Хатанбулагт “Тэмээний баяр” болно

2016.01.29 Баасан №012 (2043)

Монгол Улсын хөдөлмөрийн баатар тэмээчин Сэргэлэнгийн Чимэддорж агсны нэрэмжит “Тэмээний баяр” бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 10 буюу хоёрдугаар сарын 17-нд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд гурав жилдээ зохион байгуулагдах гэж байна. “Тэмээний баяр”-ын хүрээнд тэмээний уралдаан болохоос гадна сайхан буур, ингэ, ат, тэмээтэй сайхан хосыг шалгаруулна. Мөн  энэ жилийн “Тэмээний баяр”-ын үеэр Хатанбулаг сумын төвд цогцлон бүтээсэн хөдөлмөрийн баатар тэмээчин С.Чимэддоржийн хөшөөг нээх ажээ.  
С.Чимэддорж агсны тэмээ өсгөх арга туршлага, дадал зэргийг залуу тэмээчдэд түгээх, хөдөлмөр гавьяаг нь залуу хойч үеийнхэнд таниулан үлдээх зорилгоор хөдөлмөрийн баатрын үр хүүхдүүд нь “Тэмээний баяр”-ыг зохион байгуулдаг юм байна. Хөдөлмөрийн баатар, тэмээчин С.Чимэддорж орон нутагтаа төдийгүй, улс орондоо тэмээн сүргийг өсгөн үржүүлэх ажилд идэвх зүтгэл гаргасан улсын сайн тэмээчдийн нэг нь билээ. Тэрээр 1975 онд Өмнөговь аймагт болсон улсын тэргүүний тэмээчдийн анхдугаар зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцож БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж байсан байна. 1983 онд Дорноговь аймгийн тэргүүний төлчин, 1985 онд 720 тэмээ тоолуулж, 140 ингэнээс 140 ботго байжуулсан амжилтаар БНМАУ-ын аварга цолоор шагнуулж, улмаар 1989 онд 974 тэмээ тоолуулж БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.