А.Сүхбат: Монгол Улс намынхаа бус хүнийхээ хүчээр урагшлаасай гэж боддог

2017.01.25 Лхагва №004 (2147)

УИХ-ын гишүүн А.Сүхбаттай ярилцлаа.

-Та Туул голын бохирдол, Төв цэвэрлэх байгууламжийн асуудалд анхаарлаа хандуулж, Өргөдлийн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ санал санаачилга чинь одоо ямар шатандаа явж байгаа вэ?
-Агаар, хөрс, гол усны бохирдол гэдэг нэг л асуудал. Бид бүхэн өнөөдөр эрүүл мэндийнхээ төлөө гадаадын өндөр хөгжилтэй улс орнууд руу хамгийн багадаа жилд 500-600 сая ам.доллар зарцуулан явж байна. Энэ бол төрж өссөн эх нутагтаа эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байгаагийн илэрхийлэл. Энэ байдлаараа байгаад байх юм бол эд эрхтнээ солиулахаас эхлээд энэ мөнгөний хэмжээ 800-900 сая ам.доллар болж өснө. Бид хортой ус ууж, хортой агаараар амьсгалж байна. Манай монголчууд амьдралын их сонин хэв маягтай улс. Нийт газар нутгийнхаа гуравхан хувь дээр хүн амынх нь 50-иас дээш хувь нь амьдардаг. Энд л хамаг асуудал байгаа юм. Нийт хүн амын 50-иас дээш хувь нь хордож байна гэсэн үг. Одоо Улаанбаатар хотыг нүүлгэн шилжүүлнэ гэсэн асуудал байхгүй. Монголчууд бид суурин соёл иргэншилд шилжээд 370 орчим жил, инженерийн байгууламж бүхий орон сууцанд амьдарч эхлээд 50 орчим жил болж байна. Суурин соёл иргэншилд суралцахад мэдээж алдаа дутагдал байгаа. Одоо үүнийг засч залруулах, хөгжүүлэх шаардлагатай. Туулын шугуй, Хүн чулууны хөндийгөө бохирдуулж сүйтгэчихээд одоо нийслэлээ нүүлгэж, өөр шинэ газар байгуулъя гэж болохгүй. Өнөөдөр бид энэ байдлаасаа яаж гарах вэ гэдэг арга замыг олох хэрэгтэй. Ингэж байж Улаанбаатар жишиг хот болно. Урин дулаан болохоор Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдлын тухай асуудал мартагддаг. Намар асуудал босч ирдэг. Миний болон хамтран ажиллаж байгаа гишүүд, багийн хувьд үргэлж анхаарлын төвд байх асуудлын нэг. Бид бүхэн энэ хор хөнөөлтэй цаг мөч бүр тэмцэх ёстой.
Улаанбаатар хотын эргэн тойронд 200 орчим гүний худаг бий. Энэ гүний худгууд болон Туул гол улсын тусгай хамгаалалтад эрүүл ахуй, ариун цэвэр аюулгүй байдлыг хангасан онцгой бүс байх ёстой. Бурхны авралаар Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь амьдарч байгаа Туул голын сав газарт гүний усны нөөц бий. Үүнийгээ бид зөв зохистой ашиглах ёстой. Гэхдээ энэ ус бас хэмжээ, хязгаартай. Энэ ус руу гэр хорооллын нүхэн жорлон болон муу ус нэвчин орж байгаа. Газрын хөрс чинь цаас шиг л зүйл шүү дээ. Жорлон, муу усны бохир хөрсөнд нэвчиж гадаргын усанд орно, цаашлаад гүний ус руу орно. Ийм л процесс явагдаж байгаа. Тиймээс Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулах санал гаргасан. Туул голоо улсын тусгай хамгаалалтад авснаар цэвэр ариун байлгах эрх зүйн орчин бүрдэнэ. Улаанбаатар хотын усан хангамжийг 2050 он хүртэл ямар ч асуудалгүйгээр шийдэх боломжтой. Уу булан, Хар усан тохой гэх мэт газруудад яагаад усан сан байгуулж болохгүй гэж. Усны мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагууд Туул голоо хамгаалах усан сан байгуулах төсөл хөтөлбөр боловсруулчихсан байгаа юм билээ. Тэднийг дэмжих хэрэгтэй. Хэрэв Туул гол тасарвал тэр усан сангаасаа ус тавьж болно. Туул гол тасарч байна гэдэг чинь гүний усны нөөц багасч, усны төвшин доошилж байна л гэсэн үг.
-Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах санал гаргасан гэлээ. Улаанбаатар хотын дундуур урсч байгаа голыг улсын тусгай хамгаалалтад авах боломжтой юу?
-Бусад орнуудын жишгийг харахад хотынхоо төвөөр урсдаг, тэжээж тэтгэдэг ус голоо хамгаалж дархан цаазтай болгосон байдаг. Туул гол Хан Хэнтийн дархан цаазат уулнаас эх авч дархан цаазат Богд хан уулын хормойгоор урсдаг. Дархан цаазат хоёр уулын дундуур урсч байгаа. Монголын хүн нийт амын 50-иас дээш хувийг ундаалж байгаа Туул голыг яагаад тусгай хамгаалалтад авч болохгүй гэж. Өнөөдрийн байдлаар Туул гол маань бохирдоод гамшгийн байдалд хүрчихээд байна. Туул голын усны бохирдол өндөр хувьтай, голын ёроол хурдаст мөнгөн ус, хром, цинк, хүнцэл зэрэг хорт бодисууд өндөр хувьтай илэрч байгаа нь бид бүхнийг түгшээж байна. Үүний гэм буруутан нь Улаанбаатар хотын оршин суугчид бид бүхэн. Улиастай, Сэлбэ, Дунд гол хавар цагт бөөн хог, үнс, угаадас тээсээр Туул голд цутгадаг. Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах хууль эрх зүйн орчин нь бүрдэхээр хамгаалах эзэнтэй болно. Ингэснээр ард иргэдийн ухамсар, ёс суртахуун дээшилнэ гэж бодож байна. Бид өөрийнхөө гэрийг л гэр орон минь гэж үзэхгүйгээр амьдарч байгаа орчин тойрон, байгаль дэлхийгээ мөн адил гэр орон минь гэж үзэж хайрлан хамгаалдаг байх хэрэгтэй.
-Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж орон нутгаас шилжин ирэх урсгалыг нэг жил зогсоохоор боллоо. Энэ нь бас л агаарын бохирдолтой холбоотой. Энэ шийдвэрийг та дэмжиж байгаа юу?
-Хот, хөдөөгөөр нь ялгалаа гэж үүнийг шүүмжилж болохгүй. Хөдөөнөөс Улаанбаатар хот руу шилжиж ирэх сонирхолтой иргэд бий. Энэ хүмүүст хотын ойролцоох Төв аймгийн сумд, Багануур, Налайх, Багахангай дүүрэг зэрэг дагуул хот болох газруудад шилжүүлэх замаар зохицуулалт хийх шаардлагатай. Орон нутгаас нүүж ирэх хүмүүс хотын төвд гэрээ бариад амьдрахгүйн нь ойлгомжтой. Тэгэхээр гэр хорооллыг л улам тэлнэ гэсэн үг. Орчин муутай, хазгай налуу газар гэрээ бариад гамшгийн хэмжээнд хүрчихсэн хорт утаан дунд амьдарна гэдэг аймшигтай. Тиймээс үүнийг бид цаашдаа хуулиар зохицуулах хэрэгтэй. Нөгөөтээгүүр амьдрал хөөгөөд ирж байгаа ард иргэддээ таатай орчин нөхцөл бүхий газруудыг санал болгох хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн заалт бий.
-Та монголчуудын эрүүл мэндэд их анхаарч байгаа санагдлаа. Нэг удаа чуулганы нэгдсэн хуралдааны үеэр урд хөршөөс импортоор орж ирж байгаа хүнсний ногоо, сүүний импортыг хязгаарлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ саналаа ажил хэрэг болгох уу?
-Х.Болорчулуун гишүүний өргөн барьсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн санаачлагчдын нэг нь би. Гадаадаас оруулж ирж байгаа хүнсний ногооны татварыг олон улсын гэрээнд заасны дагуу байж болох хамгийн дээд хязгаарт нь тулгачихсан байгаа юм билээ. Олон улсын гэрээний дагуу 20-иос дээш хувийн татвар ногдуулж болдоггүй юм байна. Тийм болохоор ард иргэддээ Монголдоо нутагшсан шилмэл сортын төмс, хүнсний ногоогоо хэрэглэхийг уриалахаас өөр арга алга. Мөн хүнсний бүтээгдэхүүнээс гадна ард иргэддээ нэг зүйлийг уриалмаар байна. Юу гэхээр хуванцар савны хэрэглээнээс татгалзах хэрэгтэй. Хэрэглэгч хүнсний зориулалттай эсэхийг нь харахгүйгээр хэрэглэж болохгүй. Хуванцар шанага, хувин, савныхаа зориулалтын таних тэмдгийг харахгүй байх шиг байна. Энэ бүхнээс элдэв янзын хорт хавдар үүсч байгаа. Жишээ нь, ус хийгээд байгаа цэнхэр сав бол химийн хортой бодис болох лак, цавуу зэрэг химийн бодис тээвэрлэдэг хорны сав шүү дээ.

Өвдгөө эмчлэхийн тулд 108 хоног цагаан хоол идсэн

-Та эрүүл хоол хүнсний хэрэглээ чухал гэдгийг хэзээнээс анхаарах болов. Таныг нэг хэсэг цагаан хоолтон болсон гэсэн яриа гарч байсан?
-Олон жил барилдсан болохоор миний хоёр өвдөг их муудсан л даа. Тиймээс өвдгөө эмчлэхийн тулд 108 хоног цагаан хоол идэж жингээ хассан. Үр дүнд нь миний өвдөг эдгэрсэн. Түүнээс хойш ер нь хүн хоолноос л болж хорддог юм байна гэсэн ойлголттой болсон.
-Таны санал санаачилга эхнээсээ ажил хэрэг болж л байгаа юм байна. УИХ-д сонгогдсоноос хойшхи хагас жил гаруй хугацааг хэр зэрэг үр дүнтэй өнгөрүүллээ гэж бодож байна вэ?
-Эрүүл хүнсний хэрэглээг хэвшүүлэх, Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг нь миний хэрэгжүүлэхийг зорьж байсан ажлуудын нэг. Энэ бүхнийгээ бодит ажил болгох зайлшгүй шаардлага байна. Улаанбаатар хот агаарын бохирдлоор дэлхийд хоёрдугаарт, гол усны бохирдлоороо айргын тавд бүртгэгдсэн байна. Үүнийг шийдвэрлэж гэмээнэ бид цаашдаа эрүүл аюулгүй амьдрах нөхцөлөөр хангагдах юм.
-Харамсалтай нь энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд хөрөнгө мөнгө их шаардахаар байна. Тэгэхээр улс орны эдийн засгийн байдал сайжрахыг хүлээх үү?
-Эдийн засаг ийм байгаа учраас бид хордож үхэхээс өөр арга зам байхгүй гэж болохгүй л дээ. Улс орны эдийн засаг хүнд байгаа. Үүнийг ойлгож байна. Гэхдээ муу ч, сайн ч тусгаар улс байна даа, хорноосоо салах хэрэгтэй. Иргэдээс өөрсдөөс нь шалтгаалах зүйл ч их бий. Тухайлбал, гэр хорооллын зарим нэг айл шатаж болох бүхийг түлж байна. Ингэж болохгүй. Засгийн газар цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн нь том дэмжлэг. Харин төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулахад Засгийн газарт хүндрэлтэй байгаа л даа. Гэхдээ л барих шаардлагатай. Концессын гэрээгээр баригдах байх гэж бодож байна. Барьж байгуулах, ашиглах, улсад хүлээлгэж өгөх гэсэн зарчмаар барьж байгуулъя гэсэн 10 компани тендерт оролцсон. Шийдвэр нь удахгүй гарах байх. Төв цэвэрлэх байгууламжийг сүүлийн үеийн дэвшилтэт технологиор яаралтай барих хэрэгтэй. Зарим үед шөнөдөө -50 хэм гарч хүйтэрдэг учраас цаг агаарын онцлогийг харгалзаж үзэх ёстой. Энэ жил цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдээд гурван жилийн дотор баригдах байх гэсэн найдлагатай байгаа. Төв цэвэрлэх байгууламж уг нь авто машин угаалгын газар, үйлдвэрлэлийн бохирыг цэвэрлэх ёсгүй. Тиймээс дундын цэвэрлэх байгууламж байгуулж их бохирдолтой усыг ахуйн хэрэглээний бохир усны стандартад хүргэж төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх ёстой. Цэвэрлэсэн усыг дахин хэрэглэх асуудал бас байгаа. Ингэхгүй бол бид Туул голоо өдөр бүр 170 сая литр бохир хортой усаар бохирдуулж байна. Үүнээс болоод зөвхөн Улаанбаатар хот төдийгүй Туул голын дагуу амьдарч байгаа Алтанбулаг, Өндөрширээт, Лүн, Заамар, Орхонтуул сумын ард иргэд болон бүс нутгийн хүн, мал сүрэг, араатан жигүүртэн, ан амьтад, загас, жараахай бүгд хордож байгаа.
-Туул голын бохирдлыг багасгах, төв цэвэрлэх байгууламжийг сайжруулахад өмнөх Засгийн газар, нийслэлийн удирдлагууд идэвх санаачилгатай ажиллаагүй гэсэн шүүмжлэл гарсан. Та үүнтэй санал нийлж байгаа юу?
-Арай ч дээ гэмээр зүйл их бий. Яг л хоноцын сэтгэлээр асуудалд хандаж ажилласан юм шиг. 200 тэрбум төгрөгийг агаарын бохирдолд бууруулна гэж аваад үр дүнд хүрээгүй байх жишээтэй. Агаарын бохирдол буурсан нь хаана байна. 10 мянган айлын орон сууц барих хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулчхаад агаарын бохирдол 20 хувь буурсан гээд сууж болохгүй л дээ. Ингэх юм бол Монгол Улс яаж хөгжих юм бэ. Ядуу буурай, гуйлгачин гэсэн нэрээ зүүсээр л байх болно.
-Та АН-ын гишүүн байсан хүн. Одоо тэр намынхаа өмнө нь хийсэн үйл ажиллагааг шүүмжлэх нь хэр зохимжтой вэ?
-Монгол Улсад намчирхах байдал бүр цадигаа алдсан юм байна. Намыг би хүний үзэл бодлын нэгдэл гэж ойлгодог. Тийм болохоор Монгол Улс маань намынхаа хүчээр бус хүнийхээ хүчээр урагшлаасай гэж боддог. Улстөржилт хэтэрхий их байгаагаас болоод ажил урагшлахгүй байна. Уг нь 76 гишүүн тус бүрдээ улс орны хэмжээний 76 асуудал шийдчих юм бол дөрвөн жилийн дараа их зүйл өөрчлөгдөнө.
-Таны ирэх жилүүдэд хийх сайн үйл юү вэ?
-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах, агаар, хөрс, усаа хамгаалах нь нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудал. Ингэж байгаль дэлхий хүн амьтандаа нэг буян болъё доо. Хортой нөхцөлд амьдарсныхаа төлөө эрүүл мэнддээ зарцуулж байгаа мөнгийг боловсрол, амьдрал ахуйдаа зарцуулдаг болъё л доо.
-Байгаль дэлхийнхээ төлөө тань шиг санаа зовж байгаа гишүүд УИХ-д хэр олон байна вэ. Одоо бол бүгд л мөнгө олох нь чухал гэсэн бодолтой байгаа юм биш үү?
-Газар нутгаа бүрэн бүтэн, эрүүл байлгахын төлөө мэдээж бүгдийнх нь зүрх цохилж байгаа. Харин би нэг л зүйл дээр их гайхаж байна. Өр зээл их тавьснаараа улс орон хөгжих үү. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан л бол хором бүрт хүү бодогдоно. Өртэй хүн, өттэй мал хоёр адилхан гэж миний өвөө эмээ, аав ээж сургадаг байсан. Тэгэхээр улс орны хөгжлийг зээлд даатгаж болохгүй. Өөрсдөө ханцуй шамлаад орох хэрэгтэй. Болгоё гэвэл арга нь олддог, болгохгүй гэвэл шалтаг олддог гэдэг. Гэтэл одоо шууд өр зээл тавихаас өөр замыг сонгохоо больж. Бүсээ чангалж байгаад босоод ирье гээд ард нийтээрээ хөдөлж болдоггүй юм уу.
-Нэгэнт зээлээд зарцуулчихсан өрөө өрөөр дарахаас өөр замгүй л гэж үзээд байх шиг байна л даа?
-Тажикстан улсын жишээг хар л даа. Манайх шиг байдалд орсноосоо болоод л газар нутгийнхаа тодорхой хувийг БНХАУ-д тайван замаар алдсан ш дээ. Нэмж зээл авах юм бол цаг мөч бүрт л өрийн хэмжээ улам нэмэгдэнэ.
-Гэтэл Засгийн газар гадаадаас хөнгөлөлттэй зээл авах, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гэх мэтээр таны ярьж байгаагаас эсрэгээр л явах гээд байна ш дээ?
-Гадаадын судлаачид “Монгол Улсын хувьд “Эрдэнэт” үйлдвэрээ зөв менежментээр аваад явчих юм бол өөр уурхай шинээр ажиллуулах шаардлага алга” гэж дүгнэсэн байдаг. Энэ бодох л ёстой асуудал. Орд газруудаа барьцаалаад өөр зээл тавьчихдаг, өөрсдөө тэр баялгийнхаа эзэн нь мөртлөө өрөнд орчихдог. Ийм зүйл байж болох уу. Тиймээс томоохон орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулахдаа болгоомжтой хандах хэрэгтэй.
-Та Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа гэсэн үг үү?
-Засгийн газар сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Тэдний оронд хэн ч очсон яг л ийм хурдаар ажиллана. Адууныхаа хэрээр исгэрнэ гэсэн үг. Түрүүчийн Засгийн газар улс орныг салбар салбарт нь хямралд өртүүлж, бодлогогүй шийдвэр олныг гаргаж байсан байна. Үүний үр дүн нь өнөөгийн хямрал, эдийн засгийн хүнд байдал юм.  
-Тантай уулзсаных улс төрөөс арай өөр зүйл асуух гэсэн юм. Үндэсний бөхийн холбоо допингийн эсрэг сан байгуулж зөвхөн наадмаар бус бусад томоохон барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс ч шинжилгээ авдаг болох гэж байгаа юм байна. Үүнийг дэмжиж зарим аварга тус санд нь хандив өгсөн байсан. Та үүнийг дэмжиж байгаа юу?
-Үндэсний бөхийн төлөөх аливаа сайн ажил, санаачилгыг үргэлж дэмжинэ. Үндэсний бөх бол монголчуудын өв их соёл. Энэ соёлыг бид сайн сайхан авч явах ёстой. Түүнээс биш хооронд нь талцуулах, маргалдуулах, хэсэг бүлэг хүмүүсийн өмч мэт байлгахыг зөвшөөрөхгүй.
-Чөлөөт бөхийн холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар та юу хэлэх вэ?
-Манай чөлөөт бөхийн хамт олонд сахилга бат, дэг журам, ёс суртахуун, ахмад үеэ хүндлэх хүндлэл дутагдаж байна гэж харж байгаа.
-Таныг чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч болохоор зүтгэж байна гэж ярьдаг. Танд үнэхээр энэ холбооны ерөнхийлөгч болчих юмсан гэсэн бодол бий юү?
-Миний хувьд чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр 10 орчим жил ажилласан. 2016 оны арванхоёрдугаар сард Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Гэхдээ чөлөөт бөхийг бүрмөсөн орхиж байгаа хэрэг биш. Ажил байдлын онцлогоос хамаарч ийм шийдвэр гаргасан.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.