Т.Баясгалан: Хот хооронд болон хотын дотор ачаа тээвэрлэхэд замын хуудас авна

2016.03.02 Лхагва №024 (2055)

Г.САНЧИР

-Татвараа төлөхдөө үзлэг, оношилгоондоо нэгмөсөн хамрагдвал сайн-

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу өнгөрсөн жилээс авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн билээ. Энэ журмын дагуу гуравдугаар сард 3, 8 тоогоор төгсссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд татвараа төлөх ёстой. Үүний зэрэгцээ техникийн хяналтын үзлэг, оношилгоо жилийн турш үргэлжилж байгаа юм. Энэ талаар болон тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэрэгтэй цаг үеийн зарим мэдээллийн  талаар Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналт, бүртгэл хариуцсан дэд захирал Т.Баясгалангаас тодрууллаа.

-Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг оношилгоонд хамрагдах идэвх хэр байна вэ. Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн ажиллах цагийн хуваарийг  эхлээд тодруулъя?
-Авто тээврийн үндэсний төв (АТҮТ) 21 аймгийн төв, Зам-Үүд боомт болон нийслэлд  нийт 25 цэгт техникийн хяналтын үзлэгийг явуулж байгаа. Улаанбаатарт гурван аж ахуйн нэгж техникийн хяналтын үзлэг эрхлэх тусгай зөвшөөрлийг ЗТЯ-аас авч ажиллаж байна. АТҮТ-ийн нийслэл дэх техникийн хяналтын үзлэгийн гурван төв долоо  хоногийн турш уртасгасан цагаар, амралтгүй ажиллаж байгаа. Тиймээс иргэд амралтын өдрүүдэд ч гэсэн техникийн хяналтын үзлэгт хамрагдах, бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой. 
-Хэт их ачаалал, дараалал үүсгэлгүйгээр үзлэг, оношилгоондоо хамрагдахын тулд иргэд юуг анхаарах вэ?
-Техникийн хяналт, үзлэг жилийн турш явагддаг. Тухайн тээврийн хэрэгсэл хэдэн сард хяналтын үзлэг оношилгоонд орсон, тэр сардаа орох ёстой. Гэхдээ сүүлийн үед иргэд улсын дугаарын сүүлчийн оронгоос хамааран татвараа төлөхдөө үзлэгтээ шууд хамрагдах нь ихэсч байна. Энэ нь сайшаалтай. Тухайн хүн татвараа эхлээд төлье, дараа нь хамрагдах ёстой сардаа үзлэг, оношилгоонд оръё гэвэл бас нээлттэй. 
-Бүртгэлийн үйлчилгээ-ний талаар мэдээлэл өгнө үү?
-Импортын буюу шинээр оруулж  ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ Авто худалдааны цогцолбор дээр явагдаж байгаа. Амралтын өдрүүдэд мөн ажиллана. Тэнд манай АТҮТ-ийн Бүртгэлийн хэлтсийн 10 мэргэжилтэн ажиллаж импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг бүртгэлд хамруулан улсын дугаар олгож байгаа. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг “Хөсөг трейд” болон АСА циркийн дэргэдэх бүртгэлийн цэгт явуулж байна. Амралтын өдрүүдэд “Хөсөг трейд” дэх бүртгэлийн төв ажиллаж байгаа. Улсын хэмжээнд он гарсаар 6266 тээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлж, улсын дугаар авсан. Нийт 34047 тээврийн хэрэгсэлд шилжилт хөдөлгөөний бүртгэлийн үйлчилгээ үзүүлээд байна. Мөн 714 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хассан. 
-Ямар учраас ийм олон тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасч байгаа юм бэ? 
-Он гарсаар ашиглагдахгүй байгаа тээврийн хэрэгслүүдийг улсын бүртгэлээс хасч байгаа. 2015 оны эцэст авто тээврийн бүртгэлийн цахим санд 789 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Гэтэл улсын хэмжээнд техникийн үзлэг, оношилгоонд 520 орчим мянган тээврийн  хэрэгсэл хамрагдсан. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлсөн тээврийн хэрэгслийн тоо улсын хэмжээнд 460 мянга орчим байсан. Өөрөөр хэлбэл энэ гурван тоо зөрүүтэй байгаа. Тиймээс энэ зөрүүг арилгах талаар АТҮТ холбогдох судалгаа хийж Татварын ерөнхий газартай хамтарч ажилласан. 2012-2015 он дуустал сүүлийн дөрвөн жилд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан  татвараа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэл 95770 байна гэсэн судалгаа гарсан. Мөн улсын хилээр гараад эргэж орж ирээгүй тээврийн хэрэгсэл 9900 орчим байгаа. Эдгээр тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасч байгаа. 
-Иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөө тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулах санал тавьж болох уу? 
-Иргэд өөрсдөө манай төвд хандаад тээврийн хэрэгслээ хасуулж болно. Тухайн иргэн, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэл дээр дурдсан 95770 дотор байгаа бол шууд хасчихна. Багтаагүй бол судалж үзнэ. Ер нь ашиглагдахгүй болсон тээврийн хэрэгсэл олон байдаг. Галд шатсан, усанд живсэн, осолд ороод эвдэрсэн, эсвэл задалсан гээд л. 
-Хот хоорондын ачаа тээвэрт шинэ соёл, шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа гэсэн мэдээлэл бий. Тухайлбал, зам явах авдаг болж байгаа юм байна. Энэ талаар иргэдэд мэдээлэл өгнө үү?
-Дотоодын ачаа тээврийг бүртгэлжүүлж эхэлж байна. Аймгууд дотоодын ачаа тээврээ бүртгэлжүүлэх үйл ажиллагааг эхэлсэн. Ачаа тээвэрлэж байгаа жолооч нарт замын хуудас бөглүүлээд, дагалдах бичиг өгч байгаа. Хот хоорондын ачаа тээврийн бүртгэлийг АТҮТ, хот доторхи ачаа эргэлтийн бүртгэлийг нийслэлийн Тээврийн газар хариуцаж ажиллахаар Зам тээврийн сайдын тушаал гарсан. Ийнхүү ачаа тээврийг бүртгэлжүүлснээр эдийн засгийн үр дүнтэй. Тухайн тээвэрлэж байгаа ачаа барааныхаа талаар статаситик мэдээ, тоон үзүүлэлт гаргахаас эхлээл иргэдэд ч ач холбогдолтой.  
АТҮТ-ийн харьяанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 24 цагийн үйл ажиллагаатай постуудыг түшиглээд тээвэр зохицуулагчид маань энэ ажлыг хариуцаж гүйцэтгэж байгаа. 
-Замын хуудас, ачааны дагалдах бичиг ямар үнэтэй вэ?
-Үндсэн үнэ нь 1000 төгрөг байгаа. Үүн дээр НӨАТ нэмээд 1100 орчим төгрөг болно.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.