“Путины хүүхэлдэй”

2017.01.18 Лхагва №003 (2146)

Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд Крымийг Оросын хэсэг гэж хүлээн зөвшөөрөхөөр Францын  “Үндэсний фронт”  намын дарга бөгөөд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марин Ле Пен амалсан тухай Оросын “Известия” сонин мэдээлэв. “Ард түмэн нь Оростой нэгдэхийг  зөвшөөрснөө харуулсан бүх нийтийн санал асуулгын дараа би мөн л Крымийг Оросын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх болно” гэж Ле Пен сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүний үзэж буйгаар Крым Украинд харьяалагдаж байсан нь “Зөвлөлтийн үеийн захиргааны асуудал бөгөөд хойг хэзээ ч Украиных байгаагүй” гэжээ. Хойгийн ард түмний хүсэл эрмэлзлэлээ илэрхийлсэн  бүх нийтийн санал асуулгын дүнг олон улсын хамтын нийгэмлэг ба НҮБ хүлээн аваагүйд харамсаж буйгаа улстөрч хэлжээ.  Тэрээр Франц-Оросын харилцааг хэвийн болгон сэргээж Франц нь АНУ ба НАТО-гоос хамааралгүйг харуулна гэлээ. Шударга бус, үр дүнгүй хориг арга хэмжээг цуцлах замаар  үүнийг хийх болно хэмээн тэр мэдэгджээ. Француудын санал асуулгаар, Ле Пен нь сонгуулийн кампанийн тэргүүлэгч нарын нэг ажээ. Сонгуульд амжилт гаргах магадлалтай, улс төрийн өрсөлдөгчдөдөө “Путины хүүхэлдэй” гэгдээд буй Марин Ле Пен гэж хэн бэ?

Марин Ле Пен гэж хэн бэ

Францын Үндэсний Фронт намын тэргүүн, Европын парламентын гишүүн Марин Ле Пен 1968 оны наймдугаар сарын 5-нд  О-де-Сен засаг захиргааны нэгж Парисын дагуул хот  Нёйи-сюр-Сенд нэртэй улстөрч Жан-Мари Ле Пены гэр бүлд төржээ.  Парисын II Пантеон-Асса их сургуулийг 1991 онд дүүргээд тэндээ дараагийн жилд нь Эрүүгийн эрх зүйн магистр хамгаалжээ. 1992-1998 онд өмгөөлөгчөөр ажиллав. Эцэг нь 1972 онд байгуулсан Үндэсний фронт намд  1986 онд элсчээ. Намын хуульчаас эхлээд дарга нь болтол карьерын бүх шатыг дамжсан байв. 2011 онд уг намын даргаар сонгогдсон байлаа. Эцэг нь удирдаж байх үеэр  намыг хэт  баруун үзэл баримтлалтай, арьсны өнгөөр  гадуурхагч, антисемит гэж тооцдог байсныг  Марин Ле Пен өөрчлөхөөр  ихээхэн чармайж одоо намыг барууны төвийн үзэлтэй болгон сонгогчдыг татаж чадлаа. Тэрээр 2002, 2007, 2012 оны сонгуульд оролцжээ. Европын парламентад анх 2004 онд сонгогдсон ба 2009 ба 2014 онуудад дахин сонгогджээ. Орон нутгийн сонгуулиар тэр Нор—Па-де-Кале,  Иль-де-Франс, Па-де-Калегийн  Энен-Бомоны захиргааны зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байв. 
Мусульманчуудын гудамжны мөргөлийг Дэлхийн II дайн үеийн булаан эзлэгдсэн хотуудын гудамжтай адитгасныхаа төлөө Европарламентын гишүүний дархлалаа алдсан юм. Энэ хэргийг Лион хотын шүүх шүүсэн ба 2015 онд  түүнийг зөвтгөн хэргийг хаасан байв. 
Марин Ле Пен 2015 оны зургадугаар сараас Европарламентад хэт барууны намуудын  Europe of Nations and Freedoms эвслийг толгойлжээ.  Исламын улс бүлгийнхий толгойг нь аван цаазалсан хүмүүсийн зургийг Twitter-т тавьсан гэх хэргээр Нантерийн прокурор Марин Ле Пенд хэрэг нээн мөрдөн байцаалт явуулж байгаа. Марин Ле Пен Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бөгөөд тэрээр улсын өрийн хэмжээг буулгах, Европын холбооны сангуудад оруулдаг  татварын хэмжээг буулгах, евро мөнгөнөөс татгалзахын  төлөө байгаа юм. Гадаад бодлогодоо АНУ-аас хамааралгүй бодлого явуулах, НАТО-гоос  гарах, Оростой хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаа. 
Марин Ле Пен хоёр чудаа гэр бүл салсан. Эхний гэрлэлтээс (1995-2000) Франк Шоффруагийн гурван  хүүхэдтэй.  Хоёр дахь нөхөр нь (2000-2006)  Эрик Иорио. 2009 оноос хойш Үндэсний фронтын дэд ерөнхийлөгч Луи Алиотай хамтран амьдарч байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.