АН хоёр дахь засгаа унагахыг хүссэнгүй

2016.01.29 Баасан №012 (2043)

С.ШИЙЛЭГТӨМӨР

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлаар МАН-ын бүлгийн авсан завсарлагын хугацаа өчигдөр дуусч, уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хороо 100 хувийн ирцтэйгээр хуралдаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг дараахь байдлаар хэлэлцлээ.
Су.БАТБОЛД: -Би Оюутолгойн асуудлаас гадна санаа зовоож байгаа зарим зүйл дээр хариулт авмаар байна. Та Ерөнхий сайдаар томилогдохдоо өмнөх Засгийн газрынхаа үед эдийн засаг хямарсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд “Одоо хурдан хугацаанд арга хэмжээ авахгүй бол улам хэцүүднэ” гэж хэлж байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдийн засгийг сэргээх ямар ажил хийсэн бэ. Статистик мэдээллийг харахаар эдийн засгийн үзүүлэлт буурсан байна. Хоёрдугаарт, Засгийн газар кабинетын зарчмаар ажиллах ёстой. Гэтэл Засгийн газар удаан хугацаанд эрүүл мэндийн сайдгүй ажиллаж байна. Энэ салбарыг эзэнгүй байлгаад байж болохгүй. Эрүүл мэнд, спортын сайдаа хэзээ томилох гэж байна вэ. Хамтарч ажиллаж байгаа “Шударга ёс” эвсэлтэйгээ хэр зэрэг хэл амаа ололцож байгаа юм бэ. Мөн Л.Пүрэвсүрэн сайд Ерөнхий сайддаа захидал бичээд Гадаад харилцааны сайдаас гарамгүй үйлдэл хийсэн. Энэ нь олон улс ялангуяа хоёр хөрштэй харилцах харилцаанд ямар хохирол учруулсан бэ?
Ч.САЙХАНБИЛЭГ: -Оюутолгой-той холбоотой асуудлаар 19 гишүүн гарын үсгээ зурсан. Харин гуя дагасан хүзүү гэдэг шиг Оюутолгойтой холбоотой асуудлыг ярьж байх зуур өөр асуудлуудыг бас уудалж байгаа юм байна. Тиймээс эдгээр зүйлүүд дээр нь товчхон хариулъя. 2009 онд дэлхийн санхүүгийн системээс болж үүсэн хямралыг бид хамтдаа туулсан. Тэр үеийн нөхцөл байдал шиг зүйл дахин давтагдаж байна. Ялангуяа манайх шиг уул уурхайгаас хэт их хамааралтай улсад хүнд тусч байна. Түүнээс биш энэ нь засаглаж байгаа нам, УИХ, Засгийн газраас болж байгаа юм биш. Ажил хийж байгаа хүн алдаа оноо гаргадаг. Таны нэрийг нь дурдсан сайдтайгаа ярилцаад тодорхой шийдвэр гаргасан. Дахиж ийм алдаа гаргах юм бол бүр ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэдгээ хэлсэн. Үүнээс болоод хоёр хөрштэйгөө харилцах харилцаанд хор хохирол учраагүй. Эрүүл мэнд, спортын сайдын тухайд Засгийн газартай холбоотой асуудал шийдэгдсэний дараа томилуулах болно. 
Ц.НЯМДОРЖ: -УИХ-ын дарга, Х.Тэмүүжин гишүүн нар “Лексус 570” машин хахуульд авдаг Цэцтэй байж болохгүй гээд даргыг нь огцруулах гэж байна. Хэрэв ийм Цэцтэй байж болохгүй гэж үзэж байгаа юм бол бас авлига өгдөг Засгийн газартай байж болохгүй. Та нар зөвхөн өргөн барьсан үндэслэлтэй холбоотой асуудлаар асуу гэж шахахаа боль. Гишүүдийн үгийг яагаад сонсчихож болдоггүй юм бэ. Наад дээрэлхүү байдлаа зогсоо. Харахад нэг жижигхэн жижигхэн сахал үстэй хүмүүс өөдөөс хараад суугаад байх юм. Ядаж та нар Эрүүл мэнд, спортын сайдаа оруулж ирээд томилуулчихаж болохгүй байна уу. Энэ чинь Засгийн газар мөн биз дээ. Үнэн зүйл яриахаар зугтдагаа боль л доо.      
Н.АЛТАНХУЯГ: -МАН уг нь буурь суурьтай улс төрийн хүчин. Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдыг огцруулах санал тавьчихаад хамаг зүйлийг хамж, шимж ярихаа боль. Манай Засгийн газрын дараа “Эрдэнэс МГЛ” компанийн захирлаар энэ Б.Бямбасайхан гэдэг залууг томилсон юм билээ. Чи хариуцлагаа хүлээ. Ч.Сайханбилэг ч бас хариуцлагаа хүлээ. Д.Ганболд та анх нэлээд идэвхтэй ажиллаж байсан. Харин одоо хойшоо суучихсан байна лээ. МАН-ынхан гурван жилд гурван удаа Засгийн газрыг бужигнуулж байна. Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах цаг хугацаа нь биш. Удахгүй сонгууль болох гэж байна. Намайг томилогдсоны дараа огцруулна гэж байхад манайхан аваад үлдсэн. Дараагаар нь огцруулж санаа амарсан байх.  Үүнийхээ дараа та нар Ч.Сайханбилэгтэй хүзүү сээрээрээ хэлхэлдэж 7-8 сар явсан. МАН-ынхан жүжиглэдгээ больчих. Яах гэж Засгийн газарт орж бүтээн байгуулалтын ажлуудыг саатуулсан юм бэ.  Та нар саналаа татаад авчих.
М.ЭНХБОЛД: -Гарын үсэг зурсан хүмүүсийг буруутгахгүй байх хэрэгтэй. Харин үүнийхээ оронд ажлаа сайжруулах, алдаа оноогоо засах чиглэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж байх үед энд Засгийн газартай холбоотой ямар ч асуудлыг хэлэлцэж болно ш дээ. Зөвхөн өргөн барьсан асуудлыг ярина гэсэн ойлголт байхгүй. Өмнө нь АН-ынхан гурав дөрөвхөн үндэслэлээр Засгийн газрыг огцруулах санал өргөн барьчихаад 300-400 асуудлыг хамж ярьдаг байсан ш дээ. Тэр бүү хэл Ерөнхий сайдынхаа толгойны том, жижгийг хүртэл ярьдаг. Ерөнхий сайдын толгойны том, жижгийг хэмждэг байсан БСШУ-ы сайд Л.Гантөмөр одоо хаана байна. Энд орж ирээд Ерөнхий сайдынхаа ажлын алдааг сонсоод суух ёстой ш дээ. Ер нь танай танхимынхан танд итгэж байгаа юм уу. Ерөнхий сайдын асуудлыг ярьж байхад бүгдэээрээ орж ирээд сонсох ёстой. Гэтэл Хэрэг эрхлэх газрын дарга чинь л арга буюу хар багаасаа хамт явсан болохоороо орж ирээд суучихаж. Бусад нь алга. Гурван жил гаруй хамт явчихаад он гарсан хойно орхиод гарч байсан ш дээ. Одоо хариуцлага тооцох гэж байгаа нь үүнтэй чинь ялгаа юу байгаа юм бэ. Ерөнхий сайд та хэлж ярьсандаа байж засаг төрийн ажлаа авч явах хэрэгтэй. Хүүхдийн мөнгө өгөхгүй гэсэн. Гэтэл 40 хоногийн дараа өгье гээд оруулаад ирлээ. МАН-ын зургаан сайдыг УИХ аравдугаар сарын 5-нд оруулна гэж хэлсэн. Түүнээсээ хойш хоёрхон хоногийн дараа болилоо гээд л оруулаад ирсэн. Засгийн газар асуудалд хариуцлагатай, тооцоотой хандах хэрэгтэй. Энд ярьж байгаа гишүүдийн үгийг сайн сонс. Ядаж үлдэж байгаа зургаан сарын хугацаандаа алдаа гаргалгүй яв. 
Ерөнхий сайдыг огцруулах саналыг ийнхүү хэлэлцэж дууссаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 19 гишүүний 10 нь огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Улмаар өчигдөр орой 19.20 цагт чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлүүлэн хуралдаж энэ асуудлыг хэлэлцсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдсан бөгөөд 50 гаруй нь Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлэхээр бүртгүүлээд байв. Манай сонины дугаар хэвлэлтэд шилжих үед чуулганы нэгдсэн хуралдаан дуусаагүй байлаа.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.