У.Доржпалам: Эхийн цагаан сүүг ханатлаа хөхсөн учир ийм өндөр насалж байгаа байх

2016.01.29 Баасан №012 (2043)

Ардын хувьсгалтай нас чацуу У.Доржпалам гуайтай ярилцахаар товлосон цагтаа гэрийг нь зорилоо. Эдүгээ 95 насны сүүдэр зооглож байгаа гэхэд ануухан сайхан буурал биднийг угтан, зочны өрөөндөө урилаа. Тэрээр хэсэг чимээгүй сууснаа “Би 1921 онд төрсөн. Энэ миний иргэний үнэмлэх” гээд иргэний үнэмлэх, ахмад дайчдад олгодог хүнс, барааны дэлгүүрээр дараалалгүй, хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичиг бүхий жижиг хавтас үзүүлэв. “Би өөрийнхөө бичиг баримтыг үзүүлсэн учир та нөхөд ажлын үнэмлэхээ үзүүлвэл сайн байна” гэсээр бидний яриа эхлэв. Ажлын үнэмлэхийг минь нүдний шилээ зүүж байгаад сайтар нягталсны дараа сая л итгэсэн бололтой “За хүүх­дүүд минь эвгүй санагдсан бол уучлаарай. Гадуур янз бүрийн юм их сонсогддог болж. Тэгэхээр нь...” гээд инээмсэглэв. Ингээд бид мэнд усаа мэдэлцэн танилцаж, нүүр хагарлаа. У.Доржпалам гуай тун няхуур, цэгцтэй хүн ажээ. Өрөө нь тун цэмцгэр, эмх замбараатай. Зүүн гар талын ханандаа дээд хэсэгт нь төрийн далбаа, доор нь Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон мөн Байлдааны гавьяаны улаан тугийн одонг байрлуулсан байх бөгөөд “Алтангадас” одон гурвыг эгнүүлэн хаджээ. Тэрээр “Энд зөвхөн төрийн дээд одонгууд байгаа юм” хэмээн тайлбарласан. У.Доржпалам гуай мөн гэрэл зургууд, авсан өргөмжлөл, батламжуудаа жааз­лан ханандаа өлгөсөн байх бөгөөд баруун гар талын хананд байгалийн зургууд байрлуулжээ. Анзаарч харвал зургуудад ихэвчлэн янгир ямааны хайчилбарууд байна. Учрыг асуувал энэ нь түүний өөрийн эвлүүлэг бөгөөд хүүхдүүд нь зааж өгчээ. Янгир ямаа ховордож байгаа амьтан учраас эвлүүлгэндээ хийсэн гэнэ. 
Тэрээр ярилцлага өгөхөд бэлдэн өөрийн намтар болон онцлох он, сар, нэр ус зэрэг зүйлүүдээ нямбай гэгч бичжээ. 

-Доржпалам гуай та аль нутгийн хүн билээ?
-Намайг Ундрахын Доржпалам гэдэг. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутагт 1921 онд төрсөн. Ижийгээс дөрвүүлээ. Би айлын ууган хүүхэд. Аав, ээж маань намайг мөн ч их энхрийлсэн дээ. Зургаан нас хүртлээ хөхнөөс гараагүй хүн шүү дээ. Эхийн сүү гэдэг юутай ч зүйрлэшгүй тийм ариун нандин зүйл. Тэгэхээр эхийн цагаан сүүг ханатлаа хөхсөн учир ийм өндөр насыг насалж байж магадгүй. Аав маань их эрдэм номтой хүн байсан. Босоо монгол бичиг, төвд, тангад хэл бас мэддэг байлаа. “Үлгэрийн далай”, “Алтангэрэл” судрыг уншдаг байсан. Мөн Хатанбаатарын цэрэгт багтаж, дайтаж явсан хүн. 
-Та залуудаа ямар ажил алба хашиж байсан бэ?
-Хилийн болон дотоодын цэргийн албанд 17 жил зүтгэсэн офицер хүн. Залуу насаа цэргийн албанд өнгө­рүүлсэн. Харин энх цаг тогтсоны дараа 1959 оны дөрөвдүгээр сарын 1-нд нэгдэлжих хөдөлгөөнийг өрнүүлэхээр Ю.Цэдэнбал даргын гарын үсэгтэй томоо гэгч улаан үнэм­лэх буюу илгээлт аваад Төв аймагт очсон. Тэнд би 1970-аад он хүртэл Эрдэнэсант, Дэлгэрсант, Бүрэнд сум, нэгдлийн даргаар ажилласан. Сумын дарга, нэгдлийн даргаар ч ажиллаж байсан гэсэн үг. Нийт арваад жил хөдөө ажилласан. Үүний найман жилд нь Бүрэн сумын даргаар ажилласан. Ж.Самбуу дарга Төв аймгийн Бүрэн сумын хүн шүү дээ. Түүний 70 насны ой тохиосон юм. Тэр үед би Бүрэн сумын даргаар ажиллаж байсан. Даргад сумаа төлөөлж эмээл, хазаартай морь бэлэглэж байлаа. Ер нь Бүрэн суманд байхад олон сайхан үйл явдал тохиосон. Улсын төлөвлөгөөг давуулан биелүүлж, гурван удаа улсдаа тэргүүлсэн. Тухайлбал, ЗХУ-д Октябрийн хувьсгал ялсны 50 жи­лийн ойд зориулсан социалист уралдаан 1967 онд зохиогдоход манай сум улсдаа тэргүүн байрт шалгарч БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөлийн үүрд хадгалуулах дурсгалын туг, 20000 төгрөгөөр шагнуулж байлаа. 
-Тухайн үеийн 20000 төгрөг гэдэг чинь маш их мөнгө шүү дээ. Үүрд хадгалуулах дурсгалын туг, мөнгөн шагнал аваад их баярласан байх даа?
-Тэгэлгүй яахав, маш их мөнгө. Үүний зэрэгцээ үүрд хадгалуулах туг авна гэдэг чинь их хүндтэй шагнал байх­гүй юу. Дараа нь 1969 онд В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ой, 1970 онд нэгдэлжих хөдөлгөөний арван жилийн ойд зориулсан урал­даа­нуудад манай сум мөн улсдаа тэргүүн байрт шалгарсан. Энэ бол манай сумын иргэд нэгэн цул баг хамт олон болж, нэг зорилгын дор ажиллаж байсны үр дүн. Үүний дараа би хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжлээр сургуульд сурлаа. Сургуулиа төгсөөд Төв аймагтаа эргэн ирж ажилласан. Миний амьдрал Төв аймагтай салшгүй холбоотой. 1972-1978 онд Төв аймгийн захиргааны санхүү хариуцсан хэлтэс, тасгийн даргаар ажиллаж байлаа. 1988 онд Монголын ахмадын холбоог зохион байгуулахад Төв аймгаас сонгогдож ажилласан. Ингээд аймгийн ахмадын хорооны зохион байгуулагч бөгөөд Зуунмод хотын ахмадын хорооны даргаар 2002 он хүртэл ажилласан. Нийтдээ 60 жил улсад хөдөлмөрлөсөн байна. Энэ хугацаандаа аймгийн “Манлай ахмад”-аар шалгарсан. Мөн “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн. Үнэмлэх нь тэнд байна. (Ханандаа байрлуулсан өргөмжлөлүүд рүүгээ заав). 
-Олон жил улсдаа хөдөлмөр бүтээлээ зориулсан хүн. Гавьяаныхаа амралтад суухад эхэн үедээ дасч өгөхгүй байсан байх даа?
-Би 2004 онд хотод нүүж ирсэн. Энэ үеэс эхлээд иргэдийнхээ сайн сайхны төлөө зарим санал санаа­чил­гыг гаргасан. Гэртээ зүгээр сууж чадахгүй юм байна шүү дээ. Өмнө нь дандаа цалинтай ажил хийж байсан бол одоо цалингүй ажиллана (инээв). Одоог хүртэл хөөцөлдөж байгаа ажлууд бий. Манай Сүхбаатар дүүргийн удирдлагууд миний саналыг их таатай хүлээж авдаг. Саналыг минь ажил болгоод байхаар урамшаад, да­хиад сайхан ажлууд санаачлахыг бод­дог. Миний гаргасан саналууд ажил хэрэг болсон олон жишээ бий. Тухайлбал, Сэлбэ голын баруун эрэгт Дамбадаржаагийн гүүрнээс хойш 117 дугаар сургууль хүртэл 2.5 км газар бетон ху­чилттай үерийн хамгаалалттай далан, дунд нь 40 метрийн урттай явган хүний гүүр санаачлан бариулсан. Ингэснээр Чингэлтэй дүүргийн XIX хороо, Сүхбаатар дүүргээс голын  баруун эргээр оршин суудаг айлуудыг үерийн  болзошгүй  аюулаас хамгаалсан. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад бага ч гэсэн тус болох зорилгоор даатгалаар 30-50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгодог байсан 107 эмийн нэр төрлийг 362 болгон нэмэгдүүлж, 50-80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгодог бол­гуулсан. Мөн өөрийн оршин сууж буй VII хороогоо шинэ байртай болгохын тулд нэлээд хөөцөлдсөн. Өнгөрсөн жил зураг төсөл нь гараад, газраа авчихсан байгаа. Хавраас барил­гын ажил нь эхлэх юм гэсэн. Тэгэхээр хороо маань удахгүй шинэ байртай болно. Хоёрдугаар давхарт нь хүүхдийн номын сан байгуулна. Энэ мэтээр би дүүргийн удирдлагууддаа саналаа хэлээд явдаг. Нийслэлийн удирдлагуудад ч санал оруулдаг. Жи­шээлбэл, манай дүүргийн XI хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарын гэр бүл дөрвөн удаагийн төрөлтөөр бүгдэд нь ихэрлэж найман хүүхэдтэй болсон тухай зурагтаар сонссон. Тэр гэр бүл тухайн үед гэр хороололд амьдарч байсан л даа. Найман хүүхэд аав ээжтэйгээ хамт жижиг өрөөнд амьдарна гэдэг чинь хүнд шүү дээ. Тийм учраас энэ гэр бүлийг байртай болгох санаачилгыг анх гаргаж өргөдөл бичээд Э.Бат-Үүл дарга дээр орсон. Ингээд энэ айл гурван өрөө байранд орсон шүү дээ. Үүнийг хэвлэл мэдээллийн газарт ажиллаж байгаа та нөхөд сайн мэдэж байгаа байх. Энэ мэтээр олон ажил санаачилсан. Гол нь хөгшин миний санаачилгыг дэмжиж, ажил болгон хэрэгжүүлж байгаа нь манай дүүргийн удирдлага хамт олон, нийслэлийн захиргааны гавьяа шүү дээ. Би аливаа албан бичиг, өргөдлөө долдугаар ангийн зээгээрээ компьютер дээр бичүүлээд албан газруудад авч очдог. Зээ маань миний нарийн бичиг шахуу даа (инээв). Өргөдлүүд маань цугласаар хэдэн хуруу зузаан болсон. Одоо ч надад хөөцөлдөж байгаа ажлууд бий. Тэрийг яриад яахав. 
-Та гурван удаа “Алтангадас” одон­гоор шагнагджээ. Шаг­налуу­дын­­хаа түүхээс ярьж өгөхгүй юу?
-Эхнийх нь цэргийн байгууллагад олон жил ажилласан хөдөлмөрийн минь үнэлэмж болсон юм. Дараа нь сумын захиргаанд, мөн аймгийн захир­гаанд олон ажил амжилттай ажил­ласан гэж тус тус шагнагдсан. Мөн Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон гээд төрийн дээд одон медаль олон хүртлээ. 
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Таван хүүхэдтэй. Нэгийг нь алдсан. Дөрвөн хүүхэд маань хууль эрх зүй, соёлын салбарт ажиллаж байгаад бүгд тэтгэвэртээ гарсан. Ач, зээ зөндөө бий. Тоогоо алдсан. Тэр маань хүүхэдтэй боллоо, шинэ хүнтэй бол­лоо гэж дуулддаг. Тэднийхээ за­римыг таньдаггүй шахуу даа. Нэр усыг нь ч сайн мэддэггүй юм. Одоо намайг охин, хүргэн хоёр маань өргөж яваа. Эднийхээ ачаар хөгшин би өдий зэрэгтэй явна. Хүүхдүүддээ их баярладаг. 
-Удахгүй Сар шинийн баяр болох гэж байна. Та баярын бэлтгэлээ хэр базаав?
-Цагаан сарын бэлтгэлийг хүүх­дүүд базаадаг. Би Цагаан сараар хүнтэй золгох үүрэг л гүйцэтгэдэг юм. Цагаан сарын өдрүүдэд мундахгүй их хүн цуглана. Өдөртөө 100 гаруй хүн гэж л ярина шүү дээ. 
-Багадаа та хэр их айл хэсч, бэлэг цуглуулдаг байв?
-Шинийн нэгний өглөө хамгийн өндөр настай айлдаа очиж золгодог байсан. Хөдөөний айлууд хоорондоо их зайтай шүү дээ. Тэгэхээр ойр хавийнхаа айлуудаар л ордог байсан. Атгын чинээ том мөсөн чихэр өгвөл магнай тэнийтэл баярлана. Амттай гэж жигтэйхэн. 
-Та цэцгэнд дуртай юм аа даа?
-Би цэцэг навчинд дуртай. Цэцгүүдээ өөрөө усалж арчилдаг юм. Ногоон ургамал гэртээ байлгах нь эрүүл мэндэд сайн.
-Хэр шүтлэгтэй хүн бэ?
-Зуу дөхөж яваа юм чинь улаан хувьсгалч зан гаргаад яахав. Толгойдоо бурхан, маанийн үсэг залсан. Харин маани мэгзэм бол мэдэхгүй.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.