Б.Хишигзаяа: “Царцаа намжил” Үндэсний онцлогийг эргэн сануулна

2017.02.01 Лхагва №005 (2148)

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа шинэхэн жүжгийн бэлтгэлээ базаан тун ч завгүй байлаа. “Азаа, “Чамайг хөдлөөд байхаар би будаж чадахгүй байна” гэдгээ яг одоо хэл. Тэгэхээр Одоноо инээгээд арваганаад хөдөлгөөнөө хийгээд эргэлдээд ор” хэмээн найруулагч  Б.Хишигзаяа үзэгчдийн суудал дундаас хэлнэ. Тэрхүү үзэгдэл явсны дараа тэрээр “Зогс. Одоноо байж бай, үгийг нь хэлүүл” хэмээв. Тэрээр үргэлжлүүлэн үзэгдэл дундуур “Гижиг хүргээд байна аа гэдгээ тод хэлээд яв Одоноо. Ая чангарлаа, будлаа, ойлгосон уу” хэмээн зааварлана. “Одоноо тайзны ард болдог бол 10 секунтэд хувцсаа солимоор байна. Тэгэхгүй бол тайзан дээр Азаа ганцаараа будаад л зогсоод байна. Хувцас солиход хоёр хүн хэрэгтэй юм байна шүү” гэв. Түүнчлэн энэ үзэгдэл дээр өөрийнхөө үзэгдлийг хүлээн тайзны доор зогсож байсан  ардын жүжигчин П.Цэрэндавга “Байз л даа, битгий хөдлө л дөө” гэдэг үгээ энд хэлмээр байна хэмээн өөрийн санаа бодлыг нэмэрлэж байлаа.

Энэ бол тун удахгүй тайзнаа амилах монгол ардын үлгэр “Царцаа Намжил”-аас сэдэвлэсэн хүүхдийн жүжгийн бэлтгэл ажил юм. Хоёрдугаар сарын 5-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амилах энэхүү жүжгийн зохиолыг яруу найрагч Я.Баяраа, соёлын тэргүүний ажилтан, найруулагч Б.Хишигзаяа нар бичин ерөнхий найруулагчаар нь найруулагч Б.Хишигзаяа ийнхүү ажиллаж байгаа юм. “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн гол дүр Царцаа Намжилд жүжигчин Б.Золжаргал, Номын багшид жүжигчин С.Болд-Эрдэнэ, Эрлэг номун хаанд ардын жүжигчин П.Цэрэндагва, Эрлэг номун хааны хатанд гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар тоглож байгаа. Хүүхдийн уран бүтээл болохоор тайз, гэрэлтүүлэг, жүжигчдийн хувцас нь өнгө алаглан хараа салгах  ч завдал өгсөнгүй. Драмын театрын үе үеийн уран бүтээлчдийг багтаасан баг ийнхүү тайзнаа дуулж бүжиглэн бяцхан үрсийн тань сэтгэл зүрхэнд монгол ардын үлгэрийг амилуулах агшин айсуй.  
Ингээд жүжгийн ерөнхий найруулагч, соёлын тэргүүний ажилтан Б.Хишигзаяатай  тайзны бэлтгэл завсарлах үеэр цөөн хором ярилцлаа.

-“Царцаа Намжил” үлгэр тун удахгүй тайзны уран бүтээл болон мэндэлж, удахгүй хүүхэд багачуудын хүртээл болох нь ээ. Жүжгийн бэлтгэл ажил хэр байна?
-Жүжиг маань ер нь бэлэн болчихсон байна. Улсын драмын эрдмийн театрт жүжиг найруулан тавьж, жүжигчид маань тоглосон бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохын өмнө маш олон шалгуур даваануудыг давдаг. Эхний даваа болох дотоод хяналт буюу найруулагч нарын зөвлөлд өнөөдөр /өчигдөр/ уран бүтээлээ хянуулж шалгуулахад бэлэн болсон байна.

Ахмад үеийнхэн маань залуучуудтайгаа хөл нийлүүлэн алхаж, дуулж, үсэрч, бүжиглэж чадаж байна гэдгээ энэ жүжгээрээ нотолж байна.

-Яагаад заавал “Царцаа Намжил” үлгэрийг сонгон тайзны бүтээл болгох  болов оо?
-Хүүхдийн үлгэрийг жүжиг болгож үзэгч, багачуудын хүртээл болгоно гэдэг бол амаргүй. Хамгийн гол нь үзэгчдээ мэдрэх хэрэгтэй. Өнөөдрийн орчин үеийн үзэгч хүүхдүүд юунд сонирхолтой байна, тэдний хэрэгцээ шаардлага юу байна гэдгийг бид олж харах ёстой гэж боддог. “Царцаа Намжил” үлгэрийг сонгосон шалтгаан нь нэгдүгээрт монгол үлгэр. Хоёрдугаарт,  хэлэх санаа өгүүлэмж ихтэй, гуравдугаарт бид монгол гэдэг үндэсний онцлогоо мартаад байгаа юм уу гэдэг эмзэглэлээс энэхүү үлгэрийг хүүхдийн оюун санаанд хэзээ ч мартагдахааргүй сайн бүтээл болгон хүргэх цаг нь болчихсон юм байна, энэ үе зайлшгүй ирсэн гэдэг бодол төрсөн. Тиймээс энэ жүжгийг сонгож авсан.
-Хүүхдийн бүтээл тайзнаа тавих амаргүй. Тэдний анхаарлыг татан жүжиг дуустал суулгана гэдэг амаргүй болов уу?
-Мэдээж хэрэг хүүхдийн анхаарал маш амархан сарнидаг. Тогтож суухад насны  онцлогтой байдаг учраас тэдний анхаарлыг байнга татахаар үйл явдал нь маш эрчимтэй өрнөж, жүжигчдийн тоглолт нь маш их хувиралтай, сонирхолтой байх ёстой. Мөн дуу, бүжиг, өнгө алаглан тайзнаа хором мөчөөр өрнөж байж хүүхдүүд анхаарал нь сарнихгүйгээр үздэг. Манай жүжгийн нэг онцлог бол жүжиг дундаа  огт тасрахгүй үргэлжилж байгаа. Гэрэл аваад ч юм уу, үзэгдэл хоорондоо тасран зай ерөөсөө гарахгүй. Жүжиг маань маш сайхан дуутай, хөдөлгөөний тавилтуудтай, бүжиг, хөгжимтэй, бүх зүйл нь нэг уур амьсгалаар амьсгалж чадсан. Эх зохиогч нар баг болж хамтарч ажиллаж чадсан гэж би бодож байгаа. Үүнд зураач Л.Цэрэндулам, хөгжмийн зохиолч Б.Цацрал, бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очир, миний бие, хөгжим, гэрлийн найруулагч энэ олон хүн нэг зорилго чиглэлд хамтарч ажиллаж чадсан учраас өнөөдрийн бүтээл үзэгч багачууд үзэхэд мэргэжлийн өндөр төвшний чанартай уран бүтээл болсон гэдгийг хэлмээр байна.
-Драмын театрын үе үеийн уран бүтээлчдийн төлөөлөл багтсанаараа онцлог юм уу даа?
-Жүжигчдийн хувьд ахмад, дунд, залуу үеийнхэн маань хамтарч нэг баг болон орж байгаа нь залуучуудын хувьд дунд ахмад үеийнхээсээ сурах боломжийг нээж өгч байна. Ахмад үеийнхэн маань залуучуудтайгаа хөл нийлүүлэн алхаж, дуулж, үсэрч, бүжиглэж чадаж байна гэдгээ энэ жүжгээрээ нотолж байна. Олон ач холбогдолтой сайхан жүжиг болж байна.
-Хүүхэд багачуудад аливаа юмны төлөө тууштай зүтгэвэл үр дүнд хүрдэг юм шүү гэдгийг үндэсний үлгэрийн баатраар төлөөлүүлэн хүргэж байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Тийм шүү. Бидний хамгийн гол хэлэх санаа бол жүжгийн дуун дээрээ ч гэсэн гаргаж байгаа
“Дуслыг хураавал далай
Дуулсныг хураавал эрдэм” гээд. Гэхдээ эрдэм гэдэг бол хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв гэдэг ямар нэгэн математик, хими, физикийн томъёо цээжлэх биш юм. Амьдрал ахуйгаас сурсан юм бүхэн эрдэм байдаг. Юмыг цаг тухайд нь хийсэн нь их ач холбогдолтой гэдэг санааг давхар хэлж байгаа. Энэ жүжиг эрдэм мэдлэгийн ач тус, эрдэм мэдлэг гэж юуг хэлээд байгаа юм бэ гэдгийг цаад утгаар нь хэлж байгаа. Аягаа зөв угаагаад сурчих чинь л эрдэм юм гэдгийг давхар энэ жүжгээрээ ойлгуулах юм.
-Та драмын театрын уран бүтээлчидтэй өмнө нь хүүхдийн бүтээлүүд дээр хамтран ажиллаж байсан. Энэ удаагийн уран бүтээлийн тань онцлог?
-Би 2008 онд анх драмын театрын уран бүтээлчидтэй хамт дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэг Андерсены “Лусын дагина” жүжгийг тайзнаа тавих завшаан тохиож байсан. Дараа нь 2009 онд Ксения Драгунскаягийн “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийг толилуулсан. Энэ удаад УДЭТ-ын хамт олонтой хамтарч ажиллаж байгаа гурав дахь хүүхдийн жүжиг маань болж байна. Монгол зохиол, монгол үлгэр гэдэг бол элэг дэвтээсэн, сэтгэл, зүрхэнд ойрхон, утга санааг нь задлах тусам гүн санааг нь ойлгож амт шимтэнд нь ороод сайхан байдаг юм байна. Өнөөдөр бидний хүүхэд багачууд барууны бүтээлүүдийг үзэн, тэдний бүх баатруудыг мэддэг, тэднээр өөрсдийгөө төсөөлж амьдардаг. Тэгвэл яагаад өнөөдөр монгол үлгэрийн баатартай танилцан, тэднээс сурч мэдэн, өөрийн сэтгэл зүрхэндээ тээж явж болохгүй гэж. Энэ жүжгийг монгол хүн, хүүхэд бүр заавал үзэх ёстой. Үүнд эцэг эхчүүд ач холбогдол өгч хүүхдүүдээ энэ үлгэрийг мэддэг болгоосой. Монгол үлгэрээр хүүхдүүдээ “өвчлүүлээсэй” гэж би бодож байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.