Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намын тоо нэмэгдэхгүй. Харин хасагдах магадлалтай

2017.02.01 Лхагва №005 (2148)

-Нэр дэвшигчид тавдугаар сарын 7-ны дотор тодорно-

 

Монголын улстөрчид сонгуулиас сонгуулийн хооронд “амьдардаг” гэх хошин маягийн үг бий. Амьдрал нь сонгуулийн үр дүнгээс хамааралтай байдаг улстөрчид төдийгүй төрийн албан хаагчдад бол энэ нь үнэн үг. Ер нь аливаа сонгууль юуны гэдгээсээ үл хамаарч олны анхаарлыг татдаг. АН-ын даргын сонгууль дууссаны дараа цахим орчинд бичигдсэн “Одоо Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл уйдаж үхнэ ээ, хэдүүлээ” гэх сэтгэгдэл үүнийг илэрхийлнэ. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээллүүд одоо ч олны анхаарлыг татаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл, эхнээсээ зарим зүйл нь тодорхой болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй нь тодорхой боллоо. Мөн УИХ-аар Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарласнаар санал хураалт явуулах, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн саналыг авах өдөр зэрэг ерөнхий мэдээллүүд нь тодорхой болов. Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-ний даваа гаригт зохион байгуулахаар болсон юм. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой цаг хугацаа заасан бүх ажлыг хэзээ хийх нь тодорхой болж байгаа юм. Тухайлбал, хэддүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ямар процесс өрнөхийг тоймлон хүргэе.

Ирэх хоёрдугаар сард Сонгуулийн ерөнхий хороо хэсэг байгуулах, цаг хугацааны хуваарь гаргах зэрэг ажил хийх бол Үндэсний аудитын газар зардлын дээд хэмжээг тогтоох юм. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хийх бүх ажлыг цаг хугацааных нь дарааллаар тогтоож хугацааг нь тодорхой зааж өгдөг. Үндэсний аудитын газар нь нэр дэвшигчдийн сурталчилгаандаа зарцуулах зардлын дээд хэмжээг тогтооно гэсэн үг. Зардалтай холбоотой өөр нэг зүйлийг онцлоход, Ерөнхийлөгчийн сонгуульд 14 тэрбум төгрөг зарцуулахаар энэ жилийн төсөвт суулгаад байгаа юм.
Гуравдугаар сард Улсын бүртгэл, оюуны өмчийн газар сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж цахим хуудаст байршуулах, Сонгуулийн ерөнхий хороо журам, заавар, загвар, маягт боловсруулж батлах, сургалт зохион байгуулах, дөрөвдүгээр сард сонгуулийн хороод, комиссуудыг байгуулж ажилд нь оруулах ёстой. Тухайлбал, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах комиссийг Сонгуулийн ерөнхий хороо Гадаад харилцааны яамтай хамтран байгуулна. Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд хамгийн анх 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож саналаа өгч эхэлсэн бөгөөд ирэх зургадугаар сарын 10-11-нд хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож саналаа өгөхөөр болоод байна.
Тавдугаар сард УИХ-д суудал бүхий намууд нэр дэвшүүлж, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх процесс нь олны анхаарлыг хамгийн их татаж байгаа асуудал юм. Хуульд заасны дагуу УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа болон хамтарч нэр дэвшүүлнэ. УИХ-д суудалтай нам гэж ямар намыг хэлэх вэ, бие даагч гишүүн С.Жавхлан парламентад суудалгүй намд элсч тухайн нам нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож болох уу гэх мэт асуултууд хариулт нэхсээр л байна. Үүний хариулт болох нэгэн тогтоолыг Дээд шүүх баталж байжээ. Дээд шүүх Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа, “Улсын Их хуралд суудалтай нам гэдэгт Улсын Их хурлын ээлжит болон нөхөн сонгуульд нам буюу намын эвслээс дэвшсэн нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд тухайн намын гишүүнчлэлийг хадгалж байгаа тохиолдолд түүнийг нэр дэвшүүлсэн, сонгуулийн саналын хуудсанд бичигдсэн нам буюу намуудын эвсэл хамаарна” гэж тодорхойлжээ. Энэхүү тайлбараар бол бие даагч С.Жавхлан гишүүн УИХ-д суудалгүй намд элсч тухайн намаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах боломжгүй юм байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намын тоог нэмэх боломжгүй гэсэн үг. Харин энэ тайлбарын дагуу бол Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намын тоо хасагдаж болох ажээ. Анзаарсан бол “Нам буюу намын эвслээс дэвшсэн нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд ТУХАЙН НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛИЙГ ХАДГАЛЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД түүнийг нэр дэвшүүлсэн, сонгуулийн саналын хуудсанд бичигдсэн нам буюу намуудын эвсэл хамаарна” гэсэн тодорхойлолт дээрх тайлбарт байна. УИХ дахь МАХН-ын ганц төлөөлөл О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөр намд элсвэл МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болох нь. Тийм учраас О.Баасанхүү гишүүн намын дарга нь нэр дэвших боломжгүй байсан ч МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд заавал оролцох ёстой гэсэн байр сууриа илэрхийлэхдээ “Ямар ч алхам хийхгүй бол улс төрийн нам гэдэг байр сууриа алдаж байгаа хэрэг. Хэрэв ингэж боломжоо ашиглахгүй гэвэл би улс төрийн өөр сонголт хийх магадлал үүснэ. Хатуухан хэлэхэд би намаа солих уу гэдэг дээр тулна. Би биш бол хэн ч биш гэж болохгүй гэж байгаа юм” гэсэн бололтой. Хэрэв О.Баасанхүү гишүүн өөр намд элсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН гэсэн хоёрхон нам нэр дэвшүүлэх эрхтэй нь. Сонгуульд хэдэн нам оролцох, аль намаас хэн хэн нэр дэвших зэрэг нь ирэх тавдугаар сарын 7 гэхэд тодорхой болсон байх ажээ. Учир нь, Сонгуулийн тухай хуулийн 139.2-т “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж тав хоногийн хугацаанд дуусгана” гэсэн заалт бий. Санал хураалт явуулах өдрөөс нааш хөөж тооцвол намууд тавдугаар сарын 2-ноос нэр дэвшүүлэх ажиллагаагаа эхлүүлж 7-ны дотор шийдвэрээ гаргах юм байна.
Зургадугаар сард нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудас хэвлүүлэх, техник хэрэгслийг санал авах байруудад хүргүүлэх зэргээр бэлтгэл ажлаа хангах ёстой. Нэр дэвшигчид  сонгуулийн сурталчилгаагаа 20 хоног хийх бөгөөд зургадугаар сарын 5-наас эхлүүлэх юм. Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах үеэр сурталчилгааны хугацаа нь хэтэрхий богинохон байгааг зарим гишүүн шүүмжилж байлаа. Гэвч хуульдаа өөрчлөлт оруулахгүй гэж үзсэн учраас өөрчлөх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүнийн сонгуульд олон нийтэд танигдсан хүн нэр дэвшдэг учраас сурталчилгааны хугацаа болох 20 хоног цөөдөхгүй гэх хүмүүс ч бий.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.