Сүүлчийн зам дахь түгжрэл

2017.02.01 Лхагва №005 (2148)

Заавал даваа, лхагва, баасан гаригт талийгаачдыг гаргах ёстой юу
Өглөөний 05:40 цагт. Баасан гариг. Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн. Их хотын авто замын хөдөлгөөн эрчимжиж эхлээгүй, утаат хот хараахан сэрээгүй үе боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцос хадгалах газрын өмнөх нарийн урт замын хөл хөдөлгөөн орой ажил тарах үеийн хотын төв замыг санагдуулам ачаалалтай, хөл хөдөлгөөн  хэдийнэ ихэсчээ. Нэгдүгээр төв эмнэлэг орчимд үүрийн 04:30 цагаас хойш оволзоод эхлэх энэ их хөл хөдөлгөөн, дүр зураг даваа, лхагва, баасан гариг бүхэнд давтагдана. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харьяаллын бүсэд үүссэн замын ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд тус төвийн шөнийн ээлжийн албан хаагчид замын цагдаа аятай зохицуулалт хийх аж. Ингэж зохицуулалт хийхгүй бол бурхан болоочийг хөдөөлүүлэх зурхайд буусан сайн өдөр, цаг алдагдах, түүнээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн салах ёс гүйцэтгэх танхимд зан үйл гүйцэтгэх хуваарьт цаг алдагдах, дараагийн хуваарьтай давхцах хүндрэлүүд үүснэ. Хуульд заагдсан ажил үүргийн хуваариараа бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь задлан шинжилгээ хийх, хэргийн газрын үзлэг хийх, гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийх үндсэн үүрэгтэй боловч хуулиар хүлээгээгүй үүрэг болох оршуулгын зан үйлийн ажлыг давхар гүйцэтгэдэг аж. 

Сондгой тоотой ажлын өдрүүдэд болдог салах ёс гүйцэтгэх уг зан үйлд тус төвийн туслах ажилтнуудаас өгсүүлээд ээлжинд гарч буй бүх алба хаагчид оролцдог гэнэ. Даваа, баасан гаригт оршуулга их болдог тул ачаалал дагаад ихэсдэг. Харин лхагва гаригт ачаалал харьцангуй бага байдаг ажээ. Нийслэлийн хэмжээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэг, улсын хоёрдугаар төв эмнэлгүүдэд цогцос хадгалах хөргүүрт өрөө бий. Иргэд оршин суугаа харьяаллынхаа дагуу тэдгээр эмнэлгийн моргуудаар үйлчлүүлэх тохиолдол байдаг ч Улаанбаатар хотод нас барсан гэх дуудлагын 70-80 хувь нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харьяа моргт хүргэгддэг гэсэн тоон судалгаа бий бөгөөд цогцос хадгалах нэг хоногийн ханш 5000 төгрөг байдаг аж. Статистикаас харвал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн сондгой тоотой өдөр хамгийн ихдээ 20 орчим, багадаа 10 оршуулгын ажиллагаанд оролцон үйлчилдэг байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зүгээс бурхан болоочийн шарилыг гаргах өдөр, цагийн бүртгэлийг өмнөх өдөр нь гэр бүлийнхнээс нь урьдчилан авсны үндсэн дээр оршуулах зан үйлд бэлтгэдэг бөгөөд танхимд салах ёс гүйцэтгэх 10-15 минутын хугацаа олгодог. Иргэд, айл өрхүүд хуваарьт цаг хугацаандаа багтааж бусад зүйлээ төлөвлөж зохицуулсан тохиолдолд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн салах ёс гүйцэтгэх танхимаар үйлчлүүлэх цаг давхцах үндэсгүй ч лам нь хоцорч ирэх, унаа тэргээ хүлээх зэргээс болоод дараагийн бүртгэлтэй айлын цаг руу орох тохиолдлууд гардаг. Бурхан болоочдыг нутаглуулах зан үйлийн хүрээнд тулгардаг дээрх хүндрэл, асуудлыг зохицуулах журам, гарц шийдэл бий эсэх талаар  ШШҮХ-ийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулгаас тодруулахад,
“Ер нь бол талийгаачийг гаргах цаг, өдрийн хуваарийг бид тогтоодоггүй. Алтан хайрцаг нээсэн лам нь юу гэж айлдана түүгээр л болдог. Уламжлалт зан үйлтэй холбоотой энэ мэтийн нарийн асуудлыг хууль журмаар хатуу тогтоох боломжгүй учир бид ч үйлчлүүлэгчдийнхээ сүсэг бишрэлийг хүндэтгэн дагах хэрэгтэй болдог. Үүрийн 04:00 цагаас талийгаачийг гаргана гэвэл бид тэр цагт нь тааруулж бэлддэг. 05:40-07:40 цагийн хооронд ч гэдэг юм уу ажил цуглахаас өмнө тухайн өдрийн бүх оршуулга гараад дуусчих тохиолдол байдаг бол зарим тохиолдолд 07:40-09:40 цагийн хооронд сүүлчийн замд нь үдэх зан үйлээ эхлүүлэх тохиолдол ч байдаг. Тиймээс аль болох хуваарь давхцуулахгүй байх зорилгоор салах ёс гүйцэтгэх дөрвөн танхим гарган иргэддээ үйлчилдэг. Манай дээр яригддаг нэг хүндрэлтэй асуудал бол замын түгжрэл. Манай ойр орчмын зам, гудамж нийтийн эзэмшлийн талбай болохоор хаачихаж болдоггүй. Хуучин хотын түргэн буюу Яаралтай тусламжийн төвтэй нийлсэн зам гарцыг нээж сэтлээгүй байхад түгжрэлийн асуудал бүр ч их тулгамддаг байсан. Иргэдийн зүгээс гомдол гаргадаг дээрх асуудлыг нааштай шийдвэрлэхийн тулд манай байгууллага хоёр гурван жил идэвхтэй хөөцөлдөж, хотын захиргаанд хүсэлт гаргасны хүчинд мухар байсан замыг өнгөрсөн жил сэтэлж нээсэн. Ингэхийн тулд Нэгдүгээр эмнэлэг, Цусны төвтэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр зам гаргаж нээхэд саад учруулж байсан гражнуудыг буулган нэлээд зардал, чирэгдэл болсон. Үүнээс хойш нэг түгжрэхээрээ таг гацчихдаг байсан хүндрэл харьцангуй багассан. Өмнө нь бол манай нарийн зам дээр үүссэн замын хөдөлгөөний ачааллыг зохицуулахын тулд Сүхбаатар дүүргийн замын цагдаа, манай ээлжийн ажилчид хамтран ажилладаг байсан. Өмнөх үетэй харьцуулахад сондгой тоотой өдрүүдийн өглөөд үүсдэг түгжрэл харьцангуй багассан ч даваа, баасан гаригуудад үүсдэг түгжрэл бүрэн арилаагүй л байна. Манай ард иргэд ухамсартай хандан зөвхөн шарил авах машинаа шүүх эмнэлгийн хашаа руу оруулж, оршуулгын цуваанд дагаж явах бусад унаа тэргээ Япон Элчингийн ойролцоо ч юм уу, Хотын түргэний урд зам ч  юм уу замын ачаалалтай бүсээс чөлөөлөөд хэвшчихвэл энэ хүндрэл улам л байхгүй болно. Зан үйлийн шинжтэй, нөгөөтэйгүүр хагацал, уй гуниг тохиолдсон хүнд үед нь бидний зүгээс хатуу зохицуулалт хийж, төрийн дарамт үзүүлэх нь ёс зүйд нийцэхгүй шүү дээ” гэсэн юм. 

Лам нарын биш нам, төрийн шийдвэр
Улсын хүн амын тэн хагас нь аж төрж буй нийслэл Улаанбаатарт зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай өчнөөн тулгамдсан асуудал бий. Нэн тэргүүнд агаарын бохирдол, замын түгжрэл, барилгын аюулгүй байдал гэх сэдвүүдэд түлхүү ач холбогдол өгдөг ч баян, ядуу  боловсролтой, боловсролгүй гэж хэнийг маань ялгалгүй ирэх үхэл хагацалтай холбоотой энэ мэтийн асуудлыг орхигдуулж болмооргүйсэн. Баасан гаригийн өглөө Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үүдэнд очиж сурвалжлага хийн, ажиглаж байхнээ улсын нэгдүгээр төв эмнэлэгээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шарил хадгалах газар хүртэлх 300 метр хүрэхгүй нарийн засмал зам дээрх өрнөл, салах ёс гүйцэтгэх танхимд орох дараалалд үүсч буй асуудлууд тэр чигтээ манай хотод тулгардаг “проблем”-уудыг багасгасан масштабаар харуулж буй дүр зураг байлаа.
Өөд болоочийг эцсийн замд нь үдэх ёслол гэдэг угтаа бол талийгаачийг дурсан санах, бие цогцсыг нь тайван амгалан газарт нутаглуулах, сүнсийг нь амирлуулах,  хагацал зовлон амссан ойр дотнын улсынхаа уй гашууг хуваалцах маш энгийн л зүйл баймаар. Үүнийг хэт нүсэр болгож хүндрүүлж, элдэв зардал чирэгдэл нэмэгдүүлдэг хүчин зүйл лам нар, буяны цогц үйлчилгээний компаниудаас шалтгаалж буй нь хатуу үнэн. Дээр нь ёс мэт тогтсон алтан хайрцаг нээх зан үйл байна. Тэгвэл дээрх асуудлыг шийдвэрлэх боломж бий юу? Уламжлалт ёс заншил, шашны зан үйл нь ийм юм хойно гээд чихээ бөглөөд орхих уу? Амьдралын хэмнэл, орчин нөхцөлөөс хэт хоцорч орхигдсон бурангуй ёс дүрмийг баримтласаар л байх уу? Өнөөг хүртэл уламжлалт ёс заншил, хүн нутаглуулах гаригийн сайн өдөр гэж сохроор дагаж мөрдсөөр ирсэн даваа, лхагва, баасан гаригууд хаанаас эх үүдэлтэй горим журам болохыг мэддэг хүн бий юү гэдэг асуудлыг өргөн дэвшүүлэхээр зориглоё. Тиймийн тулд магадгүй хамгийн шударга хариулт өгч чадах хүн гэж найдан Их хүрээ хийдийг зорьж хамба лам, зурхайч З.Санждоржоос оршуулгын зан үйлийг нь ерөнхийд нь чиглүүлж өгдөг Алтан хайрцаг нээх жаяг дэгийн тухай, өнөө цагт алтан хайрцгийг ном журмынх нь дагуу нээж чадаж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар зорьж очсон юм. 
Тэрээр ийн ярилаа. “Яахав манайхан л хүндэтгэлийн нэр болгож алтан сав гэж нэрийдээд байгаа болохоос биш шинжээ гэдэг чинь талийгаачийн зурлага л гэсэн утгатай үг юм шүү дээ. Дээрх талийгаачийн зурлага бүхий судар хуучин монгол бичгээр ч бий, төвдөөр ч бий. 1990 оноос өмнө заавал алтан хайрцаг нээлгэхгүй ч гэсэн оршуулгын тогтсон ёс заншил орос маягийн оршуулгын зан үйлтэй холилдон оршсоор ирсэн. Жишээ нь гэхэд, шарилын хайрцаг заавал улаан цэмбэн давуун дотортой байх ёстой ч гэдэг юм уу оросын ёстой холилдсон байсан. Ардчилсан хувьсгал ялснаас хойш хуучин ёс заншил, уламжлалт шашин шүтлэг эргэн сэргэсэн. Үүнийг дагаад алтан сав нээх зан үйл ч нээлттэй болсон. Эргэж энэ ёс заншил, уламжлалт оршуулгын зан үйл сэргэж бурхан болоочдоо бид ном журмын дагуу хойдохын замд нь үдэх бололцоо нээгдсэн нь сайн хэрэг ч нийгэм нээлттэй чөлөөтэй болсноор дутагдалтай тал ч дагаж бий болсон. Үүний хамгийн тод жишээ нь ном эрдэмд гүйцэд нэвтрээгүй орхимж зүүсэн, шавилан суудаг тодорхой хийд, дацангүй дэгсдүүлж хэлэхэд дурын лам бүхэн хатуухан хэлэхэд ашиг хонжоо олох үүднээс алтан сав нээдэг болчихсон. Уг нь бол ёсыг гүйцээж, бүрлээчийг эцсийн замд нь үдэж, дараагийн сайн төрөлд нь хөтлөн чиглүүлэх үүргийг буддын шашны лам гүйцэтгэх ёстой юм бол үнэхээрийн эрдэм чадалтай, судар номоо мэддэг хүнд даатгах нь чухал. Гэтэл номоо мэдэхгүй, зурхайн ухаанд нэвтрээгүй лам нэртэй улс буруу өдөр, буруу цагийг дур мэдэн зааж өгснөөр өч төчнөөн бүрлээчийн сүнсийг буруу тийш нь хөтөлж, зовлонгийн балчигт оруулж байгааг харахад сэтгэл эмзэглэмээр. Энэ олон лам нар, тэр олон алтан хайрцаг нээж байгаа зурхайчдын аль нь зөв бэ? Хаана, хэнд нь үнэн байна вэ гэдгийг мэдэх аргагүй болжээ. Тиймээс энэ бүх завхарсан асуудлыг нэг мөр цэгцэлж, ном горимонд нь оруулахын тулд БСШУСЯ, Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Шинжлэх ухааны хүрээлэн бүгд нэгдэж комисс гаргаж байгаад алтан сав, хайрцаг нээх тусгай зөвшөөрөл олгох шалгалт сорилыг энэ бүх лам нарын дунд явуулж, цөөн тооны эрдэм чадалтай хүнд нь оршуулгын зан үйлийг гүйцэтгэх эрх зөвшөөрлийг олгох цаг болжээ. Гэхдээ зүгээр ч нэг шалгаруулалт хийгээд эрх олгоод зогсох бус төр засаг хяналтаа тавьж байх хэрэгтэй байгаа юм. Одоо та бүхэн шинжээ хийж буй, алтан сав нээж буй захын нэг ламыг шалгаад үзэх хэрэгтэй. Тэдэнд алтан сав нээж хардаг судар байна уу гэж? Эргээд буух, буцаж нягтлах эх судар бичиг байгаа цагт эргээд лавлаж тодруулсан ч зөрөхгүй яг анх буухад юу гэж буусан яг түүгээрээ л зөрөхгүй гараад ирнэ. Гэтэл цээжний бангаараа элдэв юм зохиож хэлсэн ламаас эргээд асуухад анх юу гэж хэлснээ санахгүй, мэдэхгүй шүү дээ” гэж байв.
З.Санждорж хамбын дээрх хариултаас анзаарвал зурхайн ухааан, ном сударт бүрэн гүйцэд нэвтрээгүй олон зуун лам хойдохын алтан хайрцгийг дураар нээдэг гажуудал үүссэнийг мэдэж болохоор. Чин үнэндээ тийм л лам хуврагууд оршуулах ёс гүйцэтгэх өдөр  яагаад заавал сондгой тоотой гаригт болдгийг өөрсдөө ч мэдэхгүйгээр сохроор дагадагт нэг том алдаа оршсоор байна. Түүх сөхвөл 1955 онд   МАХН-ын Төв хорооны шийдвэрээр сондгой тоотой ажлын өдрүүдэд буюу даваа, лхагва, баасан гаригуудад өөд болоочдыг эцсийн замд нь үдэж байхыг тогтоосон захирамж гаргасан түүхтэй. Шалтгаан нь тэр цагт Аж үйлдвэрийн комбинат Улаанбаатар хотын  хамгийн олон ажилтантай байгууллага байжээ. Тэр хэрээр өдөр болгон л хэн нэгнийх нь ар гэрт хагацал тохиолдоно. Тиймээс ачааны машин гаргаж өгөхөөс өөр аргагүйд хүрнэ. Энэ бүхнээс шалтгаалж  ажил үүргийг зохицуулах үүднээс дээрхи хуваарийг боловсруулж Намын төв хороо баталсан түүхтэй. Товчхондоо бол ийм л энгийн. Хотын авто замын ачаалал хэт ихэссэнээс Э.Бат-Үүл дарга машины серийн дугаараар хөдөлгөөнд оролцох, хязгаарлах журам баталсантай л агаар нэг зүйл байсныг иргэд төдийлөн мэддэггүй. Магадгүй дахиад 50 жил авто замын хөдөлгөөнд оролцох журам дээрх дугаарын хязгаарлалтаар явагдсаар байвал сүүлдээ анх юунаас болж ийм журам горим тогтсоныг мэдэх хүнгүй болчихож болох л доо.  

Оршуулгын зан үйлдээ шинэчлэл хийх цаг болжээ
Хэрвээ гариг харгалзахгүй салах ёс гүйцэтгэдэг болвол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаанд хүндрэл тулгарах эсэх талаар тус төвийн дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулгаас асуувал, “Хэрвээ тийм журамд шилжвэл манай байгууллагын ажлын ачаалал хамаагүй багасна. Талийгаачийн сайн өдөр нь бямба гариг бол заавал даваа гаригийг хүлээхгүйгээр зан үйлээ гүйцэтгэх боломжтой болно. Тэр тохиолдолд манай үйл ажиллагаанд хүндрэл үүсэхгүй. Манай байгууллагын хувьд тэртээ тэргүй 24 цагаар хоёр туслах ажилтан, хоёр шинжээч эмч ээлжийн дагуу ажиллаж байгаа. Хэрвээ долоо хоногийн бүх өдөр салах ёс гүйцэтгэдэг болчихвол манай ээлжийн ажилтнууд ч хөхөө өвлийн хүйтэнд гарч замын цагдаагийн ажлыг гүйцэтгэх шаардлагагүй үндсэн ажлаа хийх боломж бүрдэнэ. Хамгийн хүндрэлтэй нь нэгэнт хүмүүсийн тархинд суучихсан асуудлыг өөрчлөх амаргүй болов уу. Зам сэтэлж нээлттэй болгосноор ачаалал 50 хувиар багассан ч сайн зүг чиглүүлж унаа тэргээ хөдөлгөх, цээр гаргаж өөр зүгт хөдлөх зурхайн асуудлаас болж асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй ачаалалтай, хэрүүл маргаантай хэвээрээ л байна. Гариг харгалзахгүй болж гэмээнэ нь энэ асуудал бүрэн шийдвэрлэгдэх боломжтой” гэв.
Харин Их хүрээ хийдийн хамба  лам, зурхайч З.Санждорж энэ асуудалд, “Сударт бичигдсэнээр бол заавал даваа, лхагва, баасан гаригт хөдөөлүүлэх ёстой гэж заадаггүй юм. Хуучин цагт, морг энээ тэрээ байхгүй үед нэг хоноод ч хөдөөлүүлдэг байсан байгаа юм. Алтан хайрцаг нээлгэх эл ёс заншил Бурханы шашны даган манайд орж ирсэн Төвдийн заншил гэдгийг бид санах хэрэгтэй. Төвд шиг доороо халуун, дээрээ сэрүүн цаг уурын онцлогтой газар оронд шарилыг тэгж гариг өдөр хүлээж, удааж байж оршуулах нөхцөл байдаггүй. Гэвч социализмын үед хөдөөлүүлж, нутаглуулах өдөр, гаригийг нам, төрөөс тогтоочихсон учир яалт ч үгүй дагаж хэвшсэн байдаг юм. Иргэд ч олон арван жилийн турш тэр тогтоол журмын дагуу салах ёс гүйцэтгэж хэвшээд уламжлалт ёс жаяг, шашин шүтлэгийн үүднээс гаригийн сайн өдөр гээд итгэчихсэн байгаа юм. Яван явсаар зурхайч нар нь ч энэ өдрүүдтэй хэдийнэ эвлэрчихсэнд асуудлын гол байна.  Тэр мэтийн хүмүүсийн хуудуутай үйлдлээс болж үнэн зөвөөр нь алтан савыг нь нээж өгч буй лам нарт иргэд итгэдэггүй. Итгэхгүйгээр барахгүй үнэн зөвөөр шинжээг нь нээж өгсөн зурхайч ламын өөдөөс нь энд тэндээс дуулж мэдсэн зохиомол ёс, дэгээ тулгах гэж муйхарладаг. Аргагүй л дээ ном ёсных нь сударт даваа, лхагва, баасанд оршуулна,  ивээл жилтэй хүн ясыг нь түшнэ гэх мэтийн зүйл байдаггүй, дадаж хэвшсэнээс нь шал өөр зүйл хэлж өгөхөөр арга ч үгүй л дээ. “Бурхан болоочийн гаригийн сайн өдөр нь пүрэв гариг таарч байна энэ өдөр нутаглуул” гэхээр нүд нь орой дээрээ гарчихдаг. Олон жилийн турш бид ийм зохиомол ёс заншлаар бурхан болоочдоо нутаглуулсаар ирлээ. Одоо засч залруулж, ард түмэн, сүсэгтэн олноо сэхээрүүлж ойлгуулахад оройтоогүй байна. Тиймээс энэ бүхнийг засч залруулахын тулд эрдэмтдийн зөвлөл гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухаж ойлгуулах, тайлбарлах зайлшгүй шаардлагатай байна. Энэ бүхэнд зохицуулалт хийж хуучин хэвэнд нь буцаан оруулахын тулд НИТХ-ын тогтоол шийдвэр гаргахад буруудах зүйлгүй. Төр засаг оршуулах ёс, зан заншил, салах ёс гүйцэтгэх үйлийг  сүсэг бишрэлийн хандлагад нь хэт даатгаж орхигдуулснаар буяны зан үйлээр дамжуулж ашиг орлого олж буй байгууллагуудад дураар авирлах сул орон зайг тавиад өгчихжээ” хэмээн хариулсан юм.
Хууль зүйн сайдын ажлын төлөвлөгөөнд тусгагдсанаар бол алс хэтдээ салах ёс гүйцэтгэх үйлчилгээ, моргийн өрөөг хотын төвөөс гарган байршуулах асуудлыг ажил хэрэг болгохоор эхнээсээ судалгаа хийгээд эхэлсэн сураг дуулдсан. Хотын хоёр захад нэг, нэг төв байгуулах, тэнд нь шүүхийн задлан шинжилгээ, үзлэг, моргийн үйчилгээ нь байрлах цогцолбортой болох юм гэсэн. Тэндээсээ салах ёс гүйцэтгэх зан үйлээ эхэлдэг болбол хотын замын хөдөлгөөний ачаалалд ч дарамт болохгүй болно гэж тооцоолж буй юм гэсэн. Энэ нь уг нь тун зөв шийдэл. Хотынхоо төвийн А бүсэд, хөдөлгөөний хамгийн нягтралтай хэсэгт, төв талбайнхаа хаяанд оршуулгын зан үйл үйлдэж, талийгаачид нь сүүлчийн замдаа түгжирсээр байгаа нь нэг л таагүй. Гэвч шинэ цогцолбор бий болтол бас хэдэн жил шаардагдах биз ээ. Тиймээс ард иргэддээ оршуулгын зан үйлийг ном журмаар нь сурталчлан таниулах, ухуулан ойлгуулахаас гадна хотын захиргаа ч энэ асуудлыг анхааран судалж шийдвэр гаргах цаг нэгэнт болжээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.