Грек өмч хувьчлалаа эрчимжүүлнэ

2016.02.17 Лхагва №018 (2049)

Х.Батсайхан

Грекийн парламент 2011 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хямралын эсрэг багц хөтөлбөр баталсан билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улсыг санагдуулах “Таван жилийн төлөвлөгөө” хэмээн нэрлэсэн хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг нь өмч хувьчлалын ажил байсан. Эрх баригчид тухайн үед 2015 он хүртэлх гурван жилд төрийн өмчийг хувьчлах замаар 50 тэрбум евро төсөвт төвлөрүүлэх зорилт дэвшүүлсэн юм. Тэгвэл өмч хувьчлах төлөвлөгөөний биелэлт дөнгөж зургаан хувьтай гарчээ. Гурван жилийн дотор 50 тэрбум евро олно гэж төлөвлөснөөс ердөө 3.1 тэрбум евро орж ирсэн учир өмч хувьчлал явагдах хугацааг сунгасан байна. Өмч хувьчлал явуулах санаачилга анх гарахдаа зээлдүүлэгчдийн эхний ээлжинд үзүүлэх 71 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэгийг авахад чиглэж байсан бол энэ удаа гурав дахь шатны шилжүүлэг болох 32.5 жилийн хугацаатай 86 тэрбум еврогийн зээлийг олж авахын тулд илүү эрчимтэйгээр зохион байгуулахаар бэлтгэж эхэлжээ. 
Өмч хувьчлалд өртөх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад нисэх онгоцны буудал, хурдны зам, төрийн өмчит компани, банк, үл хөдлөх хөрөнгө багтаж байгаа юм. Мөн томоохон аж ахуйн нэгжид эзэмшдэг төрийн мэдлийн хувьцааг ч арилжих аж. Европын холбооны улсуудын Сангийн сайд нар өнгөрсөн ням гаригт Грекийн Засгийн газарт гурав дахь шатны зээл тусламжийг өгөхөөр шийдсэн ч Афинд тавих болзлоо улам чангатгасан юм. Бүх л бүтэн улсын хэмжээнд даван туулахад хүнд хүчир шинэтгэл нь Грекийн хямралд орсон төсвийн алдагдлыг багасгахад чиглэгдэж байгаа. Гэвч, татварыг нэмэгдүүлэх, өнөө хэр нь маш өндөр ажилгүйдлийн хувьтай байгаа улсад төрийн албан хаагчдыг үй олноор нь цомхотгохоор төлөвлөсөн нь нийгэмд айдас төрүүлж, эсэргүүцлийг дэвэр­гэж байна. Грекийн өрийн хямрал зөвхөн улсдаа хүндрэл үүсгээд зогссонгүй, сүүлийн үед Европын мөнгөн тэмдэгт еврогийн ханш, хө­рөнгийн зах зээлд сөргөөр нө­лөөлөх магадлалтай байгаа нь мэр­гэжилтнүүдийн санааг түгшээж байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.