Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй товч ярилцлаа. -Улиран сонгогдсон, туршлагатай Засаг даргын хувьд Дорнод аймгийн ирээдүйн үсрэнгүй хөгжлийн хөшүүрэг, гарц шийдлийг та чухам юунаас хамаарна гэж тодорхойлж байна вэ?

2017.02.08 Лхагва №006 (2149)

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдтой ярилцлаа. 

-Уншигчид энэ үед аймгийн Засаг даргын ярилцлагаас хамгийн түрүүнд өвөлжилт ямар байгаа юм бол гэдгийг хардаг. Танай аймгийн хувьд өвөлжилт ямар байна вэ?
-Өвөлжилт ямар байгаа нь зуншлага ямар байснаас шалтгаална л даа. Өнгөрсөн зун манай аймагт зуншлага жигдхэн сайхан байгаагүй. Дээрээс нь намар багагүй хур тунадас орсонтой холбоотойгоор хадлан тэжээл бага авсан. Өвөлжилт хүндэрч байгаагийн гол шалтгаан нь бэлчээрийн даац хэтэрсэн явдал. Уг нь манай аймаг 2.2 сая толгой мал бэлчих бэлчээрийн даацтай. 2016 оны эцсийн мал тооллогоор таван сая 208 мянган толгой мал тоолуулж, нийт малын тоогоороо улсдаа тэргүүлсэн. Өөрөөр хэлбэл, манай аймгийн бэлчээрийн даац 2.5 дахин хэтэрчихээд байгаа юм. Тийм учраас цас бага орсон ч өвлийн сүүлийн сар болон хавартаа хүндхэн сорилттой тулгарахаар байгаа. Яг одоогийн байдлаар зургаан суманд өвөлжилт хүнд байна. Тус сумдад шаардлагатай арга хэмжээ авч эхний ээлжинд 6000 боодол өвс, 2400 шуудай хивэг олгосон. Мөн малчдын зүгээс санал тавьсны дагуу Хархорин суманд тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс гурилын үйлдвэрийн шаардлага хангахгүй буудайг нь няцлуулж малын тэжээл болгох ажлыг зохион байгуулсан. Тухайн аж ахуйн нэгжүүдийг малчидтай холбож малын тэжээлийг нь зээлээр олгож байгаа. Манай аймагт улсын Онцгой комиссийн нөөцийн салбар гурав байдаг. Энд 1200 тонн өвс, тэжээл бий. Үүнийхээ 20 хувийг нь эхний ээлжинд малчдад худалдах зөвшөөрөл олгосон. Цаашдаа өвөлжилт хүндэрвэл Онцгой комисст хүсэлт тавьж дэмжлэг хүснэ. Зөвхөн мал гэлтгүй малчдынхаа эрүүл мэндэд анхаарах шаардлагатай байгаа.
-Отрын асуудлаас болоод малчдын дунд маргаан их гардаг байсан. Одоо бол энэ асуудлаа орон нутгийн удирдлагууд нь хоорондоо ярилцаад шийддэг болсон уу?
-Тэгж ойлгож болно. Ер нь аймаг, орон нутгийн удирдлагууд энэ асуудалд оролцож зохицуулалт хийхгүйгээр малчдыг хоорондоо тохир гэхээр цөөхөн малтай хүмүүс нь өөр аймгаас олон малтай айлыг нүүлгэж ирээд тэр айлаасаа шанд нь мал авах байдал гардаг. Үүнийг нь мэдсэн бусад малчид нь дургүйцдэг. Тийм учраас хэрэв ийм асуудал гарвал багийн Иргэдийн нийтийн хурал, сумын Иргэдийн хурлаараа хэлэлцэж таслан зогсоох үүрэг өгсөн.
ҮАБЗ-өөр агаарын бохирдолтой холбоотой асуудал хэлэлцэхэд Улаанбаатар хот, Төв, Өвөрхангай аймгийн төвийг хэлэлцсэн. Энэ нь Арвайхээр сумын агаарын бохирдол ямархуу хэмжээнд байгааг илтгэж байгаа юм.

-Засаг дарга аймгийнхаа бүх суманд хүрч ажиллах ёстой. Гэтэл зарим аймгийн Засаг даргыг зөвхөн аймгийн төвийнхөө асуудалтай л зууралддаг гэсэн шүүмжлэл гардаг.
-Аймгийн Засаг дарга болсноосоо хойш бүх сумандаа очиж ажилласан. Тухайн суманд тусгамдсан асуудал юу байна вэ гэдгийг судалж зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлуудыг нь мөрийн хөтөлбөртөө тусгаж батлуулсан. Саяхан гурав дөрвөн суманд ажиллаад ирсэн. Өөрөө газар дээр нь очиж үзэж, иргэдийнхээ дунд орж асуудлыг шийдэхгүй хэн нэг хүний хэлсэн сургаар ажил хийнэ гэж байхгүй л дээ. Ингэхгүй бол арай нэг овсгоотой нь түрүүлж ирээд асуудлаа шийдүүлчихдэг. Гэтэл зарим нь асуудлаа ойлгуулж чадаагүйгээсээ болоод барилга байгууламжууддаа 5-10 жил засвар хийлгээгүй байх тохиолдол ч байдаг. Тиймээс Засаг даргын Тамгын газар, ИТХ-аас ажлын хэсэг гаргаж аймгийн хэмжээд засвар хийх шаардлагатай барилга байгууламжуудыг эрэмбэлж байгаа. Нүдээр үзээд эрэмбэлчихээр хэн нэгнээс асуух шаардлагагүй болчихож байгаа юм. 
-Заавал чиглэлээр нь ангилахгүйгээр аймгийнхаа тулгамдсан асуудлуудыг нийтэд нь эрэмбэлвэл жагсаалтын эхэнд ямар асуудлууд бичигдэх вэ?
-Аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа хоёр, гурван асуудал бий. Нэгдүгээрт агаарын бохирдол. Аймгийн төв Арвайхээр сум Улаанбаатар хотын дараа орохоор агаарын бохирдолтой болсон. ҮАБЗ-өөр агаарын бохирдолтой холбоотой асуудал хэлэлцэхэд Улаанбаатар хот, Төв, Өвөрхангай аймгийн төвийг хэлэлцсэн. Энэ нь Арвайхээр сумын агаарын бохирдол ямархуу хэмжээнд байгааг илтгэж байгаа юм. Ирэх жилээс дулааны станц барьж эхэлнэ. Ингэснээр агаарын бохирдол буурахаас гадна ажлын байр нэмэгдэнэ. Мөн гол түүхий эд нь болсон нүүрсний хэрэглээ өсч орон нутгийн өмчит Баянтээгийн уурхайн нүүрсний борлуулалт нэмэгдэнэ. Бүр цаашлаад Баянтээгийн уурхайн ашиг нэмэгдсэнээр аймгийн төсөвт ирэх ногдол ашгийн хэмжээ нэмэгдэнэ. Мөн байгаль орчны бохирдлын асуудал хүнд байгаа. Ялангуяа Орхон голын бохирдол. Өнгөрсөн жил энэ асуудал улсын хэмжээнд бараг бүтэн жил яригдсан. Одоо харин өвөл болоод мартагдчихаад байх шиг байна. Хавар алтны уурхайнууд ажиллаад эхлэхээр энэ асуудал ахиад л сөхөгдөнө. Энэ асуудлыг ҮАБЗ-ийн төвшид танилцуулж шийдвэрлүүлэхгүй бол Орхон голын дагуу амьдарч байгаа олон иргэн, малын ундны усны асуудал хэцүүдэж байгаа. Орхон гол үндсэндээ загасгүй болчихсон. Салаалж урсч байгаа хэдэн голдоо л загастай байгаа. Түүнээс биш том голынх нь загас бүгд үхсэн. Ийм хэмжээний экологийн сүйрэл үүсч байгаа учраас энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
-Дулааны станцыг хаанахын хөрөнгө оруулалтаар барих бэ. Төсвийн хөрөнгө оруулалтаар барих боломжгүй байгаа биз дээ?
-БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр найман аймагт дулааны станц барихаар болсон. Манай аймгийн хувьд дулааны станцынхаа зураг төслийг хийлгэчихсэн байгаа. 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Гэхдээ дахиж ТЭЗҮ-ийг нь боловсруулах байх. Хөрөнгө оруулалтын зардал багатай технологиор барихаар салбарын яам нь ажиллаж байгаа юм билээ.
-Ер нь Өвөрхангай аймгийн иргэд хот руу шилжихгүйгээр аймагтаа тав тухтай амьдрах орчин нөхцөл хэр зэрэг бүрдэж байгаа вэ?
-Өвөрхангай аймаг Засгийн газраас баталсан Аймаг бүрт 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хамгийн хурдан хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Төрөөс ямар ч дэмжлэг авахгүйгээр хувийн хэвшлүүдээ дэмжих замаар гурав, дөрөвхөн жилийн дотор 1132 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орох гэж байгаа орон сууцнууд ч бий. Энэ бол орон сууцны эрэлт их байна гэсэн үг. Арвайхээрийн шинэ төвд 1800 айлын орон сууц барихаар төлөвлөж дэд бүтцийн ажлыг нь хийчихсэн байгаа. Мөн “Сод Монгол” групптэй хамтраад IMAX кино театрын салбарыг Өвөрхангай аймагт байгуулахаар урьдчилсан байдлаар тохирсон. Залуучууд нутагтаа ирж амьдрахад нийгмийн дэд бүтэц хамгийн чухал. Тиймээс энэ чиглэлд анхаарч байгаа.
-Иргэдэд хамгийн гол нь ажлын байр чухал. Цаашдаа ажлын байр нэмэгдэх хандлага байна уу?
-Тулгамдаж байгаа асуудлуудын нэг нь ажлын байр. Хөдөлмөрийн насны хүмүүс дунд ажилгүй хүмүүсийн эзлэх хувь их байгаа. Нийгмийн бүх муу муухай зүйлийн эх сурвалж, гол зангилаа нь ажилгүйдэл болчихоод байна. Ажилгүйдэл их байгаагаас болоод архидалт их байна. Үүнээс болоод гэмт хэргийн гаралт ихэсдэг юм байна. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Төрийн албан хаагчид нь тооны хязгаартай, тэр хүмүүсдээ таарсан цалингийн санхүүжилт нь Сангийн яамнаас ирдэг. Тийм учраас төрийн албан хаагчдын тоог нэмэх боломжгүй. Малчдын орлого нэмэгдвэл түүнийг дагаад бизнес эрхлэгчдийн орлого нэмэгддэг. Тиймээс малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд малын гаралтай түүхий эдүүдийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Үүний хүрээнд аймгийн төвд ноосны үйлдвэр ашиглалтад орж 200 хүнийг ажлын байраар хангасан. Одоо мах, сүү, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай байгаа. Засгийн газраас Мах, сүүний анхдугаар аяныг зарласан. Энэ хүрээнд манай аймагт махны үйлдвэр байгуулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.