр хэлбэл, бөөгнөрөл үүсч байгаа юм. Ийм учраас дөрвөн жил ту­там нэмэлт дархлаажуулалтыг хийдэг. Хамгийн сүүлд 2012 онд нэмэлт дархлаажуулалт хийсэн. Товлол ёсоор 2016 онд хийх байсан боловч тэрнээс өмнө дэгдэлт гарлаа. Өвчний генотидийг судлахад Хятад улсад бүртгэгдэж байгаа улаанбурхан өвчний генотидтэй ижил байгаа.
-Өнгөрсөн жил нэмэлт дархлаажуулалт хийсэн. Энэ жил нэмэлт дархлаажуулалт хийх үү?
-Тархалт өндөр байсан тул өнгөрсөн жилийн тав болон зургадугаар сард  зургаан сартайгаас зургаан нас хүртэлх хүүхдүүдэд дархлаажуулалт хийсэн.  Учир нь энэ насанд өвчлөл нэлээд өндөр байсан. Мөн хүндрэл гарах магадлал ихтэй. Хоёр дахь удаагийн нэмэлт дархлаажуулалтыг энэ оны тав,  зургадугаар сард 18-28 насны залууст хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн улаанбурханы тохиолдол гарсан голомтод дархлаажуулалт хийж байгаа. 
-Вакцин хийлгэсэнээр ямар хугацааны дархлаа тогтдог вэ?
-Улаанбурхан өвчний дарх­лаажуулалтыг хоёр тунгаар хийдэг. Эхний тунгаа хийлгэсэн хүнд 85 хувь, хоёр тунгаа бүрэн хийлгэсэн хүнд 95 хувийн дархлаа тогтдог. Ингэснээр насан туршийн дархлаа тогтоно хэмээн үздэг. 
-Вакцины нөөц хангалт­тай бий юу?
-Нөөц хангалттай бий. Байгаа вакцинаараа тов­лолын болон голомтын дархлаа­жуу­лалтыг хийж байна. Харин нэмэлт дархлаажуулалт хийх вакциныг захиалсан байгаа. 
-Улаанбурхан өвчнөөр өвчилсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Гэрээр эмчилгээ хийх тохиолдолд эмчийн зааврын дагуу эмчилгээгээ хийлгэх ёстой. Сайн амарч, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх ёстой. Түүнчлэн тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж, шингэн зүйл ойр ойрхон бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Эцэг эхүүд хүүхдээ сайн асарч эмийг нь цаг тухайд өгч байх хэрэгтэй байна. Харин урьдчилан сэргийлэхийн тулд товлолын дархлаажуулалтад хугацаанд нь бүрэн хамрагдах, биеийн дархлаагаа сайжруулж, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөе.
-Найман хүүхэд нас барсан тухай мэдээлэл гарсан. Одоогоор биеийн байдал хүнд байгаа хэчнээн хүүхэд байгаа вэ?
-Бага насны хүүхдүүдийн биеийн байдал хүндэрч байна. Өнөөдрийн (баасан гаригт) байдлаар 13 хүүхэд сэхээнд байгаа. Бид шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа боловч тухайн хүүхдийн биеийн эсэргүүцэл, суурь өвчинтэй эсэх нь өвчний явцад нөлөөлж байна.
-Манай улсад хэдэн онд хамгийн их тархалт гарч байсан бэ?
-1958-2010 онд дунджаар 10 мянган хүнд амд улаанбурхан өвчний 2325 тохиолдол бүрт­гэгддэг байсан. Нас баралтын төвшин  29.3 хувьтай байсан нь нэлээд өндөр үзүүлэлт. Үүнээс хойш дархлаажуулалтыг үе шаттай нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр 2015 оны хувьд нийт 20 мянга гаруй тохиолдол гарсан. 
-ХӨСҮТ нэлээд ачаа­лалтай ажиллаж байгаа. Ачааллыг хэрхэн тэнцвэр­жүүлж байна вэ?
-Эмнэлэг бүх хүч болол­цоогоо дайчлан ажиллаж байгаа. Манай эмнэлэгт 349 хүн улаанбурхан өвчний ул­маас хэвтэн эмчлүүлж байна. Ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд бусад тасгийн эмч, сувилагч нараа шилжүүлэн улаанбурханы эмчилгээнд ажиллуулж байна. 

Улаанбурхан өвчний тархалт дэлхийн бусад оронд ч мөн анхаарал татаж байна. Тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гар­гасан тайлангаас үзвэл өвчний дэгдэлт Европ тивд сүүлийн жилүүдэд тогтмол өсчээ. Өнгөрсөн онд гэхэд “Хөгшин тив”-д энэ өвчний 26 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Гүржид 7456, Туркт 7155, Украинд 2155, Их Британид 1869, Германд 1097 тохиолдол гарч, хамгийн өвчлөмтгийд тооцогджээ. Үүнээс гадна Итали, Азербайжан, Голланд, Румын улсад өвчний дэгдэлт бүртгэгджээ. Манай хойд хөрш ОХУ-д ч мөн өвчний тархалт жилээс жилд нэмэгдэж байгаа гэсэн статистик гарчээ. Тодруулбал, 2011 онд 30 мужид 631 тохиолдол гарч байсан бол 2012 онд 37 мужид 2013 тохиолдол, 2014 онд 58 мужид 2300 тохиолдол бүртгэгджээ. Энэ жилийн хувьд өвчлөл өмнөх жилүүдийнхээс харьцангуй бага байгаа ч дархлаажуулалтын ажлыг эрчимтэй хийж байгаа юм. 
Өмнөд хөршийн хувьд ч улаанбурхан эмзэг сэдэв хэвээр, сүүлийн үед улс орных нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг болчихоод байна. Бээжингээс Канадын Ванкуверт энэ сарын 3-ны өдөр буусан “Air China” компанийн онгоцонд улаан­бурханаар өвчилсөн хүн байсан нь канадчуудыг түгшүүр зар­лахад хүргэсэн. Өмнө нь бас улаанбурхантай хятад иргэд Канадад нисч очиж байсан учраас ийнхүү цочир хүлээж авсан гэнэ. БНХАУ-д ажилласан хоёр хүн  Оклэндэд  улаанбурхан чирж очсон тохиолдол өнгөр­сөн сарын 9-ний өдөр гарч, авст­раличуудын айдсыг төрүүлсэн гээд өмнөд хөрш яах аргагүй энэ өвчний нэг голомт болжээ.   
Эмч мэргэжилтнүүдийн зөвлөж буй­гаар энэ өвч­нөөс сэр­гийлэхийн тулд дархлаа­жуулалтдаа бүрэн хамрагдах шаардлагатай байгаа юм. Манай улс улаанбурхны анхын вакциныг 1973 онд хийж байсан бөгөөд 1989 оноос хоёр тунгаар хийдэг болжээ. Есөн сартай болон хоёр настайдаа вакцин хийлгэснээр  насан туршийн дархлаа тогтоно. Гэвч өвчлөлд өртөх үгүй нь тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамгийн их шалтгаална гэдгийг мөн мэргэжлийн хүн хэлж байна. Ер нь улаанбурхан бол үхлийн аюултай өвчин бөгөөд дэлхийн нийтэд жилдээ 120-150 мянган хүн энэ өвчний улмаас нас бардаг гэсэн тооцоо судалгаа ч бий. Иймээс өөрийгөө болон бусдыг улаан бурхнаас хамгаалахын тулд дархлаагаа дэмжин, өвчилсөн тохиолдол олон нийтийн газраар явахгүй байх ёстой гэдгийг анхааруулж байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.