Хар, шар алт манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ

2017.02.01 Лхагва №005 (2148)

Олон улсын банк санхүүгийн байгууллагуудын хэлдгээр манай улс уул уурхайн салбараасаа нэгэнт хамааралтай. Тиймээс ч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өссөн жилд эдийн засгийн өсөлт нь 16 хувьд хүрч байсан бол нүүрс, зэсийн үнэ буурахад тэр хэмжээгээр саарч байгаа билээ. Тэгэхээр уул уурхайн салбар хэр өнгөтэй байхаас эдийн засаг ямар байх ерөнхий зураг гараад ирнэ гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Монгол Улсын хувьд, энэ жил уул уурхайн салбараасаа 900 орчим тэрбум төгрөгийг төсөвтөө төвлөрүүлэхээр төсөөлсөн. Үүний дийлэнхийг нь буюу 90 хувийг нь зэс, алт, нүүрснээс төвлөрүүлнэ гэсэн тооцоо бий. Зэсийн үнийг төсөвт 5137 тооцсон бол алтаа 1156, нүүрсээ 32.8-54.8 ам.доллараар зарна гээд энэ оны төсөвтөө тусгачихсан. Тэгвэл энэ онд Монгол улсын эдийн засагт голлох түүхий эд хэр үнэ хүрэх талаар судлаач, шинжээчид ямар таамаг дэвшүүлснийг тоймлон хүргэе.

“Алт-2” хөтөлбөр эдийн засаг сэргээх алхам
Манай улсын хувьд алтны салбараа дэмжих нь эдийн засгаа сэргээхэд бодитой алхам болно хэмээн үзэж Засгийн газраас “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үндэсний статистикийн хорооны 2016 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлаад байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан ажлын алба уг хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор баталсан хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжихдээ жилд 25 тн алт олборлоно гэж тооцоолоод байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж  үзсэн байна. Манай улс өмнө нь “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан юм. 
Ирэх онд жилийн турш олборлох алтны хэмжээ нь 23.6 тонн. 2017 онд Оюутолгой 10.1 тонн алтыг олборлож экспортлох бол олборлогч компаниудын Монголбанкинд тушаах алтны хэмжээг 13.5 тонн гэж тооцжээ. Төрийн эзэмшлийн хувь хэмжээ нь УИХ-аар яригдаж эхлэх гэж байгаа Гацуурт төсөл хөдөлбөл алтны олборлолт илт нэмэгдэх бөгөөд Монгол банкинд тушаагдах алтны хэмжээ нэмэгдэнэ гэж эдийн засагчид хэлж байгаа юм. 
Алтны үнийн хувьд цаашдаа өснө гэсэн өөдрөг таамаг голлож байна. Цагаан сараар Хятадад алтны эрэлт нэмэгддэг. Энэ нь алтны үнэд дэм болдог гэдгийг шинжээчид хэлсэн байна. Өнгөрсөн оны хувьд алтны хувьд харьцангуй сайн жил болж өнгөрлөө. Хэдий 2011-2012 оны оргил үедээ эргэж хүрээгүй ч чамлахааргүй өсөлтийг үзүүлсэн байна. 2016 онд хөрөнгөө алт болгон хадгалах хандлага эргээд хүчээ авсан гэж эдийн засагчид бичжээ. 
Үүнд Их Британи Европын холбооноос гарсан, Трампийн ялалт зэрэг үйл явдлууд сайнаар нөлөөлсөн гэжээ. Гэвч алтны хувьд нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан учир үнэ тэнгэрт хадахгүй гэнэ.  Шинжээчдийн таамаглаж буйгаар алтны үнэ ойрын жилүүдэд 1400 ам.доллар орчимд тогтворжих бололтой. Энэ оны төсөвт нэг унц алтны үнийг 1156 ам.доллар гэж төсөөлөөд байгаа юм. Монголбанк өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн алт худалдан авах үнээ Лондонгийн үнэт металлийн биржийн үнэтэй тэнцүүлэх болсноор алт тушаалт нэмэгдэж байгаа сайн мэдээг дуулгахад таатай байна.

Зэсийн үнэ тогтвортой байх нь
Олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагуудын таамаглалаас үзэхэд зэсийн үнэ ирэх жилүүдэд тонн тутамд 5000 орчим ам.долларт тогтворжихоор байна. Тиймээс манай улс зардлаа бууруулах замаар л өрсөлдөх чадвараа хадгалж үлдэх хэрэгтэй болоод байгаа аж.  Тэгээд ч  Хятад хэмээх хажууд байгаа асар том зах зээл дээр тоглолт хийж чадаж байхад л хангалттай гэж шинжээчид хэлж байна. 
Зэсийн хувьд зах зээл дэх нийлүүлэлт ихсэх төлөвтэйг БНХАУ-ын төрийн өмчит “Чиналко” Перу дахь төслөө амжилттай хэрэгжүүлж үйлдвэрлэлийн үе шатандаа шилжүүлснээс нь харж болно. Энэ мэтчилэн нийлүүлэлт өссөөр байх нь манайд ашиггүй бөгөөд 2018 онд үнэ өсөх магадлал сул хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эх сурвалж хэллээ. Төслүүд зардлаа бууруулж эсвэл зогсоож байгаа хэдий ч БНХАУ-ын бодлогын нөлөөгөөр нийлүүлэлт өссөөр байх энэ хандлага үргэлжилбээс 2018 онд зэсийн үнэ одоогийнхоос өсөхгүй, унах магадлал бий. Харин 2019 оноос л эрэлт нь нийлүүлэлтээсээ давснаар зэсийн үнэ эргээд өсөх боломжтойг эдийн засагчид онцолж байгаа юм.

Нүүрсний өсөлт хадгалагдахгүй
2017 он хар алтанд таагүй байх төлөвтэй. Нүүрсний үнэ огцом унасан сүүлийн жилүүдэд ихэнх үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бууруулсан, төслүүдээ зогсоосон. Ингэснээр зэсээс ялгаатай нь нийлүүлэлтийн хомсдол үүсчээ. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр нийт хэрэглээнээс бага хэмжээгээр нүүрс олборлож баяжуулж байна. Эрэлт нь нийлүүлэлтээсээ давжээ. Энэ нь 2016 оны нүүрсний үнийн өсөлтөд нөлөөлсөн болов уу. Мөн нүүрсийг хэрэглээнээс шахан гаргах дэлхий нийтийн санаачлага хүчээ авч байгааг анхаарах хэрэгтэй. Өмнөд хөрш маань агаарын бохирдол, хөрсний сүйдэл зэргээс шалтгаалж нүүрсний уурхайнуудаа олноор нь хааж байна. Мөн жилд ажиллах өдрийн тоог нь хүчээр тогтоох зэргээр үйлдвэрлэлийг нь бууруулж болох бүхий л арга хэмжээг авч байгаа юм. Энэ нь гэхдээ ган үйлдвэрлэгчдийн хувьд хүндээр тусч байгаа нь илэрхий. Хятадын ган үйлдвэрлэгчид улам бүр коксжих нүүрснээс хараат болсоор байгаа юм.
Олон улсын байгууллагуудын үзэж байгаагаар 2016-2017 онд тохиосон нүүрсний үнийн өсөлт удаан хадгалагдахгүй байх магадлал өндөр аж. Ялангуяа Хятадын эдийн засгийн өсөлт саарч болзошгүй шинж тэмдэг илрэх болсонтой холбоотойгоор нүүрсний үнэ 2018 онд буурна гэсэн таамаглал бий гэдгийг эдийн засагч хэлж байна.

Монгол Улсын эдийн засаг ойрын хугацаанд  ямар байх вэ

Дэлхийн зах зээлд манай экспортын голлох түүхий эдийн үнэ ханш ямар байх болон эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар зарим эдийн засагчдын байр суурийг хүргэхээр бэлтгэлээ. 

Б.Лакшми: Эдийн засгийн сорилтын жил байхаар харагдаж байна
Монголын эдийн засгийн форумын захирал, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал

-Манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд Сангийн яам 3.4, Азийн хөгжлийн банк 1.4, Дэлхийн банк 2.7 хувь байна гэж гаргасан байна. Монгол Улсын эдийн засгийн хувьд нилээн сорилттой жил байхаар харагдаж байна. Гадаад валютын нөөц хангалтгүй, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспорт саарсан, төсвийн нөхцөл байдал хүнд, гадаад өрийн төлөх хугацаа тулсан гээд нилээд олон хүндрэлтэй асуудлууд байна. Энэ жилийн хувьд зөвхөн Хөгжлийн банкны 580 сая ам.долларын төлбөрөөс гадна своп гэрээний хэлцэл дуусч байгаа. Энэ нөхцөл байдал нь бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээлд нилээн томоохон нөлөө үзүүлэхээр байна. Оюутолгойн хоёрдахь шатны хөрөнгө оруулалт, дэлхийн түүхий эдийн үнэ буюу Монгол Улсын хувьд ач холбогдол бүхий зэс, нүүрс, алтны үнэ энэ жилийн хувьд харьцангуй тогтвортой байх хандлагатай байгаа нь эдийн засагт эерэгээр нөлөөлөхөөр байна.Төсөв хүнд байгаа өнөөдрийн энэ нөхцөл байдалд хавтгайрсан халамжийн бодлогоо өөрчлөх шаардлагатай. Зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх хэрэгтэй. Өрхийн орлого саарсан, худалдан авах чадвар буурсан нь ядуурлын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Аливаа улсын валютын нөөц, хөрөнгийг илтгэдэг зүйл бол төв банкны алтны нөөц байдаг. Төв банкинд хадгалагдаж байгаа алтыг хэзээ л бол хэзээ арилжаад ямар ч төрлийн валютад хөрвүүлж болдог тул эдийн засгийн хувьд маш ач холбогдолтой. “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Монгол Улсын гадаад дахь нэр хүнд, итгэх итгэлийг сэргээх үүднээс дотооддоо биш харин гадаадын (жишээньГерман, АНУ-д) хадгалдаг болчихвол илүү үр өгөөжтэй. 2017 онд зөвхөн өр төлөхөөс гадна дараа жил буюу 2018 онд “Чингис” бондын үндсэн өрийн нэг хэсгийг төлөх тул энэ жилээс бэлтгэлээ хангах, нөөц бүрдүүлэх шаардлагатай. 

Эрдэс баялгийн шинжээч Д.Галсандорж: Алтны үнийн хувьд гэгээтэй зүйл бий
-Алтны ханш 2018 оноос 2000 ам.доллар руу дөхнө гэсэн прогноз бий. 2017 онд 1180 гаруй ам.доллар байх болов уу. Олон улсын байгууллагуудын прогнозыг дундажлахаар ийм зураг харагдаж байна. Гэхдээ алтны үнийн хувьд гэгээтэй зүйл бий. Юанийг олон улсын валют болгох зорилтын хүрээнд хятадууд алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа. Эрэлт ихсэхээр үнэ өсөх нь тодорхой. Тэгэхээр цаашдаа үнэ өсөх магадлалтай. Олон улсын хөрөнгө оруулагчид Хятадын төв банкийг алтны худалдан авалтаа үргэлжлүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Энэ нь алтны үнэ өсөх нэг шалтгаан болно. Алтны үнэ сүүлийн таван жилийн хамгийн бага төвшиндээ өнгөрсөн сард хүрсэн учир 2017 онд эргэж өснө гэсэн таамаглалыг HSBC-ийн шинжээчид хэлж байна.

МУИС-ийн багш Д.Эрдэнэбат: Бүх найдвараа түүхий эдийн экспортод тавьж болохгүй
-Одоогоор нөхцөл байдал хэцүү байна. Сангийн болон мөнгөний бодлого нь асар хатуу. Эдийн засаг ийм хямралтай байгаа үед эсрэгээрээ мөнгөний бодлого зөөлөн байх ёстой. Бодлогын болон зээлийн хүүг бууруулах ёстой байдаг. Төр бүх найдвараа түүхий эдийн экспортод тавьдаг боллоо. Өөрөөр хэлбэл, Казинод хамаг мөнгөө тавиад нэг хөзөрт найдаад сууж байгаа хүн шиг л байна, манай эдийн засаг. Мэдээж ингэж болохгүй. Түүхий эдийн бааз маягийн эдийн засагтай байж болохгүй гэдгийг дахин хэлмээр байна. 

Ч.Отгочулуу: Олон туулай хөөвөл хоосон хоцордог
-Миний бодлоор, 2012-2015 онуудад тохиосон үнийн их уналт бүхий үетэй харьцуулахад гарч буй тахиа жилд хонх дамар хоёр нь сайн дуугарах (ажиллах) төлөв байна. Ирэх оны хандлага өнгөлөг байна. Монголчууд бид хонх нь дуугарвал дамар нь таг, хоёулаа дуугарвал лам нь таг гэсэн зүйр цэцэн үгээр  ажил хэрэг бүтэлгүйтэх гэсэн санааг илэрхийлсээр ирсэн. Орчин үеийн эдийн засагт мөнгө-валютын зах зээлд ч энэ үгийг ашиглаж болохоор байгаа юм. Хонх гэдэг нь Хятад тэргүүтэй улсын дэлхийн зах зээл дэх манай алт, зэс, нүүрсний экспортын үнэ гэж зүйрлэе. Харин дамар гэдгээр манай алт, зэс, нүүрс үйлдвэрлэгчдийг төлөөлүүлье. Лам нь харин Монголбанк болоод Сангийн яам гэж үзэж болно. 
Тухайлбал, 2012-2014 онд хонх маань таг болоод байсныг бодвол, 2016-2017 онд зэс, нүүрс, алтны үнэ бага зэрэг сэргэх, улмаар тогтворжих хандлагатай байна. Манай улс дотоод нөөц боломжоо дайчлаад, төмөр зам, Гацуурт, Тавантолгойгоо ашиглаад хямралаас гарах боломжтой. Гэтэл нутгийн лам багш маань гаднаас өөр бадарчин хайх тухай л яриад байх. ОУВС, БНХАУ, ОХУ, АНЭУ зэрэг түншүүддээ хандаж лам олдохгүй бол буцахдаа залах уулзалт хийгээд яваад байна. Олон туулай хөөсөн анчин хоосон хоцордог гэх ардын зүйр үг бий.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.