Ш.Раднаасэд: “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах ёстой гэж үзлээ

2017.01.25 Лхагва №004 (2147)

УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авсан процесстой холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан бөгөөд өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байв. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаагүй гэдэг үндэслэлээр тав хоногийн завсарлага авлаа. Улмаар ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж нар мэдээлэл хийв.  
Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд “Манай ажлын хэсэг гурван үндсэн зорилготой байсан. Нэгдүгээрт, Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юү, үгүй юү гэдэг асуудал байсан. Хоёрдугаарт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан банкны хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны байсан эсэхийг нягталлаа. Гуравдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн татвар болон өнгөрсөн зургадугаар сарын 30-наас хойш хийсэн гүйлгээг нь шалгалаа. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд явагдаагүй байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард 330 дугаар тогтоол гаргаж “Эрдэнэт” болон “Монросцевтмент”-ын 49 хувийг гуравдагч этгээдэд зарсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна гэж дүгнэсэн. Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай, Засгийн газрын хууль, ОХУ болон Монголын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолыг зөрсөн байна. Товчхондоо, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар дур мэдэн сонгуулийн хугацаа тулсан үед нууцаар хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл.

“Монгол зэс” корпораци “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая ам.долларыг шилжүүлсэн. Энэ мөнгөө яаж босгосныг нь судлаад үзэхээр Худалдааны хөгжлийн банкны захирал болон түүнтэй холбоотой эргэн тойрны хүмүүсийн байгуулсан компаниудад Худалдаа хөгжлийн банк зээл өгөх замаар “Монгол зэс” корпорацийг санхүүжүүлсэн байна. Тухайлбал, QSC гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй компаниас 62.9, “Ривер стоун”, “Юнайтед Энержи Систем” компаниас тус бүр 70, “Канетик” компаниас 68 сая ам.доллар зээлсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр компанид зээл өгөх замаар “Монгол зэс” корпораци мөнгө босгосон. Эндээс Худалдаа хөгжлийн банк Банкны тухай хуульд заасан “Арилжааны хэлцэл хийж бизнесийн ашиг олох зорилгоор хадгаламж эзэмшигчийн мөнгийг ашиглаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тодорхой болсон. Эцэст нь төр 100 хувь эзэмших ёстой үнэ цэнтэй аж ахуйн нэгжийг хууль бусаар хувийн хэвшилд өгсөн нь буруу гэж дүгнэн Засгийн газарт буцааж авах үүрэг өгөх нь зөв гэж үзлээ. Мөн арилжааны банкуудад явагдаж байгаа зарим хууль бус үйлдлийг таслан зогсоох ёстой гэж дүгнэсэн. Өнгөрсөн хугацаанд дампуурсан банкуудын эзэд өөрсдөө бизнес хийх зорилгоор хадгаламж эзэмшигчийн мөнгийг үрэн таран хийсэн байдаг. Ийм нөхцөл байдал дахин давтагдах вий гэж болгоомжилж байна. Мөн нэг хүн нэг л банкны хувьцаа эзэмшигч байх ёстой. Гэтэл өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны 93, Улаанбаатар банкны 99 хувийг Д.Эрдэнэбилэг гэдэг хүн давхар эзэмшиж байна. Энэ хоёр банкийг тойрсон нэр бүхий албан тушаалтнуудын байгуулсан компаниудаар дамжуулан бүх арилжааны бизнесээ хийж байна. Хууль зөрчсөн энэ үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээг Монголбанкинд хариуцуулна” гэлээ.
Ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж “Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигчийн шууд удирдлагад ажилладаг Ц.Пүрэвтүвшин, Г.Хүрэлбаатар гэх мэт хүмүүсийн үүсгэн байгуулсан компаниудаар дамжуулж  энэ ажиллагаа явагдсан байна. Эхлээд Ш.Раднаасэдийн нэр дурдсан компаниуд Худалдаа хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж 62-70 сая ам.доллар авч тэр мөнгөө “Монгол зэс” корпораци руу шилжүүлсэн. “Монгол зэс” корпораци нь хойд хөрш рүү шилжүүлсэн. Ийм л процесс явагдсан байна. “Монгол зэс” корпораци нь 2012 онд анх Жүмйерэ гэдэг нэртэй байгуулагдсан. 2014 онд нэрээ хоёр удаа сольж DKB гэдэг нэртэй байж байгаад 2016 оны гуравдугаар сард одоогийн нэрээ авсан, нэг гишүүнтэй компани. Үйл ажиллагаа явуулдаггүй компани байж байгаад гэнэт 2016 оны эхээр хөрөнгөтэй болсон. Ингэхдээ Ц.Пүрэвтүвшингийн Улаанбаатар банкин дахь хадгаламжаас энэ компани руу 112 тэрбум төгрөг шилжсэн. Мөн өнгөрсөн зургадугаар сарын 20-нд Худалдаа хөгжлийн банкнаас 75 сая ам.доллар зээлэхдээ ирээдүйд бий болох орлогоо барьцаалсан. Улмаар зургадугаар сарын 27-нд “Эрдэнэт”-д хяналтаа тогтоосныхоо дараа зургадугаар сарын 30-нд худалдаж авсан 49 хувиа Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьчихсан. Дараа нь тус банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг “Монгол зэс” корпорацийг төлөөлсөн “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн болгосон. Д.Эрдэнэбилэгийн эзэмшилд байсан QSC гэж компани 2014 онд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн хугацаатай концессын гэрээгээр авсан. Таван объект өөрийн хөрөнгөөр барина гэж гэрээ байгуулсан. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гаргасан зардлаа хуваан төлөхөөр тохиролцсон. Түүн дотор нь авто зам, төмөр зам орж байсан. Гэвч 2015 онд гэнэтхэн гэрээнд нь өөрчлөлт оруулаад төмөр зам, авто зам барьсан мөнгийг нь буцааж олгохоор болсон. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахынх нь өмнө 90 сая ам.долларыг буцааж өгсөн. 2016 оны хоёрдугаар сарын 26-нд Сангийн сайд Б.Болор 10 тэрбумаар 18 виксель бичиж өгсөн. “Монгол зэс” корпораци энэ компаниас 62.9 сая ам.доллар зээлсэн. 2016 оны зургадугаар сарын 17-нд Ц.Пүрэвтүвшин өөрийнхөө 100 хувь эзэмшдэг “Рийворстон пропертис” компаниас 70 сая ам.доллар зээлсэн гэдэг. Өөрөө өөрөөсөө зээлсэн гэсэн үг. Өмнө нь Улаанбаатар банкин дахь хадгаламжаасаа 112 тэрбум төгрөг шилжүүлсэн Пүрэвтүвшин өөрийнхөө байгуулсан компаниас 70 сая ам.доллар зээлсэн гэх баримт бүрдүүлж тэр мөнгийг нь Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан. Түүний дараа “Юнайтед энержи систем” гэдэг компанид Худалдаа хөгжлийн банк 68 сая ам.долларын зээл олгосон. Энэ компани зээлсэн мөнгөө “Монгол зэс” корпорацид шилжүүлсэн. “Юнайтед энержи систем” гэдэг компани 2012 онд байгуулагдсан. 2012-2015 онд 10-33 сая төгрөгийн татвар төлсөн гэдэг. 2016 онд нэг сая төгрөгийн татвар төлсөн. Өнгөрсөн зургадугаар сарын 30 нд QSC компанитай нэгдсэн. “Юнайтед энержи систем” гэдэг компани зээл авахдаа Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станцыг барьцаанд тавьсан. Тийм цахилгаан станц байхгүй. Мөн зургадугаар сарын 17-нд Сингапурт бүртгэлтэй “Канетик” компаниас 68 сая ам.доллар авсан. Ц.Пүрэвтүвшин энэ компанийг гуравдугаар сард Монголд бүртгүүлэх гэж байгаад больчихсон юм билээ. “Канетик” компани мөн л Худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө “Монгол зэс” корпорацид шилжүүлсэн. Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрээс худалдаж авах зэсийн баяжмалыг барьцаалсан. Зэсийн наймаа хийдэг л компани юм шиг байгаа юм. Би энэ асуудлыг гаргаж тавьснаасаа хойш 100 орчим тэрбум төгрөгийн татвар алга болчихлоо гэж ярьсан. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн мэдэгдэл хийж, “Ийм их хэмжээний мөнгө алга болоогүй 87 тэрбум төгрөгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлээгүй” гэсэн. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрт хууль бусаар хяналтаа тогтоосноос хойшхи хугацаанд зургадугаар сарын 27-наас арваннэгдүгээр сарын 21 хүртэлх орлого зарлагыг нь хянахад нийт 58 сая ам.долларыг ногдол ашиг нэрээр “Монгол зэс” корпорац руу шилжүүлсэн байна. “Эрдэнэт” үйлдвэртэй ямарч холбоогүй байсан энэ компанид өмнөх жилүүдийнх нь ногдол ашиг нэрээр энэ мөнгийг шилжүүлсэн. Мөн Д.Эрдэнэбилэгийн мэдэлд бүрэн шилжсэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 2.7, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт 17 тэрбум төгрөг шилжүүлсэн. Татварын албанаас хийсэн шалгалтаар татварын орлого 223 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байгаа нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, энэ бүлэглэл татвар төлөхгүйгээр олсон орлогоо шархаа нөхөхөд зориулж байгаа юм байна.
Ер нь Монголд нэг сонин ёс тогтлоо. Нэг мөнгөтэй хүн төрөөр шийдвэр гаргуулдаг. Тэр гаргасан шийдвэрийг нь төрийн сайд биелүүлдэг. Сайдаас давсан асуудал байх юм бол Засгийн газраар шийдүүлдэг. Засгийн газраас давсан асуудал байх юм бол УИХ-д оруулж шийдүүлдэг ёс тогтсон байна” гэсэн юм. 

Тэд дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Ц.Нямдорж гишүүний хүү Анхбаяр “Эрдэнэт” үйлдвэрт 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэсэн мэдээлэл гарсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
Ц.НЯМДОРЖ:
-2004 онд нэг удаа, 2006 онд нэг удаа миний хүүхэд “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ хийсэн юм байна лээ. Ном журмынхаа дагуу гэрээгээ хүлээсэн ажлаа хийгээд дуусгасан. 2004 оноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нуугаад хаагаад байх зүйл байхгүй. С.Эрдэнэ гишүүнд би баярлаж байгаа. Яагаад гэхээр намайг энэ асуудлыг хөндөж эхэлснээс хойш “Ц.Нямдорж шахаа хийх гэж байна. Өөрийнхөө хүнийг “Эрдэнэт”-д томилуулах гэж байна” гэсэн гүтгэлгийг гурван сарын турш явуулсан. С.Эрдэнэ гишүүн ийм мэдэгдэл хийснээрээ намайг нэр төр цэвэрлэхэд их тус дэм боллоо гэж баярлаж байна. Тухайн үедээ болоод өнгөрсөн үйл явдал. Нуугаад байх зүйл байхгүй. С.Эрдэнэ гишүүнийг 2.5 тэрбум төгрөг гэж мэдэгдэл хийхээр нь хүн андуурчихлаа даа. Баримт гаргаж ирэхээр нь хариулт өгнө гэж хүлээж байсан юм. Нэг удаагийх нь гэрээ 300 сая төгрөг хүрэхгүй дүнтэй юм билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан хүмүүс надтай холбоотой сөрөг баримт олох гэж их зовсон. Тэдний олсон юм нь энэ. Ийм зүйлд эмзэглээд байх ямар ч шаардлага алга.
-Та хүүгээ “Эрдэнэт” үйлдвэрт бараа нийлүүлэхэд нь тусалж дэмжсэн үү?
-Миний хүүхэд “Эрдэнэт” рүү хоёр удаа явахад нь би таньдаг хүндээ хэлсэн юм. “Нэг ийм юм яриад байх юм. Боломжийн юм байдаг бол хууль журмынх нь хүрээнд хэн хэндээ гай болохгүйгээр туслахыг бодооч” гэж гуйсан юм. Үүнийг нуугаад байх шаардлагагүй. Хэн ч гэсэн хүүхэд нь жаахан юм хийх гэж оролдоход хууль журам зөрчихгүйгээр дэмжлэг хүсэх нь хүний ёсны л асуудал ш дээ. Үүнийг нуугаад хаацайлаад байх шаардлага байхгүй. 
-Шүүхээс энэ гэрээг хууль бус гэдгийг нь тогтоогоогүй байхад УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хууль зөрсөн гэж дүгнээд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлж авах нь зүйтэй гэж байгаа нь хууль тогтоомжиндоо хэр нийцэж байгаа юм бэ?
Ш.РАДНААСЭД:
-Ажлын хэсгийн дүгнэлт бол 49 хувийг худалдахдаа хууль зөрчсөн байна гэсэн асуудлыг ярьж байгаа юм. Энэ бол заавал шүүх тогтоох асуудал биш. Ч.Сайханбилэгийн Засгийн газар цагаан дээр хараар биччихсэн хуулийг зөрчөөд Их хурлаар шийдвэрлэх ёстой зүйлийг өөрсдөө шийдээд явсан байна. Засгийн газар хууль зөрчсөн тогтоол гаргасан бол өөрөө болон УИХ хүчингүй болгодог Үндсэн хуулийн заалт бий. Энэ хүрээнд л ажиллах ёстой. Үүнд шүүх бус төрийн өөрийнх нь оролцох асуудал.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр буцааж авах ёстой гэж дүгнэсэн гэлээ. Тэгэхээр “Монгол зэс” корпорацийн ОХУ-д төлсөн мөнгийг нь өгөөд авна гэж ойлгож болох уу. Эсвэл хууль зөрчиж худалдаж авсан гэдэг үндэслэлээр шууд авна гэсэн үг үү?
Ш.РАДНААСЭД:
-Булааж авах гэж байгаа юм ердөө байхгүй. Төрөөс Худалдаа хөгжлийн банк болон бусад компаниудад байршуулчихсан маш их хэмжээний мөнгө бий. Хэлцэл хийх замаар энэ мөнгөнийхөө оронд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг буцааж ав гэж байгаа юм. 
-Б.Дэлгэрсайхан гишүүн ажлын хэсгийнхээ төвшинд тусгайлан санал гаргасан юм байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг буцааж авсан тохиолдолд шууд Засгийн газар шилжих боломжгүй. Монгол Улс хохирно гэсэн байсан. Ажлын хэсэг түүний саналыг судалж үзсэн үү?
Ш.РАДНААСЭД:
-Б.Дэлгэрсайхан гишүүний тусгайлан санал өгсөн нь үнэн. Гэхдээ эсэргүүцсэн байдлаар биш. Нухацтай хандах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн.
-Ц.Нямдорж гишүүн өмнө нь мэдээлэл хийхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд 100 сая ам.долларын торгууль төлөх заалт гэрээнд бий гэж байсан. Засгийн газар буцааж авлаа гэхэд энэ заалт үйлчлэх үү?
Ш.РАДНААСЭД:
-Засгийн газар буцааж авах асуудлыг УИХ-аар ярина. Хэрхэн яаж буцааж авах вэ гэдэг асуудал яригдана гэсэн үг. Засгийн газар 49 хувьтайгаа учраа олох ёстой. Хууль зөрчсөн дүгнэлтийг нь гаргаад өглөө. Үлдсэн процесс нь Засгийн газрын хийх ажил. Тэр үеэр 100 сая ам.долларын асуудал яригдах байх.
Ц.НЯМДОРЖ: -Гуравдагч этгээдэд худалбал 100 сая ам.доллар төлнө гэсэн заалт гэрээнд байгаа юм шиг байна лээ. Гэхдээ энэ бол гуравдагч этгээдэд шилжиж байгаа явдал биш. Засгийн газрын хууль бус шийдвэрийг УИХ хянаж байгаа явдал. Хойд айлын талаас энэ асуудлаар нэг их юм ярихгүй байх. Худалдах, худалдан авах бүх ажиллагаа нь дууссан. Тиймээс энэ асуудлаар хойд айлтай ярих асуудал Монголын Засгийн газарт байхгүй. Харин та нар ингэх юм бол ОХУ-д буцаагаад өгчихнө шүү. Эсвэл урд айлд зарна гэсэн айлгах зорилготой мэдээлэл тарааж байгаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиас гадна 51 хувьтай холбоотой асуудлыш шалгах хэрэгтэй гэдгийг сөрөг хүчний гишүүд онцолсон. 51 хувийг нь Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьсан байгаа. Үүнийг шийдвэрлэх асуудал ямар шатандаа явж байгаа юм бэ?
Ш.РАДНААСЭД:
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар энэ асуудлыг шалгаж байгаа юм билээ. Захиран зарцуулах эрх нь Засгийн газарт байгаа учраас тэндээс асуусан нь дээр байх.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.