ДАХИН ХУВААРИЛАЛТЫН ӨМНӨХ АРДЧИЛСАН НАМ

2017.02.01 Лхагва №005 (2148)

АН-ын даргын сунгаа шувтарч, С.Эрдэнэ нийт гишүүдийнхээ олонхийн саналыг авлаа. Тэрээр өөрийг нь сонгуульд ялсныг албан ёсоор зарласан хэвлэлийн бага хурал дээр “АН-ын шинэчлэл бол эв нэгдлийн төлөөх шинэчлэл байсан. Би намын дарга болсон учраас нийт гишүүдийн эрх ашгийг төлөөлж ажиллана. Аль нэгэн фракцын эрх ашгийг төлөөлж ажиллахгүй, тэдний нөлөөнд орж ажиллахгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. АН-д энэ цаг мөчөөс эхлээд аль нэгэн фракц давамгайлсан үйл ажиллагаа цаашид явагдахгүй” гэж мэдэгдэв. Харин “Шонхор” фракцыг төлөөлөн АН-ын даргын сунгаанд оролцож ялсан түүний мэдэгдэл хэр бодитой вэ. 

С.Эрдэнэ эрх мэдэлтэй байж чадах уу 

АН эзэнтэй, эзэнгүй хоёрын дунд долоон сар гаруй явсны эцэст намыг хэн удирдах вэ гэх замын зураг тодорхой боллоо. 180 гаруй мянган гишүүд, дэмжигчидтэй нам парламентад есхөн суудал авч, 2000 оных шиг үнэмлэхүй ялагдсан нь дотоод тэмцэл, хагарал, албан тушаал, эрх мэдлийн төлөөх дайнаас болсон гэх шүүмжлэлийг амтай болгон ярьж байгааг хойш тавиад АН цаашид хэрхэх вэ гэдэгт хариулт эрэлхийлмээр байна. С.Эрдэнэ намын даргын тамга атгасан ч эрх мэдэлтэй байж чадах уу гэдэг нь цааш өрнөх үйл явцаас харагдах юм. Уг нь “эвтэй тав” гэх уриатай сунгаанд оролцсон таван нэр дэвшигч “Хэн маань ч намын дарга болсон цаашид  хамтраад ажиллах болно” гэж хэдхэн хоногийн өмнө хэлж байсан бол сунгаа дуусч, сонгууль болсны маргаашнаас шил шилээ харах боллоо. Үүнийг өнгөрсөн даваа гаригт АН-ын удирдлагууд сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийхэд зөвхөн “Шонхор” фракцынхан хуралд сууснаас харж болно. Мөн сунгаанд өрсөлдсөн Д.Эрдэнэбатаас бусад гурван нэр дэвшигч “С.Эрдэнийг намын даргын сонгуулийг мөнгөөр худалдаж авсан учир дэмжихгүй” гэх мэдэгдлийг ил тод гаргасан зэргээс мэдэж болох юм. Гэхдээ Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар С.Эрдэнийг дэмжсэн, дэмжээгүй ч ямар ч нэмэргүй болох нь саяын сонгуулийн дүнгээс харагдлаа. АН хоёрдугаар сарын 12-нд болох Их хурлаараа С.Эрдэнийг намын даргаар батламжиллаа гэхэд цаашид бусад фракцтайгаа тохирч ажиллаж чадах уу гэх асуулт гарч ирээд байна. Гэхдээ АН-ын VII Их хурал болох хүртэл фракцууд хүмүүсээ багцлах, С.Эрдэнэ ямар тохироо хийх вэ гээд ажил мундахгүй их байх нь. Одоо тайлбарлая.

Генсекийг “Алтангадас” авах тохироо 

Нэгэнт АН-ын сонгууль дуусч, С.Эрдэнэ удирдах нь тодорхой болсон учир түүнийг мөнгө тараасан, тараагаагүй гэдэг нь хуучин сэдэв болчихож байгаа юм. Мөнгө тараасандаа хүрвэл их, бага хэмжээгээр бүгд тараасан гэх. Яагаад хуучин сэдэв гэхээр намын дотоод сонгуулийг явуулахад гарсан зөрчил, дутагдлыг хууль зөрчсөн гэж үзэх зохицуулалт манайд байхгүй. Ерөөс Монгол Улс түүхэндээ анх удаа улс төрийн хүчин нь гишүүд дэмжигчдээсээ намын даргаа тодруулж буй дотоод сонгууль учир зөрчил, маргааныг хуулийн хүрээнд зохицуулах боломжгүй юм. Тиймээс нэр дэвшигчдийн энэ талаарх маргаан түр зуурынх бөгөөд ямар нэг ашиг хонжоо хожих хувилбар биш гэсэн үг. Одоо “Шонхор” фракцаас “Шонхор”-тоо намын даргын тамга шилжих учир АН-ын бусад фракц С.Эрдэнэтэй тохироо хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Хэрэв тохироонд орохгүй бол намын гал тогоонд ажиллах “эрхээ хасуулж”, тойргийн гадна үлдэнэ. Тиймээс ч “Нэг Ардчилал”, МҮДН, “Алтангадас” гээд сунгаанд хүнээ сойсон фракцууд нягтрах, хамтрах шаардлага үүссэн байна. Хэрэв энэ гурван фракц хамтарч чадвал VII Их хуралд оролцогсодын ихэнхийг нь “Шонхор”-оос илүү багцалж чадна. Гэхдээ “Нэг Ардчилал” буюу Л.Гантөмөрийн фракцыг МоАН буюу Г.Батхүүгийн фракц дэмжихээ илэрхийлсэн. Тэгэхээр одоо МоАН “Алтангадас” хоёр тохирох уу гэх асуудал гарч ирнэ. Гэхдээ энэ хоёр фракцын гол хүмүүс аль аль нь Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших санаатай байхыг үгүйгэхгүй. Тиймээс нэгдэх боломжгүй гэж харагдах. Харин “Алтангадас” фракцын гол хүмүүс С.Эрдэнэд “Генсекийг манай фракцад өг. Эсвэл намын дэд даргыг бид авна” гэсэн гэх мэдээлэл байна.

Хоёр дэд даргын суудлын нэгийг МоАН-д өгөх үү
АН VII Их хурлаараа намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, үзэл баримтлалаа шинэчлэн батлах юм. Дүрмийн төслийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахалж буй. Ажлын хэсэг намын даргыг Тэргүүн гэхээр төсөлдөө тусгасан. Мөн нам дэд даргатай байхаар тусгаад байгаа ч хоёр дэд даргатай байх тохироог фракцууд хийж эхэлж байгаа бололтой. Нэг дэд даргыг МоАН фракцид өгөхөөр С.Эрдэнэ тохирсон гэх мэдээлэл ч байна. Үүнээс гадна намын VII Их хурлыг зохион байгуулах комисс гэж байгуулах ёстой. Энэ комисс байгуулахын тулд ҮЗХ хуралдах шаардлага үүсчээ. Товчхондоо, намын Их хурлын өмнө ҮЗХ хуралдаж, Их хурал зохион байгуулах комисс, хурал удирдах хүмүүсийг томилох аж. Өнгөрсөн VI Их хурал зохион байгуулах комиссыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахалж, хурал удирдах есөн хүнийг фракц бүрийн төлөөллөөс багтаасан байсан юм. VII Их хурлыг хэн зохион байгуулах вэ гэдгээс шалтгаалан хуралд хэн орох вэ гэдэг нь хамаарна. Өөрөөр хэлбэл, гишүүдээ хэн сайн багцалж чадсан нь С.Эрдэнэтэй тохироо хийж чадна гэсэн үг.

С.Эрдэнэ МоАХ-нд өрөө яаж төлөх вэ
Намын даргын сонгуулийн өмнөх өдөр С.Эрдэнэ ардчилсан хувьсгалд оролцсон ахмад партизануудад тэтгэмж олгодог болно гэжээ. Амлалт уу, нөхдөө бодсон үг үү гэдгийг мэдэхгүй ч энэ нь санал авахад онцгой нөлөөлсөн гэдгийг хэлэх хүмүүс байна. Яагаад гэвэл, АН-ын сонгуульд саналаа өгсөн 85 мянга гаруй хүний ихэнх нь 50-иас дээш насныхан байжээ. Өөрөөр хэлбэл, ихэнх нь МоАХ-ны партизанууд гэсэн үг. С.Эрдэнэ МоАХ-гоор дамжуулж АН-д нөлөөтэй гишүүдийн дэмжлэгийг авсан гэдгийг зарим эх сурвалж хэлсэн. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэх тохироо хийсэн гэх. Тиймдээ ч тэрээр өнгөрсөн даваа гаригт хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг би тодруулахгүй намын гишүүд тодруулна. Намын даргын хувьд би сунгаагаар тодруулах боломжтой гэж үзэж байна” хэмээсэн. Энэ нь намын сонгуульд МоАХ-ны сүлжээг ашиглаж, зарим хүнд амласан амлалтаа хэрэгжүүлэх гэж оролдож буй хэлбэр гэж хардахад хүргэж байна. Яагаад гэвэл өөр нэг амлалт болох партизануудад тэтгэмж олгох санал нь УИХ дээр ердөө зургаахан гишүүний дэмжлэг авч унасан. МоАХ өнөөг хүртэл АН-ын массыг бүрдүүлсэн хэвээр байгаа ч энэ нь МоАХ-ны гишүүдийг хамарсан хамгийн сүүлийн сонгууль болов уу. 50-иас дээш насныхан түлхүү сонгуульд оролцсоноос харахад 27 жилийн түүхтэй АН ахмадуудын нам ч юм шиг. Гэхдээ сонгуульд оюутнууд олноороо очиж саналаа өгснийг бас дурдах ёстой. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн сонгуульд АН амжилтгүй оролцлоо гэж бодоход хариуцлагыг нэр дэвшигч хүлээх үү, намын дарга үүрэх үү. Бүр лавшруулаад бодъё. Одоо яригдаж байгаа хувилбараар МАН-аас намын дарга М.Энхболд нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа. 

Дүрмийн төслөөр тоглох боломж бий юү
Энэ нь нэг талаар боломжтой, нөгөө талаар боломжгүй зүйл. Боломжгүй гэдгээ эхэлж тайлбарлая. Шинээр боловсруулсан төсөлд АН-ын даргыг намын Тэргүүн гэх бөгөөд дэд Тэргүүнтэй байхаар тусгажээ. Намын Тэргүүний сонгуулийг дүрмийн дагуу явуулж, намын Их Хуралдайгаас батламжлахаар заасан байна. Намын Тэргүүн, дарга гэх хоёр албан тушаал байхгүй учраас С.Эрдэнийг батламжлахаас өөр аргагүй. Тэгээд ч сунгаагаар тодорсон даргыг хүлээн зөвшөөрөөгүй гэх эрх Их хуралд байхгүй. Иймээс дэд даргатай байх асуудлыг ярина гэсэн үг. Гэхдээ дэд даргыг намын Тэргүүн томилох эрхтэй аж.  
Намын Тэргүүний бүрэн эрхийн хугацаа хоёр жил бөгөөд нэг удаа сунгахаар тусгажээ. ҮЗХ-г Үндэсний бодлогын хороо гэж нэрийг нь өөрчлөн 380 гишүүнтэй байхаар зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдтэй байна. Үүнээс 76-аас доошгүй нь эмэгтэй, 76-аас доошгүй нь 39-өөс илүүгүй насны гишүүд байх бөгөөд Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа хоёр жил байна. 
ҮЗХ-ны тоо болон татварын хэмжээг нэмснээр асуудал шийдэгдэхгүй үзэл баримтлал, үнэт зүйлээ нутагшуулах, гишүүн бүртээ нээлттэй нам болохыг мянга мянган гишүүд дэмжигчид нь шаардаж буй. Монголын улс төрд 27 жилийн түүхийг бүтээсэн АН цаашид шинэчлэгдэх үү эсвэл бүр дордох уу гэдгийг С.Эрдэнийн удирдсан нам шийднэ. Тэр АН-д өнө мөнхөд оршиж ирсэн фракцуудыг устгаж чадах уу гэдэг нь түүний явуулах бодлого, үйл ажиллагаанаас шалтгаалах учир харах л үлдээд байна. 
Харин дүрмийн төслөөр хэрхэн“тоглох” боломжтойг одоо цухас танилцуулъя. Хэрэв АН-ын шинэ дүрэмд хариуцлагын тухай ойлголтыг илүү оруулж өгвөл мэдээж албан тушаал хашиж байгаа хүнд л халтай. Хэдийгээр С.Эрдэнэ намын нийт гишүүдээс сонгогдсон анхны дарга байлаа ч алдаа гаргавал нийт гишүүдээр хэлэлцүүлнэ гэж үгүй. Тиймээс ч бүх шатны сонгуулийн дараа намын удирдлагууд ялалт байгуулбал албан тушаалд, ялагдвал суудлаа тавьж өгөх заалт дүрэмд орж байгаа. Энэ нь төв намын даргын хувьд зөвхөн УИХ-ын сонгуулиар хязгаарлагдах уу, үгүй юү гэдэгт асуудал байгаа юм. “Цоорхой” заалт оруулаад, түүгээрээ дамжуулан С.Эрдэнийг дархлаагүй дарга болгох тактик барихыг үгүйсгэхгүй. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн сонгуульд АН амжилтгүй оролцлоо гэж бодоход хариуцлагыг нэр дэвшигч хүлээх үү, намын дарга үүрэх үү. Бүр лавшруулаад бодъё. Одоо яригдаж байгаа хувилбараар МАН-аас намын дарга М.Энхболд нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа. Тэр нэр дэвшээд яллаа гэж бодвол Төв аймагт УИХ-ын нөхөн сонгууль явуулж таарна. Тэр сонгуульд АН дахиад ялагдвал хэн хариуцлага хүлээх вэ. Энэ мэтчилэн 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө намын даргад хариуцлага тооцох “боломж”-ууд АН-д гарах нь гарцаагүй. Тэр тусмаа гарсан боломжийг алдалгүй “сэлэм эргүүлэх” хүн АН шиг намд ёстой эгнээд жагсч байгаа. Ийм байдал үүсгэх боломж нь ч С.Эрдэнэ өөрөө хайрцаглаж чадаагүй одоо задгай байгаа АН-ын дүрмийн төсөлд бий. Тиймээс л С.Эрдэнэ одоо эхний даваагаа л даваад байна. Эрх мэдэлтэй дарга байх уу, эсвэл хэн ч биш болох уу гэдгийг АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлт л мэднэ. Тиймээс л Үндсэн дүрмийг шинэчлэн батлах АН-ын VII Их хурлаас, тэнд сонгогдох гишүүдээс их зүйл хамаарахаар байгаа аж. Аль фракц нь хайрцаглаж чадах, алинтай нь С.Эрдэнэ тохирч чадахаас их бүх зүйл шалтгаалах юм. 
Магадгүй нөхцөл байдал ийм болсон учраас АН-ыг энэ цаг үед дахин хуваарилалтын өмнө байна ч гэж тодорхойлж болох юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.