СОРВИТОЙ НАМ

2017.01.25 Лхагва №004 (2147)

-ӨРСӨЛДӨГЧ НАМААСАА АВААГҮЙ ШАРХАА НӨХРӨӨСӨӨ АВСАН ТАВ-

2016 оны сонгуульд өрсөлдөхөд АН-ын нэр дэвшигчдээс бүтэн нэртэй нэг ч хүн үлдээгүй, шарх сорвигүй ороогүй л байхгүй юу. Өөрөө өөрсдийнхөө бүх нэр хүндийг унагаж, нэг хэсэг нь мөнгө гаргаж кампанчилж, хэвлэлд захиалга өгч байгаад баллаж унагасан” Энэ бол УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин АН-ын ялагдлын үндсэн шалтгааныг нэрлэхдээ хэлсэн өгүүлбэр. Үнэхээр ч түүний хэлсэн шиг МАН-ынхнаас илүү АН-ынхан нэг, нэгнээ намнаж байсан нь хөдлөшгүй үнэн билээ. Сонгож болохгүй хүмүүсийн жагсаалт гаргаж, түүндээ намын гишүүдээ дээгүүр эрэмбэлж байсан нь 2016 оны эхэн үеийн л үйл явдал. Фракцуудын зодоон, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн ийнхүү АН-ын ялагдлын үндсэн шалтгааны нэг болсон байдаг. Нийт нэр дэвшигчдийнх нь нэр хүндийн уналт АН-ыг бүхэлд нь шархдуулсан гэсэн үг. Тиймээс Улсын баатар Э.Бат-Үүл цунами шиг сонгууль боллоо гэж дүгнээд, МАН-аас дэвшсэн бор халзан хонь ч сонгогдох байлаа хэмээн тодотгож байв. Энэ бол бүхэлдээ АН-ын нэр хүнд унасан байсныг ерөнхийд нь илтгэсэн үг билээ. 

ТЭГВЭЛ ОДОО ЮУ БОЛЖ БАЙНА?
Гудамжинд лааз өшиглөж яваа АН-ын мянга мянган гишүүд шинэ даргаа сонгох үйл явцын өмнө хуучин алдаа дахиад л давтагдсаар байна. Нэгнийгээ харлуулдаг, баалдаг, намнадаг, гүтгэдэг технологи тавхан өрсөлдөгчтэй дотоод сонгууль дээр нь гаарч байгааг энэ өдрүүдийн үйл явдал тодхон харуулж байна шүү дээ. Хамгийн голч байх ёстой намын дарга З.Энхболд нь хүртэл “Шонхор” фракцынхандаа давуу байдал олгох байр суурь илэрхийлсэн нь, түүнийх нь төлөө өөрийг нь уучлалт гуйхыг шаардаж байгаа нь ч энэ бүхний өнгөн хэлбэр юм. Шуудхан хэлэхэд, АН-ын дараагийн дарга дундаас нь тодрох учиртай таван нэр дэвшигч бүгдээрээ сонгуулийн үеэр өрсөлдөгчөөсөө аваагүй шархаа намын даргын сунгаагаар нөхрөөсөө олж авч байна. Энэ шарх нь сорви болж үлдээд, хамгийн гол нь АН-ыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд авч ороход нь, 2020 оны УИХ-ын сонгуульд манлайлж оролцоход нь гай болох вий. Сөрөг хүчнээсээ аваагүй шархаа дотоод сонгуулиасаа авч буй таван нэр дэвшигчид тамга болж дарагдах сорвийг тэд өөрсдөө л өгч байна даа. 

Н.АЛТАНХУЯГИЙН АВСАН ШАРХ
Долоо буудуулсан чоно гэдэг шиг нам удирдаж байсан туршлагаараа ч, фракцуудыг ойлголцуулах чадвараараа ч, эвлэрүүлэх авьяасаараа ч Н.Алтанхуяг бусад дөрвөөсөө яалт ч үгүй ялгардаг. Харамсалтай нь, түүний давуу тал намын даргын сунгаан дээр өөрт нь сул тал болж бууж байх шиг. Хамгийн ихээр Н.Алтанхуяг руу дайрсан, хамгийн ихээр түүнийг гүтгэсэн, гүжирдсэн, муулсан, мушгисан мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тэнэж байна. Ер нь “Н.Алтанхуягаас муу хүн байна уу” гэж асуумаар л дайралтууд түүнд хаяглагдаж байгаа нь хажуу талаас тодхон харагдах. Ерөнхий сайдаас нь муулсаар огцруулсан шигээ намын даргын сунгаанаас муулсаар мултлах тактикийг бусад нь барьж буй бололтой. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан нь АН-ын алдаа байсныг VI Их хурлаараа бүгд хүлээн зөвшөөрсөн үү, зөвшөөрсөн. Тэгсэн хэрнээ л тэр үеийн шүүмжлэлүүд энэ удаад ч үргэлжилж, бүр олон ангитай болж хувирчээ. Олон нийтийн сүлжээгээр явж буй мэдээллээс харахад Ардчиллын өргөөний газрыг Н.Алтанхуяг зараад идчихсэн гэсэн шинэ “анги” саяхнаас гарч эхэллээ. Өөрөөр хэлбэл, АН-ын дотоод сонгууль учраас намын байртай холбоотой сэдвээр түүнийг муучлах, гоочлох хувилбар руу орсон нь энэ аж. Намын байраа томсгох, МАН-ын Тусгаар тогтнолын ордноос дутахгүй өргөөтэй болгох асуудал сөхөгдсөн үе бол нэлээд дээхнэ аж. Мэдээж тэр үед АН-ын дарга нь Н.Алтанхуяг байсан ч ажлыг гардан гүйцэтгэсэн хүн нь ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь. АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас тогтоол гарч, уг тогтоолыг биелүүлсэн хүн нь Ц.Оюундарь гэсэн үг. Гэвч бодит үнэн ийм байхад л намын байраа хүртэл зараад идчихсэн мэтээр түүнийг харлуулах, муулах мэдээллийг бусад нэр дэвшигчид нь цацсаар л байна. Энэ бол Н.Алтанхуягийг гоочлох олон ангит киноны ердөө ганцхан хэсэг нь. Хамгийн сүүлд Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тул АН-ын даргын албан тушаалд очих хэрэггүй гэж үзэж байгаа тухай судалгааны гэх дүн гарав. Үүнд нь харин тэрээр “Би АН-ын даргын өрсөлдөөнөөс гарахгүй” гэж хариуг нь барьсан байна лээ. 

Ж.БАТЗАНДАНГИЙН АВСАН ШАРХ
Шүүмжлэлийн галаар Н.Алтанхуягийн нэгэн адил хайр найргүй шүршүүлж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан. “Эрдэнэт”-ийн 49 хувиас үүдэж түүнийг намнаж байна гэх үгийг Ц.Нямдорж гишүүн өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ зориуд онцолж байна лээ. Үнэндээ хашир гишүүн Ц.Нямдорж АН-ын даргын сунгааны галыг өөр зүйл рүү наах шиг л харагдсан. Бодит байдал дээр бол АН-ын даргад өрсөлдөж буй таван нэр дэвшигч дунд л өрсөлдөөн өрнөж байгаа болохоос өөрөөр Ж.Батзанданг тэгтэл нь муулаад байгаа хүчин зүйл байхгүй л болов уу. Магадгүй зарим нь нэг сумаар хоёр туулай буудаж байхыг үгүйсгэхгүй л юм.
Ж.Батзанданг гудамжных, АН-ын унаган гишүүн биш гэх шүүмжлэл анхлан цацагдсан санагдана. Мэдээж Ж.Батзандан АН-д арай хожуу орсон нь үнэн. Иргэний хөдөлгөөний намын дарга нь байсан хүн АН руу буурь сэлгээд 10 жил ч болоогүй яваа нь бас л үнэн. Гэхдээ өөр намд байсан, гудамжны хөдөлгөөний угшилтай гэх шүүмжлэл бол үнэндээ утгагүй юм. Яагаад гэвэл, АН-ын даргад өрсөлдөх эрх нь үүссэн учраас, намдаа төлөх хандиваа хийчихсэн учраас тэр өнөөдөр өрсөлдөөнд өөрийнхөөрөө явж байгаа. Өөр намд байсан хүмүүс АН-ын даргад өрсөлдөж болохгүй л юм бол угаасаа анхнаас нь нэр дэвшигчээр бүртгэхгүй байх ёстой биз дээ. Бас нэг зүйл бол залуудаа хийж байсан  ажилтай нь холбож Ж.Батзанданг баалах хэсэг байна. Хятадын хөрөнгө оруулалттай “Тан луу” компанийн хуулийн зөвлөх байсан нь үнэн ч түүгээрээ дамжуулж хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдгийг нь хэн ч тогтоогоогүй. Тэр тусмаа хууль, шүүхийн байгууллага буруутай гэдгийг нь тогтоогоогүй байхад Ж.Батзанданг эрхэлж байсан ажлаар нь муучлах нь өөрөө өрөөсгөл юм.
Түүнийг харлуулах аян үүгээр дуусаагүй. Ургийн модыг нь зурж, ах, эгч, дүү нарынх нь албан байгууллага, ажил эрхлэлтийн талаар дэлгэрэнгүй тарааж байна лээ.  Байх л зүйл ш дээ. Нэг эхээс төрсөн ах дүүс байтугай нэг хүн хоёр намын батлахтай яваад байхад ах нь, эгч нь Ардын намд орж, албан тушаал хашиж яагаад болдоггүй юм. Тусдаа амьдралтай, тусдаа ажилтай хүмүүсийг АН-ын дотоод сонгууль руу зориуд чирч оруулж байгаа хүмүүс алсдаа яах бол?

Л.ГАНТӨМӨРИЙН АВСАН ШАРХ 
Нөгөө л Мүүн. Л.Гантөмөрийг муулах сэдэв, гоочлох яриа яван явсаар Мүүний шашинтай холбогддог болсон. УИХ-ын сонгуулийн өмнө ч түүнийг харийн шашинтай хэмээн шүүмжилж байсан бол намын даргын сунгаагаар ч энэ сэдвээр намнаж л байна. Яг барим тавим мүүний шашныг дэлгэрүүлснийг нь хэн ч нотлоогүй хэрнээ Боловсролын яаманд ажиллаж байсан ганц, нэг хүнтэй хамаатуулах маягаар түүнийг буруутгасаар байна. Ер нь л морины урд хөл бүдрэхэд хойд хөлийг нь ташуурддагтай адилхан юм болоод байх шиг. Өөр нэг жишээ авъя л даа. Тантай хамт ажилладаг нэгэн хүн хулгай хийж байгаад баригдчихаж гэж бодъё. Та хоёр нэг албан байгууллагад ажилладаг гэдгээс өөрөөр ямар ч холбоогүй атал таныг хулгай хийчихсэн мэтээр буруутгаад байвал яах вэ. Яг л ийм зарчмаар Л.Гантөмөрийг буруутгаж байна. 

С.ЭРДЭНИЙН АВСАН ШАРХ
Өмнө нь авсан шархан дээрээ давс цацуулж байгаа хүн бол С.Эрдэнэ. Бүр бага залуудаа, цэрэг байх үедээ хийсэн алдааг нь энэ удаад дэвэргэн гаргаж, сөхөн тавьж байгаа нь уг нь буруу л юм. Тэр хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээчихсэн, УИХ-ын сонгуульд удаа дараа ард түмний итгэлийг аваад сонгогдчихсон хүн. Хууль, эрх зүйн хувьд АН-ын дарга байтугай УИХ-д орж болоод яваа хүн.  Ийм байхад С.Эрдэнэ бол ял шийтгүүлж байсан хүн гэж сөрөг хүчнээс нь өмнө дуугарч байгаа нь өөрөө АН ямар байдалтай байгааг илтгэх шиг. Түүгээр ч зогсохгүй хаа байсан 2020 оны сонгуулийг нааш татаж, АН ялах нь ч тодорхой бус байхад “С.Эрдэнэ АН-ын дарга болбол 2020 онд Монгол Улс ял шийтгүүлж байсан Ерөнхий сайдтай болох юм уу” гэхчилэн маргаж байх юм.  

Д.ЭРДЭНЭБАТЫН АВСАН ШАРХ
Бусад дөрвөө бодвол хамгийн зөөлөн “зодуулж” байгаа нь Д.Эрдэнэбат юм. Түүнийг буруутгаж буй нэг зүйл бол орон нутгийн сонгуульд АН-ыг ялагдуулсан гэх хачин яриа. Харин ч УИХ-ын сонгуулийн навс ялагдлын дараа намаараа шоконд орчихсон байхад Д.Эрдэнэбат л эхэлж хөдөлсөн хүн нь шүү дээ. Тэр АН-ыг орон нутгийн сонгуульд ялуулж чадаагүй нь үнэн ч их ялагдлын дараахь эргэн сэргэлтийн эхлэл цэгийг тавьж чадсан нь бас үнэн. Орон нутгийн сонгуульд намаа авч орох, АН-ын VI Их хурлыг гардан зохион байгуулах зэрэг ялагдлын дараахь хүндхэн ачаануудыг тэр л нуруундаа үүрч гарсан. Яг л Н.Алтанхуягтай хамт АН-ыг дараалсан ялалтад хөтөлж байсан үе шигээ тэр ачааны хүндийг арын фронтод үүрсээр ирсэн хүн. 

ТЭГЭЭД ЯАХ ВЭ?
Намын даргад өрсөлдөж буй тав ингэж л бусад нэр дэвшигчээ шархдуулж байна. Мэдээж АН-ын дотоод сонгуулийг гадна талаас нь зориуд зодоон болгох өөр сонирхол байхыг үгүйсгэх аргагүй. Аль нь боловч  АН-ын дарга болох хүн нэр хүндийн хувьд хохироод үлдэх шиг боллоо. Сунгаа дуусдагаараа дуусч, сонгууль нь болдгоороо болно. Харин тэр үед ялсан хүн нь нэр бүтэн үлдэх үү. “Биеэрээ дүүрэн сорви”-той хүн л АН-ыг даргалах нь ойлгомжтой боллоо. Сонгууль дөхөх тусам намын даргынх нь сорвийг хөндөж, шархыг сэдрээх ажлаа өрсөлдөгч хүчин нь хангалттай хийнэ шүү дээ. Ийм л шархнаасаа болж энэ нам 2016 оны сонгуульд навс ялагдсан. Эв нэгдэлгүй, фракцуудынх нь зодоон хэрээс хэтэрсэн учраас л АН өнөөдөр УИХ-д сөрөх ч чадваргүй сөрөг хүчин болж хувираад байна. АН-д эвийн цавуу хэрэгтэй болохоос нэгийнхээ шархан дээр нь давс цацаад суудаг хүн хэрэгтэй гэж үү. Таван нэр дэвшигчээс хэн нь АН-ын дарга болж, энэ бүхнийг эвэнд нь оруулж, байранд нь тавихыг  харах л үлдлээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.