АН фракцууддаа албан тушаалаа ингэж хуваарилна

2017.02.08 Лхагва №006 (2149)

АН-ын түүхэнд бүлгийн дарга нь намын дарга, намын дарга нь бүлгийн даргын албыг давхар хашиж байсан тохиолдол үгүй. Гэхдээ “Шонхор” фракцаас “Шонхор”-т намын даргын тамга шилжих учир С.Эрдэнэ энэ албан тушаалыг давхар хашаад явах боломж бий ч бусад фракцууд ийм боломж олгохгүй л болов уу. Яагаад гэвэл, өнгөрсөн парламентын сонгуулийн үр дүнгээр УИХ-д есөн суудал авсан АН албан тушаалын бялууг фракцууддаа эн тэнцүү хуваарилсан билээ. Сөрөг хүчний намын бүлгийн дарга гэдгээрээ УИХ дахь хамгийн том албан тушаалыг “Шонхор” фракц намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэсэн тохироотой авсан ч хэлсэн, ярьснаасаа буцсан. Энэ нь бусад фракцын эгдүүцлийг төрүүлсэн учир генсекийг “Алтангадас”, бүлгийн даргыг МҮДН фракцид өг гэх шахалтыг С.Эрдэнэд үзүүлж эхэлсэн байна. С.Эрдэнэ фракцуудтайгаа тохирохоос өөр аргагүй. Хэдийгээр АН фракцгүй болно гэж ярьж буй ч хөшигний цаана фракцуудтайгаа эв нэгдэлтэй байхгүй бол ажил урагшлахгүй. Магадгүй түүнийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа огцруулчихаж ч мэдэх хүмүүс. 

АН гишүүдээсээ сонгосон даргаа энэ сарын 12-нд болох Их хурлаараа батламжилна. Үүнээс өмнө ҮЗХ-г хуралдуулж, Их хурал зохион байгуулах комисс байгуулж, хурал удирдах хүмүүсийг сонгох ёстой. Өмнөх VI Их хурлыг есөн хүн удирдсан бөгөөд бүгд аль нэг фракцын төлөөлөл байжээ. Гэхдээ ирэх ням гарагт VII Их хурал болох учраас цаг хугацааны хувьд ҮЗХ хуралдаж амжихгүй болж таараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, ҮЗХ-г зарлан хуралдуулж, VII Их хурал зохион байгуулах комисс байгуулж, хуралд бэлтгэж амжихгүй нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс өнгөрсөн долоо хоногт “Шонхор таур”-т хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс дээрх хоёр асуудлыг шийдсэн гэх мэдээлэл байна. 
Одоо тэгэхээр намын даргаар сонгогдсон С.Эрдэнэ Их хурлынхаа үеэр гишүүдээрээ батламжлуулж, жинхэнэ дарга болохын тулд гишүүдээ багцалж, фракцуудтайгаа тохирох хугацаа үлдээд буй гэсэн үг. Үүний тулд МоАХ, МоАН фракцтай тохирох хэрэг гарчээ. Тэд хоёул намын гал тогоог барих генсекийн суудлыг авна гэж байгаа бол С.Эрдэнэ М.Батчимэг эсвэл Г.Байгалмаа хоёрын аль нэгэнд нь өгөх тохироо хийсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ М.Батчимэг илүү магадлалтай байгаа аж. Харин МоАН фракцад нэг дэд даргын суудлыг өгнө. Энэ албан тушаалд очих хүн нь УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж гэнэ. Гэхдээ “Алтангадас” фракцаас албан тушаалд очсон УИХ-ын дэд дарга Я.Санжмятав бүлгийн дарга болохгүй бол тус фракц генсекийн суудлыг авахаар тохирчээ. Өөрөөр хэлбэл, эхлээд УИХ дахь намын бүлгийн даргыг аль фракцад өгөх вэ гэдгээ шийдэх аж. Үүний дараа генсекээ аль фракц авах вэ гэх зураг гарч ирнэ. Генсекийг “Алтангадас” авбал намын нөгөө дэд даргыг нь УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан Г.Байгалмаад өгнө гэх мэдээлэл байна. 
Бүлгийн даргад өрсөлдөж буй хамгийн боломжит хувилбар нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гэнэ. Тэрээр өмнөх парламентын үед бүлгийн дарга хийж байсан туршлагатай гэдгээрээ 65-ын бүлгийн өөдөөс хүчтэй сөрөг хүчин болж ажиллаж чадна гэж гишүүд нь үзэж байгаа аж. Тэр МҮДН фракцынх. Тэгэхээр “Алтангадас”, МҮДН хоёрын тохироонооос энэхүү албан тушаалд хэн очих вэ гэдэг нь тодорхой болно гэдгийг эх сурвалж хэлсэн юм. МҮДН бүлгийн даргыг авч чадахгүй бол намын дэд даргад УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Н.Жаргаланг зүтгүүлэх “захиалгыг” С.Эрдэнэд өгчээ. Түүнчлэн намд парламент хариуцсан нарийн бичгийн даргыг УИХ-ын гишүүдээсээ томилж таарахаар байна.  Албан тушаалын хуваарилалт ийм сценараар өрнөх ч намын Үндсэн дүрмийн төслийг орхигдуулж болохгүй. VII Их хурлын гишүүд хоёрдугаар сарын 12 намынхаа Үндсэн дүрмийг батална. Дүрэмд намын даргын эрх мэдлийг яаж тусгахаас С.Эрдэнийн эрх ямба хэмжигдэх юм. Ямартай ч намын даргыг тэргүүн гэж өөрчилж, бүрэн эрхийн хугацаа нь хоёр жил бөгөөд нэг удаа сунгахаар тусгажээ. ҮЗХ-г Үндэсний бодлогын хороо гэж нэрийг нь өөрчлөн 380 гишүүнтэй байхаар зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдтэй байна. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн татвар гурван сая төгрөг байхаар тусгаад байгаа юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.