ГАНЦ ХҮҮГИЙН НҮҮДЭЛ БУЮУ “ШУДАРГА ЁС” ЭВСЛИЙН ХУВЬ ЗАЯА

2016.01.29 Баасан №012 (2043)

Д.ДАМДИНЖАВ

УИХ дахь “Шударга ёс” эвсэл задрах тухай яриа удахгүй биеллээ олох бололтой. Энэ нь ганцхан хүүгийн нүүдлээс хамаарах болжээ. Өөрөөр хэлбэл, хүүгийн хийсэн нэг л нүүдэл “Шударга ёс” бүлгийг тарааж, УИХ дахь гуравдагч хүчний орон зайг бүтэцгүй болгож дөнгөнө. Тэр хүү нь О.Баасанхүү. Түүний ноён Н.Энхбаяр. Тэрээр ноёныхоо эрх ашгийн төлөө хийж болох байсан зарим нүүдлээ хийгээгүй. Бүр тодорхой хэлбэл, түүнд эвслийг задлах боломж өмнө нь хэдэнтээ гарч ирсэн. Өөрөө ч шаардлагатай бол “Шударга ёс” эвслийн бүлгийг гар мухарлаж чадна гэдгээ мэдэгдэж байсан. О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан ч зорилгодоо хүрч чадаагүй. Учир нь түүний харьяалагддаг “Шударга ёс” эвслийн бүлгийн байр суурь түүнийхтэй зөрж байлаа. Бүр тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр Х.Тэмүүжинг тухайн үед шууд хамгаалсан. Ноён нь өөрийн хүүгийн нүүдлийг үл тоож, бусдын бэрстэй үгсэн тохирсон гэсэн үг. 
Хүү нар хэзээд гомдомхой байдаг жамтай. Ноёндоо гологдоно, эсвэл чамлагдана гэдэг бол хүү нарын тэвчих зүйл биш. Магтаал сонсохын оронд шүүмжлүүлэх, хийсэн бүхнийг нь үл тооход тэд дургүй. Тиймдээ ч Х.Тэмүүжингийн асуудал дээр өөрийнх нь эсрэг зогссон ноёндоо О.Баасанхүү гишүүн дотроо гомдол зуугаад хоцорсон. Энэ гомдол бэтэг болж явсаар, одоо хагарах гэж байна. Түүний гомдол эвслийн УИХ дахь бүлгийн хувь заяаны үнэ хүрч мэдэх нь. 
Учир нь УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ-ын дэд дарга Л.Цог нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарна гэдгээ хэдийнэ шийдчихсэн юм байна. Эх сурвалжийн хэлж буйгаар, тэд энэхүү шийдвэрээ гаргаад удаж байгаа бөгөөд гагцхүү нэг л шалтгаанаар түр харзнаж буй гэнэ. Тэр шалтгаан нь О.Баасанхүү гишүүнтэй нийлж, гурвуулаа хамт гарахаар хүлээж байгаа аж. Хэрвээ тус бүлгээс гурван гишүүн гарсан тохиолдолд УИХ-д “Шударга ёс” эвслийн бүлэг гэж байхгүй болно. Юу гэвэл, УИХ-д найм болон түүнээс дээш гишүүнтэй улс төрийн нам, эвсэл албан ёсоор бүлэг байгуулах эрхтэй болдог. “Шударга ёс” эвслийн бүлгийн хувьд одоогоор 10 гишүүнтэй. Дээрх гурав хэрэв бүлгээс гарчихвал тус эвслийн үлдсэн долоон гишүүн бүлэггүй болно гэсэн үг. 
“Шударга ёс” эвсэл УИХ-д бүлэг­гүй болох нь улс төрд ямар үр дагавар авчрах вэ. Шулуухандаа “Шударга ёс” эвслийн хувьд улс тө­рийн шийдвэрүүдэд голлох нөлөөтэй оролцдог уламжлал алдагдана. Тэд завсарлага авах эрхгүй болно. Тиймд аливаа асуудал, хуулийн төслүүд дээр өөрсдийн эрх  ашгийг  тусгуулахын  тулд завсарлага авч, шийдвэрийг гацаах, хойшлуулах, тохироо хийх боломж нь хязгаарлагдана гэсэн үг. Цаашлаад эвсэл өөрөө задрах, тарах ч аюултай болж ирнэ. УИХ-ын дэд дарга Л.Цог бүлгээсээ гарвал дэд даргын суудлаа ч мөн өгнө. Энэ нь эвслийн бүлэг задрах асуудлыг зайлшгүй хөндөж таарна. Мөн бүлэг тарвал УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д орж ч магадгүй нөхцөл байдал үүснэ. 
Хамгийн сүүлд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцсэн бүлгийн хуралд ширүүн маргаан өрнөсөн нь үүний нотолгоо. Тэр үеэр бүлгийн зарим гишүүн бүлгээсээ гарна гэж эвслийн дарга Н.Энхбаярыг сандаргасан сураг ч дуулдсан. Г.Уянга, Л.Цог нарын тухайд бүлгийг задлаад зогсохгүй, эвсэл тарах ёстой гэсэн байр суурь баримтлах болсон гэнэ. 
Үүнд ноён Н.Энхбаярын ааш авир их нөлөө үзүүлж буй бололтой. Н.Энхбаярын зүгээс тэднийг өөрийн үгээрээ байлгах гэж хичээдэг ч харамсалтай нь тэд түүний бодлого, байр суурийг үл тоож, сөргөлдөх нь их. Н.Энхбаярт тал засах, хариу бодох шаардлага тэр хоёрт байхгүй. Учир нь тэр хоёр бол Н.Энхбаярт тал засч, аялдан дагасныхаа төлөө намын жагсаалтад дээгүүр бичигдэн гарч ирсэн хүмүүс биш, тойрогт өрсөлдөж ялалт байгуулсан хоёр. 
Тиймдээ ч Г.Уянга өөрийн эвслийг ил тод шүүмжилж чаддаг. “Шударга ёс эвсэл 2012 оны сонгуульд өрсөлдөхдөө “Ард түмний байгалийн баялгийг гадаадынхантай хуйвалдаж, цөлмөж байгаа явдлын эсрэг тэмцэнэ” гэж хэлээд “Таван хувьсгал” хөтөлбөр дэвшүүлсэн. Монголын ард түмэн УИХ-д байгаа 10 хүнийг харж биш, энэ баримт бичгийг хараад 23 хувийн санал өгсөн. Харамсалтай нь, Монголыг зарсан энэ Засагт хамтарч байгаа чинь баримт бичгээ үгүйсгэсэн хэрэг болж байна. Яг өнөөдрийн энэ тохиолдолд Дубайн гэрээг зарсан, Монголын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг тавиад туучихсан, улсаа өрөнд оруулчихсан Ерөнхий сайдын доор ажиллах зарчим чинь юу юм бэ. Таван хувьсгалыг таван сайдын суудлаар сольж байна” гэж тэр хатуу хэлсэн. Үүнд Н.Энхбаяр мэдээж тааламжтай хандахгүй нь тодорхой. Ямар сайндаа л МАХН-ын дарга ирэх сонгуульд өрсөлдөх эрхтэй чинь ярина гэж сүрдүүлсэн тухай Г.Уянга өөрөө хэлсэн. 
Нөгөөтэйгүүр, “Шударга ёс” эвслийн сайдын бялуунаас хүртээгүй гурван хүн нь Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог гурав. Энэ нь бас санамсаргүй тохиолдол яавч биш. Ноёндоо үл тоогдсон, ноёныхоо хормойноос ноцсон хоёр нэгдээд авбал Н.Энхбаярт чамгүй аюул тарина. Тэднийг МАН араас нь сумлаж буй. “Шударга ёс” эвсэл ард түмний эрх ашгийн төлөө бус, албан тушаалын бялуу хүртэх, даргынхаа улс төрийн замыг цэвэрлэх л зорилготой улс төрийн нэгдэл болж хувирсанд тэд бухимдаж байна. Түүгээр ч зогсохгүй, эвслийн нөгөө нам болох МҮАН цаагуураа тун дурамжхан байгаа. Тэр нь тус намын дарга М.Энхсайханы Н.Энхбаярыг илэрхий шүүмжлэх болсон байдлаас илт анзаарагдаж эхэлсэн. Н.Энхбаяр ч яаж зүгээр суух вэ. МҮАН-ын даргыг сольж, өөрийнхөө үгээр байх нэгнийг сонгож тавих оролдлогыг хөндлөнгөөс шургуулж байсан ч гэж сонсогддог. Мань хүн М.Энхсайханы МАН-тай дотносох болсон үйл хөдлөлийг алсуураа зэвүүцэн харж буй гэх. 
Уг нь  сонгууль хүртэл эвслээ тавиад туучихгүй байх сонирхол Н.Энхбаярт бий. Гэвч энэ хэдэн шатрын бод, богууд нь өөрийнх нь хүссэнээр нүүж өгөхгүй мань ноёныг зовоож байна. 
Бүлэггүй нам хэрхэн зовдогийг 2004-2008 оны АН-ын жишээ харуулдаг. “Эх орон-Ардчилал” эвсэл сонгуулийн дараа задарснаар АН хэдий 25 гишүүнтэй ч УИХ-д бүлэг байгуулж чадахгүй нөхцөл байдалтай нүүр тулгарсан. Тэгээд арга ядахдаа бүлэг биш, зөвлөл гэж ор нэр төдий бүтэц байгуулаад тухайн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байсныг санаж байна. Тэгвэл бүлэг гэх УИХ дахь бүтцээ алдах нь улс төр дэх байр сууриа тодорхой хэмжээгээр алдаж байгаагийн л шууд хэлбэр. Уг нь “Шударга ёс” эвслийн бүлэг анх байгуулагдахдаа 11 гишүүнтэй байсан. Харамсалтай нь энэ бүлэгт урвалт, шарвалт, дотоод хагарал харагдаж байгаагаасаа ч илүү их байна. УИХ-ын гишүүн Д.Батцогт эвслийн бүлэг ерөнхий зарчмаасаа ухарч байна гэж үзэн МҮАН-ныг орхин АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Ц.Цолмон МҮАН-аас гарч МАХН-д элссэн. Одоо Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-ын гишүүнчлэлээ сэргээж магадгүй байна. 
Олон өнцгөөс дүгнэвэл, “Шударга ёс” эвслийн бүлэг нуман тулгуурт орчихоод, хүнд нөхцөл байдалтай тулгарчээ. Өнөөдөр бүлэг нэртэй ч үнэндээ улс төрийн үнэ цэнээ хэдийнэ алдсан. Хурлаа ч хийж чадахгүй болсон нь нууц биш. Бүлгийн гишүүд нь тоохоо больсон. Даргыг нь солихгүй бол хуралдаа суухгүй гэж захын гишүүн нь шантаажилдаг болсон. Сайдын суудалд суусан давхар дээлтэй хэдийнх нь зав ч хүрэхгүй, чадал ч хүрэхгүй байх шиг. Ингээд энэ бүлэг сүр бараатай ч дотроосоо нурж буй эзэнгүй туурийг санагдуулах болов. 
Одоо О.Баасанхүү сэлэм эргүүлээд эхэлбэл “Шударга ёс” эвслийн бүлэг албан ёсоор байхгүй болж мэднэ. Хүү ухарч  нүүдэггүй  учиртай.  О.Баасанхүү одоо ноёноо сөрж нүүхээс буцахгүй болсон байна. Учир нь тэр нэгэнтээ Н.Энхбаярын үгээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналаа татаж авснаар нүүдлээ буцаасан. Ингэх нь түүнд таалагдаагүйгээр зогсохгүй улс төрийн нэр хүндийн хувьд өөрөө хохирол хүлээсэн юм. Тиймд одоо дахин ухарч нүүх нь юу л бол. Ямар сайндаа О.Баасанхүүгийн хаалгыг Н.Энхбаяр өшиглөж гарсан тухай сураг дуулдахав дээ. О.Баасанхүү гишүүн нэгэнтээ “Шударга ёс” эвсэл “Шударга бус” эвсэл болсон тухай шулуухан хэлж байсан. Одоо тэр нүүдлээ хийхэд бэлэн болжээ. Гагцхүү ямар нүүдэл хийх бол? Ноён руугаа нүүх үү, сөрж нүүх үү. Харах л үлдлээ. 

О.Баасанхүү: Бид гурав бүлгээ задалъя гэж ярилцсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс дараахь тодруулгыг авлаа. 

-УИХ олонхиороо Засгийн газрыг огцруулахгүй гэж шийдвэл таны дараагийн улс төр юу байх вэ?
-Огцруулахгүй гэж ший­дэхгүй гэж найдаж байгаа.
-Гэхдээ АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахгүй гээд шийд­чихсэн ш дээ. Дээр нь танай “Шударга ёс” эвслийн бүлгийн олонхи нь Ч.Сайханбилэгт ха­риуцлага тооцох шаардлагагүй гэж үзсэн биз дээ?
-“Шударга ёс” эвсэл УИХ-ын сонгуулиар олонхи болж чадаагүй нь үнэн. Гэхдээ УИХ-д олонхийг бүрдүүлэх  эрх нь бидэнд  бий. Тиймээс манай бүлэг ташуур нь байх ёстой  юм.  Харамсалтай  нь, хамтарсан Засгийн газар нь ташуур хийж байгаа эвслээ, намаа хангалттай хулхидлаа, хуурлаа. Үгийг нь сонсохгүй байна. АН биднийг ашиглаж, биднээр дамжуулж  хүчирхийлэл л хийж байна. Гэтэл манай эвсэл юу ярьж байлаа. Оюутолгойн Монголын хувийг 51-д хүргэе, Тавантолгойн 10 хувийг ард түмэндээ өгье, хэлмэгдүүлэлтийг зогсооё гэсэн. Гэвч Оюутолгой, Таван­толгой ямар байгаа билээ, төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлж хоморголон халдаг хэвээрээ л байна. Уг нь энийг болиулах боломж манайд байсан юм ш дээ.  Үүнийгээ ашиглаагүй учраас АН түрэмгийлэл үйлдэж байна. Ийм байхад бид УИХ-ын сонгуульд ороод юу гэж хэлэх юм. Арвуулаа байсан учраас аргагүй хүчинд автсан гэх үү. Ард түмэн тийм хариултыг хүлээн зөвшөөрөхгүй. Ядаж та нар тэр үед дуугарах хэрэгтэй байсан юм гэнэ биз дээ. Тиймээс би тэр үүргээ биелүүлэхээр явж байна. Харамсалтай нь, “Шударга ёс” эвслийн бүлэг, миний байр суурь хоёр даанч их зөрүүтэй юм даа.  
-УИХ-ын сонгуулиар 11 суудалтай болсон “Шударга ёс” эвслийн бүлгээс Д.Батцогт гишүүн АН руу орж арвуулаа болсон. Одоо дахиад Г.Уянга, Л.Цог нарын гишүүд бүлгээсээ гарах гэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Бид ярьж байгаа. Тэр хоёр намайг хүлээж байгаа юм. Юу гэхээр, бид гурав бүлгээс гарчихвал цаана нь долоон гишүүн үлдээд “Шударга ёс” эвслийн бүлэг задарна. Энэ тухай бид гурав хэд хэдэн удаа ярилцсан. Нөгөө хоёр хэдийнэ бүлгээсээ гарна гээд шийдвэрээ гаргачихсан. Намайг л хүлээж байгаа. Миний хувьд Засгийн газрыг огцруулж чаддаг бол бүлгээ задалъя гэсэн бодолтой явсан. Үгүй бол бүлэгтэй бай гээд ард түмэн эрх өгч байхад би бүлгийг задалж болохгүй. Мэдээж “Шударга ёс” эвслийн бүлэг өөрөө чадамжгүй болчихвол би задлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. 
-Чадамж гэдэг юу вэ. Одоо танай бүлэг чадамжтай байгаа юу?
-Миний харж байгаагаар ча­дамжгүй болсон. Энэ талаар би хатуу шаардлага тавьсаар ирсэн. Арван гишүүний до­лоо нь МАХН-ынх, гурав нь МҮАН-ынх. Гэтэл тэр гурван хүн нь бүлэг удирдаад явж байна ш дээ. МҮАН-ын гишүүн Н.Батцэрэг гээд нэг сайд байгаа ш дээ. Тэр хүнээр 90 жилийн түүхтэй, өөрөө до­лоон гишүүнтэй нам бүлгээ удирдуулж байгааг манай жи­рийн гишүүд бухимдалтай хүлээж авч байгаа. Иймээс чадамжгүй явахын оронд МАХН-ын долоон гишүүн шууд МАН-ын бүлэгт ороод бүдүүн бүлэг байгуулбал яасан юм бэ. Ингэж багцлагдаж байж АН-ын дарангуйллыг зогсооно. 
-Та тэгээд бүлгээ задал­чихвал МАН-ын бүлэгт орох юм уу?
-Манай долоон гишүүн орох ёстой. Угаасаа ард түмэн МАХН, МАН хоёрыг нийлж ял гэж байгаа. Түүнээс нэг нь ял гээгүй шүү. Нэг нэгийгээ байхгүй болго гээгүй. 
Би 21 аймгаар яваад иргэдтэй уулзаж байхад бүгд л МАН, МАХН хоёр нэгдэж ялах ёстой, АН-ын үед ард түмний амьдрал сүйрдэг юм байна гэж байна лээ. Тэгэхээр МАН-тай гэрээ байгуулаад бүдүүн бүлэг байгуулъя. Үүнийг би хоёр намд уриална. Угаасаа ч сонгууль ойртчихлоо. 
-Л.Цог, Г.Уянга хоёр бол тойр­гоос сонгогдсон гишүүн. Ха­рин жагсаалтын гишүүн учраас та бүлгээ задалж чадахгүй байгаа юм уу. Эргэж татагдана гээд...?
-Ард түмэн энэ 76 ги­шүүнийг эргүүлэн татах ёстой гэдэг. Ёстой тэгж хүсч байгаа. Гэвч өнөөгийн хууль, эрх зүйн орчинд тийм боломж байхгүй. Нам нь жагсаалтын ги­шүүнээ хөөсөн ч тэр хүнийг эргүүлэн татах боломжгүй. Яагаад гэвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, дараагийн гишүүн тангараг өргөснөөр дуусдаг. Үүнээс өмнө чөлөөлөгдөх үндэслэл нь нэгд өөрөө хүсвэл, хоёрт эрүүл мэндийн шалтгаан, гуравт гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдвол ажиллах боломжгүй болдог. Харин нам нь ч юм уу, хэн ч юм эргүүлэн татъя гэвэл одоогийн хуулиар боломжгүй. Төрийн дээр нам биш, намын дээр төр байдаг учраас тэр л дээ. 
Нам нь төрийн дээр байдаггүй учраас л Д.Арвинг намаа солиход, Ц.Цолмонг намаа өөрчлөхөд юу ч болоогүй ш дээ.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.