Таван хувийн хүүтэй зээлийг ирэх мягмар гаригаас олгоно

2016.03.11 Баасан №028 (2059)

Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Г.Баярмаагаас дараахь тодруулгыг авлаа.

-Орон сууцны таван хувийн хүүтэй зээлийг санхүүжүүлэхэд хэцүү гэсэн байр суурьтай хүмүүс бий. Үүнд Монголбанк ямар тайлбар хийх вэ?
-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдахаас өмнө Монголбанк ипотекийн эхлэлийн санхүүжилтийг хариуцан ажиллаж байсан.  Харин одоо энэ хууль батлагдснаар тус сангийн хөрөнгөөс бий болох мөнгөн урсгалаар ипотекийн зээлийг санхүүжүүлэх юм.  Энэхүү хуульд заасны дагуу Монголбанкны өмчлөлд буй ипотекийн зээлээр баталгаажсан бонд, банкнаас авах ипотекийн санхүүжилтийн авлагыг ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлэн авч сангийн эхлэлийн хөрөнгийг бүрдүүлнэ. Тодруулж хэлбэл, уг сангийн хөрөнгийг Монголбанк Засгийн газрын зуучлагчийн хувьд хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний дагуу удирдаад явна. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсанаар ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн өмчлөл Засгийн газарт шилжиж байгаа. Мөн эдийн засгийг зөөлөн газардуулах бодлогыг хэрэгжүүлсэн хугацаанд нийт эдийн засагт шинээр бий болсон 2.45 их наяд төгрөгийн хөрөнгө Монголбанкны тэнцлээс Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгөд шилжинэ. Сангийн шилжүүлж авсан энэ хөрөнгөөс шинээр ипотекийн зээл олгох, Засгийн газраас иргэдэд үзүүлэх ипотекийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлтийг санхүүжүүлэхээр хуульд тусгасан. Ингэснээр ипотекийн зээл иргэдэд илүү хүртээмжтэй болох бөгөөд цаашид тасралтгүй үргэлжлэх болно.
-Эхний ээлжинд алслагдсан гурван дүүрэг, 21 аймаг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсээс байр авсан иргэдийн зээлийг таван хувь руу шилжүүлнэ гэсэн. Ойролцоогоор хэдэн өрхийн зээл таван хувь рүү шилжихээр байгаа вэ?
-Энэ оны нэгдүгээр сарын байдлаар найман хувийн зээлд хамрагдсан 55 мянган иргэн байна. Үүнээс орон нутгийн 17 мянга, Улаанбаатар хотын 1400 зээлдэгч таван хувь руу шилжих тооцоо гарсан.
-Бусад нь хэзээ таван хувь руу шилжих вэ?
-Инфляц буурсан учраас зээлийн хүүг бууруулах боломж бүрдлээ гэж Төв банкны ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж байсан. Инфляц одоо 1.9 хувьтай байгаа.  Зээлийн хүүг бууруулах нөхцөл нь бүрдчихсэн гэсэн үг. Гэхдээ бүх зээлийн хүүг бууруулахад бас нөлөөлөх хүчин зүйлс бий. Тиймээс орон сууцны зээлийн хүүг үе шаттайгаар бууруулна. 
-Арилжааны банкууд бүгд орон сууцны зээлийг таван хувьд шилжүүлэхийг дэмжиж байгаа юу?
-Арилжааны банкууд таван хувийн зээлийн журмын төсөлд бүгд саналаа өгч байр сууриа илэрхийлсэн. Энэ сарын 15 гэхэд арилжааны банкуудтай байгуулах мастер гэрээ нь бэлэн болж гарын үсэг зурагдана.
-Гуравдугаар сарын 15-наас таван хувийн хүүтэй зээл олгож эхэлнэ гэсэн үг үү?
-Тийм. Засгийн газраас баталсан журамд багтсан бүсээс таван хувийн хүүтэй зээлээр байр авахыг хүссэн иргэдийн материалыг арилжааны банкууд гуравдугаар сарын 15-наас хүлээж авна. Бусад бүсийн найман хувийн зээл ч ялгаагүй үргэлжилнэ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.