Э.Энхбаяр: Явган аялал хүнийг тэсвэр хатуужилтай болгодог

2016.02.17 Лхагва №018 (2049)

Б.Бадамгарав

Эх орныхоо хилийн зурвасаар аялах гэж буй "Тэмүүлэл" клубын тамирчин Э.Энхбаяртай ярилцлаа.

-Яагаад явган аяллын спортыг сонирхож хичээллэх болсон бэ?
-Намайг Э.Энхбаяр гэдэг. Явган аяллын спортоор хичээллээд хоёр жил гаруй болж байна. Явган аялал нь хүний биед маш тустай, мөн аялангаа эх орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцах зэрэг олон давуу талтай учраас аялах тун дуртай.
-Эх орноо бүтэн тойрох аялал хийх гэж байгаа гэж сонссон. Хэзээ замдаа гарах гэж байна?
-Баасан гаригт замдаа гарна. Би хурандаа Б.Дамдинсүрэнтэй хамт эх орныхоо хилийн зурвасыг даган нийт 8000 гаруй км явган аялна. Өмнө нь бид хоёр олон аялалд хамтран баг болж алхдаг байсан. Энэ удаад Б.Дамдинсүрэн ах хамт аялъя гэсэн санал тавьсан юм. Би ч дуртай зөвшөөрсөн. Ингэж аялснаар би мастерын болзол хангах болно. Мөн цэргийн албаа хааснаар тооцуулах юм.
-Энэ тухайгаа тодруулахгүй юу?
-Эх орноо тойрох аяллыг Хил хамгаалах ерөнхий газар, Монголын адал явдалт спорт аялал сонирхогчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа. Тиймээс Хил хамгаалах ерөнхий газраас намайг эх орноо явган тойрвол цэргийн алба хааснаар тооцно гэсэн. Тавдугаар сард би цэргийн албанд явах ёстой байсан юм л даа.
-Одоогоор хэдэн км газар алхсан бэ?
-Намрын болон зуны уртын аялалд 300 гаруй км газар алхсан. Мөн явган аяллын тэмцээнд дөрвөн удаа оролцсон. Нийт 400 гаруй км явган алхсан байгаа. Спортын мастерын зэрэг хүртэхэд 1800 гаруй км газар алхсан байх ёстой байдаг. 
-Явган аялал хийдэг хүмүүс сүүлийн үед ихэссэн юм шиг санагдсан. Амралтын өдрүүдэд ууланд алхдаг аялагчид ч бий болсон байна лээ?
-Тийм. Сүүлийн үед явган аяллыг сонирхож хичээллэдэг хүн их болсон. Би “Тэмүүлэл” клубын гишүүн. Манай клубынхэн амралтын өдрүүдэд байнга ууланд алхдаг. Өөр клуб бий. Мөн найзуудаараа, эсвэл хамт олноороо алхдаг болсон байна лээ. Түрүүн хэлсэнчлэн энэ спорт маш олон давуу талтай. Манайхан зун, намрын улиралд уртын аялал гэж хийдэг. Хоол хүнс, майхнаа үүрээд л алхана. Аяллын хугацаанд хүмүүс нийтэч, тэсвэр хатуужилтай, юмны арга эвийг олохдоо илүү сайн болдог юм шиг санагддаг. 
-Цаашид хаагуур аялахаар төлөвлөөд байгаа вэ?
-Одоогоор эх орноо бүтэн тойрох аяллаа амжилттай хиймээр байна. Хүмүүст явган аялахыг ач холбогдлыг таниулан сурталчлахыг мөн хүсч байна. Харин аяллын төлөвлөгөөг тухайн үедээ гаргана даа.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.