Эрх чөлөөний орон ба хар тамхины хэрэглээ

2017.02.08 Лхагва №006 (2149)

 -АНУ хар тамхитай зөөлөн хүчээр тэмцэхийг илүүд үзэж байна- 

Хар тамхи хэмээх аймшигтай дэлхийн улс орнууд янз бүрийн аргаар тэмцэж байна. Цаазаар авч, олон жилээр хар саванд суулган хатуу чангаар гэсгээдэг нь байхад наад захын кнопли,марихуан зэргийг хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн, зөвшөөрөхөөр завдаж буй нь ч байна. Эдгээр хандлагаас харахад, дэлхий нийт хар тамхийг ор тас хорих бус, харин тодорхой хэмжээнд хязгаарлаад хэрэглэгчдийг нь хянах арга руу хэлбийж байгааг харж болно. 

Дэлхий дээр хар тамхины хэрэглээг хуулиар зөвшөөрсөн ганцхан улс бий. Тэр нь Өмнөд Америкийн Уругвай. Харин АНУ-ын 55 мужийг тусдаа улс гэж тооцвол энэ тоо нэлээд нэмэгдэнэ. Ер нь хар тамхины асуудал АНУ-ыг холбооны улс, гүрэн гэдгийг харуулдаг хамгийн тод шинж болж.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болсныг бид мэднэ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд хар тамхины хэрэглээг хэрхэн зохицуулах талаар бас бүх нийтийн санал асуулга болсон юм байна. Ингэхэд зориулалтаараа ялгаатай ч гурван мужид зөвшөөрсөн үр дүн гарчээ.    

Калифорни, Мэн, Массачусетс, Невада мужид 21-ээс дээш насны иргэдэд сэргээх зорилгоор марихуаны хэрэглээг зөвшөөрөх эсэхийг асуухад Калифорнийн иргэдийн 56 хувь нь дэмжсэн байна. Калифорни бол АНУ-ын хүн ам, хамгийн шигүү суурьшсан муж бөгөөд 39 сая хүн ам нь жилд зургаан тэрбум ам.долларын хар тамхины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн албан бус баримт байдаг юм байна. нөгөө гурав нь зөвшөөрсөнгүй.  
АНУ-ын мужууд хар тамхины хэрэглээг нэвтрүүлэхдээ эхлээд эмнэлгийн буюу хөнгөвчлөх эмчилгээний зориулалтаар, дараа нь эмчийн заавраар, сүүлд нь сэргээх зорилгоор хэрэглэх гэсэн үе шатаар дамждаг аж. Тэгэхээр дээр дурьдагдсан дөрвөн мужид марихуаныг эмчийн заавраар хэрэглэхийг аль хэдийнэ зөвшөөрсөн байсан гэсэн үг. Калифорнид 1996 оноос зөвшөөрч, 2012 онд конопли худалддаг автоматууд далайн эргийн амралтуудаар тавигдсан гэдэг. Харин одоо 21 нас хүрсэн л бол нэг унци буюу 28.3 грамм “өвс” хадгалах, хэрэглэх эрхтэй болжээ.   
Тэгвэл арай доод шатанд яваа мужуудад юу болов? Флорида, Хойд Дакота, Арканзас, Монтана мужийн иргэд марихуаныг эмчийн заавраар хэрэглэхийг дэмжсэн санал өгөв. Хөнгөвчлөх эмчилгээнд хэрэглэхийг гурван муж хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр 28 муж хөнгөвчлөх эмчилгээндээ марихуан хэрэглэхийг зөвшөөрлөө. 
Марихуаны хэрэглээ ийнхүү бага, багаар хэрэглээнд нэвтэрч байгаа ч Холбооны хуульд хориглосон заалт хэвээр байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр марихуаныг анагаахын салбарт хэрэглэхийг дэмжинэ гэсэн байр суурьтай байсан. Тэрээр “The Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа “Марихуаны хэрэглээ бол том сэдэв. Анагаахын зорилгоор ашиглаж болно. Тиймээс би энэ асуудлыг тухайн мужид нь үлдээх болно” хэмээн хэлж байжээ. 
АНУ-ын хөрш Канад улсын Парламент удахгүй марихуаны хэрэглээг зохицуулах асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхий сайд Жастин Трюдо нь сонгуулийн үеэр ингэж амалж байжээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.