Хөлбөмбөгийн хавар ирлээ

2016.02.17 Лхагва №018 (2049)

Д.НАНЖИД

Хөлбөмбөг сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээдэг мөч болох “Аваргуудын лиг”-ийн хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA)-ны клубуудын хамгийн нэр хүндтэй энэхүү тэмцээний нэг улиралд хуучин тивийн хамгийн шилдэг 32 баг өрсөлддөг. Намар болсон хэсгийн тоглолтоос шалгарсан 16 багийн хасагдах шатны халз тулаан жил бүрийн хоёрдугаар сарын дундуур эхэлдэг уламжлалтай. 
Энэ улирлын “Аваргуудын лиг”-ийн бага шөвгийн оноолт 11 жилийн өмнөхийг эрхгүй санагдуулж байна. 2004-2005 оны улирлын шөвгийн 16-д найман хүчтэй баг нь хоорондоо таарч байв. Түүхийн хуудас сөхвөл тухайн үед “Барселона” “Челси”-тэй, “Манчестер Юнайтед” “Милан”-тай, “Реал Мадрид” “Ювентүс”-тэй, “Арсенал” “Бавари Мюнхен”-тэй амь өрссөн тулаан хийж, “Интер Милан” “Порту”-тай,  “Монако” “Эйндховен”-тэй, “Ливерпүүл” “Байер Леверкузен”-тэй, “Олимпик Лион” “Вердер Бремен”-тэй таарсандаа баярлаж байлаа. Тэгвэл өдгөө яг иймэрхүү дүр зураг давтагдаад байна. Хөлбөмбөгийн бурхан тэнгэр дөрвөн хатуу, дөрвөн боломжийн оноолт гаргах зарлиг буулгасан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд болсон сугалааны үйл ажиллагааны үеэр ёсоор болсон юм. “ПСЖ” “Челси”-тэй, “Арсенал” “Барселона”-тай, “Ювентүс” “Бавари”-тай, “Рома” “Реал”-тай таарсан нь хөлбөмбөгийн хорхойтнуудын ярианы сэдэв болсон. 
Сугалааны дүнд хамгийн гонсгор үлдсэн баг бол Английн “Арсенал”. Учир нь “Их буучид” өнөө цагийн хамгийн шилдэг багийн аманд оччихлоо. “Барса” Испанидаа төдийгүй Европын тавцанд ноёлж, “Аваргуудын лиг”-ийн дэлдэн чихт цомыг сүүлийн 10 жилд дөрвөнтээ өргөсөн, энэ жил ч тэргүүн байрын төлөөх хамгийн хүчтэй нэр дэвшигч. Галын шугамдаа Лионель Месси, Неймар, Луис Суарес гэсэн гурван шилдэг “дайчин”-г зогсоосноор замдаа таарсан бүхнийг өвдөг сөгдүүлж байна. Өнгөрсөн улиралд бүх тэмцээнд түрүүлсэн амжилтаа энэ жил ч давтах өндөр боломжтой. Харин “Арсенал”-ын хувьд бүх үзүүлэлт эсрэгээрээ байна. Тэд “Барса”-тай таарах болгондоо муу дүн авч байсан. 2006 онд шигшээ тоглолтод, 2010 онд дунд шөвөгт, 2011 онд бага шөвөгт дийлдэж байв. Тэгээд ч “Арсенал”-ын хувьд шөвгийн 16 үргэлж халгаатай байдаг. Арсен Венгерийн шавь нар сүүлийн таван жил дараалан энэ даваандаа өвдөг шороодсоныг дурдахад л хангалттай болов уу. Хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсны балгаар том багтай оноолт таардаг нь тэднийг Европын дэвжээг орхиход хүргэдэг билээ. “Их буучид” дээр дурдсанчлан 2011 онд “Барса”-д, 2012 онд “Милан”-д, 2013, 2014 онд “Бавари”-д тахимаа өгч байв. Харин өнгөрсөн жил шөвгийн 16-д азтай ч гэмээр тохиолдлоор томчуудаас зөрж, Францын “Монако”-той таарсан ч сайхан боломжийг ашиглаж чадаагүй юм. Английн “Челси”, Францын “ПСЖ”-ийн ялагчийг урьдчилан таамаглахад маш хүнд. Аль аль нь их мөнгө зарж, өөрсдийн байр сууриа олсон хүчирхэг баг. Хоёр жилийн өмнө шөвгийн наймд таарч, хоёр тоглолтын нийлбэр тэнцэхэд “Челси” эсрэг багийн талбайд олон гоол оруулсан үзүүлэлтийн дагуу цааш шалгарсан. Харин өнгөрсөн жил бага шөвөгт учрахад бүх зүйл дахин тэнцсэн ч дээрх дүрэм “ПСЖ”-д ашигтай туссан билээ. Тэдний энэ улиралд лигтээ үзүүлж буй тоглолт эрс, тэс. “ПСЖ” “Лиг-1”-т 34 тоглолт дараалан ялагдаагүй нь дээд амжилт болоод байна. Харин “Челси” “Премьер лиг”-т дөнгөж 12 дугаар байрт бичигдэж буй нь хэний ч таамаглаагүй үр дүн юм. Багийнхаа асар муу амжилтад тэсвэр алдсан Роман Абрамович оны өмнөхөн нэрт дасгалжуулагч Жозе Моуриньог халж, өөр нэг алдартан болох Гүүс Хиддинкийг урьснаар байдал харьцангуй дээрдээд байна. “Цэнхэрүүд” нидерланд дасгалжуулагчийн удирдлага дор ялагдал амсаагүй байгаа бөгөөд тоглолтоос тоглолтод сэргэж буй. Хэдий байдал наашилж буй ч улирлын эхний хагаст алдсан олон оноог нөхөж, “Аваргуудын лиг”-ийн эрх олгох эхний дөрвөн байрт багтах нь бараг боломжгүй зүйл юм. Тэдэнд ирэх жил Европын хамгийн том тэмцээнд оролцох ганц боломж байгаа нь энэ жил түрүүлэх. “Челси” 2011-2012 оны улиралд “Премьер лиг”-т зургадугаар байр эзэлсэн ч “Аваргуудын лиг”-ийн цомыг толгой дээрээ өргөсний буянаар Европын томчуудын тулаанд оролцох эрхээ хадгалж байсан саяхны жишээ бий. 
Германы “Бавари”, Италийн “Ювентүс” гэсэн хоёр “Аварга загас” нэг дор даваанд таарсныг онцлохгүй байж болохгүй. Аль аль нь лигтээ сүүлийн жилүүдэд өөрсдийн ноёрхлыг тогтоосон, энэ улиралд ч өндөр амжилттай яваа. “Ювентүс”-т Италидаа түрүүлэх нь хэцүү зүйл биш болчихоод байна. “Сери А”-д дөрвөн жил дараалан аваргалсан “Хөгшин хатагтай нар” энэ улирлыг тааруухан эхлүүлсэн нь олон хүнийг баярлуулсан биз ээ. Гэсэн ч түүнээс хойш 15 дараалан хожсоноор хүснэгтийн тархинд бичигдэх болов. Тэдний өрсөлдөгч “Бавари” “Бундеслиг”-т сүүлийн гурван жил тасархай түрүүлсэн, энэ улиралд ч дэд байрт яваа багаасаа олон онооны давуутай байгаа. Өөрөөр хэлбэл Мюнхений алдарт клубт Германы аварга болох нь тийм ч сонин биш. Харин гол зорилго нь “Аваргуудын лиг”. Өнөө цагийн хамгийн шилдэг дасгалжуулагч Пеп Гвардьолаг 2013 онд дасгалжуулагчаараа томилсон нь үүнтэй холбоотой. Гэсэн ч “Бавари” халзан испани эрийн удирдлага дор дэлдэн чихт цомыг өргөж амжаагүй байна. Ядаж байхад энэ улирлыг дуусгаад гэрээ нь дуусах Гвардьола ирэх зунаас Английн “Манчестер Сити”-г удирдах нь тодорхой болчихоод байна. Клуб, дасгалжуулагчийн аль аль нь хамтран ажиллах сүүлийн улиралдаа хүссэн зүйлдээ маш ихээр тэмүүлж буй нь тодорхой. 
Италийн “Рома” Европын топ баг статусаа сүүлийн жилүүдэд алдсан ч ямар ч багийн хувьд “Хатуу самар” билээ. Тэд Испанийн “Реал”-д хангалттай төвөг учруулж чадах өрсөлдөгч. Түүхийн хуудас сөхвөл энэ хоёр баг найман жилийн өмнө энэ даваанд учрахад мөнхийн хотын баг тэмцээнээс цааш үргэлжлүүлж байв. “Эзэн хааны баг”-т зөвхөн энэ даваанд зургаан жил дараалан өвдөг шороодсон гашуун түүх бий. Тэд 2005 онд “Ювентүс”-т, 2006 онд “Арсенал”-д, 2007 онд “Бавари”-д, 2008 онд “Рома”-д, 2009 онд “Ливерпүүл”-д, 2010 онд “Олимпик Лион”-д дийлдэж байв. Харин “Онцгой нэгэн” хочит Жозе Моуриньо ирснээр энэ хар жагсаалт дуусгавар болсон түүхтэй. Тэд сүүлийн таван улиралд дор хаяж хагас шигшээд шалгараад байна. Энэ улиралд лигтээ “Рома” тааруухан, “Реал” боломжийн тоглолт үзүүлж буй. 
Шөвгийн 16-гийн оноолтын дүнд хамгийн их баярласан баг бол “Манчестер Сити”. Тэд Арабын тэрбумтнуудын хайр ивээлийг сүүлийн жилүүдэд хангалттай хүртэж буй ч “Аваргуудын лиг”-т шальдаггүй. Энэхүү том тэмцээний утааг анх 2011 онд үнэрлэсэн ч хоёр жил дараалан “Үхлийн хэсэг”-ийн хохирогч болно гэж хэн санах вэ. Үүний дараахь хоёр жилд хэсгээсээ нэг юм шалгарсан ч шөвгийн 16-д “Барселона”-д дараалан даруулсан юм. Өөрөөр хэлбэл “Аваргуудын лиг” “Манчестер Сити”-д өршөөлгүй ханддаг байв. Харин Английн топ баг энэ улирлын бага шөвөгт Украины “Динамо Киев”-тэй таарч, хөгжөөн дэмжигчдээ уужруулаад байна. Мануэль Пеллегринигийн хөвгүүд “Премьер лиг”-ийн сүүлийн хоёр тойрогт “Лестер Сити”, “Тоттенхэм Хотспур” гэсэн гол өрсөлдөгчдөө ялагдсанаар түрүүлэх боломжоо эрс багасгасан. Өөрөөр хэлбэл энэ улирлын гол зорилго нь “Аваргуудын лиг” болон үлдэж магадгүй. Пеп Гвардьола ирэх зун ирээд “Манчестер Сити”-г Европын топ баг болгох биз ээ. 
Түүнчлэн Бельгийн “Гент” Германы “Вольфсбург”-тэй, Нидерландын “Эйндховен” Испанийн “Атлетико”-той, Португалын “Бенфика” ОХУ-ын “Зенит”-тэй оноолт таараад байна. Аль аль баг нь энэхүү сугалаанд сэтгэл хангалуун суугаа нь дамжиггүй. Ийнхүү хөлбөмбөг сонирхогчдын хамгийн хүсэн хүлээдэг мөч болох “Аваргуудын лиг”-ийн хасагдах шатны тоглолтууд эхэллээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.