З.Энхболдыг огцруулах "ээлжит бус" улс төр

2016.02.17 Лхагва №018 (2049)

Г.ХҮРЛЭЭ

Ээлжит бус чуулган зарласан УИХ-ын дарга З.Энхболдын захирамж хаврын улс төрийг нааш татлаа. Ирцийн бойкот бол хугацааг нь наашлуулсан хаврын улс төрийн дөнгөж эхлэл цэг төдий бололтой. Юу гэхээр нам болгон дор бүрнээ ээлжит бус чуулганы танхимд ээлжит бус улс төрөө дэглэхээр тайзаа хэдийнэ засч эхэлжээ. Илүү тодорхой байгаа эрх баригч АН-ын улс төрөөс УИХ дахь бүлгүүдийн алхмыг таамаглах гээд үзье. 

АН-ын улс төр 
УИХ-д олонхийг бүрдүүлж буй АН-ын хувьд ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах гол зорилготой. Гэвч албан тушаалтан чөлөөлөхийн тулд ээлжит бус чуулган зарлаж болохгүй учраас хачирт нь 23 асуудал багтаасан байхыг үгүйсгэхгүй. Шулуухан ингэж дүгнэсэн нь бүтэн чуулганаар хэлэлцэхэд ч ихдэх асуудал энэ удаагийн ээлжит бус чуулган зарласан захирамжид багтаад буй.
Тиймээс АН-ын улс төрийг “Ж.Амарсанааг огцруулах”, “Бусад” гээд хоёр хуваачихаж болох биз. Уг нь тэд Цэцийн бүрэл­дэхүүнийг өөрчлөх алхмыг аль хэдийнэ хийчихсэн юм. Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Цэцийн гишүүдэд насны хяз­гаар тавьсан. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гаргах замаар Цэцийн бүрэлдэхүүнийг өөрчлөх гэж байсан энэ хувилбарыг илүү хялбар болгоод өгчихсөн хүн нь Ж.Амарсанаа өөрөө. УИХ-ын баталсан хуу­лийг хэрэгжүүлэхгүй гэж Ерөн­хий­лөгчид албан би­чиг илгээсэн нь эцэстээ Ж.Амарсанааг чө­лөөлөх хөдөлгөөний эхлэл болоод байна. Нэгэнт л Улсын дээд шүүхээр дамжаад УИХ-ын чуулганы танхимд энэ асуудал ороод ирсэн болохоор Ж.Амарсанааг чөлөөлөх нь бараг гарцаагүй байх. 

“Шударга ёс” эвслийн улс төр 
Хонь бүрэн, чоно цат­галан гэж үг бий. Энэ бол Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлаар Н.Энхбаярын АН-тай хийсэн тохироо. Хэдий тэр “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн О.Баасанхүү, Л.Цог, Г.Уянга нараар Ерөнхий сайдыг огцруулах бичгийг нь татуулж чадаагүй ч хэлсэндээ хүрсэн. Ч.Сайханбилэг одоо Ерөнхий сайдаараа л байна. Ийм учраас Н.Энхбаяр тэргүүтэй “Шударга ёс” эвслийнхэн зүй ёсны шаардлагаа тавьсан хэрэг. Тохироо бол тохироо учраас ээлжит бус чуулган зарласан энэ боломжийг ашиглаж Н.Энх­баярыг Шадар сайд болгохоор ажиллаж байна. Хэрэв Ерөнхий сайдад АТГ-аас Н.Энхбаярыг албан тушаалд томилж болно гэсэн хариу ирчихвэл тэр санасандаа хүрэх биз. 
Н.Энхбаяр Шадар сайд болох, үгүйгээс хамаарч “Шу­дарга ёс” эвслийн дараагийн алхам тодорно. Одоохондоо тэд ирцээр бойкот хийж байгаа нь  “АН-д дангаараа олонхи биш шүү” гэдгийг нь сануулж байгаа хэлбэр. 

МАН-ын улс төр 
Сөрөг хүчний  бүлгийн хувьд ээлжит бус чуулганыг ирцээр бойкотолж гурав хоног уяж чадлаа. Гэхдээ тэд маргаашнаас чуулганы хуралдаанд оролцохоор бүлэг дээрээ тохирсон байна. Гэхдээ энэ нь  МАН-ын  бүлгийн  улс төр дуусч байгаа гэсэн үг биш. Тэд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг УИХ олонхироо огцруулбал зөрүүлээд УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах санал гаргахаар төлөвлөжээ. Өөрөө огцрох хүсэлтээ өгвөл, эсвэл гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол, мөн Үндсэн хууль зөрчсөн бол гээд хэдхэн тохиолдолд огцордог энэ албан тушаалтныг буруутгах үндэслэл нь мэдээж сүүлчийн хувилбар нь. Өмнө нь ийм үндэслэлээр УИХ-ын дарга Ц.Нямдорж огцорч байсан учраас МАН-ынхан УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр асуудал тавихаар болжээ. 
Нөгөөтэйгүүр, УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн тухай гомдол Цэц дээр оччихсон байгаа энэ үед МАН УИХ дахь бүлгийн хэмжээнд асуудлыг тавьж, УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хууль зөрчсөн гэж зарлахаар төлөвлөжээ. Энэ тохиолдолд хариуцлага тооцох санаачилга ч дагалдах нь ойлгомжтой биз ээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.