Давос ба Монгол

2017.01.25 Лхагва №004 (2147)

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцарийн Давос хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. 90 орны 2500 төлөөлөгч цуглаж, оролцогчдын тоогоор дээд амжилт тогтоосон энэ удаагийн чуулганд 20 гаруй улсын төрийн тэргүүн хүрэлцэн очсоны дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж багтсан юм. 

Давос гэж юу вэ, ямар онцлогтой вэ
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг мөн нэрээр нэрлэгдсэн ТББ зохион байгуулдаг. Үүсгэн байгуулагч, тэргүүн нь профессор Клаус Шваб хэмээх герман хүн бий. Женевт төвтэй тус байгууллагад дэлхийн мянга гаруй томхон компани гишүүнчлэлтэй байдаг байна. Дэлхийн эдийн засгийн анхны чуулга уулзалт 1971 онд болжээ. Гэхдээ нэр нь өөр байсан нь мэдээж. Эхэндээ бизнесийн салбарын удирдагчид цуглаж, менежментийн асуудал хэлэлцдэг байсан бол дараа дараачийн жилүүдэд хэлэлцэж буй асуудлын хүрээ өргөжиж, 1974 оноос улс төрийн удирдагчдыг урих болсон байна. Энэ үедээ Европын чуулга уулзалт гэж нэрлэж байснаа Австрали болон Ази, Африк, Өмнөд, Хойд Америкийн улс орнуудад урилга өгдөг болсныхоо дараа 1987 оноос Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэх болжээ. Давосын чуулга уулзалтын хүрээнд албан ёсны бус байдалд семинар, бүгд хуралдаан, дугуй ширээний уулзалт, яриа явагддаг. Протокол хөтлөдөггүй, ямар ч тогтоол гаргадаггүй. Тэр утгаараа оролцогчдод маш их мэдээлэлтэй, ач холбогдолтой болж чаддаг байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Женевт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа энэ талаар “Хүмүүс, тухайлбал, ОУВС, Дэлхийн банкны төлөөлөгчид Давосын уулзалт дээр чин сэтгэлээсээ, хэлье гэснээ хэлчихдэг. Албан уулзалтууд дээр, мөн хэвлэлийнхний өмнө тэр болгон илэрхийлээд байдаггүй санаа, байр сууриа энэ үеэр илэрхийлдэг. Дотоод мэдээлэл гэж хэлж болохуйц, мэдээллийг сонсоно гэдэг бол эргээд бидэнд хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын олон улсын төвшинд, бүс нутгийн хэмжээнд бусадтай хамтран ажиллахад эдгээр мэдээлэл тус болно” гээд “Давос бол дэлхийн АСЕМ юм” хэмээн маш оновчтой тодорхойлсон билээ. Энэ утгаараа Давос бол дэлхийн улс орнууд хоорондоо ний нуугүй ярилцдаг, цаашдын үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлоход хэрэгтэй бодит мэдээлэл олж авах гол эх сурвалж, даяарчлалд маш чухал үүрэг гүйцэтгэсэн, хамгийн чухал арга хэмжээний нэг юм.   

Байгаль орчны асуудал №1 
Жил бүрийн чуулганы өмнө “Global Risks Report” буюу дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлын жагсаалтыг багтаасан илтгэл гардаг, энд багтсан асуудлуудыг бичигдсэн эрэмбээр хэлэлцдэг уламжлалтай. 
Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт дараахь байдлаар гарчээ. 
1. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал. 
2. Нийгмийн бүлгүүдийн хэт ялгаатай байдал, хоорондын зөрчил
3. Техник, технологийн дэвшил түүнтэй холбогдон гарах эрсдлээс сэргийлэх
4. Дэлхийн хүм амын хөгшрөлт, эдийн засагт үзүүлэх нөлөө 
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал энэ жил анх удаа хамгийн чухал асуудал болж орж иржээ. Энэ нь хүрээлэн буй орчны доройтол бохирдол жилээс жилд нэмэгдсээр одоо хойшлуулшгүй, хамгийн тулгамдсан асуудал болсныг харуулж байгаа юм.  
2016 онд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улсуудад төрийн эрх мэдэл популистуудын гарт шилжиж, эсэргүүцлийн хөдөлгөөн урьд өмнөх жилүүдийнхээс эрс олширчээ. Гэтэл “поп”-уудын түрэмгийлэл намжих янзгүй, харин ч дахиад олон улсад төрийн эрхийг авахаар байна. Энэ нөхцөл байдалд тогтвортой хөгжлийн бодлогыг хэрхэн хангах вэ гэдэг асуулт хоёрдугаар асуудлын гол сэдэв болж байв. 
Харин гурав дахь асуудлын хүрээнд, аж үйлдвэр, барилга угсралт, санхүүгийн салбар үйл ажиллагаагаа компьютерт даатгах явдал эрс нэмэгдэж байгаа, энэ нь нэг талаар эдийн засгийн үр ашигтай, хугацаа хэмнэх сайн талтай ч кибер аюулгүй байдлын асуудал хурцаар хөндөгдөх болсон талаар гол хэлэлцүүлгүүд өрнөлөө. Роботууд ажлын байрыг булааснаас ажилгүйдэл нэмэгдэж, энэ нь баян хоосны ялгаа ихсэхэд нэрмээс болж эхэлснийг ч чуулганд оролцогчид зүй ёсоор хөндөж ярилцсан юм. 
2012 оны Эрсдлийн жагсаалтад “Улсыг өрийн дарамтад оруулдаг тэтгэвэр авагчдын тоо өссөнөөс залуучуудын ирээдүй бүрхэг болж, энэ нь баян, ядуугийн ялгааг богино хугацаанд ихэсгэн, улмаар бухимдал газар авах тул даяаршлын бүх амжилт аюулд учирч болзошгүй” хэмээн сануулж байсан. Таван жилийн өмнө нэлээд хойхнуур эрэмбэлэгдэж байсан энэ асуудал энэ удаа тулгамдсан асуудлын дөрөвдүгээрт орж иржээ. 

Давос ба Монгол 
Монгол Улс Давосын чуулганд оролцож эхэлснээс хойш найман жил өнгөрчээ. Чуулга уулзалтыг зохион байгуулагчид оролцох улсуудаа тусгай шалгуурын дагуу сонгож урилга явуулдаг. Оролцоо сул орнуудыг урихаа больдог. Монгол Улс харин тасралтгүй оролцсоор ирсэн гэж бодохоор бид өнгөрсөн жилүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн түнш байж чаджээ. 
Энэ удаагийн чуулганд манай улс урьдын адил уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, ус, байгаль орчны чиглэлийн хурал, хэлэлцүүлэгт түлхүү оролцлоо. Мөн Монгол Улс Улаанбаатарын агаарын бохирдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд авч үзэн, гамшиг хэмээн тодорхойлсныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы индэр дээрээс дэлхий нийтэд зарласан юм. 

Ерөнхийлөгч үүнээс гадна “Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцон “Азийн супер сүлжээ” төсөл, бүс нутгийг хамарсан эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд гарах боломж, эрсдлийн талаар  хэлэлцэхэд улсынхаа байр суурийг илэрхийлсэн. Давосын чуулга уулзалт дахь Монголын нэг том орон зай нь “Монголын үдэш” арга хэмжээ байдаг. Улс орноо сурталчлах, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх зорилготой уг арга хэмжээг энэ удаа 500 гаруй төлөөлөгч үзэж сонирхсон нь урьд өмнөхөөс өссөн үзүүлэлт болжээ. Өөөрөөр хэлбэл, Монголыг сонирхох сонирхол жилээс жилд нэмэгдэж байгааг эндээс харж болох юм. 

БНХАУ-ын тэргүүлсэн анхны Давос 
Өнгөрсөн жил дэлхийн №1 эдийн засаг болох АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, өмнөх Ерөнхийлөгчөөс тэс өөр үзэл баримтлалтай хүн төрийн тэргүүн болсон. Энэ жил Европын олон улсад Парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ нь бодлого тодорхойлогч нөлөө бүхий улсуудын үзэл баримтлалд нөлөөлж эхэлснийг Давосын чуулга уулзалтаас олж харж болохоор байв. Чуулганыг үндэслэгч, профессор Клаус Шваб энэ удаагийн чуулганы ерөнхий сэдвийг “Нээлттэй, хариуцлагатай манлайлал” хэмээн тодорхойлсон. Гэтэл жинхэнэ манлайлагчид нь болох АНУ-аас Д.Трампын засаг захиргаанд ажиллах нэг ч хүн Давост очсонгүй. Үүнийг дагаад Европын холбооны ихэнх улсууд, тэдний дунд ХБНГУ, Франц, Испани, Италийн төрийн тэргүүнүүд энэ удаагийн уулзалтыг өнжжээ.
Гэсэн ч Их Британи, БНХАУ онцгой ач холбогдол өгөн Ерөнхий сайд Т.Мэй, Ерөнхийлөгч Си Зиньпин нар хүрэлцэн ирсэн. Ялангяа дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын төрийн тэргүүн Давост очсон нь чуулганы нэр хүндийг өргөсөн юм. Уулзалт, хэлэлцээр, дугуй ширээний ярилцлага гээд уламжлалт арга хэмжээнүүд явагддагаараа явагдаж, олон чухал асуудлаар санал солилцсон.  
Шинжээчдийн ярьж байгаагаар бол, АНУ-ын Ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдсон явдал Европын холбооны хамаг “хөзөр”-ийг алга хийчихсэн гэнэ. Давосын чуулган даяарчлалын төлөө байдаг. Гэтэл Д.Трамп дэлхий нийтийн асуудал гэхээсээ илүү дотоодын бэрхшээлдээ анхаарал хандуулж, эдийн засгаа хөл дээр нь босгохоор сэтгэл шулуудсан гэдгээ олонтаа илэрхийлсэн. Тийм ч учраас Давост очсонгүй. Зөвлөхүүдийнх нь нэг Энтони Скарамуччи л Давост албан бус төлөөлөгчөөр очиж, улсынхаа цаашид баримтлах бодлогын талаар танилцуулах уулзалт мэдээлэл хийсэн (Энэхүү уулзалтад уригдсан 40 гаруй төлөөлөгчийн тоонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багтсан) юм.   
Уг нь АНУ-ын төрийн тэргүүн жил бүр Давост очиж, олон улсад хандив тусламж цутган геополитикийн тоглоомдоо дэлхийн улс орнуудыг татан оролцуулдаг байв. Тэд энэ жил ирэхээ больсноор Украин тэргүүтэй улсуудын хандив тусламж, хамтран ажиллах санал авах горьдлого нь талаар болсон гэж болно. Гэтэл БНХАУ-ын дарга Си Зиньпин олон улстай хамтран ажиллахад бэлэн, тусламж ч үзүүлнэ, хөрөнгө ч оруулна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Энэ нь “даяарчлалын хөлөг онгоц”-ны жолоо АНУ-аас БНХАУ-д шилжиж байгаа бэлгэдлийн шинжтэй болсныг шинжээчид онцлон тэмдэглэж байна. Мөн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын холбооноос гарна гэдгээ албан ёсоор зарлаж, “Бид Европын холбооноос гарах ч Европоос гарахгүй” гэснийг “Даяарчлалд өгсөн том цохилт боллоо” хэмээн дүгнэж байгаа юм.  
Геополитикийн ойлгомжгүй байдал санаа зовоож байна
Үүнээс гадна энэ жилийн уулзалтын талаар сөрөг хандлагатай байр суурь илэрхийлсэн хүмүүс олон байгаа нь бас нэг онцлог юм. Олон улсын аюулгүй байдлын асуудлыг дагнан хэлэлцдэг Мюнхений чуулганы тэргүүн Вольфганг Ишингер “Бид урьд нь хэзээ ч өнөөдрийнх шиг тодорхойгүй, эрсдэлтэй нөхцөл байдалтай нүүр тулж байсангүй. Дэлхий нийтийн нөхцөл байдал одоо ЗХУ задарсны дараахь үеэс ч илүү аюултай болоод байна. Украин, Сири, Хойд Солонгосын асуудал дээр Умард Атлантын цэргийн эвслийн тодорхойгүй байдал нэмэгдчихлээ. Эвсэл үнэхээр Д.Трампын хэлсэн шиг асуудлыг шийдэх чадваргүй болсон уу. АНУ урьдын адил Европын холбооны гол хамтрагч хэвээр үлдэх үү гээд тодорхойгүй асуудал маш их байна” гэсэн бол Давосын уулзалтад ОХУ-ыг төлөөлөн 25 удаа оролцож байсан “амьд түүх” гэж хэлж болох Анатолий Чубайс “Дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон дэг журам алдагдаж, дэлхийг дахин зохион байгуулах шаардлага гарах вий гэдэгт дэлхийн улс орнууд санаа зовж байна. Иймэрхүү айдастай уур амьсгал ноёлсон хурал Давост өмнө нь 2009 онд л болж байсан санагдаж байна. Тэр үед дэлхийн эдийн засгийн хямрал тогтолцоондоо байна уу, эсвэл зорилгодоо байна уу гэдгийг мэдэхгүй сандралдаж байсан юм” гэсэн мэдэгдэл хийсэн нь чуулга уулзалтын бас нэгэн онцлогийг илэрхийлж байгаа юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.