Ц.Оюунгэрэл: Би "Женко"-гийн кнопчин байхыг хүсээгүй учраас фракцаасаа гарсан

2016.01.29 Баасан №012 (2043)

С.ШИЙЛЭГТӨМӨР

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Саяхан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хурлаа хийж та ажлаа хүлээлгэж өглөө. Таны сонгуульт хугацаа дуусчихсан байсан юм уу, эсвэл хугацаанаасаа өмнө өгч байгаа юм уу? 
-Би 2010 оны есдүгээр сарын 4-нд АЭХ-ны гуравдугаар дээд чуулганаар сонгогдож байлаа. Манай холбооны тэргүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Би таван жил дөрвөн сарын хугацаанд холбооныхоо тэргүүнээр ажилласан. Өнгөрсөн онд бүрэн эрхийнхээ хугацааг дуусах үед чуулган хуралдуулах гэсэн боловч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Өөрөөр хэлбэл, дахин нэр дэвшихгүй гэдгээ жил гаруйн  өмнө илэрхийлчихсэн байсан гэсэн үг. Илүү олон эмэгтэй удирдагч бэлтгэх шаардлагатай учраас дахин нэр дэвшихгүй байхаар шийдсэн л дээ. 
-АЭХ-ны тэргүүний төлөөх өрсөлдөөн нэлээд ширүүн болох шиг боллоо. Энэ нь УИХ-ын сонгууль дөхсөнтэй холбоотой юу?
-Үгүй л дээ. 2010 онд сонгуулиас нэлээд зайтай болох үед ч ийм өрсөлдөөнтэй л болж байсан. Би нэлээд ширүүн өрсөлдөөн дундаас Г.Байгалмаа нэр дэвшигчээс 23-хан хүний саналын илүүгээр сонгогдож байлаа. Энэ удаагийн өрсөлдөөн бүр илүү ширүүн болж ганцхан саналын илүүгээр С.Одонтуяа гишүүн сонгогдсон. 
Сонгууль дөхсөн үед болсон өрсөлдөөн учраас олон нийтийн тайлбар нь их баяждаг юм  байна. Холбооны дотор болж байгаа үйл явдлыг гаднаас нь хараад сонгуультай, албан тушаалтай их холбож тайлбарлах шиг боллоо.
-Та 2010 онд Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа энэ холбооны тэргүүнээр сонгогдож байсан гэсэн үг үү?
-Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдчихөөд орон тооны бус зөвлөх хараахан болоогүй байхдаа АЭХ-ны тэргүүнээр сонгогдсон. Тухайн үед надад ном зохиол бичихээс өөр ажил байгаагүй, нэлээд завтай байсан.
-Сая та ажлаа өгөх үедээ УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгдсэн гэдэг үнэн үү. Үнэн бол энэ таны эцсийн шийдвэр үү?
-Нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх эцсийн шийдвэрийг нам гаргадаг. Түүнээс өмнө дэвших, дэвшихгүйгээ илэрхийлж байна гэдэг бол хувь улстөрчийн урьдчилсан байр суурь. Би бусад эмэгтэйчүүддээ боломж олгоход бэлэн гэдгээ л илэрхийлсэн юм.
-Хэрэв намаас чинь нэр дэвш гэвэл хаана дэвших хүсэлтэй байгаа вэ. 2012 онд сонгогдсон тойрогтоо нэр дэвших үү, эсвэл Хөвсгөлд үү?
-Одоо энэ талаар ярихад арай эрт байна. Надад яг одоо ямар ч төлөвлөгөө алга.
-Таны нэр дэвшихгүй байж ч болно гэсэн байр суурь нөгөө талаараа ном бичих ажилтай чинь холбоотой юу?
-Холбоотой. 
-Та “Ногоон нүдэн лам” номынхоо төгсгөлд үргэжлүүлэн бичих болно гэсэн байдаг. Бичээд эхэлчихсэн үү?
-Хоёрдугаар дэвтрээ бичихээр материалаа цуглуулж байгаа. Судалгаа нэлээд хийсэн. Бичиж эхлэхэд бэлэн болчихсон. Тиймээс одоо надад цаг зав л хэрэгтэй байна.
-Нийгэмд тустай, илүү үр дүнтэй ажил хийе гэвэл ном бичихээсээ илүү УИХ-ын гишүүнээрээ ажилласан нь дээр юм биш үү?
-Энэ хоёр ажил хоёулаа л чухал. Болдог бол хоёуланг нь л хийчихмээр байгаа юм. Гэвч УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хажуугаар нь уран зохиолын томоохон хэмжээний бүтээл хийхэд цаг хүрэлцэхгүй. Жижиг хэмжээний танин мэдэхүйн чиглэлийн ном бол бичиж байгаа л даа. 2012 онд “Миний лобби”, 2015 онд “Монголоо таниулъя” гэдэг ном гаргасан. Одоо Монголынхоо үндэсний уламжлалт соёлыг залуучууддаа танилцуулах зорилгоор нэг ном бичиж байгаа. УИХ-ын сонгуулиас өмнө хэвлүүлчих байх. Харин томоохон хэмжээний уран бүтээл хийж үнэхээр амжихгүй байна.
-Таны сая нэрлэсэн номууд бол соён гэгээрүүлэх чиглэлийнх юм байна. Ашиг олох гэж ном бичнэ гэвэл хугацаа их шаардана гэж ойлгож болох уу?
-Тийм. “Ногоон нүдэн лам”-ынхаа хоёрдугаар дэвтрийг гаргавал шууд бэстсэллэр болно гэж төсөөлдөг. Манай хүүхдүүд ч гэсэн “Ээж та заримдаа мөнгөгүй л гээд байх юм. Хоёрдугаар дэвтрээ биччихээч дээ. Зах зээл чинь бэлэн байна” гэдэг юм. Хүүхдүүдийн маань хэлж байгаа шиг хоёрдугаар дэвтрээ бичээд зах зээл дээр гаргахад хоолны мөнгөөр дутахгүй амьдрахаар байгаа.
-Цуглуулсан материал чинь үнэхээр сонирхолтой учраас сайн борлогдоно гэж тооцож байгаа юм уу, эсвэл “Ногоон нүдэн лам”-ын хоёрдугаар дэвтэр гэхээр шууд худалдан авна гэж тооцож байгаа юм уу?
-Аль аль нь. Цуглуулсан материал маань ч сонирхолтой.
-Нууц биш бол та нэгдүгээр дэвтрээсээ хэр их ашиг олсон бэ?
-Би 2008 оноос хойш байнга дүүргийнхээ шилдэг татвар төлөгч болсон. Сар болгон хангалттай хэмжээний НӨАТ төлж байгаа. Тэгэхээр ямар хэмжээний ашиг олсон нь тодорхой байх.  
-Хэрэв улс төрийн ажлаа сонгохоор боллоо гэхэд намаасаа дэмжлэг аваад нэр дэвших боломж хангалттай бий юү. Таныг УИХ-д сонгогдох үед Ерөнхийлөгчийн хүн гэж хардаг байсан. Харин одоо та хаана, аль фракцид харьяалагдаж байна вэ?
-Манай намын гишүүд өөрийн эрхгүй янз бүрийн үзэл баримтлалаараа бүлгүүдэд хуваагддаг. Энэ бол намыг хагалах гэсэн оролдлого гэхээсээ илүү байр сууриа нэгтгэх гэсэн зүй ёсны үзэгдэл. Би 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ МоАХ-ны бүрэлдэхүүнд багтаж нэр дэвшсэн. Харин явцын дунд фракцаасаа гарах хүсэлтээ албан ёсоор гаргасан. Аль нэг фракцид харьяалагдахгүйгээр ажиллах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Тухайн үед ер нь намынхаа үзэл баримтлалаараа л нэгддэг фракцгүй намтай байя гэсэн санаачилга гарч байсан. Би тэр санаачилгыг гаргаж байсан хүмүүсийн нэг. Намын дарга ч гэсэн ийм зүйл ярьж байлаа.
-Гэтэл одоо болтол фракцтай хэвээрээ л байна.
-Фракц гэдэг чинь их сонин ш дээ. Дотроо үзэл бодлоороо нэгддэггүй. Тоогоороо нэгддэг. Тодорхой тооны хүнийг нэг хүн командлаад кноп даруулахыг фракц гэж нэрлээд байгаа юм. Би тийм команданд орж кноп дардаг хүн биш. Ямар ч фракцгүй, командалдаг даргагүй хүн. Надад үүн дээр кноп дар гэж хэн ч тушаахгүй байгаа. Харин үзэл бодлоо нэгтгээд байр сууриа зөвлөлддөг найзууд бол бий. Түүнийгээ бид МоАН санаачилга гэж нэрлээд байгаа юм. АН-ынхаа анхны үнэт зүйлсүүдийг санацгаая, одоо бидний баримталж буй үзэл баримтлал анхныхтайгаа тохирч байна уу, үгүй юү гэдгийг тунгааж саналаа солилцох талаасаа бол би найз нөхөдтэй хүн. Дэмжүүлэх найз нөхөдтэй хүн гэсэн үг. Би өөрөө ч зөв зүйл хийж байгаа хүмүүсийг дэмжиж ажилладаг. Зарим хүн намайг ажигласан байх. Бүлгийнхээ гаргасан шийдвэрээс эсрэг кноп дарах тохиолдол байдаг. Энэ бол кноп дарах эрхээ хэн нэгэн хүнээр хязгаарлуулаагүйн илэрхийлэл.
-УИХ-д орж ирсэн даруйдаа фракцынхаа даргаар командлуулж кнопоо дардаг байсан гэсэн үг үү?
-Тийм. Анх "Женко" Х.Баттулга гэдэг дарга фракцынхаа гишүүдийг өрөөндөө цуглуулаад “Үүнийг дэмжиж кнопдоно, түүнийг унагана” гээд л зааж өгдөг байсан. Ялангуяа, Засгийн газрыг бүрдүүлэх, албан тушаал хуваарилах дээр фракцууд их идэвхждэг юм билээ. Бусад үед бол байгаа, үгүй нь мэдэгддэггүй. Албан тушаал ярих болохоор нь фракцаа амилуулаад кнопдуулах гээд байдаг. Тиймээс “Би командаар явмааргүй байна” гэж хэлээд МоАХ фракцаас гарсан.
-Тань шиг фракцаа орхиод МоАН гэдэг санаачилгад нэгдэж байгаа хүн хэр олон байгаа вэ. УИХ-д хэдүүлээ байна вэ?
-Сэтгүүлчид та нар манай МоАН-ын гишүүд гээд л бичдэг шүү дээ. Тэр хүмүүс чинь л МоАН-ынхан байхгүй юу. Ер нь УИХ гэлтгүй нам дотор энэ санаачилгыг дэмжиж байгаа хүн олон бий. ҮЗХ-ны гишүүд энэ талаар нэлээд идэвхтэй байр суурьтай байгаа. Энэ хүмүүс маань хааяа цуглаад хэлэлцэхээр төлөвлөж байгаа хуулийн төслүүд тухайлбал, Улс төрийн намын тухай, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөлд манай намын анхны үзэл санаанд нийцэж байгаа болон зөрчилдөж байгаа агуулга юу байна гээд зөвлөлдөж ярилцдаг. Саяхан л гэхэд би Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх үед намын бүлгээсээ эсрэг санал өгсөн. Яагаад эсрэг санал өгөх болсон, тэр төсөл ямар үнэт зүйлтэй минь зөрчилдөж байсан талаар санаачилгынхаа гишүүдэд тайлбарласан. Намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудыг яагаад үлдээх ёстой вэ. Энэ нь ардчиллын үнэт зүйлд хэрхэн нийцэх вэ гэдгийг танилцуулсан.
-Таныг АН-ын дүрмийг өөрчлөхөөр төсөл боловсруулж байсан гэж сонссон юм байна. Тэр төсөл чинь юу болсон бэ?
-Нэг хэсэг намынхаа дүрмийг өөрчлөхөөр ажиллаж байсан. Гэвч тэр төслөө батлуулж чадаагүй. Одоо манай намын хуучин дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тухайн үед намын гишүүнчлэлтэй гишүүдэд олгодог эрхийг өргөжүүлэх, дотоод сонгуулиудыг бүртгэлтэй болгох санаачилга гаргаад ажиллаж байсан юм. Намыг хатуу гишүүнчлэлтэй байлгах уу, эсвэл уян хатан гишүүнчлэлтэй байлгах уу гэдгийг нэлээд судлаад уян хатан гишүүнчлэлтэй байж болохуйцаар дүрэмд өөрчлөлт оруулахаар ажиллаж байлаа. Эргээд харахад хатуу гишүүнчлэлтэй одоогийн энэ хувилбар илүү санагдсан учраас намын дүрэм хөндөгдөөгүй үлдсэн.
-Сая хуралдахаар товлоод байсан ҮЗХ-ны хурлаар намынхаа дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг ярина гэж байсан. Ямар өөрчлөлт оруулах гэж байсан юм бэ?
-Тэр төслийг нь олж хараагүй. Хурал эхлэхээр тараахаар төлөвлөж байсан байх. ҮЗХ-ны хурлаар ямар асуудал хэлэлцэх гэж байсан талаар ямар ч мэдээлэлгүй байна.
-ҮЗХ-ын гишүүд товлосон цагтаа цуглаагүй. Тухайлбал, та ямар шалтгаанаар ҮЗХ-ныхоо хуралд ирээгүй юм бэ?
-Тухайн үед Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо цаг сунгаж орой болтол зэрэгцээд хуралдсан учраас би ҮЗХ-ны хурлын товлосон цагт очиж амжаагүй. Удахгүй ҮЗХ хуралдах байх. Тэр үед нь хуралдаа оролцоно.
-Та өнгөрсөн долоо хоногийн сүүлч, энэ долоо хоногийн эхээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруунд ажиллаад ирлээ. Олны анхаарлын төвд байгаа энэ газарт хэзээнээс анхаарлаа хандуулах болов?
-Өмнө нь Тост, Тосон бумбын тухай асуудалд тууштай анхаарал хандуулах цаг зав байсангүй. Тэнд ажиллаж байсан биологич залууд тохиолдсон явдлаас хойш энэ газарт нэлээд анхаарлаа хандуулж эхэлсэн. Сая УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг бид хоёр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгыны хорооны ажлын албаныхантай газар дээр нь очиж үзчихээд ирлээ. Тэр бол үнэхээр гайхамшигтай сайхан, хүний сэтгэлийг булаасан нутаг юм байна. Зэрлэг ан амьтад нь сүлжилдэн давхисан, шувуу нь элин хальж дүүлсэн, баянбүрд нь устай, заг, тоорой, гүйлсийн ойтой ийм гоё газар говьд байдаг юм уу гэмээр сайхан нутаг байна. Үзээд дуу алдаж байгаад ирлээ. Хамгийн харамсалтай нь энэ бүх газар бүгдээрээ ашиглалтын лицензтэй юм байна. Энэ ямар гоё газар вэ, энд жуулчин авч ирвэл сайхан юм байна гэж ярьж байгаад нутгийн иргэдээс “Энэ газар лицензтэй юү” гээд асуухаар “Лицензтэй” гэх юм. Тэнд ер нь лицензгүй газар үлдээгүй юм байна. Багийн төв, Монгол Улсын хилийн манааны шовгор нь лицензтэй газар байдаг юм байна. Нутгийн иргэд биднээс ганц л зүйл хүсч байна. “Манай Гурвантэс сум газар нутгийнхаа талыг уул уурхайнханд ухуулчихсан. Үлдсэн хэсгийг нь битгий ухуулаач. Ухуулахгүй байхын төлөө ямар нэгэн зүйл хийж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Цөхрөнгөө барсан хүмүүсээс ийм л их сэтгэлийн гуйлгатай ирлээ.
-Энэ хүсэлтийг нь биелүүлэхийн төлөө ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Яг одоогоор бидэнд туслах хамгийн том боломж бол дэлхий нийтийн чиг хандлага л байна. Дэлхий нийт нүүрснээс татгалзах, байгаль орчноо хамгаалсан тогтвортой хөгжлийг дэмжих чиг хандлагатай байна. Салхи ингэж эргэсэн үед нэгэнт ашиглаад эхэлчихсэн уурхайнуудаа үр дүнг нь үзтэл ашиглаад, ашиглаж эхлээгүй байгаа орд газруудаа ашиглахгүй байх тухай яриа хэлэлцээ хиймээр байна.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.