Б.Насанбаяр: Захирлыг сайд биш Удирдах зөвлөл нь томилдог болно

2016.02.17 Лхагва №018 (2049)

Г.СОНИНБАЯР

БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа. 

-Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуул­ганаар хэлэлцэж эхэлсэн ч МАН-ын бүлэг завсарлага авчихлаа. Завсарлага авах болсон шалтгаанаа МАН-ын бүлэг тайлбарлаагүй. Энэ хуулийн төсөлд ямар ямар нэмэлт, өөрчлөлтүүд багтсан юм бэ?
-Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны арванхоёрдугаар сарын 17-нд УИХ-д өргөн барьсан. УИХ 2016 оны нэгдүгээр сарын 7-нд хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Эхний хэлэлцүүлэг болоход МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гишүүн санал гаргаад Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар завсарлага авах шаардлагатай байна  гэж хэлсэн. Ямар учраас гэдэг шалтгаан ойлгомжгүй байсан. 
-Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж амжих болов уу?
-МАН таван ажлын өдрийн завсарлага авсан. Ээлжит бус чуулганаар амжиж батлагдах эсэхийг УИХ мэдэх байх. Боловсролын багц хуульд үе үе нэмэлт, өөрчлөлт орж байсан. Харин энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт бол Монгол Улс цаашид хөгжих хөгжлийн маш тодорхой чиглэл, шийдэл гэж харж байгаа. Жишээ нь. Дээд боловсролын байгуул­лагууд улс төрөөс ангид бие даасан байдлыг бий болгох, магадлан итгэмжлэл, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд эмзэг болон амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой гэр бүлээс бусад эцэг эх хүүхдийнхээ хоолны зардлын тодорхой хувийг гаргах, сумын сургуулийн санхүүжилт, сургууль цэцэрлэгийн удирдлагуудын тусгай шаардлага, мэргэжлийн зэргийн нэмэгдэл, цэцэрлэгийн ээлжийн багш гэх мэт ирэх хичээлийн жил, төсөвийн төсөл өргөн барихаас өмнө энэ хуультай холбоотой асар олон хүлээлт үүсгэсэн шийдлүүд байгаа.
-Боловсролын багц хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий гэж үү?
-Энэ хуулийн төсөл төрөөс боловсролын талаар баримтлах 2014-2024 хүртэлх баримтлах УИХ-аар баталсан  бодлогын  дагуу боловсруулагдсан. Бид 2012 оноос хойш тус бодлого, хуулийн төсөлд  үндэсний хэмжээний бүх сургууль, цэцэрлэгээс санал авсан. Л.Гантөмөр сайд 20 аймаг, 9 дүүргийн бүх багш нартай уулзалт хийж, тэр уулзалт бүр дээр гарч байгаа санал, сургууль болгон дээр тулгарч байгаа асуудлыг судалж, одоо байгаа эрх зүйн орчин нь юу нь зохицож байна, юу нь зохицохгүй байгаа, юуг шийдэх ёстой юм гэдгийг багцаар нь харж чадсан маш нарийн судалгаа хийсэн. Мөн дээд боловсролын засаглалтай холбоотой олон улсын  зөвлөхүүд, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын профессорууд, докторуудыг урьж  зөвлөгөө авсан. Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжих гарц нь хаана байна гэдгийг бүх талаас нь иж бүрнээр харахыг хичээсэн.

-Боловсролын багц хуульд ямар ямар нэмэлт, өөрчлөлт орох юм бэ?

-Боловсролын суурь хууль бол боловсролын чанар, хөгжлийн бодлогыг тусгасан. Монгол Улсын төрөөс боловсролын талаар баримтлах бодлогоо 2015 он баталсан. Үүний дагуу Монгол Улсын боловсролын хөгжлийн бодлого цаашид ямар чиглэлтэй байх юм бэ гэдгийг үндэслэж, багц хуульд өөрчлөлт орж байгаа гэсэн үг. Боловсролын тухай багц хуульд орж байгаа гол нэмэлт, өөрчлөлт гэвэл эхний зарчмын өөрчлөлт нь ашгийн төлөө болон ашгийн төлөө бус боловсролын байгууллагыг ялгах зохицуулалт юм. Энэ нь эцэг эх, хэрэглэгч талаас харах юм бол маш ойлгомжтойгоор хэлэхэд би ямар нэг хувийн сургууль, дээд боловсролын байгууллагад хүүхдээ сургахын тулд төлбөр төлж байгаа бол тэр төлбөр ашгийн төлөө байгууллага бол сургалтын үйл ажиллагаанд зарцуулагдахаас гадна хувьцаа эзэмшигчдэд ашиг болж очно гэсэн үг. Ашгийн төлөө бус байгууллага байна аа гэвэл миний хүүхдийн сургалтын төлбөр сургалтын үндсэн үйл ажиллагаанд 100 хувь зарцуулагдах ёстой гэсэн шаардлагыг тавина гэсэн үг. Ашгийн төлөө ажилладаг, хувьцаат компаниар бүртгүүлсэн сургууль, цэцэрлэг, их дээд сургууль байгаа. Тэд Компанийн тухай хуулиараа явна аа гэвэл үйлчлүүлэгч болох суралцагчид, эцэг эхчүүдийн хувьд маш тодорхой болно. Үүнийг тодорхой болгох маш том шийдэл энэ цаг хугацаанд шийдэгдэх гэж байгаа гэсэн үг.
-Одоо зах зээл дээр маш олон хувийн сургуулиуд байгаа. Тэдгээр сургуулиудыг дахин бүртгэлжүүлэх нь гэж ойлгож болох уу?
-Бид Улсын бүртгэлийн газраас албан ёсоор мэдээлэл авсан. Дээд боловсролын салбарт хувийн хэвшлийн ашгийн төлөө гэсэн бүртгэлтэй 10 гаруй байгууллага байна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг ч байна. Тэдгээр байгууллагууд энэ хууль батлагдсаны дараа статусаа тодорхой болгоно гэсэн үг. 
-Боловсролын багц хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд өөр ямар шинэлэг заалтууд туссан бэ?
-Сургалтын цөм хөтөлбөр гэдэг ухагдахууныг шинээр тусгаж, үүн дотор сурагчдын эзэмших мэдлэг чадвар, түүнд хүрэх, тэр мэдлэг чадварыг эзэмшүүлэхийн тулд ямар агуулга байх юм, түүнийг яаж үнэлэх юм, ямар хэрэглэгдэхүүн байх вэ, ямар сурах бичиг байх юм, багшийн үйл ажиллагаа гээд энэ бүх зүйлийн суурь шалгуур үзүүлэлтийг зааж өгсөн. Мөн насан туршийн боловсролын талаар заалт шинээр оруулсан. 
-Дээд боловсролын тухай хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа вэ?
-Өнөөдрийг хүртэл зөвхөн төрийн өмчийн дээд боловсролын байгууллагууд тогтмол зардал болох цахилгаан дулааны мөнгийг нь өгч байгаа. Дээд боловсролын байгууллагуудын санхүүжилтын 90-95 хувь нь оюутны төлбөрөөс бүрдэж байгаа. Оюутны төлбөрөөс санхүүжиж байгаа дээд боловсролын байгууллагууд гэдэг бол хөгжлийн бодлого төлөвлөлт хийх, судалгаа хөгжүүлэх, зэрэг нь бүгд хязгаарлагдмал гэсэн үг. Сургалтын төлбөрийн бүрдүүлж байгаа хуримтлалын 90 гаруй хувийг бакалаврын хөтөлбөрөөсөө санхүүжүүлдэг. Энэ нөхцөл байдал нь буцаад боловсролын чанарт нөлөөлнө. Тийм учраас дээд боловсролын санхүүжилтийн эх үүсвэр нь олон байх учиртай. Тухайн дээд боловсролын байгууллага дэргэдээ олон төрлийн сан, гарааны компани байгуулж болно гэдэг бол тодорхой хэмжээний аж ахуйн байгууллагууд, янз бүрийн ажил олгогчидтой түншлэлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж болно, хамтарсан судалгаанууд хийж болно гэсэн үг. Тэр нь ил тод нээлттэй, тэр сандаа орж ирдэг, сангийнхаа мөнгийг буцаагаад дээд боловсролынхоо судалгаа, сургалтыг сайжруулахад зарцуулдаг байх эрхийг олгох энэ боломжуудыг бүрдүүлэх зорилготой зохицуулалт хуулийн төсөлд бий. 
-Их, дээд сургуулиудын эрх мэдэл нэмэгдэх юм байна, тийм үү?
-Дээд боловсролын салбарт бас нэг онцгой, хамгийн чухал суурь шийдлийн асуудал нь Удирдах зөвлөл буюу засаглалын асуудал байгаа. Одоо мөрдөгдөж байгаа хуульд үүсгэн байгуулагчийн төлөөлөл 51-60 хувийг бүрдүүлдэг байсан. Энэ хуулийн төсөлд бол төрийн бус өмчийн сургуульд 60 хувиараа үлдсэн, төрийн өмчийн сургуулиудад бол 30 хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна. Төрийн өмчийн сургуулиудын хувьд 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг их, дээд сургуулийн менементийн өөрчлөлтийг хийх тухай зарласан. Тэр менежментийн өөрчлөлт нь юу байх юм бэ гэхээр засаглалыг зөв хэлбэрт оруулах явдал. Удирдах зөвлөлд байгаа үүсгэн байгуулагчийн төрийн төлөөлөл 30 хувь болж хоёр дахин буураад эсрэгээрээ хараат бус гишүүдийн төлөөлөл 40 хувь болж шинээр гарч ирж байгаа. Хараат бус гишүүд гэж ямар хүмүүсийг хэлэх вэ гэхээр улс төрийн албан тушаал хашдаггүй, эдийн болоод оюуны хувьд тухайн сургуульд маш том хэмжээний хөрөнгө оруулалт дэмжлэг хийх чадвартай, оруулж ч байсан тийм хүмүүс байх юм. Үүнд дээр багш, оюутны төлөөлөл 20, төгсөгчдийн төлөөлөл 10 хувь байна. Ингээд Удирдах зөвлөлийг бүрдүүлж байгаа төлөөллийн хувьд маш тодорхой болгож өгсөн. Өмнө нь бол Засгийн газар дөрвөн жил болоод солигддог. Төрийн өмчийн сургуулиудын Удирдах зөвлөл тэр дөрвөн жил болгонд солигддог байсан. Одоо бол хараат бус гишүүд зургаан жилийн хугацаатай сонгогдоно. Төрийн өмчийн төлөөлөл буюу 30 хувийг бүрдүүлж байгаа гишүүд дөрвөн жилийн хугацаатай сонгогдоно. Багш, оюутны төлөөлөл хоёр жил, төгсөгчдийн төлөөлөл гурван жилийн хугацаатай байна. Ингээд ротаци байдлаар тухайн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн өөрөө сэлгэгдээд, тогтвортой байх нөхцөл хангагдаж байгаа юм. Хоёрдугаарт, Удирдах зөвлөл өмнө нь мэдээж төсвөө баталдаг, хөгжлийн бодлого, төлөвлөлтөө тодорхойлдог байсан бол одоо маш тодорхой болж байгаа өөр үүргийн нэг нь сургуулийн захирлыг Удирдах зөвлөл нь томилно. Нэр дэвшүүлэх хороо гэж байна. Энэ хороо нь Удирдах зөвлөлдөө захирал болох хүнийг ийм ийм шалгуурт тэнцэх ёстой гээд танилцуулна. МУИС-ийн захирал бол ийм ийм шаардлагыг хангасан хүн байна аа. Шаардлага хангасан хүн хэн байна вэ гээд тэр хүмүүсийг нэр дэвшүүлээд сонгон шалгаруулалт явуулна. 
-Хувь хүн нэрээ дэвшүүлэх боломжтой юу?
-Жишээ нь МУИС гэхэд 20 мянган оюутантай. Энэ бол Монгол Улсын бүх салбарын нэг бүхэл бүтэн үеийг бэлдэж байна гэсэн үг. Тэр хүмүүсийн өмнө хариуцлага хүлээх хүн хэн байх вэ гэдгийг маш нарийн шалгуураар тодруулна. Шалгуур нь тодорхой болж байгаа гэсэн үг л дээ. Одоо бол төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирлыг сайд дөрвөн жилийн хугацаатай томилдог. Тэр хүмүүс сайдын бүрэн эрхийн хугацаанд л ажиллана. Нөгөө талаас их, дээд сургуулийн захирлууд сайдтай гэрээ байгуулдаг учраас Удирдах зөвлөл нь захиралтайгаа ямар ч хариуцлага тооцох боломжгүй. Удирдах зөвлөл нь өөрөө засаглалын дээд байгууллага юм шиг хэрнээ буцаад гүйцэтгэл хийж байгаа захиралтайгаа хариуцлага тооцох чадамжгүй байсан. Тэгэхээр одоо сайд захирлыг томилохоо больж, Удирдах зөвлөл нь томилно оо гэсэн үг. Тийм учраас таван жилийн хугацаатай томилох уу, ахиад нэг улируулж сонгох уу гэдгээ Удирдах зөвлөл нь өөрөө шууд бодитой ажлынх нь үр дүнгээс хамаараад шийднэ. Удирдах зөвлөл, захирал хоёр нэг баг болж ажиллана гэсэн үг. Оюутнууд бол сонгогчдын маш идэвхтэй бүлэг байдаг. Тэр идэвхтэй бүлгийг өөрсдийнхөө хамааралд байлгахыг аль ч нам хүсдэг. Гэхдээ энэ нам эвслийн эрх ашгаас илүү дээд боловсрол шинжлэх ухааны урт хугацааны хөгжлийг харсан шийдэлтэй хуулийн төсөл бол энэ Засгийн газар болон Л.Гантөмөр сайдын үед зориг гарган хийж байгаа маш том реформ. Эрт хийгдэх ёстой байсан реформын шийдэл. Үнэхээр Монгол Улсын салбар бүрийн хөгжлийн түлхүүр бол дээд боловсрол. Дээд боловсролын байгууллагын засаглал, түүний тогтвортой байдал, бодлогын залгамж халаа хамгийн чухал. ШУТИС дээр ямар бодлого, хөтөлбөр, ямар багш байгаагаас хамаараад Монгол Улсын инженерүүд хэн болох вэ гэдэг нь шийдэгдэж байгаа. Тийм учраас энэ зүйл дээр маш онцгой шийдэлтэй хуулийн төсөл өргөн барьсан. 
-Дээд сургуулийн захирлуудаас гадна ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын томилгоо ч анхаарал татдаг шүү дээ?
-Дөрвөн жилийн улс төрийн согуулийн тогтолцооноос хамаараад, нэг орон нутагт аль нам ялахаас шалтгаалж сургуулийн захирал өөрчлөгддөг. Бүр боловсролын салбарт ажиллаж байгаагүй хүнийг хүртэл захирал, эрхлэгчээр тавьдаг. Тухайн захирал ямар хүн байхаас шалтгаалаад маш сайн байсан сургуулийг нураачихдаг тохиолдол ч байна. Тийм учраас бид энэ хуулийн төсөлдөө маш тодорхой заалт оруулж өгч байгаа. Тэр нь сургуулийн удирдлага, багшид тавих тусгайлсан шаардлагыг батална. Энэ нь сургуулийн захирал байхын тулд доод тал нь 10 жил багшилсан байх ёстой. Таван жил менежер хийсэн байх ёстой гэх мэт. Боловсролын салбарт доод тал нь 15 жил үүрэг хүлээж ажилласан хүн байх ёстой гэсэн шалгуур тавина. Энэ нь хүний нөөцийн шаталсан болоод бэлтгэлтэй систем гэсэн үг. Ийм систем маш үр дүнтэй. Ийм шаталсан удирдлагын болоод хүний нөөцийн бодлогын тогтолцоотой байхгүй бол хэн нэгэн дуртай хүн хүрч ирээд хувийн эрх ашигтайгаа зууралдаад байх юм бол хэчнээн сайн багш нар байгаад тэдний бүх хөдөлмөр талаар болно. Тэнд сурч байгаа хүүхдүүдийн эрхийг зөрчиж эхэлнэ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.