Ц.Нямдорж: “Эрдэнэт”-ийн асуудал Монгол төрийн ялзралын толь бичиг болж түүхэнд үлдэнэ

2017.02.01 Лхагва №005 (2148)

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авахдаа хууль зөрчсөн эсэхийг судлах үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Ажлы хэссэг “Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монгол зэс” корпорацитай хэлэлцээ хийж төрд буцааж авах нь зүйтэй” гэж үзсэн юм. Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд байсан боловч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. АН-ын бүлгийн засварлагын хугацаа дууссан учраас өчигдөр ийнхүү хэлэлцсэн нь энэ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дараахь байдлаар байр сууриа илэрхийллээ. 

С.ЭРДЭНЭ: -“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр өөрийн мэдэлдээ авах гэж байгаа нь хувийн хэвшлийн өмчид халдсан үйлдэл болж байна. Хэрэв төр 49 хувийг авах эсэхийг хэлэлцэх гэж байгаа бол “Монголын зэс” корпорацийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй. Иргэн, хуулийн этгээдийн буруутай эсэхийг шүүхийн байгууллага тогтоодог. Гэтэл шүүхийн ямар ч тогтоол, шийдвэр гараагүй байхад УИХ өөрсдийн гаргасан дүгнэлтээрээ асуудлыг шийдэх гэж байгаа нь буруу. Харин одоо төрийн өмчийн 51 хувийг шалгах хэрэгтэй. 51 хувь чинь Лондонгийн арбитрын шүүх дээр байгаа биз дээ. 
Ц.ДАВААСҮРЭН: -Үндсэн хуульд заасны дагуу төрийн өмчийг УИХ хариуцаж болно. УИХ хууль тогтоох дээд байгууллагын хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн өмчтэй холбоотой бүх асуудлыг шийдэх эрхтэй. Төр, хувийн хэвшлийн хооронд эвгүй харилцаатай болчихно гэж яриад байгаа. Үүгээр хууль бус үйлдлийг хаацайлж болохгүй. Стратегийн ордыг төрийн эзэмшилд байлгаж аль болох хөрш орнуудаасаа эдийн засгийн хувьд хараат бус байхад анхаарах ёстой.
Ц.НЯМДОРЖ: -Энд улсын хулгайлагдсан өмчийн асуудал яригдаж байгаа юм. Наад зах нь их хэмжээний мөнгө хулгайн замаар улсаас гаргаж авч түүгээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан. Тиймээс хууль ёсны өмчийн тухай ойлголт энд байхгүй. Өдөр шөнөгүй зүтгэж байж хөрөнгө босгосон компанийн өмчийг хураах тухай зүйл яригдаагүй ш дээ. Албан тушаалын гэмт хэрэг, хулгайн тухай л яриад байгаа юм. Хэрэг үйлдсэн хүмүүс шийтгүүлж, төр өмчөө буцааж авах ёстой. Зөвхөн Монголбанкнаас гарсан мөнгөний хэмжээ нь гэхэд л 360 тэрбум төгрөг шүү дээ. Мөн Засгийн газрын тогтоолд хүчээр өөрчлөлт оруулж байгаад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж байгаа компанид нь 90 сая ам.доллар өгчихсөн. Хууль зөрчсөн нь илэрхий байхад УИХ бүрэн эрхээ шүүхэд шилжүүлчихээд дуугүй суугаад байж болохгүй л дээ. Төрийн өмчийг ард түмний өмнөөс өмчлөгч УИХ байна гээд Үндсэн хуульд биччихсэн байдаг юм. Энэ эрхээ л хэрэгжүүлж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ОХУ руу буцна гэсэн мэдээлэл зохион байгуулалттайгаар тараагаад байх юм. Тийм зүйл болохгүй. ОХУ-ын талтай хийх яриа хэлэлцээ дууссан. УИХ шийдвэр гаргасны дараа Засгийн газар үүргээ гүйцэтгэх ёстой. Түүнийх нь дараа УИХ 2004 оны “Эрдэнэт”-ийн, 2007 оны “Монголросцеветмент”-ийн гэрээг хүчингүй болгоно. Энэ гэрээнүүдийг хүчингүй болгох эрх нь зөвхөн УИХ-д бий. 
Ж.БАТЗАНДАН: -УИХ эрүүл шийдвэр гаргах ёстой. Төр өмч хөрөнгөө буцааж авах хэрэгтэй. Энэ асуудлыг бид дотооддоо ярилцаад шийдэх нь зөв. Худалдан авалт хулгайн шинжтэй байгаа нь ажлын хэсгийн шалгалтын дүнд ил тод болсон шүү дээ. Анх худалдан авсан цагаас нь хойш л Эрдэнэбилэг гэж хүний нэр дуулдаад байсан. Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкны хувьцаа эзэмшигч гэсэн. Энэ хүн Баргалжуутын төмрийн ордоос гадна стратегийн олон ордыг авлаа. Манай Засгийн газар мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж УИХ-аар оруулахгүйгээр хууль бус шийдвэр гаргасан. Монголын ард түмнээ боддог Засгийн газар байсан бол энэ олон стратегийн ордуудыг аваад ашиглах бүрэн боломжтой байсан. Бондын мөнгийг хулгайн бүлэглэлийн төлөө зарцуул гэсэн хууль хаана ч байхгүй. Тиймээс энэ бүхнийг цэцлэх ёстой. Монголын төрийг хувьчилж авсан хулгайн бүлэглэл улсын хөрөнгөөр тоглоод дууслаа. Ямар ч асуудлуудыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхтэй. Тиймээс УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж хулгай луйварыг таслан зогсоох ёстой. Монголын төр сахал Эрдэнэбилэг гэдэг ганцхан хүний тоглоом болж байна. 65 суудалтай МАН үүнийг зогсоохгүй юм уу. Бүх гишүүдийг лоббидоод явж байгааг би мэдэж байгаа. Манай бүлэг дотор ч эсрэг, тэсрэг байр суурьтай гишүүд бий. АН-ын бүлгийн цөөнгүй гишүүд нь Худалдаа хөгжлийн банктай холбоотой. Эрдэнэт, Цагаансуварга, Асгатын мөнгөний ордтой холбоотой луйврыг зогсоож ард иргэдийнхээ талд шийдвэр гаргая гэсэн бодолтой гишүүд цөөхөн байна. МАН-ын гишүүд битгий худалдагдаасай. УИХ эрүүл шийдвэр гаргаж, хулгайд алдагдсан эд хөрөнгөө буцааж авах ёстой. МАН-ынхныг эх оронч, шударга байгаасай гэж хүсч байна.
Б.ДЭЛГЭРСАЙХАН: -Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад нь дэмжлэг үзүүлж төрийн мөнгийг зээлүүлсэн хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Түүнээс биш мөнгө авсан хүмүүсийг нь буруутгаж болохгүй. Эхлээд хууль хяналтын байгууллага нь тухайн үеийн албан тушаалтнуудыг эхлээд шалгах хэрэгтэй. Ингэж байж асуудал зөв шийдэгдэх байх. Хоёрдугаарт, УИХ ажлын хэсгийн саналын дагуу шийдвэр гаргалаа гэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь анх эзэмшиж байсан эзэндээ хуулийн дагуу буцна. ОХУ-ын тал буцааж авчихаад “Та нар дотроо хэрэлдээд авахгүй юм байна. Тиймээс буцааж зарахгүй” гэж хэлээд гуравдагч этгээдэд зарчихвал хэн хариуцлага хүлээх вэ. Би энэ саналаа ажлын хэсэгт албан ёсоор илэрхийлсэн. ОХУ руу буцвал ийм эрсдэл гарах юм байна гэж харж байгаа. Тиймээс энэ асуудлыг дотроо яриад шийдсэн нь зөв байх гэж харж байна.

Ц.НЯМДОРЖ: -Жаахан жудагтай байгаач. 

Ш.РАДНААСЭД: -ОХУ-д буцааж өгнө гэсэн ойлголт байхгүй ш дээ, Дэлгэрсайхан гишүүн ээ. Ажлын хэсэг эхнээсээ хоёр зарчим баримталсан. Нэгдүгээрт, хоёр улсын хоорондын харилцааг муутгачих вий, хоёрдугаарт, жоомоо алах гэж байгаад гэрээ шатаана гэдэг шиг зүйл болох вий гэдэгт болгоомжтой хандсан. Түүнээс биш хойд айл руугаа буцаах тухай асуудал байхгүй. Хойд айл ч энэ асуудлаархи харилцаа дууссан гэсэн бичгээ өгчихсөн шүү дээ. Тиймээс одоо бол Засгийн газар “Монгол зэс” корпораци хоорондын хэлэлцээрийн тухай асуудал л бий. 
Д.ТЭРБИШДАГВА: -Шулуухан хэлэхэд энэ бол олон улсын луйврын технологи. Оюутолгойд хийсэн “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”, Роберт Фрийдландын технологи. Өмнө нь манай улсын бүх албан тушаалтнуудыг иймэрхүү маягаар бужигнуулж байгаад Оюутолгойг авсан. Тухайлбал, “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ын удирдлагууд нь “Монгол Улс салаа замын уулзвар дээр байна. Аль замаа сонгохыг та нар мэд” гэсэн утгатай бичгийг УИХ-ын дарга Дэмбэрэлд өгч байсан юм. Ингэж нөлөөлдөг байхгүй юү. Одоо ч гэсэн ийм л технологи явж байна. Тийм учраас Монголын компани авсан, аваагүй гэдэг нь дараагийн асуудал. Монгол Улс ийм технологийн золиос болоод байгаад л хамаг учир байна. УИХ-аар оруулж шийдэх ёстой асуудлыг сонгуулийн өмнө луйварын аргаар шийдчихсэн байна шүү дээ. Тухайн үед Засгийн газрын зарим гишүүд нь “Үүнийг УИХ-аар оруулж шийдүүлэх ёстой” гэсэн байр суурьтай байсан байна лээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нүд, чих нь болж оюун ухааныг нь хууль, эрх зүйгээр цэнэглэж өгдөг Хууль зүйн хэлтсийн удирдлагууд нь “Ингэж болохгүй” гэсэн юм билээ. Тиймээс тухайн үеийн Засгийн газрын гишүүдийг дуудаж хаалттай хуралдаан хийж хариуцлагын асуудал ярьж байж эцэст нь шийдвэр гаргах нь зөв байх. Өөрөөр хэлбэл, УИХ нухацтай хэлэлцэж шийдвэр гаргах ёстой.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: -Ажлын хэсгийн материалтай танилцсан. Барууны кинонд гардаг шиг нарийн төлөвлөсөн, Монголын төрд өмнө нь байгаагүй зүйл болсон байна. Хувийн өмчийг дэмжинэ гэдэг бол Үндсэн хуулиа зөрчөөд хууль бусаар хөрөнгөжихийг өөгшүүлнэ гэсэн үг биш гэж бодож байна. Ардчилал хөгжсөн орнуудад үүнийг авлигал гэж нэрлэдэг. Яг үүнтэй адилхан зүйл Япон, Солонгос, Сингапурт болсон бол үүнд оролцсон хүмүүс өдийд прокурор дээр байцаагдаж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Бизнесийн шударга өрсөлдөөн гэдэг бол ганц хоёрхон компани төрийн эрх мэдлийг ашиглаж өөртөө таатай бизнесийн эрх зүйн орчин үүсгэнэ гэсэн үг биш. Үүнийг олигархиудын засаглал гэж нэрлэдэг. 1990 онд их хувьчлалын цэнхэр тасалбар гэдэг зүйл тараасан. Томоохон зочид буудал, үйлдвэрийн газрууд эрх мэдэлд ойрхон хэдхэн хүний гарт төвлөрсөн. Харин иргэдэд ногдол ашиг хэзээ ч өгч байгаагүй. Манай өвөө авдрын ёроолдоо хоёр цэнхэр тасалбартай л үлдсэн. 1991 оны аравдугаар сард алт диллер, Ардын банкны хэрэг гарсан. Хэдхэн эрх мэдэлтнүүд нууцаар мөрийтэй тоглож 100 сая ам.доллар алдаад барьцаанд нь 4.4 тонн алтаа тушааж байсан. Өнгөрсөн жилүүдэд улсынхаа нэрээр “Чингис”, “Самурай” бондын зээл авсан. Удахгүй Монгол Улс 580 сая ам.долларын өр төлөх гэж байна. Гэтэл энэ гаргасан зээлийнх нь 90 хувь эргэж төлөгдөөгүй байгаа гэж Хөгжлийн банкныхан мэдээлсэн. Харин одоо “Эрдэнэт”-ийн асуудлыг яриад сууж байна. Бид ийм байдлаар цаашаа явах юм бол энэ улс орон байхгүй болно. Төр төр шиг байгаагаа харуулах хэрэгтэй. Эхлээд зээл өгсөн хүмүүст хариуцлага тооцох ёстой гэсэн Дэлгэрсайхан гишүүний байр суурьтай санал нэг байна. Авсан гэхээсээ илүүтэйгээр ийм боломж олгож өөгшүүлсэн улстөрчид хариуцлага хүлээх ёстой. Ийм том хэрэгт бид хариуцлага хүлээлгэхгүй бол бид шударга ёс, баялгийн тэгш хуваарилалтын тухай яриад хэрэггүй. Ардчилал гэдэг бол эрх мэдэл, эд хөрөнгө цөөн хэдэн хүнд төвлөрөхийг эсэргүүцэж гарч ирсэн засаглалын хэлбэр. Гэтэл өнөөдөр ардчилал нэрэн дор 25 жилийн хугацаанд анархизмийн төр бий болсон. Монгол Улс асар их баялагтай мөртлөө нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байна. Үүнийг Монголын төр шийдэхгүй бол ард түмэн өөрсдөө шийдэх үе рүү явж байна. Нийгэм маш их бухимдалтай байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон байна. Авлигын асуудал явсаар байгаад ийм том төвшинд гарч ирлээ. Эрх мэдэлтэй байгаа нь бүх боломжийг хамаад авчихдаг учраас өнөөдөр иргэд төр засгаа үзэн яддаг болсон. Ийм байдлаар цаашаа явбал Грек, Нигер, Аргентин зэрэг орны араас орно шүү.   
Ц.НЯМДОРЖ: -“Эрдэнэт”-ийн асуудал Монгол төрийн ялзралын толь бичиг болж түүхэнд үлдэнэ дээ. Эрх мэдэлд дулдуйдаж улсын хөрөнгийг яаж хулгайж болдгийг илэрхийлсэн толь бичиг болж үлдэх нь. Энэ бол зөвхөн “Эрдэнэт”-ийн асуудал биш Монголын төр орших уу, эс орших уу гэдэг асуудал болчихоод байгаа юм. Авлига, хээл хахуулийн сүлжээг Монголын төр таслан зогсоох уу, хараагүй юм шиг царайлаад цаашаа явах уу гэдэг асуудал болчихоод байна. Гишүүд шийдвэр гаргахдаа үүнийг харгалзаж үзэх байх гэж бодож байна. Намайг ашиг сонирхлын зөрчилтэй этгээд гэж цоллоод байх юм. Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Нөгөөтэйгүүр надад ашиг сонирхлын зөрчил бий. Монголын төрийг энэ ялзралаас татаж гаргах нь миний болоод энд сууж байгаа 76 гишүүн, 65-ын бүлгийн үндсэн үүрэг. Энэ хулгай луйварт оролцоогүй төрийн өндөр албан тушаалтан байхгүй шүү. Монголбанкны удирдлага, төрийн бүх дарга нар зөвхөн нэг этгээдэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлж өгөхийн тулд нэгэн зэрэг алхсан. Өнөөдөр энэ хулгайгаа нуух гэж үхэн хатан тэмцэж байгаа. Есөн шидээр л дайрч байна. Үүнд нам дамжсан бүлэглэл, тэдний толгойлогч оролцсон нь үнэн. Баримтаар батлагдаж байгаа. Үүнийгээ хамгаалж авч үлдэх гэж УИХ-ын гишүүдийг өдөр шөнөгүй ятгаж байгаа. Зарим нь ятгалагад автаж байгаад харамсч байна. Нэг ч төгрөгийн зээл өгөх эрхгүй Монголбанк 360 тэрбум төгрөгийг нэг этгээдэд өгчихсөн байвал яах вэ. Энэ ариун явдал мөн үү. Өөрийнхөө төлөөний хүнийг Хөгжлийн банкинд газрын даргаар оруулсан. Тэр хүн нь Хөгжлийн банкнаас эзэн рүүгээ мөнгө гаргасан. Бат-Оргил гэж нэг жижигхэн хүүхэд бий. Би ганцхан зүйлд л санаа зовж байгаа. Энэ хулгайч нарын өмнөөс туршлагагүй, гэнэн хүүхдүүд асуудалд ороогдож Хөгжлийн банкны Мөнхбат шиг хүний өмнөөс шоронд сууж жинхэнэ хулгайч нар нь уснаас хуурай гарах вий гэдэгт санаа зовж байна. Заримынх нь эцэгт бий хэлсэн гэв. 
“Эрдэнэт” үлйдвэрийн 49 хувьтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Хууль зүйн байнгын хорооны гишүүд үүний дараа ажлын хэсэг дахин хуралдаж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах шийдвэрийн төслөө бэлтгэх нь зүйтэй гэж үзсэн юм.    


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.