Боолчлол Бразилийн хөгжлийн далд хүч үү

2016.02.17 Лхагва №018 (2049)

- Бразил улс боолчлогчидтой хатуу тэмцэнэ -

Улс төрийн тогтворгүй байдал ноёлсон, түү­нийгээ дагаад эдийн засаг нь ч асар эмх замбараагүй байсан Бразил улс сүүлийн 10-аадхан жилд, тодруулж хэлбэл Лула да Сильвагийн төр барьсан хугацаанд эмх журамд орж, их гүрнүүдийн тоонд орохоор хүчтэй амбийцлаж эхэлсэн билээ. 20 хүрэхгүй жилийн өмнө үндэсний хэмжээнд байсан компаниуд нь эдүгээ үндэстэн дамнасан корпорациуд болон өргөжсөн нь бардам дээрэнгүй европчуудыг ч буулт хийхэд хүргэж, хэвлэлүүд “Бразил улс барууны бизнесийн шинжлэх ухааныг тэтгэгч нэг эх үүсвэр болох уу” хэмээн бичиж байв. Хөгжиж буй улс орнууд төрийн албан хаагч нараа Бразил руу илгээж, туршлага судлуулахаар хошуурч байлаа. Үнэхээр ч анх үүсч бий болсон гэр бүлийн ямар ч жижиг бизнес цаашид томорсоор үндэсний хэмжээний компани болох хууль эрхзүйн хийгээд татварын орчин, төрийн дэмжлэг Бразилд бий болсон гэдэгтэй бүгд санал нийлдэг. Дээр өгүүлсэн эерэг үр дүн бол эрх баригчдын сүүлийн 15 жилд явуулсан ухаалаг бодлогын үр дүн. Тэгвэл энэхүү үсрэнгүй хөгжлийн цаана өдөр тутмын хэрэглээний өчүүхэн хэмжээний зээлээр эзэддээ барьцаалагдан боолын гэмээр хөдөлмөр эрхэлж байдаг хэдэн зуун мянган эгэл жирийн бразилчууд байдаг аж. 
Бразилийн Хөдөлмөрийн яам ажилчдаараа боолын гэмээр хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлж байсан 300 аж ахуйн нэгжид хариуцлага тооцох болсон талаар дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд өчигдөр мэдээллээ. Тэдгээр компа­нийн ихэнх нь газар тариалангийн салбарынх бөгөөд ажилчиддаа зээлээр эд бараа өгөх замаар барьцаалж, маш хүнд нөхцөлд албадан ажиллуулдаг байжээ. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Reporter Brazil” байгууллага хүний хөдөлмөрийг сорон мөлждөг ийм байгууллагуудаар “Хар жагсаалт” гаргахад 50 гаруй мянган ажилчинтай 340 аж ахуйн нэгж багтсан байна. Дээрх компаниудын ихэнх нь оёдол, мал аж ахуй, мод бэлтгэл, барилга, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус байгууллага Бразилийн хөдөлмөрийн яам­тай хамтран хувийн хэвш­лийн байгууллагуудад шалгалт оруулж эхэлсэн бөгөөд ажилч­дынхаа эрхийг зөрчдөг нь баримтаар нотлогдсон тохиолдолд өндөр торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж. 
Түүхийн хуудас сөхөж үзвэл боолчлолын жинхэнэ өлгий нутаг нь олонхийн боддогчлон Хойд Америк, Европ биш, харин Бразил юм байна. Африкаас хулгайлагдан боол бологсдын ихэнхийг чихрийн нишингийн тариалан дээр ажиллуулахаар Бразил руу зөөдөг байжээ. Боолчлох ёсыг 1888 онд албан ёсоор халсан гэж тунхагладаг ч хязгаар нутгуудад, тухайлбал Амазонкийн шугуйд хөдөл­мөрийн мөлжлөг XIX зууны хэлбэрээрээ оршсоор байна. Бразилийн Засгийн газар ч үүнийг хүлээн зөвшөөрч, 1995 онд албан ёсны мэдэгдэл хийж байжээ. Эрх баригчид боолчлолыг сүүлийн 10 жилийн гол бэрхшээлээр нэрлэн, хатуу чанга аргаар тэмцэж байгаа ч одоог хүртэл дор хаяж 50 мянган хүн эрх чөлөөгүй, цаг наргүй боолын хөдөлмөр эрхэлсээр байгаа ажээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.