М.Туяа: Хүүхдийн дуугаараа “Морин хуур”-т магнайлж байлаа

2017.02.01 Лхагва №005 (2148)

“Хайр байдаг юм”, “Ухаан цэцэг хоёр”, “Улаан сарнай” зэрэг хит дуунуудаараа олны танил болсон хөгжмийн зохиолч, Монгол Улсын соёлын  тэргүүний ажилтан М.Туяатай цөөн хором ярилцлаа. Түүний зохиосон “Цэцэрлэгийн багш аа, баярлалаа” дууных нь 25 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.  

-Цэцэрлэгийн хүүхдүүд хэлд ороогүй шахам байхдаа дуулдаг дуунуудын нэг нь таны энэ дуу. Дуу хэрхэн бүтсэн түүхээс сонирхуулаач?
-Одоогооос 25 жилийн өмнө энэ дууны аяыг бичсэн. Тэр үед “Пионерийн үнэн” сонинд нэг охины шүлэг хэвлэгдсэнийг олж харсан юм. Их таалагдсан тул уг шүлгэнд ая хийсэн. Тэгж байтал Эрдэнэтэд бүсийн хэмжээний бага “Морин хуур” наадам болсон. Тэр наадамд “Цэцэрлэгийн багш аа, баярлалаа” дуугаараа оролцож тэргүүн байр эзэлсэн. Ингэж дуу маань анх олонд хүрсэн. Удалгүй Эрдэнэтийн багачууд дуулаад л эхэлсэн дээ. Цэцэрлэгийн хүүхдүүд тун амархан сураад дуулдаг болсон шүү.
-Хүүхдийн дуугаар бага “Морин хуур”-т түрүүлнэ гэдэг ховор тохиолдол байх шүү?
-Тийм. Эрдэнэтийн хоёр хөөрхөн охин анх “Морин хуур”-ын тайзан дээр энэ дууг маань дуулж, би өөрөө төгөлдөр хуураа тоглоод л. Ингээд л хит болсон. Энэ миний дууны уран бүтээлийн хамгийн анхных нь байсан. Надад их ч урам хайрласан сайхан дуу даа. Зөндөө олон хит дуу араасаа дагуулсан булган сүүлтэй уран бүтээл гэж боддог. Анхны уран бүтээлээ хүүхэд хэмээх тэр гэгээн сайхан ертөнцийнхний дуулах дуртай дуугаар эхэлсэндээ бэлгэшээдэг. 
-Тэр үед өнөөгийнх шиг дуу бичлэгийн студи олон байгаагүй байх. Монголын радиод л шинэ дуугаа бичүүлдэг байсан байх даа?
-Монголын радиогийн хөгжмийн редакциас соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг эгч очиж дууг маань бичиж авч байсан санагддаг. Гэхдээ дуу маань радиогоор нэг их яваагүй. Харин жинхэнэ зориулсан эзэд нь болох цэцэрлэгийн хүүхдүүд өөрсдөө дуулаад, сураад хит болгочихсон. Ямар сайндаа сая 25 жилийн ойгоороо л энэ дуу маань клиптэй болж байна. Энэ дууг анх дуулж байсан жаахан хүүхдүүд одоо 30 шүргэж байна шүү дээ. 
-Дууныхаа ойг цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдтэй хамт тэмдэглэж байгаа гэл үү?
-БСШУС-ын яамтай хамтран цэцэрлэгийн багш нарыг алдаршуулах, тэдний ажил үйлсийг сурталчлах зорилготой цуврал нэвтрүүлгүүд бэлтгэн хүргэж байна. Сая Дархан хот яваад ирлээ. Одоо Говьсүмбэрт очиж нэвтрүүлгээ хийнэ. Ирэх долоо хоногт Сэлэнгийг зорино. Таван бүсийн аймгуудаар явна гэж төлөвлөсөн. Ирэх зургадугаар сарын нэгэн буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Цэцэрлэгийн багш аа, баярлалаа” тоглолтоо бяцхан багачууддаа зориулж хийнэ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.