Зөвлүүлдэггүй гишүүд ба зөвлөдөггүй зөвлөхүүд

2017.02.01 Лхагва №005 (2148)

Туурга тусгаар Монгол Улсын парламентын гишүүн ямар байх ёстой вэ гэдгийг хуульчилж өгөх цаг болжээ. УИХ-ын гишүүн ажлаа тасалсан, зүй бус үг хэлж бусдыг доромжилсон бол яах вэ гэдгийг хуульд тодорхой тусгаж өгөхгүйгээр хөгжил ярина гэдэг нэг талаараа өрөөсгөл юм. Манай улсад парламентын гишүүний ёс зүйн асуудлыг тусгайлан хуульчилсан хууль байдаггүй. Зөвхөн ёс зүйн дүрэм л бий. Гэвч ёс зүйн алдаа гаргавал эргээд ямар хариуцлага хүлээлгэх талаар ямар ч зохицуулалтгүй явж ирсэн нь засаглалын хямралын нэг шалтгаан болсон гэдгийг улс төр судлаачид хэлдэг. 

Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, халдашгүй бүрэн эрхтэй УИХ-ын гишүүний сэнтий рүү хошуурах хүн өнөө цагт олон болсон. Гэхдээ ямархуу мэдлэг боловсролтой хүн төр түшилцэж байна вэ гээд харвал сонин дүр зураг харагддаг. Хэдийгээр ард түмнээсээ мандат өвөртлөн төрийн түшээ болсон ч хүн л юм хойно алдаа дутагдал гаргаж байна. Хамгийн наад зах нь төр түмнээ хүндэтгэн биеэ авч явах соёлд суралцах шаардлага байсаар байгааг шинэ парламент бүрэлдээд хэдхэн сар болж буй энэ хугацаанд бид хангалттай харлаа, үзлээ. Заримыг нь олон нийтийн сүлжээгээр шоолж, баалж ч байна. Гишүүд өөрсдөдөө дүгнэлт хийхгүйгээр биеэ өмөөрөх, бусдыг буруутгах хандлага ч гарч байх. Энэ бүхнийг хойш тавиад хууль тогтоох байгууллагын гишүүн хүн ямар байх ёстой, түүнд хэн зөвлөдөг болох, манайд ямар доголдол байгааг хөндөхийг зорив. 

Ёс зүйтэй байхын тулд эргүүлэн татдаг хуулиа батлах ёстой 
Дэлхийн хөгжилтэй орнуудад улстөрчийн ёс зүй өндөр төвшинд төлөвшсөн жишээг бид бишгүй л сонсдог. Тэгсэн хэр нь өөрсөд дээрээ хэрэгжүүлж чадалгүй өнөөг хүрсэн. Үүний нэг жишээ нь, өнгөрсөн парламентын төгсгөлд Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох, эргүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гээд хууль санаачлагчид нь буцаасан явдал. Энэ хуулийн төсөл батлагдсан бол Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах буюу эргүүлэн татах, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг хоёр эсхүл дөрвөн жилийн хугацаатайгаар хязгаарлах нөхцөл боломжийг хуульчилж өгөх байсан. Ерөнхийлөгч уг хуулийн төслөө шинэ парламентад дахин өргөн бариад байсан ч өчигдрийн Байнгын хорооны хуралдаанаар гишүүд хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.  
Нэгэнт өнгөрсөн парламент баталж чадаагүй энэ төслийг 65-ын бүлэг хэлэлцэн баталж, улс төрийн шинэ соёлын үрийг өөрсдөөсөө эхлүүлэх шаардлага уг нь байсан. Увайгүй улстөрчдийн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гаргасан алдаа дутагдалд хариуцлага тооцохгүй нөгөө л халдашгүй бүрэн эрхтэй хүн гэдгээр халхавч хийн явж ирсний горыг нийтээрээ амссаар өнөөдрийг хүрсэн. УИХ-ын дэд дарга хүн оффшор данс нээлгэж, нэг сая ам.доллар хадгалуулсан байсныгаа ХОМ-тээ дурдаагүй нь түүнийг огцруулах хангалттай үндэслэл байсан ч УИХ-ын Ёс зүйн дэд хороо толгойг нь илээд өнгөрсөн. Гэхдээ парламентын засаглал дөнгөж тавигдаж асан тэр үед буюу 1992 онд алдарт 30 дугаар тогтоол гарахын өмнө Засгийн газрын нэг гишүүн гэртээ харих замдаа дэлгүүрээс ханын цаг худалдаж авсныхаа төлөө огцорч байсан түүх байдаг юм билээ. Бид 1992-1996 он хүртэл улстөрчдийн ёс зүй гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгож, ухаарч байсан гэдгийг энэ жишээнээс харж болохоор байна. Харин 1996 оноос хойш ямар байдалтай байгааг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж буй учир ингээд орхиё.  

Гишүүд хуулийн мэдлэгээ дээшлүүлмээр байна
Ард түмэн өөрсдийгөө төлөөлүүлэн төрд ямар ч мэдлэг боловсролтой хүнийг сонгож болно. Яагаад гэвэл сонголт хийх эрх хүн бүрт нээлттэй. Сонгогдох эрх ч нээлттэй. Гэхдээ боловсрол дулимаг хүн байхыг ч үгүйсгэхгүй. Нэгэнт төр түмний хайр хүндлэлийг даан гишүүнээр сонгогдсон түшээд маань алхам тутамд мэдлэг мэдээллээ дээшлүүлэх бодит хэрэгцээ шаардлага байсаар байна. Мэдээж туршлагатай, парламентад хэдэнтээ сонгогдсон, төрийн бүх шатны албанд олон жил ажиллаж боловсорсон хүмүүс ч хууль тогтоох байгууллагад бий. Тиймээс бие биенээсээ суралцах, өөрийгөө дайчилж, өргөн хүрээний мэдлэгтэй болж  байж иргэдэд ойр, амьдралд наалдсан бодлого, шийдвэр гаргах юм.   
Энэ удаагийн шинэ бүрэлдсэн парламентын гишүүдийн 21 нь эрх зүйч, 25 нь эдийн засагч, 11 нь инженер, нэг нь агрономич, 18 нь урлаг, спорт, улс төр, нийгмийн ухааны мэргэжлийн хүмүүс байна. Насны хувьд 29-39 насныхан 14, 40-49 насныхан 28, 50-59 насныхан 30, 60-аас дээш насныхан 4 хүн байгаа юм. Гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь бүсгүйчүүд. Энэ нь өмнөх парламентуудаас хамгийн өндөр үзүүлэлт учраас бүсгүйчүүд иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамддаг асуудлыг шийдвэрлэх түүчээ болж ажиллах байх гэсэн хүлээлт бий болжээ. Магадгүй эмэгтэй гишүүд лоббид тэр бүр автаад байдаггүй, үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч гэж сонгосон ч байж болох. Гэхдээ биеэ авч явах соёл, хувцаслалтдаа эрчүүдээс илүү анхаарах шаардлага бүх цаг үеийн улстөрч эмэгтэйчүүдэд байсаар ирсэн. Эл түүчээг энэ удаагийн парламентад сонгогдсон бүсгүйчүүд маань үргэлжлүүлж, ирэх сонгуульд эмэгтэй гишүүдийн тоог нэмэх үү, бууруулах уу гэдгийг шийдэх хүмүүс болчихоод байна. Тиймд алив асуудлыг жижиг гэлгүйгээр оролцож, ард түмний талд шийдвэр гаргахад бат зогсох үүрэгтэй юм. Шинэ парламентын гишүүдийн 40 гаруй нь шинэ учир хуулийн мэдлэгээ дээшлүүлэх, алив асуудлыг цогцоор нь харахад суралцахаас эхлүүлээд тэдэнд мэдэх зүйл маш их байгаа учир сайн зөвлөх, туслах хэрэгтэй байгаа юм.

Гишүүдэд хэн зөвлөдөг вэ
Халдашгүй бүрэн эрхтэй УИХ-ын гишүүн маань хоёр бие төлөөлөгч, нэг зөвлөх, нэг туслахтай байхаар орон тоог нь баталжээ. Эдгээр нь улс төрийн албан тушаалтан учраас гишүүд өөрсдийн итгэлтэй хүнээ томилдог. Үнэхээр мэдлэг мэргэжлээрээ гоц гойд хүн томилж байна уу гэвэл бас учир дутагдалтай. Уг нь хууль тогтоох байгууллагын гишүүний зөвлөх улс төрийн шийдвэр гаргахад нь нөлөөлөхүйц хэмжээний мэдлэгтэй, хууль тогтоолын төсөл судалж зөвлөгөө өгдөг хүн байх ёстой. Гэвч манайд зөвлөх бус хов зөөгчид олон болчихоод байгаа юм. УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаанд ялангуяа шинэ гишүүдийн хэлж буй үгнээс зөвлөхийнх нь ажлыг дүгнэчихэж болно. Өнгөрсөн парламентын үед төр түшилцэж байсан сэтгүүлч бүсгүйчүүд болох Д.Сарангэрэл Бүдрагчаагийн Даш-Ёндон гуайг, Г.Уянга судлаач Дашзэвэгийн Ганхуяг нарыг зөвлөхөөрөө ажиллуулж байв. Товчхондоо, улс төрд туулсан замнал, амьдралд элээсэн он жилүүдээрээ тэд хамгийн сайн зөвлөх, амьд “архивууд” юм. 
Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын зөвлөхөөр ажиллаж байсан Санжаагийн Мөнгөнчимэг өдгөө Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн О.Содбилэгийн зөвлөхөөр Дамбын Батлут ажиллаж байлаа. Тэрээр одоо Орхон аймгийн Засаг даргын алба хашиж буй. Үүнээс харахад, гишүүд улс төрийнх нь нууцыг чандлан хадгалж, итгэл даах хүн хэрэгтэй гэж үзэн өөрсдийн ойр дотнын хүнээ зөвлөхөөр авч ажиллуулж байна. Нөгөөтэйгүүр эргээд албан тушаалд томилж, улс төрд өөрсдийн “гар, хөл”-өө бэлтгэж байна ч гэж хэлж болох. 
Хууль санаачлах, хууль тогтоох бүрэн эрхээ гишүүд хэрэгжүүлэхэд УИХ-ын Тамгын газар арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг ч зөвлөхүүд ажлаа нягт нямбай хийж байвал хууль тогтоох үйл ажиллагааны чанар чансаа тэр хэрээр дээшилнэ гэсэн үг. УИХ-ын Тамгын газраас зөвлөхүүдийг цалингаар хангадаг ч ажлаа хийж буй эсэхийг нь гишүүд өөрсдөө хянадаг. Тиймээс л гишүүд зөвлөхөө сонгохдоо гоомой хандаад байгаа юм. Ядаж чуулганы хуралдаан болон бусад арга хэмжээнд оролцоход нь бусдын өмнө нүүр улайхааргүй үг бэлдэх хэмжээний боловсролтой хүнээр зөвлүүлэх хэрэгтэйг гишүүдэд сануулъя.
Гишүүдийн зөвлөхөөс гадна бүлгүүдийн ажлын алба гэж бий. УИХ-ын тухай хуулийн 27.2-т нам эвслийн бүлэг нь бодлогоо боловсруулах, зохион байгуулалтын туслалцаа авах чиг үүрэг бүхий ажлын албатай байхаар заажээ. Товчхондоо, ажлын албаны ажилтнууд гишүүдэд зөвлөхийн хэмжээний “зөвлөгөө” өгдөг хүмүүс байх ёстой. Энэ үүргээ биелүүлж чадаж буй эсэхийг ярихаар дээр дурдсан нөгөө л мэдлэгт суурилсан бус танил тал, ойрын итгэлтэй хүнээ ажилд авсан дүр зураг харагдана. Бүлгийн ажлын албаны ажилтны орон тоо нь тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр гишүүнд нэг ажилтан ногдохоор байгаа нь гишүүдтэй ойр ажиллах, “зөвлөх” хэмжээний орон тоо гэдгийг дахин дурдъя.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.