“Явуулын хүн” эх орондоо саатлаа

2017.02.08 Лхагва №006 (2149)

АНУ-ын Вашингтон хотноо болсон 66 дахь удаагийн “Дэлхийн мисс”-т амжилттай оролцож, шилдэг 11-т багтсан мисс А.Баярцэцэг өнгөрсөн бямба гарагт эх орондоо ирлээ. Тэрээр ирсэнийхээ маргааш “Андра академ”-аас зохион явуулдаг “Мөрөөдлөө амилуул” өдөрлөгт оролцсон байна. Мөн түүний эх орондоо ирсэн бас нэгэн зорилго нь өөрийн гол дүрд нь тоглосон “Явуулын хүн” киноныхоо нээлтэд оролцох юм. Тус кино энэ сарын 12-нд нээлтээ хийнэ. “Mongolian Social Channel” студийн бүтээл болох энэхүү кинонд тэрээр Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрийг бүтээжээ. Киноны гол дүрүүдэд гавьяат жүжигчин С.Дамдин, Ё.Цог, Л.Дэмидбаатар нар тоглосноос гадна ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан ажилласан байна. “Явуулын хүн” уран сайхны киноны зураг авалтыг өнгөрөгч есдүгээр сард Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт авчээ. Хүний сэтгэлийн ариун нандин мөн чанар хийгээд залуусын хайр сэтгэлийн асуудлыг ч тус кинонд нарийн хөндөж харуулахыг тус киноны уран бүтээлчид зорьсон гэнэ.

Мисс А.Баярцэцэгийн хувьд өмнө нь АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд туслах дүр бүтээсэнээс гадна Хубилайн дүрд дуу оруулсан. Мөн найруулагч Кристофер Копполагийн “Deadbeats” тэргүүтэй Монгол, Америкийн бүрэн болон богино хэмжээний дөрвөн кинонд гол дүр бүтээсэн. Үүнээс гадна “Миний эхнэр тагнуулч”, “My Sacred Blood”, “White on Rice” кинонд туслах дүрд тоглосон юм. Мөн энэ онд зураг авалт нь эхэлсэн “Зоригт Хотолун гүнж” түүхэн тулаант кинонд гүнжийн дүрийг амилуулах гэж байна. 
Тэрээр “Miss world Mongolia” тэмцээнд Зорилго бүхий гоо сайхан тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарсан. Үүнээс гадна Австри улсад болсон “Эх дэлхийн мисс” буюу “Miss Earth” тэмцээнд оролцож 90 гаруй орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 16-д шалгарч байсан. Түүнчлэн шилдэг фото, үдшийн даашинзтай, илтгэгч миссээр тодорсон билээ. А.Баярцэцэг ШУТИС-д Маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын “Mancosa management college”-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр баклаварын зэрэг хамгаалсан. “Явуулын хүн” киноны нээлтийг зорин ирж Улаанбаатарт хэсэг саатаж буй тэрээр дэлхийгээр хэрэн явж, эх орныхоо агаараар ховорхон амьсгалдаг тэр өөрөө “Явуулын хүн” юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.