Ээлжит бус чуулганыг маргааш нээхээр боллоо

2016.02.17 Лхагва №018 (2049)

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн баасан гаригт захирамж гарган ээлжит бус чуулганыг хуралдлуулахаар шийдвэрлэсэн. Гэвч ээлжит бус чуулганы хуралдаан товлосон хугацаандаа эхэлсэнгүй. Улмаар өчигдөр өглөө УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж чуулганы хуралдааныг маргааш болтол хойшлууллаа.  Ээлжит бус чуулгантай холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын талаархи УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарын байр суурийг хүргэе.  

Б.Гарамгайбаатар: АН-ын 35 гишүүн бүгдээрээ хуралдаа сууна
-УИХ-ын даргын дэргэдэх зөв­лө­лийн хурлаар ээлжит бус чуул­ганы нээлтийг маргааш хийхээр боллоо. Энэ саналыг хэн гаргасан юм бэ?
-УИХ-ын даргын дэргэдэх зөв­лөлийн хурлын үеэр АН-ын бүлгийн даргын хувьд би  ээлжит бус чуул­ганы нээлтийг пүрэв гариг хүртэл хойшлуулах санал гаргасан. Шалтгаан нь МАН-ын бүлэг болон бусад намаас тавьж байгаа “АН-ын бүлэг ирцээ бүрдүүл” гэдэг шаардлагатай холбоотой. Энэ шаардлагыг нь бие­лүүлэхээр гадаадад байгаа бүх ги­шүүнээ дуудсан. Ирэх пүрэв гаригт болох ээлжит бус чуулганы нээлтэд АН-ын бүлгийн 35 гишүүн бүгдээрээ оролцоно.
-Танай бүлгийн 35 гишүүн бүгдээрээ ирлээ ч ирц бүрдэхгүй байх магадлалтай. Ээлжит бус чуулганыг саадгүй хуралдуулах талаар бусад нам, эвслийн бүлэгтэйгээ зөвшилцөж байгаа юу?
-Бид ярилцаж байна. Дахиад тийм асуудал гарахгүй байх.
-“Шударга ёс” эвслийн бүлэг Ша­дар сайдаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилуулахыг шаар­даж чуулганы нээлтэд оролцохгүй байгаа тухай мэдээлэл бий. Та Ерөнхий сайдтай уулзахдаа энэ талаар ярилцав уу?
-Ямар хүнийг Шадар сайдаар томилуулахаар УИХ-д оруулж ирэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Миний авсан мэдээллээр бол Ерөнхий сайд АТГ-аас Шадар сайдад нэр дэвшигчийн талаар тодорхойлолт гаргуулах хүсэлт гаргасан юм байна. Тэгэхээр одоо АТГ-аас ямар хариу ирэхийг хүлээж байгаа гэсэн үг. АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилох боломжтой гэсэн хариу ирүүлбэл УИХ-д орж ирэх ёстой. Нэгэнт хамтран ажиллаж байгаа бол олонхийнхоо шийдвэрийг дагаад явах ёстой. Түүнээс биш ямар нэгэн байдлаар тулгалт хийгээд тэр нь биелэхгүй болохоор элдэв янзын саад хийж болохгүй ш дээ. Тиймээс АН-ын бүлэг Ерөнхий сайдад “Энэ асуудлаа хамтрагчидтайгаа ярьж хурдан шийд” гэсэн чиглэл өгсөн. 
-МАН-ын бүлгийн төлөөлөл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд оролцсон уу. Оролцсон бол тэд ямар байр суурь илэрхийлсэн юм бэ?
-УИХ-ын даргын дэргэдэх зөв­лөлийн хуралд МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нар оролцсон. Бүлгийн гишүүд нь ээлжит бус чуулганд оролцох эсэх нь тухайн бүлгийн асуудал. Уг нь УИХ-ын даргын захирамжийг биелүүлж гишүүд хуралдаа суух үүрэгтэй. Түүнээс биш олонхи нь ирцээ бүрдүүлсний дараа цөөнх нь хуралдаа орно гэсэн хууль эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй.
-МАН-ын бүлэг Цэцийн гишүү­нийг чөлөөлөхийг эсэргүүцэж бай­гаагаа илэрхийлж чуулганы нээлтэд орол­цохгүй байгаа. Бүлгийн дарга нар уулзсан гэсэн. Энэ асуудлаар зөв­­шилцөж гарц хайж болоогүй юм уу?
-Цэцийн гишүүнтэй холбоотой асуудлыг л онцолж яриад байгаа юм. Энэ бол ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын л нэг шүү дээ. Түүнээс гадна олон чухал хуулийн төсөл бий. Тухайлбал, татвартай холбоотой хуулийн төслүүд бий. Ман сайн төслүүд оруулж ирсэн. Мөн хоёр гурван улсын Засгийн газартай байгуулах хэлэлцээрийн төс­лүүд бий. Эдгээр төслийг бид заа­вал хэлэлцэн батлах ёстой. Цэцийн ги­шүүнийг огцруулах асуудлаас МАН-ын бүлгийн авсан завсарлагын хугацаа дууссан учраас хүссэн ч, хүсээгүй ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана. Бид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа гэдэг хүний асуудлыг яриагүй. Цэц үндсэн үйл ажиллагаанаасаа хазайсан үйлдэл хийж байна гэдгийг л ярьж байгаа. 

С.Бямбацогт: Олонхи ирцээ бүрдүүлбэл бид хуралд оролцоход бэлэн байна
-Пүрэв гаригт танай бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд орол­цох уу?
-Олонхи эрхээ эдэлж байгаа ши­гээ үүргээ хүлээж ирцээ бүрдүүлэх хэрэгтэй. Ирцээ бүрдүүлсэн тохиол­долд бид хуралд оролцоход бэлэн байна. Манай бүлгийн 22 гишүүн ху­ралд оролцох боломжтой байгаа. Олонхийг бүрдүүлэгчид эрхээ эдлэх цагтаа эдэлчихээд үүргээ хүлээх бо­лохоороо алга болчихдог байж болохгүй л дээ. Хариуцлагатай байх ёстой. 
-Танай намын бүлэг Цэцийн гишүүнийг огцруулах асуудлаас завсарлага авсан. Завсарлагынхаа хугацаанд асуудлыг нөгөө тийш нь эргүүлэх алхам хийж байгаа юу?
-Цэцийн гишүүнийг огцруулах асуудал нь зөв үү, буруу юу гэдгийг судлахад хугацаа, боломж олгох зорил­гоор завсарлага авсан юм. Хуульчид су­далж байгаа юм билээ. Тухайлбал, Хуульч­дын холбоо хэлэлцээд Цэцийн гишүүнийг огцруулах саналыг хэлэл­цэж байгаа нь хууль бус гэсэн дүгнэлт гаргасан  байна лээ. Мөн олон нийтийн байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж байна. Ингэснээр энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд орлоо. Тиймээс энэ асуудлаар шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс нь дүгнэлт хийх,  алдаа оноогоо цэгнэх боломжтой боллоо.
-УИХ-ын гишүүдийн гаргах шийд­вэрт нөлөөлөхүйц байдал үүсэхгүй байгаа юм биш үү?
-Шийдвэрт нь нөлөөлөхүйц нөх­цөл байдал үүсч байгаа гэж бодож байна. Энэ асуудлын зөв, бурууг олон нийтээрээ хэлэлцэж завсарлага авснаас хүмүүс мэдээлэлтэй болж өөр өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ хийж байгаа байх.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.