“Грэмми” наадмын шилдгүүд тодорлоо

2016.02.17 Лхагва №018 (2049)

Ц.Очгэрэл 

Хөгжмийн ертөнцийн оны хамгийн нэр хүндтэй томоохон шагнал гардуулах 58 дахь удаагийн “Грэмми авард-2016” наадам болж, шилдгүүдээ тодрууллаа.  Уг наадамд нийт 30 хөгжмийн урсгалын 83 төрлийн ангиллаар шагнал гардуулдаг бөгөөд хамгийн гол шагналууд нь шилдэг дуу бичлэг, шилдэг цомог, шилдэг шинэ уран бүтээл, шилдэг дуу гэх дөрвөн төрөл юм. Энэ удаагийн наадмын шилдэг цомгийн эзнээр дуучин Тейлор Свифт “1989” цомгоороо шалгарч, энэ шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн анхны эмэгтэй дуучин болж чадлаа. Тэрээр шагналаа гардан авахдаа “Энд хуран цугларсан бүх залуу эмэгтэйчүүддээ хандаж нэг зүйл хэлмээр байна. Хэрэв та бүхэн амжилтад хүрэхээр зорьсон л бол тохиолдох саад бэрхшээлүүдийг үл тоон зөвхөн хийж буй зүйлдээ л бүх анхаарлаа хандуулаарай. Нэг л өдөр чи өөрийгөө хараад энэ хүртэл чи хэрхэн явснаа, эргэн тойрон чамайг хайрладаг хүмүүс ямар олон байгааг мэдрэх ямар гайхалтайг мэдэх болно. Шагнал надад маш сайхан мэдрэмжийг авчирлаа. Энэ цаг үед байгаа бүх зүйлд талархаж байна” хэмээсэн юм. Харин шилдэг дуу бичлэгээр Бруно Марсын “Uptown Funk” дуу шалгарсан бол шилдэг дуугаар Эд Шерон “Thinking out loud” дуу шалгарсан юм. Оны шилдэг шинэ уран бүтээлчээр Меган Трэйнор тодорчээ. Мөн дуучин Жастин Бибер “Where are you now” дуугаараа шилдэг бүжгийн бичлэгээр шалгарснаар анхны "Грэмми" шагналаа авсан юм. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.