Их Нацагдорж минь, ирээдүйн биднийгээ уучлаарай

2016.02.22 Даваа №020 (2051)

Г.СОНИНБАЯР

Энэ жил Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Харамсалтай нь монголчууд энэ их хүнийхээ мэндэлсний тэгш дүүрэн ойг тэмдэглэхгүй. Тэмдэглэхгүй гэдэг нь төр засгийн төвшинд их Нацагдоржийн ойд хүндэтгэл үзүүлэхгүй гэдэг утгаар энд хэллээ. Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэм, улс төр, урлаг, соёлын салбарт гарамгай гавьяа байгуулсан эрхэм хүмүүсийн тэгш ой тохиоход Засгийн газраас ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс томилогдон ажилладаг. Ойн комисс тухайн хүний алдар гавьяаг мөнхжүүлэх, намтар түүхийг нь судлах, бүтээл туурвилыг нь хэвлэн нийтлэх, сурталчлан таниулах ажлыг жилийн турш зохион байгуулдаг жишиг бий. Энэ бол төр засаг нь улс үндэстнийхээ бахархал болсон оюун сэтгэлгээний оргилуудад хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг юм. 
Их зохиолч Д.Нацагдорж бол Монголын шинэ үеийн утга зохиолд гүн тод ул мөрөө үлдээж, монгол туургатны оюун сэтгэлгээний түүчээ болон гялалзсан сод туурвилч. Гучиннэгхэн настайдаа зуурдаар одсон энэ залууг монголчууд 80 жилийн турш хүндэтгэн дурссаар ирсэн. Тэрээр богинохон амьдрахдаа үндэснийхээ утга зохиолыг хөгжүүлэх, улс үндэстнийхээ түүхийг судлах, шинэ тулгар төр засгаа бэхжүүлэхэд нэгэн биеийг үл хайхран зүтгэсэн гавьяатан. Д.Нацагдорж утга зохиолын гарамгай суу билигтэн төдийгүй нийгмийн нэрт зүтгэлтэн байв. Тухайлбал, 15-хан настайгаасаа эхлэн Цэргийн яам, Цэргийн зөвлөл, Намын төв хороо, Үйлдвэрчний эвлэлд хариуцлагатай алба хашиж, улмаар Монголын хүүхдийн байгууллагыг үндэслэсэн билээ. Шинэ Монголын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ч Д.Нацагдорж гар бие оролцсон. 
Тиймээс түүний мэндэлсний ой бол зөвхөн утга зохиолын хүрээнийхний баяр биш Монголын соёл, урлаг, шинжлэх ухаан, боловсролын салбар, төр, олон нийтийн байгууллагуудын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэх ёстой оюуны ертөнцийн их баяр билээ. Гэтэл их зохиолчийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ, ном бүтээлийг нь хэвлэх зэрэг ажлын зардалд салбарынх нь байгууллагуудаас санал болгосон төсвийг тэр чигт нь танаж орхижээ. Уг нь их мөнгө биш л дээ. Ердөө 32 сая төгрөг. Улсын наадамд тав давсан бөхийн хөл дүүжлэх унааны үнийн талд нь  хүрэхгүй. Нэг нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны сэтгүүлийг хэвлэж хүрэлцэхгүй ийм л мөнгө. Уг нь энэ мөнгийг төсөвт суулгачихсан бол хэл, утга зохиол, шинжлэх ухааны салбарынхан их Нацагдоржийнхоо ойг боломжийн хэрээр тэмдэглэчих байлаа. Ядаж л цэнхэр дэлгэцийн АХА нэвтрүүлгээр “Миний нутаг” шүлгийг Б.Лхагвасүрэн зохиосон, дэлхийн хүүхэлдэйн киноны эцэг “Микки, Маус”-ын зохиолч нь хэн бэ гэхэд Дашдоржийн Нацагдорж гээд зогсч байгаа ахлах ангийн сурагчдад Д.Нацагдорж гэж ямар зохиолч байв гэдгийг мэдүүлж таниулах ажлыг хийх байв. Түүнчлэн сүүлийн үед зарим судлаач Д.Нацагдорж Төв аймгийн Баяндэлгэр суманд биш Мөнгөнморьт суманд төрсөн хэмээн ярих болсон. Яриад зогсохгүй ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын багш нарын семинар, уулзалт энэ тэр дээр мань судлаач “Та нар Нацагдорж Төв аймгийн Мөнгөнморьтод төрсөн гэж хүүхдүүддээ заагаарай” хэмээн тулган шаардсан байгаа юм. Тэгэхээр одоо уран зохиолын хичээлийн улсын шалгалтын асуулт нь “Их Зохиолч Д.Нацагдорж хаана төрсөн бэ” гэж байх юм бол сурагчид Мөнгөнморьт, Баяндэлгэр хоёрын алийг нь гэх вэ. Их зохиолчийн ойг тэмдэгдэх төсөв тэглэгдээгүйсэн бол эрдэмтэд, судлаачдын дундах энэ мэт маргааныг нэг тийш болгох, түүгээр зогсохгүй Нацагдорж судлалыг шинэ зуунд шинэ шатанд гаргах эрдэм шинжилгээ, судалгааны томоохон ажлууд хийх байсан нь дамжиггүй. Харамсалтай нь АСЕМ, олимп гэх мэт асар том арга хэмжээнүүд болох гээд байхад юун Нацагдоржийн ойг тэмдэглэх зардал вэ гээд 32 сая төгрөгийг хасч орхижээ. Тэгэхээр одоо хэдэн зохиолч, эрдэмтэд бор зүрхээрээ л их Нацагдоржийнхоо ойг тэмдэглэхээс өөр замгүй боллоо гэсэн үг. Төр, засгийн эрх мэдэлтнүүдийн зүгээс их зохиолчдоо хандаж байгаа энэ ёозгүй хөндий хүйтэн байдал нь цаагуураа үндэснийхээ соёл, урлаг, уран зохиол, эрдэм мэдлэг, оюуны их санг хялайн харж, басан доромжилсон мэт санагдана. Их Нацагдоржийг ингэсгээд мартагнуулна гэсэн холын хорон санаа ч байгаа юм биш үү гэж хардмаар. 1990 оноос хойш ийм л хандлага байсаар ирснийг доорхи хэдэн баримтаас харж болно. Мэндэлсний нь 50 жилийн ойгоос л эхлэн их зохиолчийн бүтээл туурвилыг олны хүртээл болгох, алдар гавьяаг нь мөнхжүүлэх ажлуудыг хийж ирсэн бол сүүлийн 20 гаруй жилд нэг л сул, нэр төдийхөн болжээ.Юутай ч их Нацагдорж минь ирээдүйн биднийгээ өршөөгөөрэй. Төр засаг тэгш ойг тань тэмдэглэхгүй ч, таны шүлгийг уншиж өссөн түмэн олон, утга зохиолд элэгтэй хүн бүхэн гэгээн алдрыг тань үргэлж дурссаар л байх болно. Хөх толботой бяцхан үрс минь хэлд орохдоо “Миний хэнз хурга”-ыг тань уншин, монгол хэлнийхээ үгийн сүүгээр амлаж, сургуульд ормогцоо “Миний нутаг”, “Од”, “Дөрвөн цаг”-ийг тань цээжилж, улмаар бичиг үсэгт тайлагдмагцаа “Учиртай гурав”, “Ламбугайн нулимс”, “Харанхуй хад”, “Шувуун саарал”, “Хөдөө талын үзэсгэлэн”-гийн тань нууцад нэвтэрч, оюуны их шимийг тань хүртсээр байх болно оо. "Монголын үрс маш олон болтугай" гэсэн гэгээн гэрээслэл тань биелэлээ олж, "Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жилээс жилд" айлчилсаар байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.