Цаг бусын үхлээс бяцхан охин өнчирч үлдлээ

2017.01.18 Лхагва №003 (2146)

-Хордлогоор нас барсан иргэдийн хоёр нь эхнэр, нөхөр байжээ-

Баянгол дүүргийн II хороонд таван иргэн архинд хордож нас барсан байж болзошгүй хэрэг гарсан талаар албаныхан мэдээлсэн. Тэд хамт архи ууж байгаад амиа алдсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм. Гэхдээ архинаас болж амиа алдсан уу, өөр шалтгаан байв уу гэдгийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байна. Учир нь, хэргийн газраас “Мөнхжин-Од” компанийн үйлдвэрлэсэн “Найрсаг” архинаас гадна “Гайхмаараа” нэртэй шил цэвэрлэх шингэн олджээ.

Энэ хэргийн мөрөөр бид сурвалжиллаа. Манай сурвалжлах групп хэрэг гарсан Баянгол дүүргийн II хорооны 78 дугаар байранд очсон юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар амиа алдсан иргэд тус байрны подвальд архи уужээ. Оршин суугчдын хэлж буйгаар тэд шөнөжин архи ууж хоноод үүрээр нас барсан гэнэ. 
Гашуун уснаас болж амиа алдсан гэх уг хэргийн улмаас энэхүү байрны орцны жижүүр А, Т, Э нарын гурван иргэн хорвоог орхижээ. Тэд газар дээрээ амьсгал хураасан бол тэдэнтэй хамт архи ууж байсан найз Г нь  /55 настай эрэгтэй/ гэртээ хариад амьсгал хураасан байна.  Тэрээр Баянгол дүүргийн XIII хороонд амьдардаг байжээ. 
Талийгаач Т, Э нар нь эхнэр, нөхөр байсан гэнэ.  Харин талийгаач А-ийн хувьд хоёр хүүхэдтэй байсан гэдгийг тус байрны оршин суугч нэгэн эмэгтэй ярилаа. Тэрээр “Талийгаач хоёр хүүхэдтэй юм шиг байсан. Ямартай ч бага хүүхэд нь 11-12 орчим насны охин, том нь 20 гаруй насны залуу бий. Охин нь их хөөрхөн, сэргэлэн шар охин бий. Аавыгаа дагаад гүйж харагддаг байсан. Миний хувьд тадийгаачийг тэр бүр архи уусан явж байхтай нь таарч байгаагүй. Ажлаа хийгээд л явж байдаг дуу цөөтэй нэгэн байсан юм” гэлээ.
Хэрэг гарсан талаарх дуудлага энэ сарын 16-ны 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид очиж, шалгахад тус хорооны оршин суугч А /эр, 49 настай/, Чингэлтэй дүүргийн  XII хороонд суух Т /эм, 48 настай/, Э нар ил харагдах гэмтэл шархгүй нас барсан  байжээ. Тэд талийгаач Э-ийн амьдардаг байсан подвальд ууж хоносон аж. Биднийг очих үед хэргийн газар дээр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шинжээчийн хамт үзлэг, шалгалт хийж байлаа. Өрөө нь ундуй сундуй бөгөөд 20 метр хүрэхтэй үгүйтэй жижиг талбайтай аж. Цагдаа нар нууцын зэрэглэлтэй ажиллаж байна гээд биднийг дотогш нэвтүүлээгүй юм.
Тэд өчигдөр хэргийн газарт үзлэг шалгалт хийх явцдаа эд мөрийн баримтаар хоёр ширхэг “Найрсаг” архины шил болон шил цэвэрлэгч шингэн хураан авчээ. Тиймээс уг шингэнийг талийгаач нар уусан байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн мэдээллээр таван иргэн хордсон гэдэг. Тэгвэл дээрх дөрвөн иргэнээс хамааралгүйгээр нэг иргэн хэрэг гарсан байрны орцонд нас барсан байдалтай олдсон байна. Тэрээр ямар нэгэн гэмтэл бэртэлгүйгээр амьсгал хураасан байжээ. Талийгаач архинаас болж хордсон уу, эсвэл өөр шалтгааны улмаас амиа алдсан уу гэдэг нь одоогоор мөн тодорхойгүй. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

“Найрсаг” архинд өмнө нь хоёр удаа хордсон тохиолдол бүртгэгджээ
Дээрх иргэдийн хордсон байж болзошгүй “Найрсаг” архины үйлдвэрийн үйл ажиллагааг цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтын ажлын хэсэг түр зогсоогоод буй. Гэхдээ худалдаанд гарсан “Найрсаг” архийг дэлгүүрүүд борлуулсан хэвээр байна. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаас тодруулахад “Лабораторийн шинжилгээний дүн эцэслэн гараагүй тул нь худалдаанд байгаа “Найрсаг” архийг эргүүлэн татах шийдвэр гараагүй байна. Хэрвээ архины хордлогоор нас барсан нь тогтоогдвол хуулийн хариуцлагын тухай яригдана” гэв.
Тэгвэл “Найрсаг” архитай холбоотой гомдол өмнө нь иргэдээс ирж байжээ. Тодруулбал, 2015 оны хоёрдугаар сар, 2016 оны дөрөвдүгээр сард хэрэглэсэн иргэн нь хордлого өгч байсан аж. Тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийн гомдлын дагуу шалгаж, лабораторийн шинжилгээнд хамруулж байсан ч үйл ажиллагаа явуулах эрхийг нь зогсоогоогүй юм байна. Ийн иргэдийг хордуулсан тухай асуудал үүсч байсан хэдий ч мэргэжлийн байгууллага “тоогоогүй” бололтой.
Үүнээс гадна “Мөнхжин-Од” компани нь 2013 онд өөр компанийн нэр бүхий архийг хуурамчаар үйлдвэрлэсэн хэрэгт холбогдон, шалгагдаж байжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 3363 шил архийг битүүмжлэн лацадсан тухайгаа мэдээлсэн. Гэтэл эдгээр архи нь “Найрсаг” архи бус сэжиг бүхий болон зөрчилтэй архи гэнэ. Одоо Улаанбаатар хотын хэмжээнд мэргэжлийн хяналтын 200 гаруй байцаагч хяналт шалгалт хийж буй. Өчигдрийн байдлаар тэд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийгээд байна. 
Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж эхлээд байгаа аж.  Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 20-ныг хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох шийдвэр гарсан. Энэ шийдвэр хөдөө, орон нутагт үйлчлэхгүй. Хэрэв “Найрсаг” архинаас болж амиа алдсан бол худалдан авалтаас татаагүй байгаа архинд өөр нэгэн хордохыг үгүйсгэхгүй. Учир нь хөдөө орон нутагт борлуулагдаж байгаа энэхүү 3500 төгрөгийн үнэтэй архийг мэдэхгүй нэг нь аваад уувал юу болохыг таашгүй. Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын хэмжээнд 20 архины үйлдвэр, долоон спиртны үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Мөн 2058 дэлгүүр архи, согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй ажээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.