Талын монгол дэлхийн монгол болов

2017.02.08 Лхагва №006 (2149)

Цахиагийн Элбэгдорж. Ховд аймгийн Зэрэг сумын жирийн малчны хүү, “Эрдэнэт” үйлдвэрийн машинист, армийн сонины сурвалжлагч явсан залуу Ардчилсан Монгол Улсын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий, амжилттай улстөрчийн нэг болж, Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан түүх өөрөө тун сонирхолтой судлагдахуун. Гэхдээ энэ сонирхолтой, содон замналын талаар ярихаас өмнө Ц.Элбэгдорж хэмээх бие хүн Монгол Улс, Монголын ард түмэнд юу өгсөн бэ, хөгжил цэцэглэлтэд нь хэрхэн хувь нэмэр оруулав гэдэгт хариулт эрэх хэрэгтэй. Найман жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллаад, эрх мэдлийн өндөр сэнтийнээс хагас жил хүрэхгүй хугацааны дараа буух гэж буй энэ өдрүүд л энэ асуултыг асууж, хариулт эрэх цаг нь юм.
Ц.Элбэгдоржийн улс төрийн үйл ажиллагаа өргөн хүрээтэй учраас бодитой ярихын тулд зааглаж авч үзэхээс өөр аргагүй. Ардчилсан хувьсгал, мал хувьчлалаас эхлээд 1996 оны ялалт, хоёр удаагийн Ерөнхий сайд, хоёр удаагийн Ерөнхийлөгч гээд явж өгнө. Эндээс цаг хугацааны хувьд ч, хариуцлагын хувьд ч хамгийн ойрхон сонсогдож буй нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй сүүлийн найман жил. 
Монгол Улсын Үндсэн хуульд, “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн заалт бий. Энэ заалт дахь “Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” хэмээх нь дотоодод гэхээсээ илүү гадаад ертөнцөд хандсан санаа. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад ертөнцөд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэх учиртай хүн. Ц.Элбэгдорж энэ үүрэг, соёрхлоо хэрхэн биелүүлсэн бэ?

Санаачилга
Ц.Элбэгдорж хэмээх улстөрчийг бусдаас ялгаж, өндөрт байлгадаг гол онцлог бол “Идэвх санаачилга”. Нийгэмд ул дол болсон асуудал биш, цоо шинэ зүйлийг шүүрэн гаргаж ирдэг чанар нь олон улсын харилцаанд ч ажиглагдана. 2014 онд гаргасан Цаазаар авах ялаас татгалзах тухай санаачилга, түдгэлзүүлсэн шийдвэр нь ардчилсан засаглал бүхий дэлхийн улс орнууд, хүний эрхийг дээдэлдэг олон улсын байгууллагуудын дунд Монгол Улсын нэр хүндийг мэдэгдэхүйц өргөсөн. 2011 онд Олон улсын Олимпийн хорооны төв байранд зочлох үеэрээ 2040 оны зуны Олимпийг Монгол Улс зохион явуулах боломжтой хэмээн мэдэгдсэн нь Монгол Улсын амбицыг спортын салбарт товч бөгөөд тодорхой илэрхийлсэн мэдэгдэл болж түүхэнд үлдэнэ. Мөн ондоо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын газар шороонд цөмийн хог хаягдал булшлахгүй” гэж дэлхий дахинд зарласан нь технологийн эрин зууны гол зөрчлүүдийн нэг болсон энэ асуудлыг хилээс гадуур нэг мөр шийдсэн. Лавшруулаад Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай тунхаглалуудад гарын үсгээ зурсан. 
Хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараагаас Ц.Элбэгдоржийн санаачилга илүү өргөсөж ирсэн нь харагдана. Нэг талаар Монгол Улсын амбицыг илэрхийлсэн, нөгөө талаар Ц.Элбэгдорж хэмээх улстөрчийг олон улсын улс төрийн тавцанд гаргаж ирсэн энэ санаачилгуудын эхнийх нь Зүүн хойд Азийн тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хийх санаачилга. Мьянмар, Киргиз, Афганистан, Хойд Солонгост Монголын шилжилтийн туршлагаас түгээх зорилготой “Олон улсын хамтын ажиллагааны сан”-г Гадаад харилцааны яамны дэргэд санаачлан байгуулсан. Энэ бүх санаачилгуудаас хамгийн даацтай нь Монгол Улсыг төвийг сахисан статустай болгох тухай санаачилга байлаа. 
Улстөрчид, мэргэжлийн дипломатчдын дунд ихээхэн маргаан өрнүүлж буй энэ санаачилга, хуулийн төсөл болж УИХ-д өргөн баригдаад байгаа. Монгол Улсад төвийг сахих статус хэрэгтэй эсэх дээр зөрүүтэй санал бодлууд чамгүй их байгаа ч, төвийг сахих статустай болсноор улс орны тусгаар тогтнолд аюул учирна гэж барим тавим баталсан нь цөөн. Асуудалд улс төрийн гэхээсээ улс орны эрх ашгийн үүднээс ханддаг дипломат албаны ноён нуруу болсон томоохон Элчин сайд нар харин энэ тал дээр нэлээд эерэг, өөдрөг байр суурь илэрхийлж байгааг анзаарахгүй өнгөрч боломгүй. Тухайлбал, Монголын Геополитикийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Ж.Чойнхор, “Манай гадаад бодлогын энэ шинэ алхам чухал ач холбогдолтой гэж би үзэж байна. Монгол Улс НҮБ-д элсээд 50 гаруй жил боллоо. Энэ хугацаанд Монгол Улс энхийг эрхэмлэсэн, эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг дэмжсэн, түүний гишүүнээр ажилласан билээ. Иймээс Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энх тайванч гадаад бодлого, дэвшүүлж байсан санал санаачлагын зүй ёсны логик үргэлжлэл болж байгаа юм” хэмээн дүгнэсэн. Харин Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Баясах энэ талаар, “ Төвийг сахих бодлого Монголын гадаад бодлогын хөгжлийн шатанд гарч ирж байгаа зүйл. Монгол Улс 1990-ээд онд Орос, Хятадтай тэнцвэртэй бодлого барина гэдгээ зарласан. Тэр цагаас хойш УИХ-аас хоёр ч гадаад бодлогын үзэл баримтлалыг баталсан. Эхнийх нь 1993 онд, хоёр дахь бодлого нь 2011 онд батлагдсан. Уг бодлогод юу заасан бэ гэхээр хоёр хөрштэйгөө харилцахыг нэгдүгээрт тавьсан. Энэ тохиолдолд гадаад бодлого босоо тэнхлэгээр явж байгаа байхгүй юу. Судлаач хүний хувьд Монголын гадаад бодлого хэвтээ тэнхлэгээр явах ёстой гэж үздэг. Ингэж байж хөгжлийн харьцаа үүснэ. Хэвтээ тэнхлэг гэдэг нь Европын холбоо, зүүн талд Ази, Номхон далай, БНСУ, Япон, Америк орныг хэлж байгаа юм. Монгол Улс 2000 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д ажиглагчийн статустай болсон. Тэр үеэс өнөөг хүртэл ажиглагчийн статусаа барьж ирсэн. Хоёр хөршийн зүгээс “Энэ байгууллагад гишүүнээр элс” гэдэг шахалт үзүүлдэг. Азийн таван улсаас ШХАБ-д ороогүй цөөн орон бий. Нэг нь Туркместан. Туркместан улс 1995 онд Монгол Улсын нэгэн адил төвийг сахих бодлого барина гэдгээ зарласан. Энэ жишгээр бид НҮБ-ын индэр дээрээс зарлачихаар ШХАБ-ын гишүүнээр элсэхгүй байх боломжтой” хэмээж байв. Мөн дипломатч Д.Баярхүү www.news.mn сайтад өгсөн ярилцлагадаа, “Монгол тусгаар тогтнолоо 1911 онд тунхаглаж байхдаа тэр үеийн удирдагчид нь гуравдагч хөршийн эрэлд гарч аргаа барагдтал ажилласан. Дараа нь 1920-иод онд эл баримтлал Жамсрангийн Цэвээний үзлээр цааш хэлбэржсэн бөгөөд “СССР, Хятад хоёроос баталсан, олон улсаас хүлээн зөвшөөрөгдсөн төвийг сахих статустай улс болох хэрэгтэй. Үлгэрлэвээс Швейцарь лугаа адил буй” хэмээн бичиж байсныг дурдаж байв. 
Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар “Монгол HD” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлэгт орох үедээ, “Жижиг орны гадаад бодлого сюрприз багатай байх нь дээр. Манай Ерөнхийлөгч хэтэрхий их сюрприз бариад байна” хэмээн шүүмжилсэн. Салбарын яамыг толгойлж байсан хүний хувьд энэ бол санамсаргүй үг биш. Гэхдээ Монгол Улс эдийн засгийн хөгжлийн хувьд доогуур учраас олон улсын тавцанд дор дуугарч, доогуур сууж явах нь хэр зохистой вэ гэсэн асуулт эндээс ургана. Монгол Улс хэдийгээр олон тулгуурт гадаад бодлогын үзэл баримтлалаа дэлхий нийтэд тунхаглаад 20 гаруй жил өнгөрч байгаа ч эдийн засаг, хөгжлийн хувьд хоёр хөршөөсөө хэт хараат, хатуухан хэлбэл “нуман тулгуур”-т байгаа нь нууц биш. Сүүлийн гурван сард урд хөрштэй үүссэн нөхцөл байдал үүний наад захын жишээ. Ийм байтал Монгол Улс төвийг сахих статусаа зарлах амбицтай буйгаа дэлхий нийтэд зарласан нь, Г.Занданшатар гишүүний хэлсэн шиг “сюрприз” биш нэлээд ул суурьтай алхам болох нь анзаарагдана. 

Ялалтын баяр ба гурван улсын хэлэлцээр
2015 онд Эх орны дайны 70 жилийн ойг хойд хөрш маань өргөн дэлгэр тэмдэглэв. Алдарт Ялалтын парадад тэр жил анх удаа Монгол цэргүүд алхсан юм. Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ ялалт байгуулахад Монголын ард түмний тусламж үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархан өгүүлсэн. Манай Ерөнхийлөгч ялалтын түүхэн ойд “Ялалтанд тэмүүлсэн монгол морьд” хэмээх сүрлэг хөшөөг бэлэг болгон авч очсон юм. 
Дэлхийн хүчирхэг их гүрэн Энэтхэгийн араас Улаан талбайд хөл тавин орж ирсэн Монгол цэргүүд хэдхэн сарын дараа Бээжингийн Тянь-Анмины талбайд мөн алхлаа. Чөлөөлөх дайны ялалтын баярт оролцсон нь энэ. Ийнхүү хүчирхэг хоёр хөрш маань Монгол Улсын түүхэн гавьяаг хүндэтгэн, тусгаар улс гэдгийг нь ахин өндөр түвшинд хүлээн зөвшөөрсөн нь энэ юм. 
Үүнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар хүчирхэг хоёр хөршийн төрийн тэргүүнтэйгээ тогтмол уулзаж, хэлэлцээр хийх болсон. Гурван талт уулзалтын эхнийхийг 2014 оны есдүгээр сард Тажикстан улсын нийслэл Душанбе хотод хийсэн бол хоёр дахь уулзалтыг 2015 оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотноо хийсэн бол гурав дахь нь өнгөрсөн онд Ташкентэд болсон. Эдгээр хэлэлцээний үр дүнд гурван улс хоёр тивийн холбосон эдийн засгийн коридор байгуулах тохиролцоонд хүрч чадсан. Энэ бол Монгол Улсын гадаад бодлогодоо хийсэн томоохон алхам, “ялалт” байв. 

Хандлага өөрчилсөн АСЕМ
Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчөөр ажиллах хугацааны хамгийн оргил үйл явдал нь юу вэ гэвэл АСЕМ гэж олон хүн дуу нэгтэй хариулах байх. 2014 онд Италийн Милан хотноо болсон Ази, Европын дээд түвшний 10 дугаар уулзалт (АСЕМ)-ын хаалтын зурган дээр Еврокомиссын тэргүүн Хосе Мануэл Бароссогоос эхлээд ойрхи цаг үед дэлхийн бодлогыг тодорхойлж буй лидерүүдийн голд манай Ерөнхийлөгч зогсон патиардуулатхав. Энэ уулзалтаас Монгол Улс АСЕМ-ын дараагийн уулзалтыг зохион байгуулах эрх авсан. АСЕМ бол шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид сонирхсон асуудлаар санал солилцож, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр буюу форум. ХБНГУ-ын канцлер Ангела Меркел, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск тэргүүтэй дэлхийн улс төрийн лидер, бодлого тодорхойлогчид манай нийслэл хотод цугларч ажил ярив. Энэ удаагийн АСЕМ-д дэлхийн 51 орон, олон улсын хоёр байгууллагын 4000 гаруй төлөөлөгч оролцсоны дотор 60 гаруй дээд түвшний төлөөлөгч байсан. 11 төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, 13 Гадаад хэргийн сайд Азийн Монгол оронд өмнө нь нэг дор чуулж байсангүй. 51 орны төлөөлөгчид, төр засгийн тэргүүнүүдээ дагаж ирсэн бизнесменүүд АСЕМ-ын үеэр 62 удаа уулзалджээ. Туркэд амжилтгүй болсон төрийн эргэлт, Францад гарсан террорист халдлагын талаар дэлхийн лидерүүд Улаанбаатараас байр сууриа илэрхийлсэн.
Хэдэн дарга нар ирээд явна л биз, бидэнд юуны хүртээл байх вэ гэж гэж тоомжиргүйхэн хандаж байсан олон монголчуудын бодол АСЕМ-ын дараа өөрчлөгдсөн нь лавтай. АСЕМ-ыг зөвхөн Ц.Элбэгдоржийн амбиц гэж мушгиж тайлбарлах улстөрчид цөөнгүй байсан ч бүх зүйл болоод өнгөрсний дараа монголчууд бидний талцал мөчөөрхөлөөс дэндүү өндөр зүйл байсныг ойлгоцгоов. Үүнийг дагаад Ерөнхийлөгч маань ер нь ямар хэмжээний улстөрч вэ, бид чинь дөрвөн уулын дундахь утаат хотод биш, дэлхийн олон орны хүрээлэлд амьдарч байгаа юм байна гэдгийг монголчууд сэхээрцгээсэн болов уу. Бид чинь удирдагч шиг удирдагчтай, түүнийг нь дэлхийн хүмүүс хүндэлдэг, тоодог, улс шиг улс юм байна гэсэн бодол олон иргэний дотор төрсөн нь дамжиггүй. Дотооддоо ч яахав иймэрхүү сэтгэгдэлтэй хоцорцгоолоо. Харин газрын зурган дээр Монгол Улсыг оноож зааж чадахгүй дэлхийн олон хүнд Монгол гэдэг хөгжиж буй, өрнө дорнын соёл  иргэншил хосолсон, орчин үеийн улс гэсэн асар далаацтай сурталчилгаа АСЕМ болсон долоо хоногийн турш хүрлээ. 
Монголд анх удаа байгуулагдсан Олон улсын мэдээллийн төвөөс 700 гаруй сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээлэл дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудаар тарж байлаа. Энэ өдрүүдэд зурагтаараа гадаадын сувгуудыг үзсэн хүмүүс дэлхийд данстай арга хэмжээг хүлээн авч, бахархацгаасан. Энэ уулзалт энэ мэтээр олон монголчуудын хандлагыг өөрчилж, итгэл өгсөн гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. 

Шударгаар үнэлэх цаг нь иржээ...
Олон улсын харилцааг  бид өнөө маргаашаа харсан сандал суудлын сөргөлдөөнтэйгөө адилаар харж болохгүй. Урт хугацааны бодлого, эерэг хандлага энд шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд, хэн санаачилгатай байж, хэн алсыг харж чадсан нь он удсаны дараа байр сууриа хадгалан үлдэж, нөлөөгөө тэлэх болно. Энэ бол даяаршиж буй дэлхий ертөнцийн шинэ хууль. 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэгэнтээ хэлж байсанчлан, “Цаг хугацаа бол түүхийн шүүгч, түүний өмнө бид толгой өндөр очих ёстой”. Хойч үедээ бид толгой өндөр, лидер улсыг өвлүүлэх үү, их гүрнүүдийг хормойдсон лойдоруудын орныг өвлүүлэх үү? Олон хүчин зүйл биднийг лидерийн тавцангаас түлхэж байж болно. Гэхдээ лойдор л байж болохгүй.
Монгол Улсын амбиц, хараат бус байдлыг дэлхий нийтэд ухаалгаар таниулах гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хичээл зүтгэлийн гол үр дүн нь АСЕМ байсан. Харин үр шимийг нь ирээдүй үе маань хүртэнэ. АСЕМ-аас гадна Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орноор элссэн, Зүүн Хойд Азийн асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх яриа хэлэлцээний шинэ механизм бий болгосон гээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хичээл зүтгэлээр биелэлээ олсон олон ажлыг жагсаагаад харахад “Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” хэмээх Үндсэн хуулиар оноогдсон чиг үүрэг, ард түмний сонголтоор ирсэн хувь зохиолоо Ц.Элбэгдорж хэмээх бие хүн нэр төртэйгөөр үүрсээр найман жилийг өнгөрөөжээ. 
Ц.Элбэгдоржийн энэ найман жилд хэрэгжүүлсэн гадаад бодлогыг товчхондоо “жижиг орны том улс төр” гээд тодорхойлчихож болмоор юм шиг. Эдийн засгийн хөгжил, багтаамжаар хэдий жижиг орон гэгдэж буй ч, дэлхийн бодлогод жин дарах хэт амбицтай юм шиг хэрнээ ухаалаг бодлогыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж барьж иржээ. Дөнгөж нээгдэж буй Куба улсад лекц уншиж, Ираны цөмийн байгууламжтай танилцаж аль том орны лидерийн мөрөөдөхөөр алхамуудыг тэр бүрэн эрхийнхээ хугацаанд хангалттай хийв. Үр дүнд нь дэлхийн дахины Монголыг харах өнцөг тэлж, олон улсын харилцаанд нэгэн шинэ хуудас нээгдлээ. 
20 гаруй жилийн тэртээ нийтлэлч С.Цогтсайхан, “Монголын нийгмээс Ц.Элбэгдорж гэдэг хүнийг эгнэгт зайлуулчихлаа гэж төсөөлөх гээд үз дээ?” гэж асууж байлаа. Өнгөрсөн найман жилийн турш, ер нь улстөрчийнхөө замналын турш Ц.Элбэгдоржийн эх орныхоо үүрэг нөлөөг дэлхийн тавцанд тэлэхийн төлөө хийж ирсэн үйл хэргийг бид бодитой, шударгаар үнэлэх цаг нь иржээ. С.Цогтсайхан агсны асуултанд хариулт байна. Өнгөрсөн 27 жилийн Монголын амьдралыг Ц.Элбэгдоржгүйгээр төсөөлөх арга алга. Дотоодод ч, дэлхийн тавцанд ч...


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.