Улаан гэрэлт Шамбалын орны найрагч

2017.01.25 Лхагва №004 (2147)

“Чамтай хүн уулзъя гэнэ” хэмээн оюутны байр (МУИС-ийн оюутны 3 дугаар байр)-ны жижүүр дуудлаа. Би ч яаран бууж очвол үүдэнд инээмсэглэчихсэн зогсч байлаа.
-“Дөрөвдүгээр асрын эрхэм хүмүүн”-ий амрыг эрье! 
-Со найрагчаар сонин юу байна?
-Тулга аа! Хоёулаа Багшийн дээдийн оюутны байр оръё.
Ердөө л ийм яриа болоод бид хоёр гарч алхлаа. Үдшийн намуунд ийм гэгээхэн найзтайгаа хамт явахад нэг л төгөлдөр болоод хэзээ эртийн мартагдсан аялгуу зүрхэнд эгшиглээд уяруухан. Намрын цэцэрлэгт моддын навчис сэрчигнэнэ. “Со-д маань намрын тухай олон сайхан шүлэг бий дээ” гэж бодогдохын сацуу эрхэм анд Саруулдалайн түүнд зориулж бичсэнчлэн “бийрийн хөнгөн, утгын гүнд” шүтэн туурвисан шүлгийн мөрүүд нь санаанд гэрэлтэнэ.
“Арилсан орчлонгийн өнгөнд болор жүнз үл ялгарах өглөөний тунгалаг мандал аа 
Амилсан бурхдын үүсгэмэл цэцэрлэгээс нойрссон болжмор сэрэн дуугарах сонсогдоно
Намрын жимс шиг анхилуун үнэр цэнхэр агаарт ууслаа 
Нарны бурхан Осоржамаагийн тарни номын чанарын огторгуйд дуурслаа”
(Улирал, хүмүүн)
“Тасарч унасан навчис гомдолт намрыг өгүүлж 
Талын намхан толгод чив чимээгүй зүүрмэглэнэ
Сэржим өргөсөн ууландаа бичсэн шүлгээ хадгалуулж
Сэтгэлийн охь бодлоо сэмхэн шивнэх минь ч гуниг”
(Зөөлөн мандах сарны дор) гээд л намрын орчлон түүнд ер бусын гайхамшгийг бэлэглэсэн юм. 
“Үзэгдэл бүхэн хоосон” хэмээсэн дорно дахины алтан сургаалын нууцыг эрсээр... Нууцыг эрэх бүр улам нууцлаг сайхныг мэдэрнэм. Сав шимийн оршихуйн мөн чанар, хязгааргүйн гүн алс нь буй сэтгэлийн ариусал юм. Эрэхүйеэ гоо сайхныг л хайнам. Түүний гоо үзэсгэлэн ертөнцийн нууцад шингэжээ” гэж тэр бас “Эрэл” хэмээх өгүүлсэн шүлгээрээ дамжуулан энгийн үзэгдлээс гоо сайхныг нь тодруулах, билэг чанарыг нь онох, хүсэл сэтгэлийн эрхээр биш ч янагшин дасах үйлийн үр байдгийг хэлсэн билээ.
...Со бидэн хоёр Багшийн дээдийн оюутны байрны цонхон доор очиход 
“Зогсоод байх нь ээ, аялгуу түрээд 
Зоргол халиун буга нь урамдах юм аа
Нүцгэн уулсаа аргадан таалаад 
Нүдэн нуур минь дуулаад байх юм аа...” гэж хоолой нийлүүлэн хэсэг охид дуулж байна. Со-г “Гоё юм аа” гэж их л гунигтай, цээжний цаанаас өгүүлэх үед нь Майтуяа гарч ирлээ. Тэгээд л бид гурав энэ тэрхнийг ярилцана. Ихэнхдээ Со ярьж, бид хоёр сонсоно.
“Хамаг юмс сэтгэлийн чинь галбирыг эвдэж
Хамгийн үнэн гэсэн юм хувирч одно... 
... Лаа барьсан бүсгүй санаа алдан зөрөх шиг 
Лавтайяа хээнцэр мэдрэмжээ үе үехэн алдана” гээд л “толгодын ногоон униар дунд сүмийн зүг алхахдаа” бичсэн шүлгээрээ биднийг уяруулж орхино.
“Нууцлаг инээмсэглэлт” Майтуяадаа зориулсан ийм шүлэг түүнд бий.
“Шилэн ээмэг шиг хаврын бороон дунд 
Шилийн цас шиг чиний царайг хүсэлтэй 
Шинийн саран төгөлдөр огторгуйн чанад
Чиний мэлмий гэрэлтэх юутай тод гэгээ вэ?
Мишээл төгс чиний арван наймтай дүр
Миний сэтгэлийн гуунд зураг болон гэрэлтэнэ
Орчлон ертөнцийн эрхээр дурлал хайр мартагдавч 
Охин хонгорын үзэсгэлэн зуун жилдээ мөнх 
Харин чи бидэнд үүрд мөнх амьдрахгүй 
Хайрлаж бичсэн шүлэг минь үлдэх болов уу, яах бол”
...Ямархан цаг хэдийхэн өнгөрснийг үл анзааран түүний гэгээн тунгалаг шүлгүүдийг сонсон биширч явсан оюутан ахуй цагийн он жилүүдээ одоо ч би нүдэндээ нулимстай хайрлан дурсдаг юм. Түүнд “Энхтуяа”, “Майтуяа”, “Оюунчимэг”, “Хөгжимч бүсгүй”, “Зулаа” (нэрээр бичсэн шүлэг), “Огторгуйн очир” (сүмийн хаалгаар орж ирсэн арван долоотой үл таних охинд зориулсан шүлэг) болон “Туяа” зэрэг бүсгүйчүүдэд зориулсан шүлэг бий. 
МУИС-ийн оюутны 3 дугаар байрны дөрөвдүгээр давхарт Сүхбаатар аймгийн харьяат Оюунчимэг гэгч охин байлаа. 1992-1993 онд түүнд зориулж “Оюун-чимэг” хэмээх өгүүлсэн бодол шүлгийг бичиж байв. Энэ бодрол-эсээ бол ертөнцийн үзэгдэл юмсын мөн чанар болоод түүний гоо сайхны сэтгэлгээний өвөрмөц үзэгдэл юмсын мөн чанар болоод түүний гоо сайхны сэтгэлгээний өвөрмөц хандлагыг тодорхойлсон бичлэг болжээ.
Со маань Дорнын гайхамшигт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн хайртай дүү, бас шавь нь байлаа. Угтаа Д.Нямсүрэн найрагчийн “Миний хүүхнүүд” хэмээх олон “чимэг”-тэй ном Содномнамжилын “Оюун-чимэг” хэмээх бодрол эсээтэй ямархан нэг гэгээн шижмээр холбоотой байж магад биз ээ. Гэхдээ тэд өөр өөрийнхөө нүд, бийрийн татлагаар гоо сайхны үнэлэмжээ сайхан бүсгүй “чимэг”-ээр дамжуулан илэрхийлээ бизээ. Д.Нямсүрэн найрагчийн урланд Т.Содномнамжил тухлаад ингэж бичжээ. “Намрын талд хялганын толгой бөхөлзөн, шаргал өнгө эзэгнэн байх... Эрээнцавын талд яруу найрагч Д.Нямсүрэн сонин ур хийцтэй, сувд мэт шүлгээ урласаар... Нарт орчлон найрагчийн урлан нь буюу. Хязгааргүй мэдрэмжит, өнгө төгөлдөр яруу найргийг бүтээх алтан үеийг дурсана. Амьдрал үргэлжилж байна. Гоо сайхны эрэл тасралтгүй. Аугаа их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан мэндэлж, хөгжмийн зохиолч, зураач, яруу найрагчид төрсөөр. Мэргэд хийгээд лам нар ном бясалгаж, шавь нар нь номын ертөнцөд тэмүүлнэ. Авралт бурхны гэгээн туяа зүг бүрт цацарнам. Хүрэхгүй газар, нэвтлэхгүй зүйл үгүй болой. Хүмүүс ээ энэ чинь зам. Орчлонд үй түмэн чимэг бий. Наран саран-хорвоогийн чимэг, хасын өнгө-сувдан чимэг, харагдах бараа дагуулагч уул-хан хорвоогийн алсын чимэг... Энэрэн хайрлахуй нь сэтгэлийн чимэг. Тэнгэрийн одод, талын цэцэг, ухаантан мэргэд аяа цөм алтан чимэг ээ” гэж бичих нь түүний сэтгэлийн тунгалаг талстаас цацарсан гэгээ юм.
Тэрээр “Гёте, Галидас, Уйтмен, Равжаа, Ли-Бай, Рабиндранат Таагүр, А.С.Пушкин бол бурхад. Тэднийг аль ч талаар хүмүүстэй зүйрлэшгүй бөгөөд хэн ч үүнийг эсэргүүцсэн нэмэргүй, түүний өөрийнх нь юу ч бишийг л нотлох юм” гэж бичиж, “яруу найраг бол сэтгэлийг ариусгах булаг, бурханд хүрэх, харанхуйгаас аврагдах зам”-ыг нотолж, түүнийг бүтээгч нь хэзээ ч эгэл хүн байх ёсгүй”-г хэлж, ертөнцийн гоо сайхныг мөн чанар, сансрын гэгээ, шидэт аялгуу болсон шүлгээ туурвиж явсан юм шүү. Түүнд “Эрээнцавын хөх тогорууд” хэмээх гоёмсог шүлэг бий.
“Буган дүү Болор-Эрдэнээ дагуулан өвсөн дундуур алхсан
Цэцгийн судалтай Эрээнцав өнөд хэвээрээ байна
Бурханлиг мөрүүдээ шившин суусан хөх усны эрэгт
Цэнхэрхэн өвсний үзүүр нь болор илтэстэй байна” гэсэн бадаг юутай тунгалаг вэ? Өдөр хоног алгуурхан урсаж, дэргэд байгаа гайхамшигт сайхан хүмүүс минь бас л алгуурхан биднээс холдон холдсоор л байнам биш үү. “Нэгэнт өнгөрсөн андаа дурсахад хүрэл зүрх ч хайлна” гэдэг үг байдаг даа. Дотогшоо л эмтрэх юм. Со-гийн маань шүлгэнд нэгэн сонин мөр бий. “Өвөлжөөний дэргэд чулуу зүүрмэглэх нь эртний ерөөл өө” гэж... 
...Ээж минь надад “Миний хүү! Харгуй зам дээр таараад, танихгүй мөртлөө “Сайн байна уу?” гэж мэндлээд өнгөрсөн хүн хүртэл эртний ерөөл байдаг юм шүү” гэж байж билээ. Тийм ээ, эртний ерөөл! Миний хувьд Со-тойгоо, энэ тунгалаг гэгээн хүмүүнтэй нөхөрлөж явсан минь “эртний ерөөл” байлаа. Со маань ч бас олон сайхан нөхөртэй байсан. Хэнийг нь ч ялгалгүй хайрлан хүндэтгэдэг байлаа. Тэр М.Саруулдалай, Ц.Буянзаяа, Д.Ган-Очир, Б.Галсансүх нартай захидлаар харилцан, Л.Энх-Амгалангийн шүлгийн “Хөх зул” номын тухай “Уйтгарт намрын шинэ шүлгүүд” нийтлэлээ тэмдэглэж, “Тодорхой шүлэгч Б.Одгэрэл”-ийн тухай бичиж явсан билээ. 
Тэрээр дахин тохиохгүй суут яруу найрагч О.Дашбалбарын шавь байж, түүний гэрт амьдран, энэ гайхамшигт хүний “үзэсгэлэнт сэтгэлийн гэрэл”-д орчлон ертөнцийн мөн чанарыг тунгааж явсан юм шүү. Нэгэн бяцхан дурсамж сөхье. Со-гийнхоо шаргуу урилгаар гэрийн эзэн ажилдаа явсан үеэр нь тэднийд очлоо. О.Дашбалбар найрагчийн гал тогооны ширээн дээр хоёулаа өөд өөдөөсөө харж суугаад “Цаг хугацаа” гэж ерөнхий сэдвийн дор шүлэг бичихээр боллоо. Би цаг болоход дөрвөн мөр шүлэг бичиж, харин Со маань “Цаг-усан урсаад л байхын цагт” хэмээх гүн ухааны агуулга төгс туурвил тэмдэглэсэн юм. Ийн шүлэг хэлэлцэн сууж байтал Балбар найрагч Ерөнхийлөгчийн зөвлөх Дашцэрэн гуайтай ирэн номын өрөөндөө орж билээ. Со намайг танилцуулж, Балбар найрагч намайг “Чи нэг шүлэг унш!” гэлээ. Би аавынхаа дурсгалд бүтээсэн “Хул хонгор нарны намиргаан дундаас...” гэж халгангуй уншсанд “Алив, гөлөгнүүд нэг нэг хундагалж өг!” гэсэн юм. Шаврай жижигхэн намайг тоох аядсан нь энэ биз ээ. Тэгээд Балбар найрагч “Та нарын шүлэг ч гэж... Нэгэн сайхан цэцэг байна. Түүний дээр эрвээхэй ирээд суулаа. Ямар гоё байна... гэж бичээд л байх юм. Эх орон ийм гунигтай байхад зоригтой дуугарч, үгээ хэлэх цаг болсон шүү” гэж билээ...
“Туурвил үлэмж бичгийн хүний зохиол унших өлзийт үдэш 
Туяат цонхоо умрын гэрэл болор шилийг гялалзуулна 
Цасны гэгээнд дуучин манай гэрийг гийгүүлээд 
Цангинасан агаарын анхилууныг авчирч, уруулын үнсэлт шагнана
Эгчийн цүнхнээс алим сэнгэнэж, өнгөт усны үнэртэй хослоод 
Эрдэнийн чимэг, үсний хавчаар үлэмж чамин нь ахуйг сэрээнэ” гэсэн мөрүүд “Дуучин эгчийн шөнө” шүлэгт нь бий. Энэхүү дуучин эгч бол МУАЖ, дуучин Ш.Чимэдцэеэ билээ. Тэрээр “Дуучин эгчийн шөнө”-ийг бас уянгын тансаг шүлэглэлдээ үлдээсэн юм. Түүний Б.Хүрэлсүх анддаа зориулж бичсэн “Эх орон” шүлэг нь Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” яруу найргийн наадамд түрүүлж байв.
“Үнэр сайт салхиар илбүүлэн, уулсын тэргүүн дээр удаан зогсохдоо 
Үеийн үед Монгол минь хүчирхэг юм даа гэж бодсон 
Холхи ертөнцийн цаанаас цасан будрах нь гоо эх орон минь
Ямархан хувь заяа, ямархан хувь тохиолоор би энд төрөө вэ” гэж “хамгийн анхны бөгөөд сүүлчийн шүлэг мэт дотно яруухан” эх орондоо шүлэглэн үлдээсэн түүнийг заримдаа би жигтэйхэн их үгүйлж, хүмүүсийн дунд харц маань хэсдэг юм.
Т.Содномнамжил маань яруу найрагч Магван-Эрдэнийн Саруудалайтай хамгийн ойрын анд. Яруу найрагч Д.Ган-Очиртой ч мөн адил. Ер бодоод байхад түүнд “хол” хүн гэж байгаагүй. Харин будангуйрагч орчлонгийн явдалтай ойр байсан ч гэрэлт оюун, зүрх сэтгэл хол байж чадсандаа биднийг ямагт гэгээн алс руу дуудсаар байсан юм. Д.Ган-Очир, М.Саруулдалай, Ц.Буянзаяа, Л.Батцэнгэл, Д.Нямсүрэн, Дарь.Сүхбаатар, Б.Тайван, Б.Хүрэлсүх, Б.Галсансүх, Б.Одгэрэл, Л.Өлзийтөгс, Б.Төгсжаргал, Л.Мягмарсүрэн, Ж.Нэргүй, Х.Эрдэнэбаатар гээд л түүнтэй “сэтгэл зүрхний холбоотой” нөхдийг дуудаад яах вэ. Дурсаагүй зарим нь гомдож мэднэ. Түүнд Д.Нямсүрэн, Ж.Нэргүй, Д.Ган-Очир, Б.Галсансүх, Ц.Батбаатар Ай.Төмөр-Очир, Л.Батцэнгэл, М.Саруулдалай нарт зориулж бичсэн шүлэг бий. Тэрээр, “Агшин бүрийг гайхамшиг хэмээх нь 
Аугаа мэргэдийн ёс оо
Алин үзэгдсэнд илбүүлэн хууртах нь 
Амраглагч хүмүүний шинж ээ...”
“Түмэн бодис, алаглан ургах дэлхий цэцэрлэгийн төвд
Мянган бурхан гийгүүлэн мандах очирт суурин гайхамшиг.
Буман хандын түгээмэл гэрэл элбэг агаад сэрүүхэн ч 
Зуун бээрийг нэвтлэн туяарах Жан Шамбалыг хүснэ...” гэсэн гүн ухааны нэвтэрхий мэдрэмжит, гэгээрэлд хөтөлсөн шүлгүүдээ тод ганган орхимжийг сул орхин, биеэ найгалзуулан унших нь эрхэмсэг агаад бишрэм сайхан. Энэ тухай Дарь.Сүхбаатар ах “Со ламтан манайд хонолоо. Унтаж байхад нь, түүний дух магнайг харсан хань минь “Со ламтан яг л гэгээнтэн шиг харагдаж байгаа биз” гэж билээ” хэмээн дурссан байдаг. Энд нэг зүйлийг сул тэмдэглэж хэлэхэд тэр дарсыг үнэхээр гоё хүртэнэ. Архи дарс хүртэхэд хүртэл урлаг бий гэдгийг батлах гэсэн мэт. Энэ тэнгэрлиг идээнд хууртаж болохгүйгээ мэддэг байсан... Гэвч Со найз маань ертөнцийн хэрэг явдлаас уйтгарлаад, улаан гэрэлт Шамбалын орноо нэгэнт зорив.
Хаалга задгай Шамбалын 
Хаанаас нь ч орж болно.
Харанхуйд гэрэлтэгч дэнлүү шиг
Гэгээн болоод тодорхой 
Тогоонтөмөрийн Содномнамжил
Яруу найрагч анд М.Саруулдалай Содномнамжилын туурвилыг эмхэтгэн “Огторгуйн очир” нэртэйгээр хэвлүүлсэн билээ. Тэр мөн Б.Хүрэлсүх, Б.Тайван зэрэг яруу найрагч анд нөхдийнхөө номыг эмхэтгэн гаргаж байгаагаа дурссан юм. Саруулдалай найрагч тэртээх оны наадмын тэр л өдөр дотно халуун анд Содномнамжилыгаа сүүлчийн замд нь үдээд буцаж явахдаа ийн шүлэглэснээ тэмдэглэжээ.
“Домгийн талд төрсөн анд минь 
Дорнын намуухан салхи болов
Цээжин дотор салхи исгэрч 
Цэх бие минь бөгтийж үлдэв” /М.Саруулдалай/ 
“Со бидний нөхөрлөл, нандин дурсамж он цаг улирах тусам бурхны мэлмийд улам тод гэрэлтэх болтугай!” гэсэн анд Б.Хүрэлсүхийн үгээр энэхүү тэмдэглэлээ өндөрлөе. Бид тэнгэрт дэвшсэн нэгнээ дурсан санах эрхтэй ч үүрэгтэй ч билээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.