УЛСТӨРЧДӨӨС ТӨРӨӨ АВРАХ СҮҮЛЧИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

2016.02.17 Лхагва №018 (2049)

Д.ДАМДИНЖАВ

Монголд улстөрчид­тэйгөө хэтэрхий олон аргаар тэмцэх юм. Боошигтой, бойтогтой, өлгийтэй, буйдантай жаг­саал хийж үзэв. Морьтой, трактор­той, адаг сүүлдээ зөвхөн эксельтэй жагсаал хүртэл хийв. Тун удахгүй приустэй, эсвэл АСЕМ-ыг эсэргүүцэж дандаа жийптэй жагсах сураг байна. 
Эдгээр жагсаал, тэмцлийн зорилго нь одоо санахад бүгд л аль нэг албан тушаалтан, улс төрийн эрх мэдэлтнийг огцруулах, хариуцлага тоо­цохын төлөө байсан. Уг нь бол ардчилал хөгжсөн бусад оронд улстөрчидтэй хуулиараа хариуцлага тооцдог. Харин манайд тийм хууль нь байхгүй учраас арга ядахдаа л жагсаал цуглаандаа хүрч байна гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, ард олон алдагдсан эрхээ эдлэхийг хүсч байна. Зүй нь бол тэдэнд аливаа улстөрчийг сонгох эрх байдгийн адилаар тухайн улстөрчтэй хариуцлага тооцох, буруу зөрүү, эсвэл хангалтгүй ажиллавал эргүүлэн татах эрх нь хамт байх учиртай. 
Ийм хуулийн боломж байх­гүй учраас олон нийт тэмцэж болох бүх хэлбэрийг туршиж, нөгөө талд улстөрчид нь “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэсэн байдлаар хэнэггүй, хариуцлагагүй зан араншинг алхам тутамдаа гаргаж байна. 
Жишээ олныг дурдаж бол­но. УИХ-ын чуулганы хурал­­даанаас бүтэн нэг цаг хоцорч ирээд “Би угаасаа хоцордым шд” гэж хээв нэг хэлж зогсох, эсвэл эвслээрээ, бүлгээрээ хуралдаандаа ирэхгүй та­салж “Ээлжит бус чуулган зарласнаараа эрх баригч нам өөрөө ирцээ бүрдүүл. Тэгс­ний дараа бид оролцоно” гэж хэгжүүрхэх. Засгийн газ­рын бүрэлдэхүүн томилох, сайдын суудал хуваалцах, хэн нэгнийг сандал ширээтэй нь авч үлдэхийн төлөө болохоор бүгд ирээд шөнө дөл болсон ч хамаагүй чухал царайлан худлаа шүгэл үлээн сууцгаах. Энэ төрд бид ямар хүмүүсийг сонгочихоо вэ гэж гайхахаасаа илүү эдгээр “хүнд гарууд”-тай хэрхэн хариуцлага тооцдог болох вэ гэж олон нийт шаналж байна. 
Ээлжит бус чуулган яг ийм хариуцлагагүй байдлаас болж хойшиллоо. Уг нь эдгээр улстөрчийн хийх ёстой ажил нь чуулгандаа сууж, Монгол Улсад хэрэгтэй хууль тогтоомж хэлэлцэн батлах юм. Гэтэл хийх ёстой ажлаа хэн нэгнийг бойкотлох, эсвэл эрх ашгаа эсрэг этгээдэд тулгах арга хэрэгсэл болгон ялархаж, ихэрхэж суусныхаа төлөө тэдний хэн нь ч хариуцлага хүлээхгүй. Тэгвэл энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын жаг­саалтад Ерөнхийлөгчийн са­на­а­­­чилсан Сонгогдсон бо­лон томилогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуц­лага тооцох тухай хууль багтсан байгаа. 
Өнгөрсөн намрын чуул­ганаар хэлэлцэхээр оруулж ирсэн ч гишүүд уг хуулийн төсөл өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлттэй орж ирсэн гэх үндэслэлээр хэлэлцээгүй. Зарим гишүүн энэ хууль олон нийтэд хэт таалагдах гэсэн “популист” хууль хэмээсэн ч удаатай. Гэтэл энэ хуулиас жийрхээд буй хамгийн гол учир шалтгаан нь тус хуулийн төсөлд сонгогчид УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай онц ноцтой заалт орсонд бий гэлцдэг. Тодруулбал, тухайн тойргийн сонгогчдын 10-аас доошгүй хувь нь санал гаргасан тохиолдолд ги­шүү­нийг эргүүлэн татна гэж тэнд заажээ. Тиймд энэ хуулийн төслийг УИХ босго давуулалгүй хоёронтаа буцаасны цаад шалт­гааныг ард олонд алдагдсан эрхийг нь буцааж олгохыг улстөрчид хүсэхгүй байгаагаар тайлбарлаж болох юм.  
Үнэндээ Монголын улс­төрчид хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаагийн дээр тэдэнд хариуцлага тооцох боломж ч улам хязгаарлагдсаар байна. Ганцхан жишээ хэ­лэхэд, өнөөдөр сайдыг УИХ-аас томилдог атлаа эргээд хариуцлага тооцох боломжгүй болсон. УИХ-ын гишүүн аль нэг сайдыг огцруулах са­нал оруулж болдог байсныг Үндсэн хууль зөрчинө гээд болиулчихсан. Одоо Засгийн газрын бүрэлдэхүүнээс “шүд сугалах” байдлаар хэнийг нь ч огцруулж болохгүй. Өөрөөр хэлбэл, хэнтэй нь ч хариуцлага тооцох хууль зүйн боломж байхгүй. Сайд ажлаа муу хийсэн ч, авлига авч байгаад газар дээрээ баригдсан ч, авгай хүүхний асуудалд орооцолдсон ч, ажлын цагаар хоббигоо хөгжүүлсэн ч, ер нь яасан ч байсан хариуцлага тооцох тухай яриа амжилт олохгүй. 
Тийм учраас Монголд хамгийн их тулгамдаад, шийдэл нэхэж байгаа сэдэв бол төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцдог хуулийн зохицуулалттай болох явдал. Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлагын тогтолцоо төрийн албаны бүх хүрээнд үйлчилдэггүй, албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгждэггүй. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулиар улс төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл нь то­дор­хойгүй үлдсэн учраас сон­гогд­сон болон томилогдсон тө­рийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож, улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх шаардлага байдаг. 
Тодорхой зохицуулалт байх­гүйгээс болж улстөрчдөд хий дэмий улстөржих, хувь хувийн тоглолт хийх орон зайг бий болгоод байх шиг. Маргаан дагуулаад буй Цэцийн даргын асуудал ч чухам үүнд хамаатай. Хуультай байсан бол хуулиа дагаад л шийдчих байлаа. Цэцийн гишүүн бол УИХ-аас томилогддог албан тушаал. Тиймээс УИХ томилсон албан тушаалтандаа эргээд хариуцлага тооцох гэхээр бас л Үндсэн хууль зөрчсөн болчих гээд эцэс төгсгөлгүй хэрүүл, маргаан, зөрчил, тэмцэл бий болгож байна. Улмаар эксельтэй жагсаалаар хүртэл Цэцийн даргыг огцруулах мэргэн санаа хэрэгжиж байх жишээтэй. 
Ийм бантан, тийм зутан яагаад бий болж байна вэ. Бидэнд хариуцлага тооцох тогтсон журам, тогтоосон жи­шиг алга. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн яриад буй санаачилгуудад зөв зүйтэй олон шийдэл бий. Тэрээр “Бид буруу жишгийг л сайн жишгээр солих хэрэгтэй. Бид сууж байгаа модоо тайрч хаяхынхаа өмнө модоо ургуулах хэрэгтэй. Албан тушаалтанд хариуцлага тооцож огцруулахдаа дараагийн орлох хүнийг хамтад нь шийдэж байя. Ийм зарчмыг дэлхий нийтээрээ бүтээлчээр хариуцлага тооцох зарчим гэж үздэг. Муу хүнийг огцруулж хаяад, дараа нь ямар ч хариуцлагатайг нь мэдэхгүй хүнийг томилж орхиод, дахиад өмнөхөө давтаад сууж байдгаа больё” гэж хэлсэн. Үнэхээр ч тухайн албан тушаалтан сайн ажиллаж чадахгүй бай­гаа учраас оронд нь энэ хүнийг томилж байна гэх байд­лаар хариуцлага тооцдог жишиг тогтчихвол улс төрд ядаж л баахан эзэнгүй чулуу нисэлдэхгүй. Монголд хэн нэгнийг албан тушаалаас нь буулгачихвал оронд нь би ч болж магадгүй гэдэг явцуу бодлоос үүдэлтэй улстөржилт их явдаг. Зөвхөн ийм сэдлээр асуудалд хандсанаас шалтгаалж, төрийн үйл ажиллагаа гацаж, зогсож, саатаж байгаа бол тэр эрүүл биш үзэгдэл. Харамсалтай нь, өнөөдөр Монголд ийм үзэгдэл хавтгайрсан. 
Тиймдээ ч Цэцийн даргад хариуцлага тооцох, эс тооцох тухай зөрчлөөс болж, УИХ-ын ээлжит бус чуулган хурал­даж чадахгүй хойшилж байна. Цэцийн гишүүнийг хуга­цаанаас нь өмнө эргүүлэн та­тахыг бусад төрийн өндөр албан тушаалтнуудтай л адил шийддэг хуулийн зохицуу­лалт­тай болчихсон тохиолдолд үүнээс болж төрийн ажил зогсохгүй. Нэг хэсэгт нь улс төр хийх боломж, нөгөө хэсэгт нь эрх мэдэлд шунах орон зай олдохгүй байх байсан. Эсрэгээрээ ажлаа хийж чадах­гүй байгаа улстөрчдийн хэнэг­гүй, хайнга байдал цөөрч, ядаж чуулгандаа ирээд суух хэм­жээний хариуцлагатай болох байсан. Тиймээс одоогийн пар­ла­ментын өөртэйгөө хариуц­лага тооцох сүүлийн боломж нь энэ ээлжит бус чуулганаар дээрх хуулийн төслийг хэлэл­цэж батлах байж мэдэх юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.