Түгжрэлд түгжүүлсээр байх уу

2017.01.25 Лхагва №004 (2147)

Ер нь авто замын түгжрэлийн асуудал ярьж байгаа дэлхийн томоохон хотуудын хувьд 1000 хүнд ногдох суудлын автомашин нь 120-оос дээш байгаа бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд энэ үзүүлэлт  239 байгаа аж.

АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙН ҮНДСЭН ШАЛТГААНУУД

Хэрүүл хийж зам бөглөөд хүний дургүйг хүргээд явахыг хүсдэг хүн гэж байхгүй. Түгжрэл болсон зам дээр түлшээ баран зогсохдоо аргаа бараад жолооч нар асуудал гаргадаг байж болох ч замын түгжрэлийн гол буруутан хэн бэ.  
Авто замын зохицуулалтын бодлого манай улсад дутагдаж байна. Монголд энэ асуудлыг хариуцсан бүхэл бүтэн яам, газар бий. Гэвч тэдний төсөв түгжрэлийн асуудлыг нэг мөр болгоход хүрэлцэхгүй байгаа аж. Тиймээс байгаа мөнгөндөө тааруулан шийдэхийн тулд зам өргөсгөж, гэрлэн дохиог энд тэндгүй байрлуулсаар иржээ. Гэтэл энэхүү гэрлэн дохио нь автозамын түгрэлийн буруутнаар тодорч байна. Түгжрэлийн “буруутан” гэрлэн дохио 250 метр тутамд байгаа гэнэ. Баруун дөрвөн замаас УБИС хүртэл 5-6 гэрлэн дохиотой, тэр болгон дээр нөгөөх зовлонтой түгжрэл гацаа үүсдэг. Тэгвэл 6-хан км замд 12 гэрлэн дохиотой ч зам байх. 
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 200 мянга орчим  автомашин хөдөлгөөнд оролцдог тухай дээр дурдсан. Үүнээс өглөө ажил сургууль цэцэрлэг цуглах, буюу 07:30-09:00, өдөр 11:50-13:00 цаг орой тарах буюу 17:00-19:30 цагийн хооронд хөдөлгөөний ачаалал хамгийн оргилдоо хүрч байна.
Мэдээж энэ бол түгжрэлийн хамгийн гол шалтгаан болох хот төлөвлөлттэй холбоотой ба засаг захиргааны байгууллага, сургууль цэцэрлэг гэх мэт хамгийн олон хүний оролцоотой үйл ажиллагаа явуулдаг объектууд хотын төвд  байрладагтай шууд холбоотой юм.
Зөвхөн Их тойруугийн дотор гэхэд л өнөөдрийн байдлаар төрийн 286 байгууллагад 28993 алба хаагч ажиллаж байгаа гэсэн судалгаа байна. Тэдгээрийн 11402 нь нийтийн тээврээр, 4698 нь явганаар, 12893 нь хувийн автомашинаар хамгийн багадаа 3 км хол нь 10 орчим км замыг автомашинаараа туулж ажлын байрандаа ирдэг ба автомашинаа өдрийн турш зогсоолд тавьдаг. Энэ байдал нь нэгд замын ачааллыг нэмэгдүүлдэг хоёрт авто зогсоолын хүртээмжийг шууд бууруулдаг сөрөг талтай.
Их дээд сургуулийн тухайд 92098 оюутан өглөө оройн цагаар сургууль гэр хоёрын хооронд явдаг ба тэдгээрийн 68049 нь нийтийн тээврээр, 16908 нь явганаар, 13209 нь хувийн автомашинаар ирдэг юм байна.
Худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн байрлал тэдгээрийн орчин дахь  замын хөдөлгөөний зохион байгуулалт оновчгүй, зогсоолын талбайн менежмент, зохицуулалт  хангалтгүй,  хүрэлцээгүй байдал нь түгжрэлд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна. Үүний нэг жишээ бол Нарны замын баруун талаас “Нарантуул” худалдааны төвийн уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөний ачааллын байдал. 2003 онд 4 зурвастай болгож өргөтгөсөн ба 2007 онд өдөрт 26,600  тээврийн хэрэгсэл зорчиж байсан бол, 2012 онд өдөрт 37,500 тээврийн хэрэгсэл зорчиж замын хөдөлгөөний эрчим эрс  ихэссэн ажээ.
Замын хөдөлгөөний түгжрэлийн өөр нэг шалтгаан бол зогсоолын гачигдал. Зогсоолын боломжит хувилбаруудыг судалж тогтоон ашиглахгүй байгаа болон зогсоолын менежмент хангалтгүйгээс  албан газар байгууллагууд өөрийн өөрийн орон зайг хамгаалан зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодон бие даасан зогсоолын орон зайг нийтийн эрх ашгийг үл хамааран бий болгодог байдал ихээхэн нөлөөлж байна. Жишээлбэл: “Нарантуул” худалдааны төвийн гаднахь зогсоолын 70 хувийг тухайн байгууллагад ажилладаг лангуу түрээслэгчид өөрсдөө “эзэлчихээд байгаа тухай ЗЦГ-ын дарга хэлж байсан. Тэгэхээр Нарантуул дээр автомашин хахаж цацах нь аргагүй.  Энэ нь нэг талдаа зогсоолын тухай биеэ даасан хууль  байхгүйтэй шууд холбоотой юм. Үүнээс гадна төр засгийн болон гадаадын зочид төлөөлөгчдийн хамгаалалтын ажил, зам засвар цэвэрлэгээний ажил, замын хажуугийн барилга бүтээн байгуулалтын хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалсан түгжрэлүүд томоохон байр суурийг эзэлж  байна. 

Хариуцсан байгууллагууд юу хийв
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэдээллийн технологийн газар, Боловсролын газар, Гудамж төсөл, Зам тээврийн яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл хамтран Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгийг байгуулаад ажиллаж эхэлжээ.
Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг тоймловол, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулж, автомашиныг тэгш сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулж, 2013-2014 оны хичээлийн жилд 7 дүүргийн 45 сургуулийн 122 автобусаар 4880 сурагчийг тээвэрлэж, өнгөрсөн 2 жилийн хугацаанд шинээр 80.16 км авто зам барьж, 144.74 км зам өргөтгөн шинэчилж, 89 гудамж замд 61180 метр квадрат нөхөөс хийж, орон сууцны хороолол доторх 9 байршилд байгалийн чулуун хучилттай 1.84 км авто замыг барьснаар замын ачаалал тодорхой хэмжээгээр багассан. 
Замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх чухал аргуудын нэг бол хүн бүр машины хэрэглээнээсээ татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг болох гэдгийг нийслэлийн удирдлагууд болон Замын цагдаагийн албаныхан хэлж байсан. Энэ ч үүднээс Засгийн газартай хамтран машины хэрэглээг бууруулах бодлого баримталсны үр дүн нь бидний одоо зорчиж буй ухаалаг тээврийн хэрэгслийн систем юм. Нийтийн тээвэр ухаалаг системд шилжсэнээр иргэд машины хэрэглээнээсээ татгалзаж, автобусыг сонгон үйлчлүүлж, замын ачааллыг бууруулахад  тодорхой хэмжээгээр нөлөөлнө хэмээн тооцоолж байжээ. Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтраад “Түгжрэл” нэртэй аппликэйшн зохион бүтээхээр ажиллаж байна. Тус апп-ын тусламжтайгаар жолооч нар замын хөдөлгөөний тухай мэдээлийг гар утсандаа авч очих газартаа хамгийн богино хугацаанд хүрэх юм. Нэг үгээр хэлэхэд, очих газрынхаа байршлыг оруулахад таны өмнөөс замыг чинь заагаад өгчихнө. 

Түгжрэлийн эсрэг ажлууд байгаа оносон уу 
 Нийслэлийн удирдлагаас авто замын хэт их ачааллаас сэргийлэн зарим шийдвэрүүд гаргасан нь эерэг нөлөө үзүүлж байсан хэдий ч түүнийг боловсронгуй болгох, хяналт тавих асуудлыг чангатгах цагдаагийн хяналтыг хийсэнгүй гэсэн шүүмжлэл байна. Дугаарын хязгаарлалт. Энэ шийдвэр нь хэдийгээр маш зөв гаргалгаа байсан боловч маш олон тооны иргэд хууль бус дугаар хэрэглэх, боломж бүхий иргэд 2 автомашинтай болж эхэлсэн нь үр дүнг бууруулсан гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиход зориулсан шийдвэр гарснаас хойш зөвхөн нийтийн тээврээр зорчих хугацаа багассанаас биш нийтийн тээврээр зорчигчдын тоо нэмэгдээгүй аж. Өөрөөр хэлбэл автомашины тоо буураагүй. Яагаад. Автобусны ариун цэвэр, үйлчилгээний соёл, жолооч нарын хөдөлгөөнд оролцох байдлыг сайжруулан тасралтгүй явахаар хангаж өгсөн бол автомашинаасаа нийтийн тээвэр лүү шилжих байлаа. Нийслэлийн шийдвэрийг дэмжин оролцох ёстой төрийн албан хаагчид  нийтийн тээвэрт “суухгүй” байгаа нь бодит үнэн билээ.
 Зогсоолын асуудлуудыг нийслэлийн аль ч хэсэгт боломжит хувилбаруудаар шийдэхгүй байна. Зай завсар болгонд зогсоол байгуулах, хувийн байгууллагын талбайг ч төлбөртэй болгож олон нийтийг зогсоох хэрэгтэй байсан.   Санаатайгаар буруу зогссон жолооч нарын машиныг ачиж өндөр хураамж авах биш, хуульд яаралтай өөрчлөлт оруулж өндөр торгууль ногдуулах хэрэгтэй байсан гэж үзэж байна. Хөдөлгөөний удаашрал, эсвэл түгжрэл үүсгээд байгаа цэгийг олж инженерийн шийдлүүдийг цогцоор нь гаргах. Ийм цэгүүд нийслэлийн хэмжээнд маш олон  байгаа.
Нийслэлийн Засаг даргаас худалдаа үйлчилгээний захуудын үйл ажиллагааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ нь замын хөдөлгөөний ачаалалд төдийлөн нөлөө үзүүлсэнгүй. Иймд худалдааны захуудыг зарим өдрүүдэд шөнийн цагаар ажиллуулдаг болгохоос нааш тухайн газруудын ачлаалал багасахгүй дүр зураг харагдаж байгаа юм.

БИД ТҮГЖРЭЛЭЭС ГАРАХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ВЭ
Түгжрэлийн талаар өнөөг хүртэл бие даасан судалгаа шинжилгээний ажлыг  шийдвэр гаргах төвшинд хийж байсангүй. Түгжрэл нийгэмд  хэрхэн нөлөөлж байгаа, ямар хор уршиг учруулж байгааг тооцож гаргасангүй. Гэтэл энэ зовлонг туулж байгаа улс орнууд энэ талын судалгааны институтыг ямар нэг төвшинд гаргаад үйл ажиллагаагаа явуулж байдаг аж.  
Замын бүтээн байгуулалтаар дэд бүтцийн асуудлыг шийдэх, зам хэрэглэгчдийн мэдлэг, хандлагыг өөрчилөхөөс эхлээд цогц ажлыг олон жилийн турш явуулж ирсэн туршлага гадныханд байна. Манайд бол Нийслэлийн авто замын газар , Замын цагдаагийн газар гэхчлэн өөр үндсэн үүрэг бүхий газрууд үүнийг шийдэхээр давхар хариуцан ажилладаг. 
Автозамын хэт их ачааллыг бууруулах хамгийн шилдэг арга бол автозамын сүлжээг сайжруулах, нэг төвшинд огтлолцдоггүй гүүрэн замыг байгуулж гэрлэн дохионы зохицуулалтыг халах асуудал юм гэж олон улсад үздэг. Харин энэ асуудал нь асар их зардал шаарддаг учир манай улсын хувьд ойрын хэдэн жилдээ хэрэгжүүлэх боломжгүй гэж ярьж байна.
 Дээр дурдсанчлан өглөө, оройн цагаар  сургууль цэцэрлэг, төрийн байгууллагын ажилтнууд, их дээд сургуулийн оюутны зорчих урсгалыг  саармагжуулах, тэнцвэржүүлэхийн тулд цаг хугацааны зохицуулалтыг нэн яаралтай хийх шаардлагатай байна.  
2017 он гарсаар нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал түгжрэл бага байгаа нь их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн амралт эхэлсэнтэй шууд холбоотой, харьцуулж болох нөхцөл байдал үүсэж байгааг харах хэрэгтэй байна.  Энэ нь  34061 хүн, тус тусдаа нэг машинаар ажил сургуульдаа ирж буцаж байна гэсэн үг юм.
Нэг цагт нээж хаадаг үзвэр үйлчилгээний газар, худалдааны захуудыг шөнийн цагаар ажиллуулбал дэлгүүр, худалдааны төвийг зорьсон иргэдийн бөөгнөрөл саармагжих бүрэн боломж бий.
Зогсоолын асуудал дээр эрс шийдвэр гаргахгүй бол түгжрэлийн үндсэн нэг шалтгаан, иргэдийг бухимдуулсан маргааны сэжүүр болоод буй. 
Наад зах нь байгууллагын зогсоолуудыг ажилчдын биш иргэдийн зогсоол болгохын тулд цагийн төлбөртэй болгох хэрэгтэйг хэлэх хүн олон байна. 
Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа 1000 тээврийн хэрэгсэл тутмын 30-40 хувь нь бидний яриад байдаг “халтуурчид” гэж үздэг. Тэдний буруу гэж байхгүй нь ойлгомжтой. Эдгээр хүмүүс хүн гар өргөх хүртэл хүссэн замаараа чөлөөтэй явна. Энэ бол өнөө л ядуурал, ажлын байртай холбоотой. Тэдний ажлын байр бол автомашин, автозам. Тэдэнд өөр ямар ч сонголт байхгүй байгаа нь замын хөдөлгөөний ачааллыг ихээр нэмэгдүүлдэг гэсэн үг юм. Эдгээр  иргэдэд халтуур хийж байгаа ажлын байрыг нь өөр хэлбэрээр бэлдээд өгчих юм бол замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд 30-40 хувиар буурах ба үүнийгээ дагаад автомашинаас гарах хорт утаа, дуу чимээ гээд сөрөг талууд энэ хэмжээгээрээ буурах юм.

Ч.Жаргалсайхан: Хотын даргаар батлуулсан төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа

Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхантай замын түгжрэлийн талаар ярилцлаа. 

-Замын түгжрэлийн бууруулах талаар танай газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-Замын түгжрэл гэдэг яриа монголчуудын ярианы сэдэв болжээ. Аливаа асуудал хор нөлөөтэй байгаа учраас яригдаад байгаа хэрэг. Түгжрэлээс гарах гэдэг бол олон талтай, уялдаатай арга хэмжээ гэдгийг хүн бүр харж байгаа гэж бодож байна. Нэг байгууллага нэг ажил хийгээд л өргөс авчихсан юм шиг байхгүй болгоно гэж үгүй. Хот, улс бүр өөр өөрийн өнгө төрхөөр хийхгүй бол болдоггүй. Гадаадын орнуудад түгжрэлийг хэрхэн багасгаж байгаа шийдлийг шууд Монголдоо аваад суурьшуулъя гэхээр замын хөдөлгөөний нөхцөл байдал, эдийн засгийн байдал огт өөр байдаг. 
Судалгаа шинжилгээний байгуулага гэхээсээ илүүтэйгээр иргэд өөрсдөө харж байгаа байх. Тухайлбал, сурагчдын амралт эхлэхэд ямархуу нөхцөл байдал бий болов, томоохон захуудын амралтын өдрөөр хөдөлгөөн ямар болдог вэ гэдгийг харах хэрэгтэй. Ялангуяа өөрийн гэсэн онцлог бүхий түгжрэлүүд байдаг. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой, өдөр тутмын гэхчлэн. Түгжрэлд чухам юу нөлөөлж байгааг харж түүнд чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй л дээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас түгжрэлийг бууруулах нэгдсэн ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Хотын даргаар батлуулсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Өнөөдөр сар шинийн баярыг тохиолдуулан түгжрэлийг хэрхэн бууруулах вэ гэдэгт төвлөрөн ажиллаж байна. Сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд тавгийн боов, бэлэг сэлтээ айл бүр бэлтгэхээр мэдээж түгжрэл үүсдэг. Дугаарын хязгаарлалт хийх, нэг чигийн хөдөлгөөний арга хэмжээ авах, бэлэг сэлт худалдах газруудын тоог нэмэх, захуудын удирдлагуудтай уулзах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. “Хархорин”, “Бөмбөгөр” худалдааны төвийн удирдлагуудтай уулзсан. Худалдааны төв орчимд хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулбал, төв зам руугаа орсон ачаалал үүсгээд байдаг. “Нарантуул” зах дээр гэхэд лангуу түрээслэгчид машины зогсоолынхоо 60 хувьд өөрсдийн машинаа тавьчихсан байсан. 
-Ажлын хэсгээс ямар ажлууд төлөвлөөд хийгдэж байна вэ?
-Сар шинийн ачааллыг багасгахаас эхлээд өвлийн улиралд болохооргүй ажлууд буюу дулаан орохоор хийгдэх ажлууд хүлээгдэж байна. Гурав, дөрөвдүгээр сард хийгдэх ажлуудыг бид одооноос ярьж байна.  Замын зохион байгуулалтын буюу уулзварын хэлбэрийг өөрчлөх, зам руу нэвтэрч чадахгүй байгаа зарим орон сууц, хорооллынхонд гарц нээж өгөх ажлууд яригдаж байна. 
Улаанбаатарын хувьд зогсоолын асуудал тулгамдаад байна, үүнийг хэрхэн шийдвэрлэх, нийтийн тээврийн асуудлыг хэрхэн иргэдэд хүртээмжтэй болгох зэрэг ажлуудыг нийслэлийн харъяа байгууллагууд хуваарилан авч хэрэгжүүлэхээр болоод байгаа. 
-Зогсоолын менежмент, нийтийн тээврийн үйлчилгээгээ уялдуулах хэрэгтэй байх, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Лангуу түрээслэгчид нэг машиндаа дөрвүүлээ суугаад ирж болж байна.Эсвэл таксинд сууж ч болох. Сургуулийн хүүхэд дээр ярья. Яг нэг байранд амьдардаг 4 гэр бүл нэг сургуульд хүүхдээ хүргэдэг байна. Дөрвөн хүүхдээ ээлжлээд нэг нэг өдрөөр авч болох л байхгүй юу. Гэтэл дөрвүүлээ түгжрээд  ажил, хичээлээсээ хоцроод байгаа юм.
Улаанбаатарын Их тойруу доторхи 37 ерөнхий боловсролын сургуульд нийт 60-аад мянган машинаар хүүхэд зөөж байна гэсэн тоо баримт байна. Өглөөний 08 цагт бүгд нийслэлийнхээ Их тойруу руу хүүхдээ зөөж авчирдаг. Ийм л зохион байгуулалтын асуудлыг шийдэхээс эхлэх хэрэгтэй болж таарч байгаа. Сургуулийн автобус үүн дээр яригддаг. Гэтэл эцэг эхчүүд сургуулийн автобусанд хүүхдээ суулгадаггүй. 
-Замын цагдаа нар түгжрэлийг зохицуулахаас илүүтэй жолооч нарыг суудлын бүсээ зүүсэн эсэхэд хяналт тавьж зогсдог болсон гэсэн шүүмжлэл бий?
-Монгол Улсын Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах үүргийг  тухайн аймаг орон нутгийн авто замын асуудал эрхэлсэн байгууллага хүлээх  ёстой.  Замын цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт хийх үүрэгтэй. Түгжрэл бол цагдаа нарын яг  хариуцах ажил биш. Засаг даргын, төрийн ажил.  Цагдаагийн хувьд, хүний амь нас, эрүүл мэндийн асуудал нэгдүгээрт тавигдана. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар манай улс аюултай улсын тоонд орсон байсан. Жилд 500 хүн зам тээврийн ослоор нас барсан байна. Тэгэхээр бүсээ зүүгээгүйн улмаас нэг мөргөлдөх төдийд хүн бэртээд байгаа. Тиймээс бид суудлын бүсийг шаардахаас яах юм. Дэлхийн бүх цагдаа үүнийг шаардаж байна. Яагаад аваарын дараах зүйлсийг бид хэвшүүлж болохгүй гэж. Бүс зүүгээгүйн улмаас хүн нас бараад байна шүү дээ. 

П.Цэвэгмид: Түгжрэл үүсгэсэн жолооч нарт хариуцлага тооцохын оронд салхины шил рүү гөлөрдөг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн П.Цэвэгмидтэй ярилцлаа. Тэрээр Замын цагдаагийн газарт  Замын хөдөлгөөний зохион байгуулалтын албыг үүсгэн байгуулалцаж явсан юм. 

-Томоохон хотуудад тулгардаг бэрхшээл болох авто замын түгжрэл манай нийслэлд мөн тулгараад байна. Энэ түгжрэлд чухам юу нөлөөлж байна гэж та иргэн хүнийхээ хувьд үзэж байна вэ?
-Олон зүйл нөлөөлж байгаа. Нэгдүгээрт тээврийн хэрэгслийн тоо буюу өсөлт нөлөөлж байна. Хоёрдугаарт, зам, замын байгууламж нь тээврийн хэрэгслийн өсөлтийг гүйцэхгүй байна. Гуравдугаарт хөдөлгөөний зохион байгуулалт мэргэжлийн төвшинд биш байна. Үүнээс  цаашлаад хот, төлөвлөлт зохион байгуулалт, тээвэр төлөвлөлт, зохион байгуулалт гээд гээд олон асуудал бий. Хууль эрх зүйн асуудал хүртэл байгаа. Энэ бүхнийг цогцоор нь шийдэж байж түгжрэлийг багасгана. 
-Хотыг анхнаасаа цөөн машинтай байхаар төлөвлөлтийг хийсэн болохоор аргагүй гэдэг?
-Яг энэ одоогийн байгаа нөхцөл байдал дээрээ замын хөдөлгөөний  хөдөлгөөний зохицуулалтыг боловсронгүй болгох ёстой. Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг  зөв, мэргэжлийн төвшинд боловсронгуй хийх юм бол тийм ч найдваргүй болчихоод байгаа юм биш л дээ. Манайх эсрэгээрээ улам л түгжиж байгаа шүү дээ. Тухалбал 6-хан км хүрэхгүй замд 10 гаруй гэрлэн дохио байна. Төмөр замын аптекаас 10 дугаар хороолол хүртэл гэрлэн дохиог тоолоод үзээрэй. 5-6хан км замд 10 гаруй гэрлэн дохио байхаар машин хурдаа ч авч амжихгүй байсаар дараачийн гэрлэн дохионд хүрнэ, тэгээд л түгжирч байгаа юм. Гэрлэн дохио гэдэг бол замын түгжрэлийг үүсгэдэг, хамгийн муу зохицуулалт л даа. Гэтэл манайхан юм л бол гэрлэн дохио аваачиж өрөөд л байдаг. Нэг уулзварыг 3-4 тэрбум төгрөгөөр засч байснаас долоо найман зам доогуурх гарц хийсэн бол өдийд түгжрэлийн байдал өөр байх байлаа.Явган хүний гарц 400-500 сая төгрөг шаардагддаг гэсэн. 
-Бодлогын төвшнөөсөө эхэлж шийдэх хэрэгтэй гэж харж байна уу?
-Хийх хүсэл байхгүй байна уу гэж харж байгаа. Утаа байснаараа нэг хэсэг хүмүүст амьдрах боломж олдож байгаа юм гэж нэг хүний ярихыг сонсч байлаа. Түүн шиг түгжрэл байснаараа бас л хэсэг хүмүүсийн амьдрах арга зам болж байна уу даа гэж харагдаж байна. Энгийнээр бодоод үз л дээ. Өнөөдөр нэг уулзварыг хэдэн тэрбумаар зассан нь дээр байна уу, нэг шулуун замд зам доогуурх гарц хийсэн нь дээр байсан уу. Дээр миний хэлсэн замд явган хүний гарц хийчихсэн бол баруун талын зам урсаад л байх байлаа. 
-Замын цагдаа түгжрэл үүсгэж байгаа гэх шүүмжлэл байгаа. 
-Замын цагдаа түгжрэл үүсгэж байгаа гэдэг нь огт үндэслэлгүй. Түгжрэл үүсгэж байгаа жолооч нарт хариуцлага тооцож байна уу гэдэг нь өөр асуудал. Тэдэнд чиглэж арга хэмжээний бодлого явагдаж байна уу гэдэг нь асуудал болоод байна. Зам дээр түгжрэл үүсгээд баруун гар талын эгнээнд зогсож байгаа болон замын цагдаагийн нүдэн дээр нь үргэлжилсэн шугам давж гарч байгаа жолооч нарт хариуцлага тооцохын оронд суудлын бүсээ зүүж үү үгүй юу гээд л салхины шил гөлрөөд зогсож байдаг. Улаанбаатараар дүүрэн салхины шил гөлөрсөн цагдаа нар бий болсон. Энэ өөрөө баримттай. Замын хөдөлгөөний шинэ хуулиар жолооч нарын оноог хасдаг болсны дараахан ЗЦГ-аас үр дүнгийн талаар хэвлэлийн хурал хийсэн юм. Хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ,” 15 000 жолоочийн зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсоны 13200 нь зөвхөн бүс зүүгээгүй гэсэн зөрчил гаргаж торгосон” гэнээ. Бүс гэдэг чинь өөрөө юу вэ гэвэл ослын дараахь идэвхгүй аюулгүй байдал. Тэгэхээр дээрх зөрчлийг илрүүлсэн хөдөлгөөн зохицуулагч нарын 85 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөнийг зохицуулахаасаа өмнө салхины шил харж зогссон байх нь. Ийм л тоо байна, тоо худлаа ярьдаггүй. Иймэрхүү арга барилын зүйлүүд байна уу гэвэл байгаа. Гарц хааж зогсдог жолооч нарыг торгохын оронд татвар, даатгалыг нь шалгадаг, нэг ийм л болсон. Энэ чиглэлээр ЗЦГ-ын хяналт шалгалтын чиглэлийг өөрчлөх асуудал бий юу гэвэл байгаа. Замын цагдаагаас болж түгжрэл үүсч байна гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. 
-Нийслэлийн удирдлагууд дугаарын хязгаарлалтаас эхлээд арга хэмжээ авахаар ажиллаж байна. Эдгээрээс өөрөөр шийдэж болох ямар арга байна вэ?
-Дугаарын хязгаарлалтын эсрэг байдаг, би хувьдаа. 2012 оны 9 дүгээр сараас эхлээд буюу дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлснээс хойш нийслэлийн автомашины тоо эрс өссөн байдаг юм. Нэгэнт дугаарын хязгаарлалт хийж байгаа бол автомашины улсын дугаарын олголтоо хязгаарлахгүй бол өсчихдөг. Дугаарын хязгаарлалт бол бидний элссэн Венийн конвенцийн гишүүн орнуудад хэрэгжих нөхцөл байхгүй гэж би бодож байна. Уг конвенцийн гишүүн орнуудад нэвтрүүлэхэд үүнийг зохицуулах хөдөлгөөн зохион байгуулалтын арга хэрэгсэл байхгүй юм. Жишээлбэл, БНХАУ зэрэг гадаадын жолоочийг нэвтрүүлдэггүй улсад бол байж болно. Бээжин хот дугаарын хязгаарлалттай. Би одоо болтол дугаарын хязгаарлалтын торгуулийг төлдөггүй. Төлөх үндэслэл байхгүй. 
Нэгдүгээрт, Засаг даргын захирамж өөрөө зам дээр буухдаа, замын хөдөлгөөний дүрмийн заалт болж буух ёстой. Гэтэл дугаарын хязгаарлалт гэдэг нь Замын хөдөлгөөний тухай хуульд ямар ч заалт байхгүй. Хөдөлгөөн зохицуулалтын арга хэрэгслээр ашиглаад тэмдэг заалт тавиад энэ нь замын хөдөлгөөний дүрмийн заалт болдог бол дугаарын хязгаарлалтад үүнийг зохицуулаагүй. 
Хоёрдугаарт, зам ашигласны төлбөрөө бүтэн жилээр нь төлчихсөн шүү дээ. Жишээ авъя л даа. Би энэ өрөөг чамаас түрээслэхээр бүтэн жилийн хөлсөө төлчихсөн. Гэтэл чи хэлэхдээ, 52 хоногт нь амьдрахгүй шүү гэж болохгүй, тийм зүйл байхгүй шдээ. Дугаарын хязгаарлалт яг үүнтэй ижил. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.