ОУВС “Стэнд бай”-гаас өөр хөтөлбөр санал болгожээ

2017.02.08 Лхагва №006 (2149)

580 сая ам.доллар төлөх хувилбарууд
УИХ-аас анх баталсан төсөв, тодотгосон төсөв, гүйцэтгэл гурвын дунд асар хол зөрүү бий. 2013 оны төсөв нэг их наяд, 2015 оны төсөв 500 сая, 2016 оны төсөв хоёр их наяд гаруй төгрөгөөр тасарч байв. Энэ нь хоёр хүрэхгүй сарын зөрүүтэй, савлагаатай төсөв батална гэдэг мөнгөний бодлого, макро эдийн засаг, гадаад өр гээд бүх зүйлд дарамт учруулах хэмжээний алдаа юм. Харамсалтай нь, энэ нь гэм биш зан болсоор өнгөрсөн 20 гаруй жилийг үджээ. Төсвийн сахилга бат ийн алдагдсаныг засаглал, өмнөх бодлогын залгамж чанар алдагдсантай холбон тайлбарлаж ирсэн. Эдийн засагт асар хүчтэй нөлөөтэй төсөв мөнгөний бодлого маань сул, алдаатай явж ирснээс бид өрөө яаж төлөх вэ гээд гаднын түнш орнууд руу бадар барин сардаа нэг холбогдох албаныхан морддог жишиг тогтчихлоо. Энэ өрийн түрүүчийг бид ирэх сарын 21-нд төлнө. Тодруулбал, 2012 онд авсан 580 ам.доллартай тэнцэх евро бондынхоо тооцоог Монгол Улс ирэх гуравдугаар сарын 21-нд хийх юм. Гэвч энэ мөнгийг төлөх эх үүсвэр Монгол Улсад одоогоор бэлэн алга. Арга ядахдаа эрсдэлтэй байгаа Хөгжлийн банкны дүрмийн санг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр хуульд нь оны өмнө өөрчлөлт оруулсан юм. Ийн нэмэгдүүлэх замаар дотооддоо бонд гаргаж 580 сая  ам.долларын өрөө төлнө гэж тооцож байгаа аж. Гэхдээ Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өгсөн мэдээллээр “Өр төлөх 2-3 хувилбар бий. Олон улсын байгууллага болоод түнш орнуудтай хэлэлцээр хийж байгаа учир хэлэхэд эрт байна” гэх бүрхэг хариулт өгсөн юм. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн даваа гаригийн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл өгчээ. Тэрээр өр төлөх хоёр хувилбар танилцуулсан байна. Харин гурав дахь хувилбарыг Засгийн газрын төвшинд хэлэлцсэн гэх мэдээлэл байгаа юм. Дөрөв дэх хувилбар нь ОУВС-гаас авах хөтөлбөр. Энэ хувилбар хэлэлцээрийн шатанд яваа гэж байсан ч тус сангийнхан манайд маш хатуу шаардлага тавьжээ. Энэ талаар хувилбар-IV-т хөндөе. 

Хувилбар-I
Эхнийх нь Хөгжлийн банк өөрөө өрөө төлөх. УИХ-аас 2017 он гарахын өмнө Хөгжлийн банкны дүрмийн санг нэг их наядаар нэмэгдүүлж баталсан. Өөрөөр хэлбэл, дахин нэмэлт бонд арилжих эрхийг хуулиар нээж өгсөн гэсэн үг. Иймээс ч шинээр бондоо дотооддоо арилжиж, евро бондынхоо өрийг төлөх боломжтой гэх хувилбар танилцуулжээ. Өөрөөр хэлбэл, дотоодод арилжсан бондоос 400 сая ам.доллар олох боломжтой аж. Үлдсэн 200 орчим сая ам.долларыг Монголбанк болон арилжааны банкуудын нөөцөөс гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, банкуудын эх үүсвэрээс зээлнэ гэсэн үг. Дотоодод бонд арилжсан тохиолдолд валютын ханш одоогийнхоосоо өснө гэдгийг зарим УИХ-ын гишүүн болоод эдийн засагчид хэлж буй. Харин гүйцэтгэх засаглалынхан валютын ханш өсгөхгүйгээр бонд арилжих боломжтой гэж тайлбарлажээ. Түүнчлэн арилжааны банкуудын эргэлтэд оруулдаггүй мөнгө хөрөнгөнөөс зээлэх учир зах зээлд хомсдол үүсэхгүй. Тэгэхээр валютын ханш савлахгүй гэх мэдээллийг гишүүдэд өгсөн байна. Манай эдийн засаг 580 сая ам.долларын төлөлтөөс үүдээс савлах хэмжээний жижиг биш гэдгийг ч зарим УИХ-ын гишүүн хэлж байв. Гэхдээ энэ бол өрөөсгөл дүгнэлт байх талтай. 

Хувилбар-II
Засгийн газарт олон улсын зах зээлд бонд арилжих эрхийг УИХ өгсөн. Энэ хүрээнд гүйцэтгэх засаглал бонд арилжих боломж бий ч хүү өндөр учир бараг ашиглахгүй болов уу гэдгийг холбогдох албаны хүн хэлсэн. 

Хувилбар-III
Гадаад, дотоодод бонд арилжих нь өр зээлийн хэмжээг өмнөхөөсөө дахин нэмэгдүүлнэ. Үүний оронд алтаа барьцаанд тавих хувилбар яригджээ. Алт бол байнга эргэлтэд орж байж ашиг олдог металл. Нөгөөтэйгүүр Төв банкинд онцгой эрхтэй бүтээгдэхүүн. Тухайн улс хэр их алттай байхаас хамаарч эдийн засгийн баталгаа нь хангагддаг. Тэгвэл алтаа барьцаанд тавьж өрөө дарах нь нэг талаар жоомоо шатаах гэж байгаад байшингаа шатаахын үлгэр болно. Гэхдээ “Алт-II” хөтөлбөр хэрэгжүүлж, алтныхаа нөөцийг нэмэгдүүлэх замаар нөхөх боломжтой гэх. Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн Төв банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэнэ. Үүнийх нь дараа тушаасан алтнаасаа худалдан борлуулж, өрөө дараад барьцаанд тавьсан алтаа авна гэж ярьж байгаа нь алаагүй баавгайн арьсыг арав хуваахтай адил сонсогдоод байгаа юм.

Хувилбар-IV
ОУВС-гийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн манайд гурван удаа ирж, Сангийн яам, Монголбанкны удирдлагуудтай хэлэлцээ хийгээд буцсан. Сангийн сайд хэлэлцээ нааштайгаар шийдэгдэж байгаа хэмээж байсан бол амжилтгүй болжээ. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийнхан манайхыг “стэнд бай” хөтөлбөрт хамруулах боломжгүй, хамрагдах шаардлагыг хангаж чадахгүй нөхцөл байдалтай байгааг хэлсэн байна. Харин үүний оронд “стэнд бай” хөтөлбөрийн дараагийн буюу хүнд шатанд хамруулах боломжтой гэжээ. Энэ нь 3-4 жил үргэлжилдэг, эхний жил нь нөхцөл шаардлагыг нь биелүүлсэн тохиолдолд цааш хөтөлбөрөө үргэлжлүүлдэг юм байна. 
Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал дөрвөн тэрбум ам.долларын дэмжлэг авахаар төлөвлөж буй. Харин тус сангийнхан энэ мөнгөний 1.5 тэрбум ам.долларыг нь өөрсдөө олох шаардлага тавьжээ. Иймийн учир Монгол Улсын Засгийн газар түнш орнуудтайгаа хэлэлцээ хийхээр хүсэлт тавьж байгаа аж. Хэрэв энэ хүнд хөтөлбөрт хамрагдлаа гэхэд Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх боломжтой гэж Сангийн сайд үзэж байгаа юм.  

Дотоодод бонд гаргавал ямар эрсдэл байх вэ
Засгийн газрын өр нэмэгдэнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өнгөрсөн найман жилийн дотор таван удаа өөрчилсөн манайх дахиад л хуульдаа “гар хүрнэ”. Төсвийн сахилга баттай болох бус дураараа хуульд өөрчлөлт оруулах нь гаднынхны шаардлагад нийцэхгүй “тэрсэлсэн” хэрэг болно гээд тоочвол сөрөг үр дагавар үй олноороо гарч ирнэ. Иймээс дээрх гурван хувилбарын алийг нь ч сонгосон сөрөг үр дагавар авчрах учир Засгийн газар үнэндээ “ацан шалаанд” орчихоод байгаа. Арга ядахдаа Сангийн сайд ОУВС-гийнхантай хэл амаа ололцох гээд АНУ-ыг зориод буй аж. Тэгэхээр өрөө хугацаанд нь төлж чадахгүй бол яах вэ гэх асуудал гарч ирнэ. Хоног хугацаа давчуу энэ үед монголчууд өрөө хугацаанд нь төлж чадсангүй, дахиад дараалсан бондын төлбөрүүд хүлээгдэж буй гэж зарлуулах уу яах вэ гэх хэмжээнд очтолоо асуудал хүндрээд байна. 
Монгол Улс эхний ээлжийн 580 сая ам.долларын зээлээ төлөхгүй бол олон улсын зээлдэгчид Олон улсын валютын сан, Парисын клуб зэрэг нөлөө бүхий санхүүгийн байгууллагад “Монгол Улс ОХУ-д өрөө төлсөнгүй гэж мэдэгдэх эрхтэй юм байна. Парисын клуб “Монгол Улс өртэй” гэдгийг олон улсад ил тод зарлачихвал манай улсын рейтинг, зээлжих зэрэглэл одоо байгаагаасаа доош унах аж. Ингэснээр Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт одоогийнхоосоо илүү хумигдаж,  Засгийн газрын өрийн бичиг “жанк” бонд болдог гэнэ. Олон улсад нэр хүнд нь унаснаар гаднын орнуудаас зээл, тусламж авах эрх нь ч хаагддаг байна. 
Монгол Улсын өр гадаад дотоодтойгоо нийлээд 20 гаруй тэрбум ам.долларт хүрээд байна. Тоо баримт дурдахад, 1990-2012 он хүртэлх хугацаанд Монгол Улс нийт 2.8 тэрбум ам.долларын гадаад өр тавьж, 2012 онд 1.9 тэрбум ам.долларын өртэй засгийн эрхийг хүлээж авч байжээ. Харин өнөөдөр энэ өрийн хэмжээ 20 гаруй тэрбум ам.доллар хүртэл өсөөд байна. Дээрээс нь авсан зээлийнхээ хүүнд төлж байгаа төлбөр төсвийн зардалд нэлээд жин дарж буйг тодотгох ёстой болов уу.

Зээлжих зэрэглэл ирэх хоёр жилдээ өсөхгүй

Эдийн засгийн 17 орчим хувийн өсөлтөөрөө дэлхийд гайхагдаж байсан 2012 онд манай улсын зээлжих зэрэглэл В1 ангилалд буюу сайн зээлдэгч байлаа. Сайн нэр хүндийг олж авахад хэцүү мууг олоход амархан гэгчээр ердөө дөрөвхөн жилийн дотор зээлжих зэрэглэл Саа1 болж, эдийн засаг, төсвийн тогтворгүй байдлаараа дэлхийд аман хүзүүдэх хэмжээний улс болоод байна. Тодруулбал, олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “Мүүдийз” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд “Cаа1” болгон бууруулсныг тухайн үед Сангийн яам, Монголбанкны удирдлагууд эсэргүүцэн мэдэгдэл гаргаж байв. Гэвч олон улсад “Стандарт пүүрс”, “Фитч”, “Мүүдийз” гэсэн зэрэглэл тогтоодог гурван байгууллага л үйл ажиллагаагаа явуулж байна. 
Тухайн улсын санхүүгийн систем, засаглал, төсөв мөнгөний бодлогыг бүхэлд нь авч үздэг байна. Манай улсын зээлжих зэрэглэл буурсан шалтгааныг судлаачид эдийн засгийн өсөлт буурсан, Засгийн газрын богино хугацаан дахь гадаад өрийн дарамт болон төсвийн алдагдалтай холбон тайлбарлажээ. Тухайлбал, “Мүүдийз” aгентлагаас энэ онд төсвийн алдагдлын гүйцэтгэл ДНБ-ний 12.0 хувьтай тэнцэнэ гэж үзэж байна.
Засгийн газар энэ онд нийт 0.8 тэрбум гаруй ам.долларын гадаад өр төлөхөөр байгаа нь ДНБ-ий 7.5 хувьтай тэнцэж буй аж. Мөн алдагдлыг санхүүжүүлэхийн тулд Засгийн газрын өр нэмэгдэх, гадаад валютын нөөц өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 1.1 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн долоон жилийн доод түвшин зэрэг нөлөөлсөн гэж “Мүүдийз” агентлаг зэрэглэл бууруулсан шалтгаанаа тайлбарлахдаа онцолжээ. Түүнчлэн улсын гадаад өрийн дарамт огцом нэмэгдсэн, хөрөнгийн дутагдалд орж хөрвөх чадварын эрсдэл хуримтлагдсан энэ байдлаасаа ирэх хоёр жилдээ гарах магадлал тун бага гэж үзсэн байна. 
Манай улс 2005-2014 оны тавдугаар сар хүртэл “B1” гэсэн зээлжих зэрэглэлд багтаж байсан бол 2014 оны долдугаар сараас “B2”, өнгөрсөн оны наймдугаар сард “B3” болж буурчээ. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Caa1” ангилал болж буураад байгааг дээр дурдсан. Товчхондоо жилийн дотор зээлжих зэрэглэл хоёр удаа буурсан гэсэн үг юм. 
Ангиллуудыг авч үзвэл: 
-“Aaa”  зэрэглэлд хамгийн бага эрсдэлтэй, эргэн төлөлт нь найдвартай өр, зээлүүд багтдаг.  
-“Аа” зэрэглэлд эрсдэл багатай, эргэн төлөлт нь найдвартай зээлүүд багтдаг.  
-“A” гэсэн зэрэглэлд эрсдэл багатай зээлүүд багтдаг. 
-“Baa” гэсэн ангилалд дундаж эрсдэлтэй. 
-“Ba” ангилалд байгаа зээл нь спекуляцийн элементүүдтэй, эрсдэл өндөртэй
-“B” ангилалд цэвэр спекуляци буюу эрсдэл өндөртэй зээлүүд
-“Caa” зэрэглэлд эргэн төлөгдөх магадлал тааруу, маш өндөр эрсдэлтэй зээлүүд багтдаг. 
-“Ca” ангилалд зээлийн үндсэн болон хүүний төлбөрт тодорхой хэмжээний төлөлт хийгдэх магадлалтай, үндсэндээ эргэн төлөгдөх боломжгүй (default) болсон зээлүүд орно. 
-“C” ангилалд зээлийн үндсэн болон хүүний төлбөрт эргэн төлөлт хийгдэх боломжгүй (default) болж дампуурсан зээлүүд багтдаг байна. 
Үүнээс харахад, одоо манай улс ганцхан зэрэглэл буурахад дампуурах буюу дефольт  зарлах хэмжээнд хүрэхээр байгаа юм. Ийм байдалд орохгүйн тулд Засгийн газар энэ онд болон ирэх жилүүдэд төлөх өрийн эргэн төлөлтийг хэрхэн нааштайгаар шийдэх вэ гэх асуудалтай нүүр тулаад байна. 

“Парисын клуб” улс орны өрийг дахин хуваарилдаг

“Парисын клуб” бол төлбөрийн дарамтад орж, өрөө төлөх чадваргүй болсон зээлдэгч улсуудын өрийг дахин хуваарилалтад оруулан, санхүүгийн тохиромжтой шийдэл олгодог, зээлдэгч орнуудын нэгдсэн сан юм. Дахин хуваарилалт хийхийн тулд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр өрийн хэмжээг хөнгөлөх, өрийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах зэрэг дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр зээлдэгч оронд макро эдийн засгийн түвшин, санхүүгийн нөхцөл байдлаа хямралаас гаргаж, эдийн засгаа тогтвортой хадгалах боломж олгодог байна. 
Уг сан 1956 онд Францад байгуулагдсан. Аргентин болон зээлдэгч улсуудын хоорондох хэлцэл уг сангийн анхны гэрээ хэлэлцээр болжээ. Парисын клубын онцлог нь зээлдэгч улсуудад төр болон хувийн хэвшлүүд аль аль нь багтдаг. Одоогоор тус клубын зээл олгогч улсуудад нэр бүхий 22 улс багтдаг ба тэдгээр улсын Сангийн сайд болон эрх бүхий удирдлагууд Франц улсад жилд 10 удаа уулзалт хийн сонгогдсон улсуудын хүндрэлийг хэлэлцэж, шийдвэр гаргадаг. Ингэхдээ жилийн хоёр болон наймдугаар сараас бусад 10 сарын турш сар бүр уулзалт хийдэг аж. ОУВС болон Дэлхийн банктай хамтын ажиллагаатай тус байгууллага өнөөг хүртэлх 61 жилийн хугацаанд 90 зээлдэгч улстай 583 сая ам.долларын 433 гэрээ хэлцэл хийжээ. “Парисын клуб”-тэй төстэй үйл ажиллагаа явуулдаг бас нэгэн сан бол 1970 онд байгуулагдсан “Лондоны клуб”. Тус сангийн хувьд хувийн хэвшлийн байгууллагууд, Арилжааны банкууд оролцогчид байдаг нь санхүүжилтийн хувьд илүү уян хатан боломж олгодог хэмээн үздэг байна. Монгол Улс “Парисын клуб”-т нэг удаа дуудагдсан байдаг нь 2014 онд тэглэсэн ОХУ-аас авсан “Их өр” юм. Тухайн үед “Парисын клуб”-ийн хэлэлцээрт орсноор 98.5 хувиар өрийн хэмжээг хөнгөлж байсан удаатай аж. 
“Парисын клуб”-ийн гишүүн орнуудад Австрали, Австри, Бельги, Бразил, Канад, Дани, Финланд, Франц, Герман, Голланд, Норвеги, ОХУ, БНСУ, Испани, Швед, Швейцарь, Их Британи, АНУ зэрэг улсууд багтдаг.
 
“Парисын клуб”-ийн үндсэн зургаан зарчим:
Нийтлэг эрх ашиг: Төлбөрийн хүндрэл тулгарсан орнуудын асуудлыг хэлэлцэхэд бүх гишүүн санал нэгтэйгээр байр сууриа илэрхийлэх.
Зөвшилцөлд хүрэх: Эцсийн шийдвэр гаргахаас өмнө оролцогч орон бүр тус шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байх
Мэдээлэл түгээх: Гишүүн орнууд мэдээлэл солилцож болох ч бүх зүйл итгэмжлэлийн дагуу, нарийн нууцлалтай байх ёстой.
Шат дамжлагатайгаар хэлэлцэх: Парисын клуб нь зээлдэгч орны хэрэгцээ шаардлагад үндэслэн, шат дамжлагатайгаар асуудлыг хэлэлцэнэ
Болзол: Зээлдэгч орнууд нь Парисын клубын хэлцэлд орохоосоо өмнө ОУВС-ийн хөтөлбөрт хүсэлт гаргасан байх ёстой. 
Харьцуулах: Зээлдэгч орнууд “Парисын клуб”-ийн гишүүн бус орноос зээл авахгүй байх

Монгол Улсыг өр тавихгүй байхыг анхааруулжээ

Олон улсын валютын сангаас Монгол Улсыг 2013 онд өрийн хүндрэлийн хувьд дундаж гэсэн ангилалд оруулж байсан бол 2015 онд өндөр эрсдэлтэй улс орон гэж үзжээ. Энэ нь гадаадын үнэлгээний байгууллагуудын үнэлгээнд мөн нөлөөлж манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Статистикийн газраас гаргасан судалгаагаар манай нийт гадаад өрийн үлдэгдэл 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 23,8 тэрбум долларт хүрч өмнөх оны мөн үеэс 2,2 тэрбум доллараар өсчээ. Нийт гадаад өрийн 4,8 тэрбум ам доллар буюу 20 хувийг Засгийн газар, 1,7 тэрбум ам доллар буюу 7 хувийг Монголбанкны гадаад өр, үлдсэн 73 хувийг бусад секторын өр эзэлж байна. Бусад гэсэн хэсгийн 47 хувь нь Монгол Улсын Хөгжлийн банкны өр байгаа ажээ.  Үүнээс болж манай улсын зээлжих зэрэглэл үргэлжлүүлэн буурч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байх эрсдэлүүд биднийг хүлээж байгааг олон улсын байгууллагын шинжээчид анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий биднийг анхааралтай ажиглаж байна.  Одоогийн энэ өрийн түвшин нь бусад улстай харьцуулахад хэт өндөр байгааг Дэлхийн банкнаас анхааруулжээ. Тухайлбал, Дэлхийн банкны тодорхойлсноор Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтийг оруулж тооцсон Засгийн газрын өр  2015  онд ДНБ-ний 66  хувьд хүрч огцом нэмэгдсэн нь сүүлийн таван жилд дунджаар гурав дахин өссөн үзүүлэлт юм байна. Өрийн хэмжээ ийнхүү огцом өссөн нь Засгийн газар өмнөх жилүүдэд арилжааны нөхцөлтэй зээл авч түүгээрээ төсвийн алдагдлаа нөхөж байсан дээрээс нь Хөгжлийн банкаар дамжуулан их хэмжээний зардлыг санхүүжүүлж байсантай холбоотой. Тиймээс өрийн хүндрэлийг хэрхэн даван туулах вэ. Манай Засгийн газрын нэрлэснээр Хөгжлийн түншүүд юу гэж хэрхэн дүгнэж байна. Дэлхийн банкнаас юу гэж зөвлөсөн байна вэ. Эхний ээлжинд өрийн хэмжээг тогтворжуулахын тулд 2019 он гэхэд шинээр өндөр үнэтэй өр үүсгэхгүй байхыг тус байгууллага хэлсэн байна. Дэлхийн банкнаас хийсэн тооцоогоор төсвөөс гадуурхи буюу Хөгжлийн банкны төслүүдийг бүгдийг төсвийн салшгүй хэсэг болгохыг сануулсан байна. Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгцээ шаардлагыг дахин үнэлж, шинээр төсөл эхлүүлэхгүй байх арга хэмжээг эхний ээлжинд авах хэрэгтэй тухай Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг өгүүлсэн байна. Аливаа төрлийн зээл санхүүжилт авахын өмнө тухайн зээлийн санхүүжилтийн гэрээн дээр ажиллах, олон улсын гэрээ хэлэлцээр хийх боловсон хүчний сайтар сургаж бэлтгэхийг Дэлхийн банкнаас мөн онцолжээ.

ОУВС-гийн хөтөлбөрийн эерэг, сөрөг үр дагавар

Монгол Улс Олон улсын валютын сангаас хэрэгжүүлдэг “Стэнд бай” болзолт зээлийн хөтөлбөрт хамрагдах тухай яриа хоёр ч Засгийн газар дамнан яригдаж, эдүгээ шийдвэрлэх үедээ ирээд байгаа билээ. Хөгжлийн банкны босгосон 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийсний дараа үүсэх эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх, даван туулахын тулд ийнхүү хүсэлтээ тавиад буй. Гэхдээ ОУВС-тай хийсэн сүүлийн уулзалтын үр дүнд анх яригдаж байснаасаа эрс өөрчлөгдөж, “Стэнд бай” бус, хэмжээ, нөхцөл шаардлагын хувьд өөр “Extended fund facility”-д хамрагдах шаардлага үүссэн бололтой. 

Энэ хөтөлбөр нь төлбөрийн тэнцвэр алдагдсан, эдийн засаг нь онцгой хүнд байдалд орсон орнуудад олгодог гэдгээрээ “Стэнд бай”-тай төстэй боловч илүү нягт, хугацаа шаардсан хамтын ажиллагааны зээл гэдгээрээ ялгаатай. Товчхондоо “Extended fund facility” бол ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь юм. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улсууд  зээлдүүлэгчтэй тодорхой асуудлаар харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг, санамж бичигт тавигдсан шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн улс биелүүлэх ёстой байдаг. Тэгвэл “Extended fund facility” хөтөлбөрт хамрагдахын тулд зээл авахаасаа ч өмнө ОУВС-гийн тавьсан шаардлага нөхцлийг хангах ёстой болдог байх жишээтэй.
Мөн зээлийг авсан улс ОУВС-гийн гишүүн орнуудаас тавьсан болзлын хүрээнд эдийн засгийн салбартаа тогтолцооны эрс шинэчлэлийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болдгоороо онцлог. Манай нөхцөл байдал бодсоноос илүү хүндэрчээ гэсэн үг. Дайн дажинтай Украин улс одоо яг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 
Хугацааны хувьд гурван жил буюу 36 сар, шаардлагатай тохиолдолд нэг жил сунгадаг. Зээлийг нэгмөсөн өгөхгүй, тодорхой хугацаанд, шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр шилжүүлдэг. 
Жишээ нь, Украин улс 2015 оны нэгдүгээр сард ОУВС-гаар  17.5 тэрбум ам.долларын зээл батлуулсан ч 2015 оны гуравдугаар сард таван тэрбум, мөн оныхоо есдүгээр сард 1.7 тэрбум, 2016 оны есдүгээр сард нэг тэрбум ам.доллар хүлээж авсан. Энэ онд дахиад дөрвөн удаа тодорхой хэмжээний шилжүүлэг хийгдэхээр яригдаж буй. 
ОУВС манайд зээл өглөө гэхэд энэ журмаар л олгоно. Тэрбум ам.доллар батлагдлаа гэхэд үүрэг амлалт өгч, авалцсаны дараа нэг удаадаа хамгийн дээд тал нь 300-400 сая ам.доллар орж ирнэ гэсэн үг. Шаардлагыг нь хангахгүй бол дараагийн мөнгө орж ирэхгүй. 
Шаардлагууд нь эхэндээ төлбөрийн балансыг тэнцвэржүүл, төсвийн алдагдлыг төдөн хувьд хүргэ, төрийн өмчийн компаниудын алдагдлыг багасга, төрөөс татаас өгдөг байдлаа зогсоо, зээлээ хумь гэх мэт ерөнхий шинжтэй байснаа яваандаа “Тэтгэврийн тогтолцоог шинэчил”, “Орон сууцны ашиглалтын зардлыг нэм”, “Эрчим хүчний үнийг чөлөөл” гэх мэтээр нэг салбар руу тухайлан хандсан шинжтэй болж ирдэг байна. Дахиад Украины жишээ. Гурав дахь удаагийн шилжүүлгээ хийсний дараа ОУВС Украинтай байгуулсан санамж бичгээ шинэчилсэн. Түүндээ тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах, орон сууцны төлбөр, ахуйн хэрэглээний хий, халаалт дулааны үнэ тарифыг оновчтой болгох  гэсэн шаардлагыг нэмж оруулжээ. Украин одоо тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж байна. “Их ажилласан нь ихийг хүртэх ёстой” гэсэн шударга уриатай явагдаж буй энэ ажил цаанаа тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах ганц зорилготой. Үнэ тарифыг “оновчтой” болгоно гэдэг нь “нэмнэ” гэсэн үг. 
ОУВС зээлдүүлэгч учраас мөнгөө буцааж авахын тулд эдийн засгийн тогтолцоог нь аль болох эрүүлжүүлэхийг хичээх нь мэдээж. Гэвч энэ нь цаанаа эерэг, сөрөг хоёр талтай байдаг. 
Манай улс нэгэнт зээлийг авахгүй байх боломжгүй болсон учраас “авна” гэж тооцоод ойрын 3-4 жилд эдийн засагт явагдах өөрчлөлт ямар үр дүн авчирч болохыг таамаглах гээд үзье.

Сөрөг үр дагавар  
Эдийн засаг агшина. Телевизийг асах ч биш, унтрах ч биш байдалтай болгодог товчлуурыг “Stand by” гэж нэрлэдэг. ОУВС-гийн хөтөлбөр нь яг л үүн шиг, төлбөрийн балансын зохистой харьцааг хангаж, төсвийн алдагдлыг бууруулдаг ч эдийн засгийг асар их хэмжээгээр агшаадаг. Үр дүнд нь тухайн улс урагшлах, хөгжих боломжоо алддаг байна. 
Улс төрийн тогтворгүй байдал үүсч мэднэ. “Extended fund facility” хөтөлбөр бол эдийн засагт маш өвдөлттэй хийгддэг эмчилгээ. Хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доогуур давхаргынханд маш хүнд тусдаг. Манай улс 2008-2009 онд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад хамгийн их ажлын байр бий болгодог барилга болон жижиглэн худалдааны салбар элгээрээ хэвтэж байсан жишээ бий. Тиймээс “Ард түмэн энэ их өвдөлтийг тэсэх үү” гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Туршлагаас харахад, ард түмэн тэсгэл алдаад ирэхээрээ эрх баригч намыг сольж байж санаа амардаг аж. “Өвдөлт” нь хэтэрхий их байвал ээлжит сонгуулийг ч хүлээж тэвчдэггүй ажээ. Тод жишээ нь Украин. ОУВС-гаас тавьсан шаардлагуудад одоо украинчууд сөхөрч байна. Улсаас татаас авдаг асан эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөлтийг хэтэрхий огцом хийснээс болоод иргэд нь эрх баригчдынхаа өмнөөс босоход бэлэн болжээ. Уг нь эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв, цахилгаан станцууд аж ахуйн тооцоогоор ажиллах ёстой. Гэвч ОУВС-гийн нөхдүүд улирал тутамд 25 хувиар нэмсээр яах ийхийн зуургүй иргэдийн амьдрах итгэлийг нухчаад хаячихсан. ОУВС-гийн арга барил нь яг энэ юм. Одоо Украинд ээлжит бус сонгууль явуулахыг сөрөг хүчний намууд шаардаж байгаа бөгөөд магадлал маш өндөр байгаа юм. 
Манайд ч ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй.   

“Extended fund facility” цаашид ч үргэлжилсээр байх магадлалтай. ОУВС-гийн үйл ажиллагааг АНУ-ын талыг баримталсан гэж шүүмжлэх нь бий. Энэ байгууллагаас зээл авахын тулд гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн 85 хувийн саналыг авах шаардлагатай бөгөөд 17 хувь нь АНУ дангаараа бүрдүүлдэг нь ийм шүүмжлэл сонсох хангалттай шалтгаан юм. АНУ-ын Сенат хуралдаад аль нэг улсад зээл өгөх, өгөхгүйг шийдэх бололцоотой гэсэн үг. 

Дундаж ангийг мөхөөдөг. ОУВС зээлээ буцааж авахын тулд хасч болох бүх л зардлыг хасахыг хичээдэг. Төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос гадна цалин, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг мөртлөө нийтийн тээвэр, эрчим хүч гэх мэт стратегийн салбарын үнэ тарифыг нэмэхийг тулгадаг. Дундаж давхаргынхны цалинг хасч эрхийг нь зөрчих мөртөө өндөр татвараар дарамтална. Энэ нь эцэстээ төр, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх шалтгаан болох нь цөөнгүй.
Тиймээс Монгол Улсад одоо мөрдөгдөж байгаа халамжийн шинжтэй бүх хууль ирэх гурван жилийн дотор хүчингүй болно. Өөрсдийгөө “Зүүн төвийн үзэл баримтлалтай” гэдэг ч үнэн хэрэгтээ “хэт зүүний” бодлого явуулдаг МАН-ын хувьд энэ бол эрүү шүүлт, ирээдүйгээ зольсонтой ялгаагүй нүүдэл юм. ОУВС-гийн зээлд хамрагдана гэдгээ мэдсээр байж “Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийнх нь тоогоор нэмж тооцно” гэхчлэн хууль баталж байгаа нь “ОУВС хүчингүй болгочих юм чинь” гэж мэдчихээд сайн хүн болохыг хичээсэн санаатай үйлдэл гэлтэй.        
ОУВС-тай хамтарсан газарт аж үйлдвэрийн салбар сүйрдэг гэсэн яриа бий. ОУВС-гийн шаардлагууд нь бүхэлдээ ард түмний халаасыг сэгсэрч, төрд төвлөрүүлэхэд чиглэдэг учраас худалдан авах чадвар доройтон аж үйлдвэрийн салбар доройтоход хүрдэг байна. 
Соц орнуудаас хөгжлөөрөө онцгойрч асан Югослав ОУВС-тай хэдэн жил хамтарч ажилласны эцэст аж үйлдвэрийн салбараа юу ч үгүй дампууруулж, 600 мянган хүний амийг авч одсон аймшигт иргэний дайнд хүрсэн байдаг. Энэ нь 1980-аад оны эхнээс л ОУВС-гаас зээл авч, тэдний заавраар явснаас төр иргэний хоорондын итгэлцэл суларч, салан тусгаарлах үзэл газар авснаас болсон хэрэг.    
Руандагийн жишээ ч Югославтай адил. Тэд ОУВС-гаас 1989 онд зээл авахдаа нутгийн фермерүүдийг дэмжих үүрэг авсан байдаг. ОУВС хариуд нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд АНУ болон Европын орнуудад тавигддаг стандарт тавихыг эрх баригчдаас шаардсан юм. Давчихвал олон улсад экспортлох боломжтой болно гэж тархийг нь угаасан хэрэг. Гэвч өрхийн хэмжээний үйлдвэрлэл яаж тийм хатуу стандарт давах вэ, дотоддоо ч зарж борлуулж чадахгүйд хүрсэн. Тэгэнгүүт нь үндэсний валютынхаа ханшийг чангал гэж зөвлөөд л “будаа”. Хүн амын голлох хэсгийг бүрдүүлдэг хуту, тутси омгийнхны хооронд хэдэн жил үргэлжилж, 1.5 сая хүний амийг авсан аймшигт иргэний дайн дэгдсэн.
Манайх нэг үндэстний улс учраас арай ч дайн дажинд хүрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ л хувиараа жаал жуул юм хийж амьдардаг иргэд жижиг бизнесүүд элгээрээ мөлхөх нь дамжиггүй.     
1980-аад оны Мексикийн жишээ байна. 1984 онд газрын тосны ханш унахад эрх баригчид нь ОУВС-гаас зээл хүссэн. ОУВС хариуд нь газрын тосны компаниудыг хувьчлах, төсвөө танах болзол тавьжээ. Үр дүнд нь эдийн засаг агшиж, орлогын 57 хувь нь өрөнд “явдаг” болсон. 1990-ээд оны дундуур дахин нэг удаа зээл өгөхдөө ОУВС анхаарлаа газар тариалангийн салбарт нь хандуулснаар эрдэнэ шиш экспортолдог байсныг нь болиулж, импортолдог болгосон. Филиппин тэргүүтэй Зүүн Өмнөд Азийн олон орон энэ мэтчилэнгээр ОУВС-гаас зээл авч хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч тэр бүр үр дүнтэй болоогүй байдаг. Тийм ч учраас улс орнууд ОУВС-тай зууралдахыг хүсдэггүй. Хөтөлбөрт нь хамрагдаж гэмээ нь сөрөг “пи ар” болдог.  
Түүнчлэн ОУВС-гийн чадварт эргэлзэх эрдэмтэд ч олон байдаг юм байна. Сүүлийн 20 жилд дэлхийн эдийн засагт болсон олон улсыг хамарсан томоохон хямралуудыг ОУВС нэг ч удаа урьдчилан харж байгаагүй гэх аж.  

Эерэг үр дагавар
“Bloomberg” агентлаг саяхан Монголтой холбоотой боломжийн эерэг мэдээлэл цацсан. Түүнд хэрвээ Монгол Улс ОУВС-тай хамтарчихвал бусад улс орнууд, олон улсын байгууллагаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэсэн байсан. Япон тэргүүтэй улсууд бондынхоо эргэн төлөх хуваарийг эргэж харах, олгох зээлийнхээ хүүг буулгах боломжтой гэдгээ илэрхийлээд буй. Энэ бол хөтөлбөрийг дагаж ирэх эерэг үр дагаврын нэг мөн.  
Монгол Улс ийнхүү ОУВС-гаас гурав дахь удаагаа хандахдаа  хамгийн хүнд шаардлага нөхцөлтэй “EFF” хөтөлбөрт нь хамрагдах магадлал өндөр боллоо. Өмнө нь арай зөөлөн нөхцөлтэй “Стэнд бай” хөтөлбөрт хоёр удаа хамрагдаж байв.
Хэзээ: 1991 он
Зээлийн хэмжээ: 13.75 сая ам.доллар
Үр дүн: Эдийн засгийн уналт 1991 онд 9.2 хувь, 1992 онд 9.5 хувьд хүрч байсан нь хамгийн их уналтын жилүүд байлаа. Монгол Улс эдийн засгийн хувьд 1998 онд л 1990 оныхоо төвшинд хүрч очжээ. Өөрөөр хэлбэл, уналтын байдлаас өсөлтийн цэг хүртэл найман жилийг зарцуулсан байдаг.     
Хэзээ: 2009 он
Зээлийн хэмжээ: 229.2 сая ам.доллар
Үр дүн: Эдийн засгийн үзүүлэлт -1.6 хувь болтлоо уруудсан. Хөтөлбөр хэрэгжүүлсэн хоёр жилд тээвэр, харилцаа холбооны салбар хэвийн, барилга, бөөний болон жижиглэн худалдааны салбарт хүчтэй нөлөөлж байв.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.