Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл ирэх сард эхэлнэ

2016.02.17 Лхагва №018 (2049)

Х.Олонбаяр

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл хэзээ эхлэх талаар Батлан хамгаалах яамны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, хурандаа Г.Мягмаржаваас дараахь зүйлийг тодрууллаа.

-Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл хэзээ эхлэх вэ? 
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөр  гуравдахь  жилдээ үргэлжлэх гэж байна. Энэ удаагийн бүртгэл гуравдугаар сарын 10-наас эхэлнэ. Энэ жил 1000 гаруй оюутан хамрагдах боломжтой гэсэн тоо бий. 
-“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахын тулд ямар шаардлага хангаж, хаана хандах ёстой вэ? 
-Монгол Улсын дотоодын их, дээд, сургуулийн нэгдүгээр  дамжааны 18 нас хүрсэн залуус өөрийн хүсэлтээр энэ хөтөлбөрт хамрагдах бөгөөд өөрийнхөө сургуулийн сургалтын албанд хандаж, бүртгүүлнэ. 
-“Оюутан цэрэг” хөтөлбөрт шинээр орсон өөрчлөлт байгаа болов уу?
-Хөтөлбөр хэрэгжсэн өмнөх хоёр жилийн хугацаанд нийт 1500 гаруй оюутан цэргийн алба хаасан. Харин энэ жилийн хувьд 1000 гаруй оюутан хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Тоо нь яагаад ингэж нэмэгдэж байна гэхээр, энэ жилээс эхлэн хөдөө орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудыг “Оюутан цэрэг” хөтөлбөрт  хамруулж байгаа юм. 
-МСҮТ-д суралцагчдыг дээрх хөтөлбөрт хамруулах талаар өмнө нь ярьж байсан. Энэ жилээс хамруулж эхлэх үү?
-Одоогоор МСҮТ-ийн суралцагчдыг хамруулахгүй. Зөвхөн дотоодын их дээд сургуулийн бакалавр, магистрын ангид суралцагчид хамрагдана.
-Хөдөө орон нутгийн оюутнуудыг хамруулна гэлээ. Тэд хээрийн бэлтгэлээ хаана хийх вэ?
-Хөдөө орон нутгийн оюутнууд тухайн аймгийнхаа цэргийн ангид цэрэгжилтийн бэлтгэлээ хийнэ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.