Г.Батхүү: Анхан шатны саналыг тусгасан дүрэмтэй болно

2017.01.25 Лхагва №004 (2147)

АН шинэчлэгдэх ёстой гэж үзэн намын даргаа гишүүдийнхээ дунд сонгууль явуулж тодруулахаар сунгаа явуулж буй. Мөн 2006 оноос хойш явж ирсэн намын үндсэн дүрмийг өөрчилж, шинэ зарчим, үзэл баримтлалаар явах ёстой гэдэгт санал нэгдсэн билээ. Энэ хүрээнд АН-ын үүрийн дарга нарын холбоо, АН-ын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсэг, АЗХ-той хамтран “Намын дүрмийн шинэчлэлийн нэгдсэн хэлэлцүүлэг”-үүдийг үе шаттайгаар зохион байгуулж буй. Ерөөс АН-ын тулах цэг, түших багана нь анхан шатныхан гэж тэд үзжээ. Тиймээс галын шугамын тэргүүн эгнээнд хариуцлагатай ажлыг үүрч явдаг үүрийн дарга нарынхаа санал бодлыг сонсч дүрмийн төсөлдөө тусгаж байгаа аж. Хэлэлцүүлэг гурван үе шаттай үргэлжилж, өчигдөр шувтрав. 
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн 152 хорооны үүрийн дарга, идэвхтэй гишүүд оролцсон нээлттэй хэлэлцүүлэг, 19 аймгийн орон нутгийн анхан шатны 250 гаруй гишүүдийг оролцуулсан онлайн видео хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Түүнчлэн АН-ын Үндсэн дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсэгтэй хамтран Үндсэн дүрэмд орж байгаа гол 10 өөрчлөлт, дүрмийн хамгийн сүүлийн хувилбарыг улс орон даяар хэлэлцүүлж дууссан байна. Шат дараатай хийгдсэн тус хэлэлцүүлэгт 1754 үүр бүрээс таван гишүүний төлөөллийг урьж оролцуулж нийтдээ 9000 гаруй анхан шатны байгууллагын гишүүдийн саналыг сонсох томоохон ажлыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулжээ. Харин өчигдөр гурав дахь шатны хэлэлцүүлгээ 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулсан юм.

“Намын дүрмийн шинэчлэл хамгийн чухал”

Энэ талаар АН-ын Үүрийн дарга нарын холбооны УЗ-ийн дарга Г.Батхүүгээс тодруулсан юм. 

-Намын гишүүд дэмжигчдийн дунд гурван үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгээс ямар үр дүн гарав? 
-Бид өнгөрсөн хугацаанд юун дээр алдаж, онов гэдгээ нэг удаа дүгнэж, засч залруулж маш сайн дүрэмтэй болох шаардлага байсан. Одоогийн бидний мөрдөж буй дүрэм муу биш. Гол нь энэ дүрэмд хариуцлагын механизм тодорхойгүй, дүрмээ намын дарга хэрэгжүүлэхгүй байж болдог байсан. Тиймээс намын дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. АН-ын 170 мянган гишүүний саналыг шинэ дүрэмд тусгах үүднээс анхан шатны үүрүүдийн саналыг авах зорилготой гурван үе шаттай хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эхний хэлэлцүүлгийг бүх аймаг сумын үүрүүд дээр, дараа нь үүрүүдийн төлөөллийг оролцуулж хийсэн. Харин одоо аймаг, дүүргийн төлөөллийг оролцуулсан гурав дахь шатны буюу АН-ын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсэгт үүрүүдийн саналыг нэгтгэсэн байдлаар оруулахаар хэлэлцэж байгаа юм. Сонгуулийн дараа намын үйл ажиллагаа жигд сайн явахгүй байна. Нам шинэчлэгдэх цаг хугацааг хүлээж, үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа энэ үед бид уг орон зайг нөхөж, эл ажлыг зохион байгуулах үүргийг АН-ын үүрүүдийн холбоо болон намын дүрмийн шинэчлэлийн төслийг боловсруулах хороо, АЗХ-той хамтран гүйцэтгэж байна. Намын даргын марафон явж байгаа. Аль нэг нь намын дарга болж таарна. Тэгэхээр хэн намын дарга болохоос илүүтэй намын дүрмийн шинэчлэл гэдэг өөрөө суурь шинэчлэл байх ёстой гэх зарчим барьж байна. 
-Намын дүрмийн шинэчлэлд ямар зүйл заалт оруулахаар санал санаачилга гарч байна вэ?
-АН-ын VI Их хуралд орохдоо бидний бодож байсан зүйл бол эхлээд намынхаа дүрмийн шинэчлэлийг хийх байсан. Өөрөөр хэлбэл, намын шинэчилсэн дүрмийг хэн сайн хэрэгжүүлж чадах вэ гэдэг дээр намын даргын марафон явах байх гэж бодож байв. Харамсалтай нь, энэ ажлыг зохион байгуулж чадаагүй. Тиймээс VII Их хурлаар намын шинэчилсэн дүрмээ эхэлж батлаад марафонаар гарч ирсэн намын дарга маань энэ дүрмийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ илэрхийлж байж, намын Их хурлын гишүүдээс олонхийн дэмжлэгийг авч намын дарга болох ёстой. Намын дүрэмд хамгийн гол нь анхан шатны нэгжээ анхаарсан, үүрүүдтэй нягт ажилладаг, олонхиороо ардчилсан зарчмаар бүх шийдвэрүүдээ гаргадаг, намынхаа боловсон хүчнийг бэлтгэдэг, давтан сургадаг, дараагийн сонгуульд бэлддэг, нээлттэй, гишүүдийн оролцоог хангаж өгөх заалт тусгах өгөх ёстой. Бидний энэ удаагийн явуулж буй хэлэлцүүлгүүд аль болохоор нам сайн дүрэмтэй байж, төрийн, ард түмний өмнө ачаа үүрдэг хоёрдахь улс төрийн хүчин байх байр суурьтаа бат зогсох боломжийг бүрдүүлэх зорилготой. Хэлэлцүүлгүүдэд гишүүд маш идэвхтэй оролцож байгаа. Өөрсдийн санал санаачилгаар гишүүд маань хөдөө орон нутгаас ирж оролцож байх жишээтэй. Намын дүрмийн шинэчлэл ямар чухал гэдэг нь эндээс харагдаж байна. 

-Намын VII Их хурлаар хэлэлцэх гол асуудал юу вэ?

-Намын Их хурлаар хэлэлцэх гол асуудал бол дүрмийн шинэчлэл, намын даргыг батламжлах юм. Эхлээд намынхаа дүрмийг батална. Намын дүрмийг марафонаар гарч ирсэн дарга хэрхэн яаж хэрэгжүүлэхээ Их хуралд тайлагнаж, дараа нь санал хураалтад орох нь зүйтэй гэж үзэж байна. 

-Намын VII Их хурлаар хэлэлцэх гол асуудал юу вэ?

-Намын Их хурлаар хэлэлцэх гол асуудал бол дүрмийн шинэчлэл, намын даргыг батламжлах юм. Эхлээд намынхаа дүрмийг батална. Намын дүрмийг марафонаар гарч ирсэн дарга хэрхэн яаж хэрэгжүүлэхээ Их хуралд тайлагнаж, дараа нь санал хураалтад орох нь зүйтэй гэж үзэж байна. 
-Нэгдүгээр сарын 29-нд даргын сонгууль болж даргаа сонгосон байхад намын их хурлаар дахиж хэлэлцэх юм уу?
-Даргын сунгаанд оролцож байгаа нэр дэвшигчдийн сурталчилгааны хугацаа л дуусна. Даргыг Улс төрийн намуудын тухай хуулиар намынхаа Их хурлаас батламжлах ёстой. Үүний өмнө намын дүрэм бэлэн болох ёстой учраас бид өнөөдөр эцсийн хэлэлцүүлгээ хийж байна. Өөрөөр хэлбэл, намын дүрмийн ажлын хэсгийнхэнд бүх саналаа тусгасан хувилбараа гардуулж өгнө. 

Д.Нямхүү: Намын дүрмийг зөвхөн Их хурлаар өөрчилнө

/АН-ын үндсэн дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн/

-Шинэчилсэн дүрмийн төслийн явц ямархуу байна?
-АН-ын VI Их хурлаас сар гаруйн өмнө намын дүрмийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахалж байгаа. Бид одоо мөрдөж буй 2006 оны намын дүрмийг хамтарч хийж байсан. Энэ удаа бид төслөө нэлээд нухацтай боловсруулж байна. Үзэл баримтлалын хэсэг тусдаа ажиллаж байгаа. Намын VI хурлаас үндсэн дүрмийг шинэчлэх ажлын хэсгийг албан ёсоор байгуулаад хоёрдугаар сарын 12-нд болох Их хуралд боловсруулсан, шинэчилсэн дүрмийнхээ төслийг танилцуулах үүрэг өгсөн. Энэ дагуу үүрийн дарга нарын холбооны тусламжтайгаар бид нэлээд олон хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өнөөдрөөс орон нутагт дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Миний бие гэхэд баруун дөрвөн аймагт ажиллахаар хуваарилагдлаа. 
-Орон нутгийн гишүүдийнхээ саналыг төсөлд хэрхэн тусгах вэ? 
-Орон нутагт хэлэлцүүлэг хийгээд ирсний дараа нэгтгээд хоёрдугаар сарын 12-нд эцсийн байдлаар танилцуулж, хэлэлцүүлнэ. АН-ын дүрэмд энэ удаад маш олон онцлог зүйл орж байгаа. Тухайлбал, өмнө нь үндсэн дүрмийг дагаад олон журам гардаг байсан. Журмуудыг ҮЗХ-гоор өөрчлөх бололцоотой байдаг байсан. Энэ нь Их хурлын бүрэн эрхэд халдаж, дүрмийг хүссэнээрээ өөрчилж болдог байдлыг удирдлагуудад олгож байв. Одоо энэ тогтолцоог өөрчилж, Их хурлаас өөр газар дүрмийг өөрчилдөггүй тогтолцоог бий болгож байна. Энэ нь Үндсэн дүрэм, түүнийг дагалдах 13-14 дүрэм байх юм. Энэ дүрмүүдэд зөвхөн их хурлаар өөрчлөлт оруулна. Дүрмийн бүлэг бүрт өөрчлөлт орж байгаа учраас шинэчилсэн найруулга гэж нэрлэж байгаа юм.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.