Өөрчлөх өвчний архаг шинжүүд

2017.02.01 Лхагва №005 (2148)

Нэр томъёотой хийсэн дайн

Шинэ Засгийн газар бүрдэнгүүтээ хамгийн түрүүнд хийдэг ажил нь солих, халах. Энэ нь бүр зуршил болчихсон. Аль ч нам ялсан, хэн ч Ерөнхий сайд болсон яг адилхан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч үүнийг тойрсонгүй. Засгийн газрын бүтцийг УИХ-аар батлуулахаас эхлээд л өөрчилж, сольж эхэлсэн. Мэдээж Засгийн газрын бүтэц бол засаг солигдох бүрт өөрчлөгдөн хуульчлагддаг. Тиймээс яамдын тоог хоёроор цөөрүүлж 13 болгосныг нь төрийн албыг цомхон болгох, чиг үүргийн давхардлыг арилгах зорилготой өөрчлөлт гэж харж болох юм. Харин шинэ Засгийн газрын дараагийн алхмууд нь мөн л өөрчлөх шийдлүүд байсанд хэргийн гол учир оршино. Өөрчлөх дайралгад хамгийн түрүүнд өртсөн нь агентлагууд. Өмнөх Засгийн газрын үед байсан агентлагуудыг өөрчлөхгүй л бол ажил нь урагш явахгүй байсан бололтой. Ингээд тэдгээрийг нэгтгэх, татан буулгах ажиллагаа эхэлсэн. Ашигт малтмалын ерөнхий газар, Газрын тосны газар гэж хоёр тусдаа агентлагийг нэгтгэн Ашигт малтмал, газрын тосны газар болгов. Бүртгэл, статистикийн ерөнхий газар, Оюуны өмчийн газрыг нэгтгэж Улсын бүртгэл, оюуны өмчийн газар болгох нь тэр. Өөрчлөлт үүгээр зогссонгүй агентлагуудын нэр, хаягийг солих аян бас өрнөсөн билээ. Нийгмийн халамж, үйлчилгээний газрыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар гэж өөрчлөх жишээтэй. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрыг Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар гэж нэрлэснээр яг юу өөрчлөгдөхийг хэлэхэд хэцүү. Хэдэн нэр үгийн байрыг сольсноор ажил сайжирч, амьдрал дээшилнэ гэж бодсон юм байлгүй. Түүнчлэн Хүүхдийн төлөө үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгожээ. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар гэж байсныг Гадаадын иргэн, харьяатын газар болгосон. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хэмээн нэрлэв. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэрийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болгож өөрчлөв. Үүгээр зогсохгүй соёл, урлаг, боловсролын байгууллагууд ч нэр солих нэрвэлтэд өртсөн. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын нэрийг өөрчилж Үндэсний урлагийн их театр, Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болгов. Тэр байтугай Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөхөөр шийдсэн гэж байгаа.
Зүгээр л нэр сольсон, салгаж нийлүүлсэн, үг үсгийн байр сольсон өөрчлөлтөөр энэ Засгийн газар ажлаа эхлүүлсэн нь олны хүлээлтийг талаар болгож, сэтгэлийг нь мохоосон. Тэр ч бүү хэл Чингисийн талбайг буцаагаад Сүхбаатарын болгож, цэнхэр өнгөтэй байшинг улаанаар будах гэх мэтээр энэхүү өөрчлөх өвчин архагшсан. Энэ өөрчлөлтийнх нь цаана ямар ч утга агуулга байхгүй. Зүгээр л нэр томъёотой хийсэн дайн. Үр дүнд нь төрийн алба баахан бужигнасан. Төсвийн мөнгө үр ашиггүй урссан. Нэг агентлагийн нэр солигдоход яав л гэж бодох хүн байж мэднэ. Гэтэл  тийм биш. Түүнийг дагаад тухайн байгууллагын гадна  дотно хаяг, бүх ажилтан, албан хаагчдын өрөөний үүдний хаягаас эхлээд албан бичиг баримт, тамга тэмдэг, цахим хуудас гээд бүгд солигддог. Тэр бүхний зардал чамгүй их хөрөнгө гарна. Түүнийг нь эрх баригчид биш татвар төлөгчид л халааснаасаа гаргадаг билээ. Нэг байгууллагын нэр хаяг солигдоход ямар хэмжээний зардал гарахыг тооцвол чамгүй олон оронтой тоо гарна. 
Төрийн байгууллага, агентлагуудын нэр хаягтай хийсэн дайн хямарсан эдийн засагтаа нэрмээс болж, хямдарсан нэр хүндээ улам унагасаар нэг юм өндөрлөсөн. Агуулга, чанарын шинэчлэлт хийхийн оронд өнгөн хэлбэрийн өөрчлөлт хийсэн нь өөрчлөлт биш өөчлөлт л байв. Тиймээс олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан.

Цагаа олоогүй цахим паспорт
Яам, агентлагуудаа нийлүүлж, салгаж, нэрийг нь өөрчилж дуусчихаад дараа нь юу өөрчлөх вэ хэмээн бодсон бололтой юм. Өөрчлөх өвчин гэнэт бий болчихсон эд биш болохоор өмнөх Засгийн үед ч гэсэн өөрчлөх гэж төлөвлөж, эхлүүлсэн зүйл цөөнгүй байж.
Тэрийг нь өнөөгийн эрх баригчид шүүрэн авчээ. Тухайлбал, иргэдийнхээ гадаад паспортыг шинэчлэх санаа бол яах аргагүй өмнөх засгаас өнөөгийнхөд өвлөгдсөн өөрчлөх төлөвлөгөө. 2011 оноос хойш яригдаж, шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газруудын нүүр дамжин төслийн хэмжээнд боловсруулагдсан энэ ажлыг өнөөгийн Засгийн газар эхлүүлэхээр болжээ. Хоёр долоо хоногийн өмнө Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү Унгарын компанийнхантай уулзаж, Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт нийлүүлэх гэрээний  хэлэлцээрийг хийсэн. Энэ бол иргэдийн энгийн гадаад паспортыг өөрчлөх ажил хэдийнэ гараанаас гарсан, галт тэрэг хөдөлсөн гэсэн үг. Ирэх хоёр жилийн дотор буюу 2019 он гэхэд иргэдийнхээ гадаад паспортыг бүрэн шинэчилж дуусна гэж  тооцож байгаа юм билээ. Олон жилийн өмнөөс ярьж, судалж ирсэн тул төсөл нь бэлэн байсан нь ийнхүү гадаад паспортыг өөрчлөх ажлыг эхлүүлэхэд хүргэжээ. Харин яг үнэхээр өнөөгийн гадаад паспортыг солих амин чухал, тулгамдсан шаардлага байгаа юу гэвэл тийм ч хангалттай үндэслэл олдохгүй юм билээ.

Харин ч зарим талаар ухралт харагдана. Мэдээж шинээр хэвлэгдэх гадаад паспорт чиптэй, цахим болно гэдэг дэвшил. Паспортын дотор тал буюу хувь хүний мэдээлэл, зураг бүхий хуудас нь л пластик бөгөөд чиптэй байх гэнэ. Үүнээс цаашхи нь бол одоогийн гадаад паспортоос дээрдэх нөхцөл огт үгүй. Тухайлбал, үнийн хувьд өндөр гарах бөгөөд дахин сунгаж болохгүй тул таван жил тутамд шинээр авна гэх мэт сул  талуудтай. 
Өнөөдөр хэрэглэж байгаа гадаад паспортыг ХБНГУ-ын компани үйлдвэрлэдэг. Ийм паспортыг 164 орон хэрэглэдгийн дотор дэлхийд хамгийн хүчирхэг паспорттой улс орнууд бараг бүгд багтдаг юм байна. Гэтэл одоо шинээр нэвтрүүлэх гэж буй технологи бүхий паспортыг 20 орчим улс л хэрэглэдэг ажээ. Энэ мэт давуу болон сул талууд, эдийн засгийн тооцоо судалгаа, эрсдэл зэргийг нь харьцуулаад үзэхэд иргэдийн энгийн гадаад паспортыг солих үндэслэл үгүй, алсдаа солих байлаа ч цаг хугацаа нь өнөөдөр биш гэдэгтэй олон хүн санал нийлнэ байх. Гэтэл өнөөгийн Засгийн газар гадаад паспортыг яаран өөрчлөхөөр ханцуй шамлан орлоо. Герман компанийн технологийг Унгарынхаар, сунгаж болдог паспортыг сунгалт хийдэггүйгээр солих гэж байна. Өөрчлөх дон, өөчлөх өвчин нь ийнхүү иргэдийн халаас руу гараа лав дүрэхэд хүргэв бололтой. Гадаад паспортгүй хүн бараг үгүй болсон өнөө үед энэ бол нэг талаас асар том бизнес. Хоёр жилийн өмнөх судалгаагаар 2006 оноос өмнөх стандарттай гадаад паспорт бүхий 300 мянга гаруй иргэн, түүнээс хойшхи 10 жилд гадаад паспорт авсан 150 мянга гаруй иргэн байжээ. Энэ тоо мэдээж өссөн байж таарна. Дор хаяж хагас сая иргэн гадаад паспортоо шинэчлүүлнэ. Энэ бүх паспортыг хэвлэх эрхийг “Мегасон” гэж компани авсан юм билээ. Шинэ паспортод сунгалт хийх боломжгүй тул таван жил болоод л иргэд шинээр авах болно. Энэ бол бүртгэлийн байгууллагад асар их ачаалал нэмнэ. Бас иргэдээс гарах мөнгө ч нэмэгдэнэ. Улсын бүртгэл, оюуны өмчийн газар одоогоор жилд дунджаар 120 мянган гадаад паспорт хэвлэдэг бол 2024 оноос эхлээд шинэ паспортуудын хугацаа дуусч эхлэхээр дээрх тоо хэд дахин нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл 2019 он гэхэд бүх иргэд шинэ  гадаад паспортоо авлаа гэхэд таван жилийн дараа бүгд дахиад шинийг авах шаардлагатай болно гэсэн үг. Энэ мэтээр тав таван жилээр гадаад паспорт шинээр хэвлэх ажлын давалгаа өрнөх бололтой. Ийм л утга учиргүй, амьдралаас хол шийдвэрийг өөрчлөх өвчин гэж нэрлэхээс өөр аргагүй.   

Удаахь бай нь улсын дугаар уу
Эрх баригчдын эхлүүлсэн өөрчлөлт нэр хаяг, гадаад паспортоор мэдээж дуусахгүй. Дараагийн бай нь ч бэлээхэн байгаа. Тэр нь бас л хэдэн жилийн өмнөөс яриад төсөл тооцоо, судалгааг нь хийчихсэн ажил л даа. Өмнөх засгийн үед автомашины улсын дугаарын стандартыг өөрчлөх тухай ярьж эхлэн, бүр Зам тээврийн яаман дээр ажлын хэсэг байгуулагдаж байсан. Мэргэжлийн Засгийн газар эмхлэгдсэн ажилдаа орсны дараахан энэ асуудал эргэн сэргэсэн байна. Өөрөөр хэлбэл авто машины улсын дугаарыг солих саналаасаа Зам тээврийн хөгжлийн яам ухраагүй гэсэн үг. Тус яам улсын дугаарыг солих тооцоо, судалгааг хийж байгаа ажээ. Энэ асуудлыг 2011 оноос л ярьж эхэлсэн. Одоо гурав дахь Засгийн газрынхаа нүүрийг үзэж байгаа гэсэн үг. Анх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван оронтой тоотой болгохоор судалгаа хийж эхэлсэн байна. 
Стандартчлал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс 2002 онд баталж, 2003 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийн MNS 4410:2002 стандарт” гэж бий. Улсын дугаарыг хөнгөн цагааны хайлшаар 1.0-0.2 мм зузаантай хийх учиртай. Венийн конвенцийн дагуу улсын нэрийн товчлол MNG болон соёмбо гэх мэт ялгах тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэж болно гэж уг стандартад заажээ. Тухайн үед олон улсын шаардлага хангасан, латин үсэгтэй, өнгөөр ялгардаг дугаарт шилжих нь зөв гэж салбарын яам үзэж байв. Тээврийн хэрэгслийн улсын дугаар гэдэг бол тухайн тээврийн хэрэгсэлд олгож байгаа бүртгэлийн дугаар. Манай улсад олгож байгаа улсын дугаар 3 үсэг,4 тооноос бүрддэг. Манай улсын хэмжээнд одоогоор нийт тээврийн хэрэгслүүдэд 80 сервис дугаар олгожээ. 
2013 онд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солих гал тэрэг хөдөлсөн боловч тухайн үед ам.долларын ханш өндөр байсан тул уг асуудлыг түр хойшлуулсан юм. Гэтэл 2013 оноос хойш ам.долларын ханш тогтмол өссөөр өнөөдөр 2400 төгрөг даваад байна. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын бэлдэц материалыг гадаадын улс оронд үйлдвэрлэх учир ийнхүү уг ажил валютын ханштай шууд хамааралтай байгаа байж таарна. Тэгвэл өнөөдөр ам.долларын ханш тэнгэрт хадсан энэ үед улсын дугаарыг солих нь зөв үү гэдэг асуулт угаасаа утгагүй юм. Хариулт нь тодорхой. Гэтэл эрх баригчид бол үүнийг өөрчилж байж л санаа нь амрах бололтой. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг удахгүй өөрчлөх нь гэдгийг мэдээлэлд ойрд нэгэн эрхэм саяхан олон нийтэд хүргэж, “шүгэл” үлээсэн байна лээ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол өнөөдөр улсын хэмжээнд бүртгэгдсэн 800 мянга гаруй тээврийн хэрэгслийн улсын дугаарууд өөрчлөгдөнө. Иргэдийн халааснаас дахиад л  мөнгө гарна. Улсын дугаар үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд харин ажилтай, орлоготой болно. 
Өмнө өгүүлсэн бүхнээс харахад өөрчлөлт бүхэн заавал хөрөнгө, мөнгөтэй холбогдож байна. Төрийн байгууллага, яамдын нэрийг сольсноор төсвийн мөнгө үр дүнгүй урсдаг бол иргэдийн гадаад паспорт, тээврийн хэрэгслийн улсын дугаар зэргийг ингэж төрийн захиргааны дээд байгууллагын шийдвэрээр хоморголон солихын цаана асар том бизнес явдаг. Улс орон эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед аж ахуйн нэгж, компаниудаас эхлээд төр захиргааны байгууллагууд хүртэл бүх шатанд хэмнэлтийн горимд  шилжиж байна. Гэтэл Засгийн газар аливааг өөрчлөх, солиход хамаг цагаа зарцуулж, нэр томъёотой байлдсаар суух нь зохимжгүй санагдана. Бусдын хийж бүтээснийг өөрчлөх гэж санаархахын оронд өөрсдөө шинийг санаачлан хийж бүтээх цаг болжээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.