Чөлөөтийнхөн хуурамч бичиг баримт үйлдсэнийг шүүх тогтоожээ

2016.01.29 Баасан №012 (2043)

Д.Жавхлан

Катарын нийслэл Доха хотод 2015 оны тавдугаар сард болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордсон манай эрэгтэй шигшээ багийн тамирчид өрсөлдөгчтэйгөө бус саатуулах байрны харгалзагч нартай “барилдаж” байгаад ирсэн нь өнгөрсөн оны Монголын спортын гол дуулиан болсон билээ. Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нар ид барилдах насан дээрээ тэмцээнгүй өнжсөнөөр Монголын баг Азийн аваргад багийн дүнгээр түрүүлэх боломжоо алдсанаар барахгүй Дэлхийн аваргад бүтэн багаараа оролцох боломжгүй шахуу болсон юм. Арга буюу 39-45 настай, гэдэс гүзээгээ унжуулсан, тамирчны замналаа өндөрлүүлээд 10 гаруй жил болсон гурван дасгалжуулагч дэвжээнд гарснаар энэ аюулаас аврагдсан билээ. Дэлхийн бөхийн холбооны дүрмээр тивийн аваргад оролцоогүй жингийнхээ ангилалд Дэлхийн аваргад оролцож болохгүй. Өөрөөр хэлбэл чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр барилдах эрхээ бусдын буруутай үйл ажиллагааны улмаас хасуулсан Д.Гомбодоржийг нөхөж, 74 кг-ын жингийн ангилалд бүртгүүлээгүй бол П.Өнөрбат Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэх нь байтугай оролцох ч эрхгүй байх байсныг олон хүн төдийлөн анзаараагүй бизээ. Азийн АШТ-ий дараа Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчид хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ явдлын гол буруутан нь Монголын чөлөөт бөхийн холбоо болохыг олон нийтэд дэлгэсэн нь шуугиан тарьсан билээ. Тухайн үед сүмогийн их аварга асан Д.Дагвадоржийн удирдсан Монголын чөлөөт бөхийн холбоо өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдэл хийж, бүх бурууг Катарын талд тохож, тэргүүн нь захиалгат нэвтрүүлэгт орсноор олон нийтийг уярааж, энэ бүх явдал замхраад өнгөрсөн юм. 
“Хэзээ нэгэн цагт худал үнэнд гүйцэгдэнэ” гэж үг бий. Монгол Улсын шүүх дээрх явдалд Монголын чөлөөт бөхийн холбоог буруутай болохыг тогтоосон шийдвэрийг саяхан гаргасан байна.  Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны арваннэгдүгээр сарын 6-нд шүүгдэгчээр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнхийг оролцуулан хийсэн нээлттэй хуралдаанаар түүнийг хуурамч бичиг баримт үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Сарантуяагийн гарын үсэг, тамгатай шүүхийн тогтоолд “Шүүгдэгч О.Баянмөнх нь нэр бүхий тамирчны виз мэдүүлэх эх бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, дуурайлган нэрийг өөрчлөн сольсноос тамирчид Арабын нийслэл Дубай хотын гаалийн газар визийн зөрчилтэй шалтгаанаар саатуулагдаж Азийн аваргад оролцож чадаагүй хохирсон байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас О.Баянмөнхийг хуурамч бичиг баримт үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн нь үндэслэлтэй, шүүхээс түүнийг нэр бүхий тамирчдын мэдүүлгийг скайнердаж, тэдний нэрсийг өөрчилж хуурамчаар бичиг баримт үйлдсэн үйлдэлд гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Монгол овогтой Ойдовсамбуугийн Баянмөнхийг хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” хэмээн заасан байна. Гэхдээ “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар буюу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож О.Баянмөнхийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв” гэжээ. 
Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өнгөрсөн оны зургадугаар сард буюу Катарын хэрэг явдлын дараахан эрэгтэй шигшээ багийн дөрвөн дасгалжуулагчийг өөрийг нь гүтгэн доромжилж, нэр хүндийг нь унагасан гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн билээ. Гэхдээ сүмогийн их аварга асан шүүх хурлаа хоёр удаа хойшлуулаад байсан юм. Ер нь Монголын чөлөөт бөхийн холбоонд болж бүтэхгүй зүйл олон асуудал бугшсан тухай яригдсаар ирсэн. Д.Дагвадорж гэж хүн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн суудалд хууль бусаар суусан (Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоогүй томилогдсон), дасгалжуулагч, тамирчидтай ёс бус харьцдаг, улсаас өгч буй татвар төлөгчдийн мөнгийг өөрийнхөө халааснаас гарч буй мэт ойлгуулдаг, бусдын хийсэн гавьяаг өөрт хамаатуулж ярьдаг, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, тамирчидтай хойт эцэг шиг харьцдаг, өөрөө “Тэрбум төгрөгийн төсөвтэй холбоо” гэж ярих дуртай ч Монголын чөлөөт бөхийн холбооныхоо гарын таван хуруунд багтах цөөхөн хэдэн ажилтныхаа цалинг тавьж чаддаггүй, татвар, нийгмийн даатгалын тайлан өгдөггүй, жилийн эцсийн санхүүгийн тайлан тооцоог санааныхаа зоргоор гаргадгийг олон хүн өгүүлдэг. Д.Дагвадорж ерөнхийлөгчтэй холбоотой бүхнийг дурдвал цаг, цаас даанч хайран. Тэрээр саяхан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр “Буянт-Ухаа”-д хоёр хоног саатсан хэрнээ эрэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх барилдаан эхлэхэд ордны хаалгыг тас саван гарч одсон нь чөлөөт бөхийнхөн  төдийгүй үзэгч олныг гайхашруулсан. Мэргэжлийн холбоог нь тэргүүлж байгаа эрхэм аваргын энэ мэт ааш аяг эцэстээ бөхчүүдийн амжилт, Монгол Улсын гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлсөөр байна.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.