Иргэд ерөнхийлөгчийн ажилд дүн тавина

2017.02.01 Лхагва №005 (2148)

Монголын медиа корпорациас санаачлан зохион байгуулдаг “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян дөрөв дэх удаагаа үргэлжилж байна. Өмнө нь тус аяныг Дорноговь аймаг, Сүхбаатар, Баянгол дүүрэгт амжилттай зохион байгуулж байсан билээ. Энэ удаад орон даяар зохион байгуулах гэж байна. Улс орон даяар гэхийн учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн хугацаанд хийсэн ажлыг дүгнэхээр боллоо. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт “Eagle” телевизийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш, Монголын медиа корпорацийн зөвлөх Р.Батсайхан, МЕС судалгааны төвийн захирал Л.Золбаатар, “Eagle” телевизийн тоймч Б.Жаргалмаа нар мэдээлэл хийсэн билээ. 

Монгол Улсын сонгуулийн насны иргэдийг төлөөлөх 400 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож хэлэлцүүлэгт оролцуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажлыг дүгнүүлэх юм. “Ардын үг” зөвлөлдөх аяны хамгийн гол зарчим нь хэлэлцүүлэгт оролцох хүмүүст бүх талын мэдээллийг өгснийхөө дараа саналыг нь авах юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийг хэлэлцүүлэгт урьж оролцуулан санамсаргүй байдлаар сонгогдсон 400 хүнд өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагааных нь тайланг сонсгоно. Мөн Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг шүүмжилдэг хүмүүсийг хэлэлцүүлэгт оролцуулж байр суурийг сонсох юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж буй Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянгыг хэлэлцүүлэгт оролцоосой гэж Монголын медиа корпорацийн зүгээс хүсч байгааг “Ийгл” телевизийн гүйцэтгэх захиарл Д.Бадамдаш хэлж байв. Өөрөөр хэлбэл, хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүс эхлээд бүх талын байр суурийг сонсч мэдээлэлтэй болсныхоо дараа хоорондоо зөвлөлдөж нууцаар санал өгөх юм. Тодорхой мэдээлэлтэй болсон иргэд зөвлөлдөж нууцаар саналаа гаргах нь дэлхий дээрх зөвлөлдөх арчдчиллын хамгийн төгс хэлбэр гэдгийг Монголын медиа корпорацийн зөвлөх Р.Батсайхан онцолж байлаа. Тэрээр “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп саяхан тангарагаа өргөснийхөө дараа хэлсэн үгэндээ “Вашингтонд төвлөрсөн эрх мэдлийг би ард иргэддээ өгнө” гэж хэлсэн. Энэ нь зөвлөлдөх ардчиллыг хэлж байгаа болов уу гэж бодож байна. Шийдвэр гаргах эрх мэдлийг яаж ард иргэддээ өгдөг вэ гэхээр шийдвэр гаргахдаа зөвлөлдөх ардчиллын зарчмыг ашигладаг” гэсэн юм.

Ц.Баярсайхан: УИХ-ын чуулганд хамгийн анх удаа ажлаа тайлагнасан Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж
“Ардын үг” аяныг зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийж энэ удаагийн аянаараа Ерөнхийлөгчийн найман жилийн ажлыг дүгнэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс гадна түүнд хүсэлтээ албан ёсоор танилцуулжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ардын үг” аянд оролцох эсэхээр Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нь дараахь байдлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцаж тайлагнадаг. Өнгөрсөн хугацаанд УИХ-д ажлаа тайлагнасаар ирсэн. 2016 онд хийсэн ажлынхаа тайланг саяхан УИХ-д хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсээс хамгийн анх удаа 2015 оны дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонгогдсон цагаасаа хойш хийсэн ажлынхаа тайланг дэлгэрэнгүй танилцуулж байсан. Энэ удаад найман жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдгээ ард түмэндээ тайлагнах байх” гэжээ. 
400 хүнийг сонгохдоо хүйс, нас, боловсрол, амьдарч буй газар зэргийг нь харгалзан тэнцвэртэй байдлаар сонгоно гэдгийг МЕС судалгааны төвийн захирал Л.Золбаатар хэлж байлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын тайланг хэлэлцэх “Ардын үг” зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгүүдийн зорилго нь нэгдүгээрт, Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан хугацаандаа хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд санаачилсан, хэрэгжүүлсэн асуудлуудыг иргэдээр хэлэлцүүлэх, зөвлөлдөх санал асуулгаар үнэлгээ өгүүлэх юм. 
Хоёрдугаарт, дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд иргэд, сонгогчдоос тавих шаардлага, захиас, дэвшүүлж буй асуудлуудыг тодруулах ажээ. Ингэхдээ санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэдийг цуглуулан Монгол Улс дахь авлигын төвшин, Монгол Улсын гадаад нэр хүнд, төрийн үйл ажиллагааны ил тод байдал, шүүхийн шинэчлэл, Монгол хүн-Монгол судлал, төрийн шагнал, одон медаль олголт, өршөөл зэрэг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд багтсан асуудлуудыг хэлэлцүүлж дүгнүүлэхээр төлөвлөжээ. 
Монголын медиа корпорациас өмнө нь зохион байгуулсан “Ардын үг” аян нь УИХ болон сум, дүүргийн сонгуулийн өмнө болсон учраас олон нийтийн зүгээс сонгуультай холбоотой хэмээн хардах тохиолдол гарсан. Харин энэ удаагийн “Ардын үг” аяныг ингэж хардах ямар ч үндэслэлгүй юм. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байгаа ч одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн дагуу дахин нэр дэвших боломжгүй юм.

Зөвлөлдөх ардчилал гэж юу вэ
Зөвлөлдөх ардчиллын зарчмаар явагдах “Ардын үг” аяныг угтан зөвлөлдөх ардчилал гэж чухам юу болохыг хүргэе. Онолын хувьд шууд ардчилал, төлөөллийн ардчилал, элит ардчилал, зөвлөлдөх ардчилал гэсэн ардчиллын дөрвөн хэлбэр байдаг. Дэлхий даяар төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, өөрийгөө төлөөллүүлэн сонгосон хүмүүсийнхээ шийдвэр гаргалтад олон нийт итгэхээ больж байгаа нь нууц биш. Үүнийг шийдвэрлэх ганц арга нь иргэдийн оролцоо, тэдний санаа бодол, үнэлгээг шийдвэр гаргах төвшинд ашиглах явдал юм. Манай улс одооноос л зөвлөлдөх ардчилалтай танилцаж байгаа бөгөөд Монгол дахь зөвлөлдөх ардчиллын автор нь УИХ-ын гишүүн, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар болоод байна. Тэрээр Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль санаачлан УИХ-аар хэлэлцүүлж байгаа юм. 
Дэлхийн 30 гаруй оронд зөвлөлдөх ардчиллыг амжилттай туршиж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаа оновчтой тодорхойлох, эрх бүхий албан тушаалтны ажлын тайланг хэлэлцэхэд түлхүү ашигладаг ажээ. Учир нь, зөвлөлдөх ардчилал нь мэдээлэлжсэн иргэдийн ул суурьтай хэлэлцүүлгээр бодитой үнэлгээ гаргаж, аливаа шийдвэрийг бодитой, урт настай, иргэдийн дэмжлэгтэй болгодог орчин үеийн аргачлал юм. Ийнхүү дэлхийн олон улсад зөвлөлдөхийг эрхэмлэх болсон учраас Монголын медиа корпораци “Зөвшилцсөнөөс зөвлөлдсөн нь дээр” уриан дор “Ардын үг” аяныг дөрөв дэх удаагаа зохион байгуудах гэж байна. Монголын медиа корпораци зөвлөлдөх ардчиллыг олон нийтийн үйлс, ардчиллын шинэ давлагаа болгон дэлгэрүүлэхийн тулд “Ардын үг” зөвлөлдөх аяныг цаашид ч тодорхой асуудлуудаар орон даяар өрнүүлэхээр төлөвлөжээ.

Ерөнхийлөгчийн найман жилийн үйл ажиллагааг дүгнэх “Ардын үг” аяны хэлэлцүүлэг албан ёсоор эхлэхээс өмнө иргэдийн байр суурийг сонирхлоо.  

Шилэн данс бол хамгийн зөв алхам
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигатай тэмцэх ажлыг сайн хийж байгаа. 100 хувиа байг гэхэд 50-60 хувьтай байгаа болов уу. Шилэн данс бол хамгийн зөв алхам. Ямарваа зүйлийг ил тод байлгах нь хардлагыг багасгадаг. Шилэн дансны хууль сая нэг хэсэг унтаа байдалтай байж байгаад эргэн сэргэж байх шиг байна.

Бүх шатны томилгоо мөнгөөр хийгдэж байгаа гэхээр авлигатай тэмцэнэ гэдэг сонин
-Ард түмний амьдрал доройтож байна. Ажилгүйдэл маш их боллоо. Айл гэрт ажилтай хүн ч байхгүй боллоо. Өнөөдөр бүх шатны томилгоонууд мөнгөөр хийгдэж байгаа гэхээр авлигатай тэмцэнэ гэдэг сонин шүү дээ. Авлигатай орооцолдсон хүмүүс дээшээ гарсан гэж олон нийт харж байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажлууд үр өгөөжөө өгсөн
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажлууд үр өгөөжөө өгсөн гэж бодож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч юм чинь хийх хэмжээндээ хийх ажлаа хийж л байгаа гэж бодож байна.

Ерөнхийлөгчөө дагаад хэдүүлээ хөгжсөн
-Ямар ч гэсэн өнгөрсөн найман жилд улс хөгжөө биз дээ. Ерөнхийлөгчөө дагаад хэдүүлээ хөгжсөн нь ойлгомжтой.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.