Үлгэрийн мэт газрууд

2016.02.17 Лхагва №018 (2049)

Б.Бадамаа

Аялал, адал явдалд дуртай хүн бүхний заавал очиж үзэх ёстой газруудыг танилцуулж байна. Улсынхаа нэрийн хуудас болсон эдгээр газарт жилдээ хэдэн арван сая жуулчин очдог бөгөөд олон кино 
натур болгон ашигласан байдаг юм.


1.Нойшванштайн шилтгээн, Герман
1868 онд баригдсан энэ шилтгээнд II Людвиг амьдарч байв. Чамин тансгаараа алдартай тус шилтгээнийг 1886 онд түүнийг нас барснаас долоон долоо хоногийн дараа олон нийтэд нээлттэй болгосон байдаг. Ингэснээр Нойшванштайн шилтгээн нь Европын хамгийн олон зочин хүлээж авдаг ордон болжээ. Мөн тус шилтгээнийг "Уолт Дисней" кино компанийн бүтээл “Нойрсож буй гоо үзэсгэлэн” кинонд дүрсэлсэн байдаг.

2. Гэрэлт цохын агуй, Шинэ Зеланд
Шинэ Зеландад байх Вейтомо агуй нь өдгөө Гэрэлт цохын агуй гэдгээрээ илүү алдартай болжээ. Агуйн ханан дахь гэрэлт цохнууд нь яг л шөнийн тэнгэр дэх оддыг санагдуулам гайхалтай.

3. Кольмар, Франц
Францын хамгийн сэтгэл татам хотуудын нэг. Кольмар хот нь “Жонон ба үзэсгэлэнт бүсгүй” кинонд гарах хотыг санагдуулна. Ердөө 70000 орчим хүн амтай тус хотод эртний хийцтэй чамин байшингууд, тоглоомын музей, номын дэлгүүрүүд гэх мэтчилэн үзэх газар олон бий.

4. Бату агуй, Малайз
Бату агуй нь 400 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Агуйн өмнөд хэсэгт 140 футын өндөртэй алтан шармал Муруганы хөшөө байх бөгөөд энэ нь хинди шашинтнуудын хувьд хайр, зөн билэг, ялалтын бурхан юм. 

5. Анхелийн хүрхРээ, Венесуэль
Ауян-Тепуи уулнаас 1000 орчим метрийн дээрээс буудаг уг хүрхрээ нь ер бусын үзэсгэлэнтэй. Анхелийн хүрхрээг “Up” анимейшн кинонд Диваажингийн хүрхрээ хэмээн дүрсэлсэн нь бий. Үзэсгэлэнт Анхелийн хүрхрээ нь Венесуэлийн аялал жуулчлалын томоохон газар бөгөөд зургадугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд очиход хамгийн тохиромжтой ажээ.

6. Памуккале, Турк
Памуккале нь турк хэлээр “Хөвөн хот” гэсэн утгатай. Цагаан өнгийн шохойн чулууны эх нутаг гэхэд болно. Шохойн чулуу нь алсаас харвал хөвөн мэт харагдах бөгөөд жуулчид энд халуун рашаан, чулуун дунд байрлах жижиг усан сангуудад амрах боломжтой.

7. Далайн одод, Мальдив
Мальдивийн үзэсгэлэнт арлуудад орой нь шөнийн тэнгэр газарт буудсан мэт харагдана. Учир нь далайн биетүүд далайн усны түрлэгээр гарч хөх цэнхэр өнгөөр уран зураг мэт гайхалтай бүтээлийг бий болгоно. 

8. Жанцзяцзе уул, Хятад
Ид шидийн гэмээр хачин сонин хэлбэртэй уулс Хятадын Хунаньд бий. “Аватар” киноны Пандора гариг хэмээн дүрсэлсэн энэ газрыг аяллын хорхойтнууд үзэх газруудынхаа жагсаалтад заавал оруулдаг.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.