ТОП их сургуультай болох боломж

2017.01.18 Лхагва №003 (2146)

2017 он гарахаас хоёр долоо хоногийн өмнө билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд мэдээлэл хийх үеэрээ, “Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн дагуу шинжлэх ухаан, технологийн кластер, парк байгуулж, үндэсний дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг их сургуулийн эгнээнд оруулах” хэмээн мэдэгдэв. Ерөнхий сайдын энэ мэдэгдлийг нийтлэлч Баабараас эхлээд өөчилж гоочилж л байлаа. Гэхдээ энэ мэдэгдэл шинэ юм биш л дээ. Мэдэгдлээс яг жилийн өмнө баталсан “Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого”, өнгөрсөн онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д яг энэ агуулгаараа туссан байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс 2024 он хүртэл томоохон их сургуулиудаа Азийн топ сургуулиудын тоонд оруулах зорилготой юм. Энэ манай төрийнхний бодож олсон ээлжит Мянгуужингийн үлгэр үү, эсвэл барим тавим судалгаатай зорилго уу? Ер нь топ их сургууль гэж ямар сургууль байдаг хэрэг вэ?

Их сургуулиудын эрэмбэ
Их сургуулиудыг үнэлж эрэмбэлэх нь хэдийнээс маргаантай байсаар ирсэн талаар МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өгүүлж байна. Гэхдээ голч шалгуур тогтоож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн эх сурвалж байдаг аж. “US News & World Report”-оос жил бүр дэлхийн топ сургуулиудын чансааг гаргаж, зарладаг. Дотоод гадаад нэр хүндээс эхлээд ном бүтээл, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд эрдэмтдийнх нь бүтээл хэвлэгдэж, эшлэгдсэн байдал зэрэг нарийвчилсан 12 үзүүлэлтэд тулгуурлан, 100 онооноос гаргадаг уг эрэмбэлэлтийг Харвард, Массачусетсийн Технологийн Институт, Стенфордын их сургууль, Калифорни-Беркелийн их сургууль, Калифорнийн технологийн институт зэрэг АНУ-ын таван их сургууль тэргүүлж байна. Тэдний араас Оксфорд, Кембриж орж ирсэн нь топ аравт байгаа АНУ-ын хилийн гаднахь хоёр сургууль болж байна. Азийн их сургуулиудаас хамгийн эхэнд буюу 44 дүгээр байранд Токиогийн их сургууль, 50 дугаар байранд Сингапурын их сургууль оржээ. Эхний 100-д дээрх хоёроос гадна Хятад, Сингапурын гурван их сургууль л багтсан байна. Эдгээр сургуулиудын үнэлгээ тун ойролцоо буюу 75.8-72.6 байна. “US News & World Report”-ийн ранкаар бол Хятад, Япон, Сингапур, Хонгконгийн их сургууль тивдээ тэргүүлэгчид аж. Энэ жагсаалтаас хайж үзэхэд Монгол Улсын нэр ч ороогүй байна. 
Харин “www.timeshighereducation.com”-оос зарладаг жагсаалтыг Оксфорд тэргүүлж, мөн л дээр дурдсан сургуулиуд өнгөлж байна. Ерөнхий үзүүлэлт, судалгаа, эрдэмтдийн өгүүлэл, эшлэгдсэн байдал, хичээллэх байдал зэрэг 6 үзүүлэлтийг тус бүр 100 онооноос дүгнэдэг уг жагсаалтыг мөн л дээр дурдсан Хятад, Япон, Сингапур, Хонгконг болон Өмнөд Солонгосын их сургуулиуд тэргүүлж байна. Жагсаалтын эхэнд ийм байгаа бол хоёрдугаар хагаст Араб, Энэтхэг, Турк болон Өмнөд Азийн орнуудын их сургуулиуд орж ирнэ. Энэ жагсаалтанд Монголын их сургуулиуд байтугай Монгол Улс маань ч бүртгэлгүй байна.
Дэлхийн сургуулиудыг эрэмбэлж, бүр од өгдөг “QS World University Rankings” гэж бас байна. 
“QS”-ээс академик нэр хүнд (40 %), ажиллагсдын нэр хүнд (10 %), оюутан, багшийн хамтын ажиллагаа (20 %), эрдэмтдийн бүтээлээс эшлэгдсэн байдал  (20 %), багш, оюутнуудын олон улсын харилцаа (5%:5%) гэсэн зургаан үзүүлэлтэд тулгуурлан жагсаалт гаргахаас гадна одоор үнэлдэг. Од өгөхийн хувьд зөвхөн эрэмбэлэлтийн шалгуураас гадна мэргэжил, багш нар, төгсөгчдийн ажил эрхлэлт зэрэг 50 шалгуурт үндэслэн 1-5 хүртэл олгодог аж. “МУИС-ийн хувьд “QS”-ийн энэ шалгуураар 2-3 од авах боломжтой” гэж үзэж буйгаа Р.Бат-Эрдэнэ захирал ярьж байлаа. Мөн ШУТИС-ийн Ректорын зөвлөлөөс QS байгууллагаар ранкинг хийлгэх шийдвэр гаргаж, хүсэлтээ албан ёсоор илэрхийлээд буй аж. 
Дэлхийн сургуулиудын эрэмбэ тогтоодог байгууллагуудаас манайхыг “тоосон” нь “webometrics”. Гэхдээ эдний эрэмбэлэлт сайн дурынхаас гадна зөвхөн интернетэд байгаа ил мэдээлэлд тулгуурлан эрэмбэлдэг тул олон улсад гол эх сурвалжаа болгодоггүй аж. Энэ жагсаалтанд МУИС 2815 дугаарт, ШУТИС 4024-т, ХААИС 6639-т, АШУҮИС 7920-д, МУБИС 12014-т, МIU 16704-т, Удирдлагын Академи 18197-д, СУИС 18803-т эрэмбэлэгдэж байна.  

Эрдэмтдийн амбиц биш эрдмийн амбиц
Дэлхийн сургууль болохын тулд дэлхийн стандартыг мөрддөг байх хэрэгтэй. Ингэж мөрдүүлэх үүднээс хийгдсэн шинэчлэл сүүлийн хоёр гурван жилийн турш ихээхэн маргаан дагуулсан. Хамгийн энгийнээр бол их сургуулиудад эрдмийн гэхээсээ эдийн засгийн ашиг сонирхол давамгайлчихаад байгаа. Менежер гэх ганц мэргэжлийг үйлдвэрлэлийн, тээврийн, бизнесийн, байгаль орчны гэх мэтээр задалж, тухай бүрт нь мэргэжлийн индекс оноон, дипломын сургалт явуулж байсан нь манай дээд боловсролын утгыг доош хийж байсан шалтгаануудын ердөө ганц нь. Ямар сайндаа л дэлхийн жишигт 200 гаруй мэргэжлээр дээд боловсрол олгодог байхад манай жижигхэн Монголд 817 мэргэжил бий болчихсон байхав дээ. Шинэчлэлийн бодлогын хүрээнд ЮНЕСКОгийн ISCED 2013 стандартын дагуу эдгээр замбараагаа алдсан мэргэжлийн индексийг 181 хөтөлбөр болгон цэгцэлсэн нь эрүүл алхам. 
Мэргэжлийн давхардлын цаана эрдэмтдийн амбиц гэж том зүйл байна. “Монголын мал аж ахуйн гүн ухаан” гэх мэтийн судалгаа хэвлүүлж, хажуудаа туслах ажиллуулж байсан манай нэртэй эрдэмтэн агсны философийн ухаанд оруулсан хувь нэмэр, шинэ санааг тойрон хүрээлэгчдээс нь өөр хүн тодорхойлоход бэрх. Иймэрхүү үр өгөөж багатай, догматик судалгааны нэгж, Ургийн бичиг бичих болтлоо цус ойртсон тэнхимэнцэрүүдийг эмхлэх ажил багагүй маргаан дагуулсан. Эрх ашиг, багш шавь, зарим тохиолдолд гэр бүлээрээ бүлгэмдэж, их сургуулийн нэг буланг эзлэн суусан хэсэг бүлэг хүмүүс дэлхийн хаана ч байхгүй мэргэжлийн томъёоллоор хичээл заан, “ирээдүйг алж” байсан үйл явцыг таслан зогсоосон нь гавьяа болж хожим дурсагдах биз ээ. 
Оюутан их сургуульд элсэн орсон атлаа дөрвөөс таван хүний хичээлд дөрвөн жилийнхээ 60-70 хувийг зарцуулдаг байсан явдал багасч, одоо 20 гаруй багш нараас сонголтоо хийж боломжтой болсон. Чанарын шинэчлэлийн бодлого, индекс зөвхөн төрийн өмчийн их сургуулиуд биш хувийн их, дээд сургуулиудыг хамарч байгаа нь хэт жижиг сургуулиудыг нэгдэж, сургалтаа чанаржуулах алхам хийхэд зүй ёсоор түлхэж байна. Сонгууль болохоор баруун солгойгүй урилга томилолтыг нь тараагаад давхичихдаг, эзэн нь саарал ордноор голцуу ажилтай жижиг дээд сургуулиудын амь аргацаасан үйл ажиллагаа энэ шийдвэрийг даган харьцангуй цэгцэрчихээд байгаа. Дээд боловсролд тавигддаг байсан шаардлага нарийсч 12 болсноор голлох цөөн эрдэмтэнийг тойрч цагийн багшаар хичээлээ заалгадаг байсан үзэгдэл зогсоно гэж БСШУЯ-ны мэргэжилтнүүд найдаж байна. Бодлого ч эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлжээ. Одоогоор манай улсад 95 дээд боловсролын байгууллага сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 87 нь Улаанбаатар хотод, 8 нь орон нутагт ажиллаж байна.

Сургалтын биш судалгааны сургууль
Монголын их, дээд сургуулиудын гол зориулалт нь сургалт явуулах байлаа. Харин олон улсын хэмжээнд үнэлэгдэхийн тулд судалгааны их сургууль болох ёстой талаар энэ салбарынхан ярьцгаадаг. Бодлого, шийдвэрт ч энэ зорилго туссан. 
Монголын их сургуулиудын судалгааны төвшин багш, судлаачдын сэтгэл, зүтгэл дээр тулгуурлан хөгжиж ирсэн. Энд тэндхийн томоохон их сургуулиудад уригдаж ажиллахдаа гуйлга түүлэг, тусламжийн журмаар судалгааны багаж хэрэгсэл, урвалж авч ирдэг, үгүй ядахнаа өөрсдийн дээжээ гаднын лабораториудад илгээн шинжлүүлэх замаар манай шинжлэх ухаан урагш алхаж яваа нь үнэн. 
Энэ байдлыг цэгцлэх зорилгоор сүүлийн жилүүдэд 20 гаруй тэрбумыг төрөөс зарцуулжээ. Энэ мөнгөөр МУИС, АШУҮИС зэрэг сургуулиуд дээр судалгааны нэгдсэн лабораториуд байгуулагдсан нь том алхам болсон талаар Р.Бат-Эрдэнэ захирал өгүүлж байна.  
Ерөнхий сайдын мэдээлэлд дурдсанаар, энэ хичээлийн жилд манай оронд нийт 157 мянган хүн дээд боловсролын салбарт суралцаж байна.  Эндээс суралцагчийн 133 мянга нь бакалаврын, 20 мянга нь магистрын, 3800 нь докторын зэрэг авахаар суралцдаг аж. Зүй нь бол магистр, докторт суралцаж буй хүмүүсийн хувьд судалгаа нь гол ажил байх ёстой. Гэтэл судалгаандаа гол анхаарлаа төвлөрүүлж, хажуугаар нь ажил төрөл хийдэггүй докторант, магистрт Монголоос олоотох гэвэл өвсөн дундаас зүү хайснаас өөрцгүй ажил болно. Ингэхээр оюутны тэтгэлгээс гадна судлаачдын тэтгэлэг гэсэн асуудал босож ирнэ. Нэг магистрантад дунджаар жилийн 2 саяын тэтгэлэг олгоё гээд бодвол 4 их наяд төгрөг босгох хэрэгтэй болно. Гэтэл 2 сая төгрөг гэдэг зарим судлаачдын нэг урвалжийн үнэд ч хүрэхгүй мөнгө гэдгийг санацгаая. Тэгэхээр яаадаг хэрэг вэ?

Арга чарга байна уу гэвэл байна!
“Манайхан, бүр зарим төрийн түшээд маань хүртэл Их сургуулийг оюутнуудын төлбөрөөр санхүүждэг учраас ашгийн төлөө байгууллага” гэж үздэг талаар Р.Бат-Эрдэнэ захирал ярив. Төлбөрөөс өөр санхүүжилтгүй нь л Монголын Их сургуулиудын өмнө гарч ирээд буй гол асуудал. Ганцаарчилсан сургалт ихтэй СУИС-ийн ТУС-д л гэхэд нэг багш долоо хоногт нэг оюутанд 30 минут л зарцуулах боломжтой талаар “Найруулагч, жүжигчний урлагийн тэнхим”-ийн багш Ц.Батнайрамдал ярьж байв. Олон оюутан элсүүлж, төлбөр татах гэснээс болж, сургалтын чанар унах нөхцөл бүрдэж буйн нэг жишээ энэ. 
Зүй нь бол дэлхийн их сургуулиуд зөвхөн оюутны төлбөрөөр санхүүждэггүй. Сургуулиуд дэргэдээ “endowment foundation” буюу “хандивын сантай” байдаг. Уг сан нь хуулиар хориглоогүй бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ба олсон орлогоосоо ашиг хуваарилахгүй, зөвхөн судалгаа, сургалт, тэтгэлэгтээ зарцуулдаг хуулийн зохицуулалттай байдаг байна. Харвард 35 мянган гарааны компани төрүүлсэн бол Эм Ай Ти буюу Массачусетсийн технологийн их сургууль 42 мянган гарааны компанитай. Компаниуд нь  хамгийн багадаа дунджаар 20 мянган ам.долларыг  сургуульдаа өгдөг аж. 
Ц.Мөнх-Оргил сайдыг Харвардад сурч байх үед энэ сан нь таван тэрбум доллар байсан гэдэг. Харин хамгийн сүүлд нийтэд зарласнаас нь үзвэл сангийн хэмжээ 37 тэрбум долларт хүрчээ. Чухам энэ сангийн мөнгөөрөө тэд дэлхийн өнцөг булан бүрт байгаа шилдэг судлаач, оюун санааг тэтгэлэг амлан өөртөө сургаж, ажиллуулж байдаг. Харин манай улсад ийм үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт байхгүй. Ашгийн төлөө бус ТББ-ын тухай хууль нь асар түүхий, “Сан”-гуудын талаар хууль санаачилгын төвшинд л явна. 
Гэхдээ манай их сургуулиуд зүгээр суусангүй. Солонгосын шинжлэх ухааны сангаас МУИС-т зориулан 1 сая долларын банкинд байршуулж, хүүг нь судалгаандаа ашиглах боломж олгожээ. Дотоод нөөц бололцоогоо ашиглан судалгаандаа 800 сая төгрөг гаргаж чаджээ. Үүн дээр төрөөс 2 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна. 
АШУҮИС энэ чиглэл дээр нэлээд зоригтой алхамууд хийжээ. Тус сургууль дэргэдээ эмийн үйлдвэр байгуулсан нь 2015 онд 50 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Мөн үр шилжүүлэн суулгах “Өөжин Мед” эмнэлэг байгуулсан нь маш олон гэр бүлийг насны зовлонгоос салгаад буй. Энэ мэтээр хуулийн хүрээнд, их сургууль хэмээх оюун санааны төвлөрөл арга замаа эрж олоод, эхнээс нь хэрэгжүүлээд эхэлчихжээ. Үүнийг нь төрийн бодлого, эрх зүйн төвшинд нээгээд өгвөл өөрийгөө босгоод ирэх нь байна.   
Эндээс их сургуулийн засаглалын тухай яриа гарна. Их сургуульд улс орны хамаг шилэгдмэл оюун санаа цуглардаг. Үеийн үед л ийм байсан. Ийм оюун санааг улс төрөөс хол байлгаж, удирдлагын эрх мэдлийг нь өөрсдийнх нь гарт өгдөг нь дэлхийн жишиг. Их сургуулиудын удирдах зөвлөл дэх төрийн төлөөллийн суудлыг 60-аас 30 хувь болтол бууруулах шийдлийг БСШУЯ-наас санал болгож, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж байсан ч, шинэ засаг гаруутаа буцааж орхив. Лавтай л ойрын дөрвөн жил их сургууль улстөрчдийн гараас гарахааргүй болов. Дэлхийн жишгээс ахиад л нэг алхам ухарч буй нь энэ. 
Хүүхдүүддээ мөнгө тарааж популизм хийхийн тулд ухаагүй нүүрсээ өрөнд тавьж, уул уурхайн мега төслүүд дээрээ уралцаж суухын оронд, улсын хөгжлийг урагш алхуулах оюуны шилдгүүддээ боломж олгосон нь дээр биш үү?

Барилга биш бодлого
Их сургуулийг хотоос гаргаад олон улсын стандартад хүрчих юм шиг манайхан ярьдаг. Үнэндээ их сургуулийг хотоос гаргачихаад, багш, судлаачдыг нь хотод бий болгосон капиталаас нь салгаад хөдөө рүү хөөж чадах уу гэдгээс эхлээд өчнөөн асуудал бий. Их сургууль гэдэг барилга байшин биш, дотор нь байгаа мэдлэг бүтээгч, түгээгч хүмүүс. Магадгүй их сургуулийг хотоос гаргачихвал, сулрах байршил нь зарим хүний аазгайг хөдөлгөж буй биз. Хотын төвдөө их сургуульгүй, музейгүй, сүмгүй хот хорвоогоос хайгаад олохгүй. Тэгэхээр кампусгүй болоод л манай их сургуулиуд хөгжихгүй байгаа гэдэг бол хоосон яриа. 
Манай их сургуулиудад ажиллах технологийн болоод эрх зүйн орчин л дутагдаж байна. Их сургуулиудаа шилдэг болгох үүргийг сайд нар нь өгөөд л болчихдог юм биш. Цогц бодлого хэрэгжүүлж, төсвөө гар таталгүй өгч байж л тэр төвшинд хүрнэ. Их сургууль бол үндэстний амбиц, тусгаар тогтнолын гол илэрхийлэл болохоос мэдлэг түгээсэн нэр хөдөрч, амиа аргацааж байдаг хэдэн байшин биш.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.