Д.Тэрбишдагва: Ард түмнээ хандив өргөхийг уриалж байгаа улстөрчид ичээсэй

2017.02.08 Лхагва №006 (2149)

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийсэн. Та Үндэсний аюулгүй байдал болон улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар гишүүдэд мэдээлэл өгч, байр сууриа нэгтгэх уриалгыг гаргаж байсан шүү дээ. Үнэхээр таны яриад байсан шиг ний нуугүй, илэн далангүй ярилцсан хуралдаан болж чадав уу?
-УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн учраас гишүүд нэгдсэн ойлголттой болж чадлаа. Энэ удаагийн шинээр бүрэлдсэн парламентын гишүүдийн 41 нь шинэ гишүүн. Энэ утгаараа шинэ гишүүд маш сайн мэдээлэлтэй боллоо. Манай гишүүд ч Ерөнхийлөгчөөс чөлөөтэй асууж, илэн далангүй ярилцсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 37 нь асуулт асууж, саналаа хэлсэн учраас хурал нэлээд удаан үргэлжилсэн. 
-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл сонссон гэхээр таны ярьж байсан шиг үр дүнтэй хурал болж чадаагүй гэсэн үг үү? 
-Ерөнхийлөгч энэ талаар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан учраас гишүүд өргөн хүрээнд харилцан ярилцах боломж байгаагүй. Ер нь цаашид хаалттай хуралдахаар болбол хэлэлцэх сэдвээ тохироод тодорхой хэмжээнд бэлтгэл хийж байгаад хуралдах ёстой юм байна. Өнгөрсөн пүрэв гаригийн хаалттай хуралдааны тухайд бол Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх зар тараасан. Тэгэхээр гишүүд юугаа бэлдэж очих билээ дээ. Харин тодорхой сэдвийг урьдчилан тохиролцож тэр дагуу гишүүд бэлдэж харилцан ярилцвал үр дүнд хүрнэ. Улс орны амин чухал асуудлууд дээр ингэж байр сууриа нэгтгэж, нэг хүн шиг дуугарахгүй байснаас гишүүд өөр өөрсдийнхөө ойлголтоор ярьдаг. Тэгэхээр ард түмэн хэнд нь итгэх вэ гэх асуудал гарч ирж байгаа учраас эмх цэгцэнд оруулах шаардлага байна. Тухайлбал, гадаад харилцааны болон томоохон стратегийн ордуудынхаа ашиглалтын асуудлыг УИХ-ын хаалттай хуралдаанаар ярилцдаг байх хэрэгтэй. Нөгөө талаар гишүүд камерын өмнө бус хаалттай хуралдахаар тухайн асуудалд үнэхээр чин сэтгэлээсээ хандаж байна. Энэ хэрээр хурал үр дүнтэй болно. 
-Шинэ парламент бүрдсэн даруйд хаалттай хуралдаан хийж цэгцэнд оруулах ёстой байсан гэх санааг та хэллээ. Эртхэн хаалттай хуралдаж асуудлуудаа ний нуугүй хэлэлцсэн бол гишүүд өөр өөрсдийнхөө үзэл бодлоор байр сууриа олон нийтэд илэрхийлж, гадаад дотоодод улсынхаа нэр хүндийг унагахгүй байх байжээ? 
-Уг нь арваннэг, арванхоёрдугаар сарын үед чуулганыг хаалттай горимоор хийсэн бол 76 гишүүн, сайд нар өөр өөрсдийнхөөрөө асуудалд хандахгүй, нэгдсэн байр суурьтай байх байсан. Бидний үйл ажиллагаа цэгцтэй, бодлого нь тодорхой байвал гадны улс орнууд манайд одоогийнхоос хамаагүй илүү хэмжээнд харилцан ашигтай, хамтран ажиллаж, зарим тусламж дэмжлэг үзүүлнэ шүү дээ. Улстөрч өөр өөрийнхөөрөө ярьж байгаа энэ үед бидэнд хэн итгэх юм бэ. Ер нь нэгдсэн байдлаар бодлогоо ярьж аль ч нам засгийн эрхэнд гарсан өмнөх Засгийн газрынхаа үр дүнтэй, зөв бодлогыг үргэлжлүүлдэг байх ёстой. Төрийн залгамж чанар алдагдах ёсгүй. Ийм байхын тулд улс төрийн намууд гарын таван хуруунд багтах чухал асуудлаар зөвшилцөж, сонгуулиар  олонх болсон нам нь тэр байр сууринаас буцдаггүй баймаар байна.
-Олон нийт хаалттай хуралдааны талаар төдийлэн мэдээлэл муутай байна. УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогдсон учраас гишүүдийн ирц ямар байсныг сонирхмоор байна. Нээлттэй горимоор чуулганы хуралдаан хуралдаж байхад гишүүд ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг тохиолдол олон байдаг шүү дээ?
-Манай гишүүд хаалттай хуралдаанд идэвхтэй оролцсон. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас ард түмнээсээ сонгогдсон 76 гишүүн бүгдээрээ байж мэдээлэл сонсч, үзэл бодлоо илэрхийлэх нь чухал. Ер нь гишүүд өглөө цагтаа ажилдаа ирэх ёстой. Цагийг яс баримталж байж ажил урагшилна. Харин хурлын дундуур ажлын хэсгийн хуралд орох, гадаадын зочид төлөөлөгчтэй уулзах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.  
-Энэ удаагийн парламентын анхны намрын чуулган завсарлахад хоёр хоног үлдлээ. Намрын чуулганы хугацаанд хэр үр дүнтэй ажилласан гэж та дүгнэх вэ. Нөгөөтэйгүүр хаврын чуулган эхлэхээс өмнө ээлжит бус чуулган хуралдуулах талаар ярьж эхэлжээ. Үнэхээр намрын чуулганы хугацаанд асуудлуудаа хэлэлцэж амжаагүй юм уу?
-Ажлыг цагт нь л хийх хэрэгтэй. Хуралдсан шиг хуралдаад хугацаандаа асуудлаа шийдээд явдаг болмоор байна. Одоо бол өөх ч биш булчирхай ч биш байгаа шүү дээ. Харин өнгөрсөн пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаан шөнийн 00:00 цаг өнгөртөл үргэлжилсэн. Ингэж хуралдаж байж ажил урагшилна. Өдөр бүр ажиллабал манайх улс төр, нийгэм, эдийн засгийн хямралаас гарч чадна. УИХ-ын гишүүд бүгдээрээ “Бид манлайлах ёстой шүү” гэж хичээж ажиллах ёстой. Ажил хэрэгч байдлаараа манлайлбал ард түмэн “Бид ч бас ингэж ажиллах ёстой юм байна” гэж үлгэр дуурайлал авна. Харин гишүүд маань ажилдаа цагтаа ирэхгүй, хуралдаа суухгүй, хэлж ярьж байгаа үг нь хэрүүл маргааны шинжтэй байвал ард түмэн хүлээж авахгүй гэдгийг гишүүд дор бүрнээ ухамсарлаж, төрийн түшээ хүн гэдгээ үргэлж санаж явах ёстой. 
Одоохондоо ээлжит бус чуулган хуралдуулах талаар яриагүй байна. Магадгүй төсөвт тодотгол хийхээр ээлжит бус чуулган зарлахыг үгүйсгэхгүй. Засгийн газар ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгааг хэлж мэдэхгүй байна.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар таниас асуумаар байна. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийн талаар амтай болгон л ярьж, манайх хамрагдах ёстой, ёсгүй гэх байр суурь илэрхийлж эхэлсэн. Энэ асуудалд таны байр суурийг сонсмоор байна?
-Би ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ёстой гэж бодож байгаа. Гэхдээ энэ хөтөлбөрт хамрагдахгүй л бол Монгол Улс оршин тогтнохгүй юм шиг ярьж байгаа нь өрөөсгөл юм. Монгол Улсыг “Стэнд бай” хөтөлбөр, эсвэл гадаадын аль нэг улс хөгжүүлэхгүй шүү дээ. “Алтан ембүү харахаараа алгаа тосдог аав уу даа” гэдэг шиг гадаадын тусламж дэмжлэгийг хараад гараа хумхиад сууж болохгүй.  Монгол Улсаа бид өөрсдөө хөгжүүлэх ёстой. Бидэнд хөгжлийн боломж бий юү гэвэл бий. Оюунлаг чадварлаг монголчууд байна уу гэвэл байна. Эхлээд бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж эдийн засгийн хүндрэлийг яаж даван туулах вэ гэдгээ ярилцах ёстой. Гэтэл УИХ-ын гишүүд ажилдаа цагтаа ирэхгүй, хуралдаа суухгүй байна гэх явган хэрүүл хийгээд сууж байна. Уг нь аль аль талдаа сахилга баттай байж, өдөр шөнөгүй хуралдаж, гарц боломж бүрийг ярилцаж байж эдийн засгийн хүндрэлээс гарах зөв шийдлийг олно. Бид сахилга бат, дэг журамгүйгээс болоод маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаа алдаж байна. Би сахилга бат, дэг журмыг үндэсний баялаг гэж үздэг. Дэлхийн улс орнуудыг судлаад үзэхээр байгалийн баялаг ихтэй гэхээсээ илүү хүндээ чиглэсэн бодлого хэрэгжүүлж чадсан нь хөгжсөн байдаг. Ард иргэд нь оюунлаг, эв нэгдэлтэй, хөдөлмөрч улс орон л хөгжиж байна. Тиймээс монголчууд эв нэгдэлтэй байж том зорилгын төлөө явах хэрэгцээ шаардлага үүсчээ. Үүнийг төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд, сайдууд, аймаг, дүүргийн удирдлагуудаасаа эхлүүлье л дээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Тиймээс УИХ-ын гишүүн, сайд, дарга нар болсон нөхдүүд суудал дээрээ суусан шиг сууж, ажил хэрэгч, хариуцлагатай байя. Ингэж байж бүгд гүйдэл, суудлаа олно.
-Гадаадын зээл тусламжид найдаж суулгүйгээр улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргах гарцыг өөрсдөө олох ёстой гэж та хэлж байна. Мэдээж энэ нь оновчтой бодлого, шийдвэр байх л даа. Гэхдээ зарим гишүүн өрөө төлөхдөө нэмэрлээрэй гэж улсдаа хандив өргөж байна. Гаргаж байгаа бодлого шийдвэрийн хүчинд хүндрэлээс гарах бус ард иргэдийг хандив өгөхийг уриалж байгаа нь хэр зөв зүйтэй алхам юм бэ?
-Энэ маш буруу жишиг. Эрх баригч нарт “Ард түмнээсээ ич, бас дахин ич” гэж хэлмээр байна. Асар их хэмжээний баялагтай, 60 сая малтай, газар тариалан, улаан буудайны хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа улс орны төр засагт ажиллаж байгаа хүмүүс ард түмнээсээ тусламж хүсэх санаачилга гаргаж байгаагаасаа ичих хэрэгтэй. Үүнийхээ оронд улстөрчид бид өөрсдөө хямралаас гаргана гэдгээ зарлах ёстой юм. Иймээс сайн ажиллахаас өөр сонголт бидэнд алга байна шүү дээ. Төрийн ордон 24 цаг гэрэлтэй байж маргалдаж мэтгэлцэх үедээ маргалдаж, ойлголцох үедээ ойлголцож байж зөв шийдэл гаргаж, байгаа боломжуудаа ашиглаж улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргана. Ингэж ажиллахгүйгээр ард түмнээсээ хандив гуйна гэдэг бол хариуцлагагүй байгаагийн бас нэг илрэл. Монгол Улс 1990-2000 он хүртэл 2.3 тэрбум ам.долларын зээл тусламж гадны улс орнуудаас авсан байдаг юм. Харин одоо 24 тэрбум ам.долларын гадаад өртэй болчихоод байна. Өрнөөсөө гарахын тулд цэгцтэй байж гадаадаас авч буй зээл тусламжыг үр дүнтэй, зохистой зарцуулж,   экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Бид маш сайн зохион байгуулалттай ажиллавал зургаан сарын дотор Монгол Улс эмх цэгцтэй болж, хоёр жилийн дотор хямралаас гарч чадна. УИХ-ын гишүүн, сайд дарга нараас аваад малчин, тариаланч, жирийн ажилтнууд, компанийн захирал эздүүд гээд нийт монголчууд бүгдээрээ ажил хөдөлмөрийнхөө бүтээмжийг 10, 20 хувь нэмэгдүүлэхэд манай эдийн засаг маш хурдан сэргэнэ, үүнд л уриалж, үлгэр дууриалал үзүүлэх ёстой байтал мөнгө хандивлахыг уриалах  нь зарим талаар өрөөсгөл зүйл. Цэгцтэй, дэг журамтай Монгол Улстай өндөр хөгжилтэй, хариуцлагатай улс орнууд л харилцана. Хариуцлагатай улс орон замбараагүй улстай хэр хэмжээнд нь л тааруулж харилцаж байна. 
-Хариуцлага, эмх цэгцгүй байдал өнгөрсөн 26 жилд гаарчээ. Одоо энэ парламентын үед цэгцэнд нь оруулж чадах болов уу? 
-Цэгцтэй байж том зорилгынхоо төлөө ажиллах ёстой. Манайх Эгийн голын усан цахилгаан станцыг л гэхэд 25 жил ярьж байна шүү дээ. Чөлөөт бүс, эрчим хүчний томоохон эх үүсвэртэй болох асуудлыг хэчнээн ч жил ярив. Анхны Ерөнхийлөгч дээлийнхээ энгэрт тос нялсан цагаас хойш л нефть боловсруулах үйлдвэртэй болох тухай ярьсан. Гэвч бодит байдалд нэг нь ч биелээгүй байна. Зорилго тавьсан бол түүндээ хүрэх ёстой. Ингэж байж дараагийнхаа зорилгыг тавьдаг болвол бид хөгжинө. Тэгэхгүйгээр сүрэг хонин дотор орсон чоно шиг бүх зүйлийг сэглэж хаяад урагшилна гэж байхгүй. Энэ парламент, Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд улс орны язгуур эрх ашигт нийцэх асуудлуудаас заримыг нь шийдвэрлэх хэрэгтэй. Тэг л гэж биднийг УИХ-д үнэмлэхүй олноор 65 хүнийг сонгосон.  Төр засаг ийм байдлаар ажиллаж ирсэнд тогоон дотор нь байсан хүнийхээ хувьд би өөрийгөө ч буруутгадаг. Тиймээс өмнөх алдаагаа засч манлайлж ажиллахыг эрхэмлэж ирсэн. 
-Сангийн сайд Б.Чойжилсүрэн ирэх хавар гэхэд мега төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийг сэргээх ажлуудыг үе шаттайгаар хийнэ гэсэн. Гэтэл одоо энэ төслүүдийн бэлтгэл ажил нь хангагдаагүй, хаанаас санхүүжүүлэх нь ч тодорхойгүй байх. Ам ажил нь зөрж байгаа нь нөгөө л хариуцлагагүй байдлын илрэл юм болов уу?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд засгийн эрх барьж байсан улс төрийн хүчний зарим алдаатай үйл ажиллагааны үр дүнд мега төслүүдээ урагшлуулж чадаагүй. Харин энэ удаад нэг нам үнэмлэхүй олонхи болсноор том төслүүд хөдлөх нь гэх хүлээлт олон нийтийн дунд бий. Энэ оны төсвийг батлах үед Засгийн газар “Ирэх хавар бүтээн байгуулалтын улирал эхлэхээс өмнө зарим томоохон төслийг хөдөлгөх бэлтгэл ажил хангагдсан байх болно” гэж тайлбарлаж байсан. Гэтэл бэлтгэл ажил нь хангагдахгүй байсаар бүтээн байгуулалтын улирал эхлэх гэж байна. Тэгэхээр 65 гишүүнтэй үнэмлэхүй олонхи болгож өгсөнд ард түмэндээ баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Харин талархсан сэтгэлээ ажлын амжилтаар хариулах ёстой. Бидэнд ухрах зам байхгүй учраас янз бүрийн тайлбар хэлэх шаардлагагүй, урагшаа яваад ард түмнээрээ дүнгээ тавиулах хэрэгтэй. Засгийн газар зөв төсөл, зөв бодлогоо оруулаад ир. Өөрөөр хэлбэл, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, мега төслүүдээ явуулах хэд хэдэн хувилбар оруулж ирээд хэлэлцүүлж байж шийдвэрээ гаргуулах ёстой. Түүнээс биш энэ л туйлын зөв гэсэн ганцхан хувилбар оруулж ирээд УИХ-ыг шахаж болохгүй. Тэр нь хардлага төрүүлээд урагшлахгүй байна шүү дээ. 
-Засгийн газар мега төслүүдээ явуулах ганц ч хувилбар оруулж ирээгүй байгаа нь хэт удаан ажиллаж байгаагийн илрэл үү?
-Засгийн газарт тодорхой асуудлуудад хурд дутаж байгаа нь үнэн. Зарим чухал асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхгүй байгаа нь нийтэд Засгийн газрыг хариуцлагагүй, сул байна гэж бодогдуулахад хүргэж байна. Цаашлаад зөвхөн Засгийн газар ч биш УИХ-ын гишүүд олонхи, цөөнхи гэхгүй дор бүрнээ идэвх, санаачилга, хариуцлагатай байхад анхаарах хэрэгтэй.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.